| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2333000900129 |
| Дугаар | 2025/ДШМ/55 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/55
О.*******ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,
Прокурор Н.Бадам /цахим/
Хохирогч Л.******* /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлээр О.*******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай, 50/2024/0086/Э/208/2024/0041 индекстэй, 3 хавтас хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт ын *******, Монгол улсын иргэн, *****оны **** дугаар сарын *****-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, **** настай, **** боловсролтой, *****мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг "********" ХХК-д жолооч ажилтай, ам бүл ****** хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** тоотод оршин суух, урьд 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай (РД: )
Шүүгдэгч О.******* нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг Дархан-Эрдэнэтийн төв асфальтан замын 126-127 дахь км-т 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд 5331 ******* улсын Дугаартай Toyota Harrier-XU30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3 "Жолооч Хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчиж 1 тооны адуу мөргөж эсрэг урсгалд Л.*******ын жолоодож явсан улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Д.*******, С., Л., Л.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас: О.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч овогт ын *******ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ад оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Орхон аймгийн Баян-Өндөр сумаар тогтоож, тухайн бүсчлэлээс гарахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч О.*******аас 6,639,459 төгрөгийг гаргуулж хохирогч С.д, 18,403,755 төгрөгийг гаргуулж хохирогч Л.*******т, 5,377,266 төгрөгийг гаргуулж хохирогч Л.ад, 44,184 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.д тус тус олгож,
Хохирогч нар нь гэм хорын хохирлыг хамтран хариуцвал зохих этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдан,
Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025.02.25-ны өдрийн 2025/ШЦТ/21 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 3 дах заалт, 36.7-р зүйлийн 2.3, 2.4 дэх заалтуудыг "Шийтгэх тогтоол" гаргахдаа ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлийн 7-д Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэд хэдэн баримт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх ба үүнд хамаарч байгаагийн баримтын нэг Хяналтын прокурорын 2024.07.18 -ны өдрийн 04 дугаартай "дахин шинжилгээ хийлгэх тогтоол" -ын тухайд шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж, нотлох баримт хууль ёсны гэж үзэж байгаа талаар шүүх дүгнэлт хийхдээ "хэн аль нь тухайн үед гомдол санал хүсэлт гаргаагүй", "эрх үүргийг нь танилцуулсан байна" гэх үндэслэлийг зааж тухайн нотлох баримт хууль ёсны үндэслэл бүхий мэт дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн. Учир нь хэн нэгний гомдол санал гаргаагүй нь нотлох баримтыг хууль ёсны гэж үзэх үндэслэл биш бөгөөд нотлох баримт нь "хууль зөрчөөгүй байх нь хуулийн шаардлагыг хангасан нотлох баримт гэж үзнэ гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлийн 1-т заасан. Нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Тухайлан дурдвал:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3-р зүйлийн 1 дэх заалтад Шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаар хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлийг баримтална. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4-р зүйлийн 2 дэх заалтад Шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаар хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10-р зүйлийг баримтална гэх заалтад нийцсэн эсэхийг анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Шүүх шинжилгээний тухай хууль-д "Шинжээч "эрх бүхий этгээд байх шаардлагыг хангахыг чухалчлан хуульчилсан. Дээрх Хяналтын прокурорын 2024.07.18 -ны өдрийн 04 дугаартай "дахин шинжилгээ хийлгэх тогтоол" -ын тухай-д хэнийг томилж байгаа нь тодорхойгүй, улмаар 3 этгээд шинжилгээ хийсэн гэж байгаа боловч эдгээр этгээдүүд нь "Шинжээч "эрх бүхий байх шаардлагыг хангасан эсэх тодорхойгүй юм. Үүнд: Шүүх шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.4-т Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжээчид эрх үүргийг тайлбарлан өгч худал дүгнэлт гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна гэх заалтыг хэрэгжүүлээгүй, Хэрвээ шүүх шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэсэн гэж үзэж байгаа бол... Шүүх шинжилгээний тухай хуулийн 10-р зүйлийн 10.2-т заалтыг хэрэгжүүлэх, улмаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.2 заалтыг хангасан этгээд байхыг шаардана. Энэхүү дүгнэлтийг гаргасан 3 хүн нь дээрх шаардлагыг хангасан гэх баримт хэрэгт байхгүй, энэ талаарх мэдээлэл хэрэгт авагдаагүй. Шинжээчийн дүгнэлтийн агуулга-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.4-т шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн талаарх "мэдээлэл", 18-р зүйлийн 18.1.5-р заалтад мэргэжил ажилласан жил эрдмийн зэрэг, цол албан тушаалын талаарх "мэдээлэл" заана гэснийг зөрчсөн. Энэ нь Шинжилгээ хийх эрх бүхий этгээд "мөн" эсэх буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.2- т заасан шаардлагыг хангаагүй этгээд дүгнэлт гаргасан нь тогтоогдож байна
Хяналтын прокурорын 2024.07.18-ны өдрийн 04 дугаартай "дахин шинжилгээ хийлгэх тогтоол" -оор 14 асуултад асуулт хариулт авахаар шийдвэрлэсэн байх ба уг тогтоолын дагуу 2024.07.20-ны өдрийн 166 тоот Шинжээчдийн дүгнэлт харахад тогтоолоор тавьсан асуултад шинжээчээр томилогдсон гэх этгээд хариулт өгөөгүй буюу зөвхөн 7 асуултад хариулт өгсөн нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.9 дэх заалтыг зөрчсөн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6-р зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн. Эдгээр хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн шинжээчийн дүгнэлтийг "эрх үүрэг танилцуулсан байна" гэх үндэслэлээр "хууль ёсны баримт" гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлийн 7-гийн Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэх заалтыг зөрчсөн байна.
