Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 307/ШШ2025/01824

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******************* тоотод байрлах Дархан-Уул аймгийн Дархан сумын ******************** сургууль /РД:8135045/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******************* тоот хаягт оршин суух, Сартуул овогт Доржийн Мягмарсүрэн /РД:ХН70021709/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,470,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: П.Навчаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Жавхлан оролцож, тэмдэглэл хөтлөв.

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын Цайхун сургууль нь хариуцагч Д.Мягмарсүрэнд холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.Мягмарсүрэн нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Цайхун сургуультай байгуулсан 20242508 тоот Сургалтын гэрээ-ний 3.1, 3.2, 3.8 дугаар заалтуудын дагуу тус сургуулийн 9а ангийн сурагч Лхагвачулуун овогтой Итгэлийн 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 2,980,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 07-ны дотор бүрэн төлж барагдуулах ёстой байсан.

Гэвч хичээлийн жил дуусч сурагч, багш нарын зуны амралт эхэлсэн боловч Д.Мягмарсүрэн нь дээрх төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй байна. Сургуулийн захиргаа, санхүүгийн албанаас Д.Мягмарсүрэнд удаа дараа мэдэгдэл өгч, шаардсан боловч үл хэрэгсэн хамтран ажиллаагүй. Иймд Сургалтын гэрээ-ний 3.1, 3.2-д зааснаар суралцагчийн сургалтын төлбөрийн нийт үлдэгдэл 2,980,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Сургалтын гэрээ-ний 3.8-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ныг дуустал 114 хоног тооцож, нийт алданги 3,397,200 төгрөг авах тооцоо гарснаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% болох 1,490,000 төгрөг, нийт 4,470,000 төгрөгийг хариуцагч Д.Мягмарсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Дорж овогтой Мягмарсүрэн миний бие Цайхун сургуулийн нэхэмжлэлтэй, сургалтын төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох боломжгүй болно. Иймд миний эзгүйд шүүх хуралдааныг явуулахад гомдолгүй. Тухайн төлбөрийг би хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын Цайхун сургууль нь хариуцагч Д.Мягмарсүрэнд холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мягмарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Д.Мягмарсүрэнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын Цайхун сургуулийн гаргасан сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Мягмарсүрэн зөвшөөрснийг баталж, Д.Мягмарсүрэнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мягмарсүрэнгээс 86,470 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.