2.Мөн ******* авто сургуулийн дүрмийн багш Ч.*******ийн 2023.10.05-ны өдрийн 13 тоот шинжээчийн дүгнэлт хууль нийцээгүй гэж үзэж дахин шинжээчийн дүгнэлт гаргасан болно. Гэтэл шүүхээс дээрх нотлох баримтыг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй нь хууль зөрчсөн. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024.03.19-ний өдрийн 2024/ШЗ/54 тоот захирамжид" Шүүх шинжилгээний тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-т заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй байгааг дурдаж, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй байна гэх үндэслэлийг прокурор хүлээн авч, дахин шинжээч томилсон ба ******* авто сургуулийн дүрмийн багш Ч.*******ийн 2023.10.05-ны өдрийн 13 тоот шинжээчийн дүгнэлт "хууль ёсны шаардлага хангаагүй" гэж шүүхээс үзсэн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлийн 1-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж, нотлох баримтаар тооцон хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл-д хамаарч байна. Нэг нотлох баримтад хоёрдмол агуулгаар дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 3 дах заалтыг зөрчсөн.
3.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024.03.19-ний өдрийн 2024/ШЗ/54 тоот захирамжид заасан ажиллагаа хуульд заасан 3 журам, үндэслэлийн дагуу явагдаагүй, адууны эзнийг олох ажиллагаа дутуу хийгдсэн. Учир нь адууны им тамгыг Улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа хийгдээгүй, адууны им тамгын эзэмшигч хэн болохыг олж тогтоох ажиллагаа явуулаагүй. Адуунд хэрэглэгдсэн им тамга нь тухайн адуу эзэнтэй болохыг тодорхойлох бөгөөд энэхүү им тамгатай адуу алдагдсан эсэх талаар эрэн сурвалжлах ажиллагаа Улсын хэмжээнд явагдаж байгаа эсэх, адуу алдагдсан талаарх дуудлага бүртгэл цагдаагийн байгууллагад байгаа эсэх, адуугаа эрэн сурвалжилж, хайн олох ажиллагаа явуулаагүй бол санаатай нууж байгаа буюу адуугаа ослын улмаас үхснийг мэдэж байгаа эзнийг тогтоох ажиллагааг бүрэн явуулсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй байхад захирамжид заасан ажиллагаа хийгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
4.Хэргийн "үйл баримтад" бодит дүгнэлт хийгээгүй. Хэрэг учрал болоход хэргийн газарт Хоёр тээврийн хэрэгсэл, нэг адуу байсан байх ба ослын шалтгаан нөхцөл хэний буруутай үйлдлийн улмаас болсон талаарх бодит дүгнэлтийг шүүхээс хийгээгүй гэж үзэж байна. Осол болохын өмнө замын хөдөлгөөний дүрмийг мал буюу адуу, мөн Приус маркийн 90-33 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зөрчин хөдөлгөөнд оролцож явж байсан нь хэрэгт нотлогдсон.
Приүс маркийн 90-33 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 86-87 км хурдтай буюу Замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.4-т заасан "суурин газрын гадна цагт 80 км хурдтай явна гэх заалтыг зөрчиж явсан талаар ******* жолооч өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Энэ талаар шинжээч анхаарч, огт дүгнэлт гаргаагүй, Мөн түүнчлэн холын гэрэлтэй явсан, уг холын гэрлээ шилжүүлээгүй талаарх гэрч Д.*******, /1 хавтас 197 хх/, гэрч Д.******* / 1-р хавтас 204 хх / нарын мэдүүлэг хэрэгт авагдсан үйл баримтад шинжээч огт дүгнэлт хийгээгүй. Энэхүү үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 18-р зүйлийн 18.2-дахь заалтыг зөрчсөн. Энэхүү зөрчил нь өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлд нөлөөлж байгаа талаар Toyoto Harreir маркийн ******* ******* дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.******* нь гэрэл шилжүүлэх дохиог өгсөн болох нь мөн хэрэгт нотлогдсон. Энэхүү зөрчил нь осолд нөлөөлсөн эсэх, ялангуяа осол гарах шалтгаан мөн эсэх-д шинжээч огт дүгнэлт хийгээгүй. Учир нь замын хөдөлгөөний дүрмээр хориглосон дээрх 2 үйлдэл нь осол-д нөлөөлсөн эсэхийг шалгах тогтоох ажиллагаа хийгээгүй нь Ослын талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэх боломжгүй болгосон байна. Учир нь О.******* нь гэрэл шилжүүлэх дохиог хэрэглэсэн шалтгаан нь замын нөхцөл үзэгдэлт хязгаарлагдмал болж, холын гэрэл үзэгдэх орчинд нөлөөлж болзошгүй байгаа талаар анхааруулахад Приус маркийн 90-33 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* хэрэгжүүлээгүй байна.
О.******* нь Харанхуй үед осол гаргаагүй, мөн үзэгдэлт хангалтгүй үед осол гаргаагүй, эдгээр байдал түүнд нөлөөлөөгүй, харин Замын хөдөлгөөний дүрмийн Үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөлд /Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.42/ осолд өртсөнөө мэдүүлгээр тайлбарласныг шүүх анхаараагүй байна. Тухайн өдөр байгалийн үзэгдлийн хүнд нөхцөл байдалд ороогүй, ийм үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, харанхуй үе байсан гэх боловч осол болох цаг хугацаанд өөдөөс "хурц гэрэлтэй" авто тээврийн хэрэгслийн үйлдлийн нөлөөлөлд анхаарч түүнд анхааруулах дохио өгч байх явцад адуу гарч ирэн, осол болсныг, өөрийн автомашины гэрэлтүүлэгт адуу мөргөж байгааг харсан гэх ******* хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдсон.
Өөрөөр хэлбэл О.******* нь тухайн үед харанхуй үе, үзэгдэлт хангалтгүй үе гэх хуульд заасан нөхцөл, үйл баримттай тулгараагүй, харин хурц гэрэлтэй автомашин нөлөөлж, энэхүү осол болсон талаар гэрч нарын мэдүүлгээр ч давхар нотлогдож байгааг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй болно. Жолооч О.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.2.11-т зааснаар "Давуу эрхээр замын хөдөлгөөнд оролцож байсан, замын хөдөлгөөнд оролцож явахдаа ямар нэгэн зөрчил гаргаагүй явж байсан талаар гэрчүүд мэдүүлэх ба тухайн замд хөдөлгөөнөө урьтаж хийх эрхтэй этгээд байсан байдаг. Холын гэрлээ шилжүүлээгүй, хурд ихтэй явж байсан тээврийн хэрэгсэл болон зам дээр хараа хяналтгүй эзэнгүй орхисон адуу зэрэг замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн этгээдүүдийн үйлдлээс болж, замын хөдөлгөөнд хэвийн оролцож байсан үйлдэлд нөлөөлсөн үйл баримтад хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
5.Мөрдөгчийн магадалгаагаар сэтгэцэд учирсан хор хохирлыг тогтоосон нь хуульд нийцнэ гэж үзсэн ба энэхүү дүгнэлтийн хүрээнд сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай 2023.07.03-ны өдрийн 25 тоот тогтоолын 3.8-д заасан үндэслэлийг харгалзан үзэх заалтыг анхаарч үзээгүй гэж үзэж байна. Энэ талаарх заалтыг анхаарсан талаар шийдвэрт тусгасан боловч хохирогч тус бүрт ямар үндэслэлийг чухалчилснаа заагаагүй болно.
6.Эрүүгийн хуулийн 5.7-р зүйлийн 2 заасныг яагаад журамлах болсон, ялангуяа тухайн зүйл ангид эрх хасах буюу гэмт хэрэг болох үеийн цаг хугацаанд үйлчилж байсан хуулиар эрх хасах ял тусгайлан заагаагүй байсан байх ба тухайн зүйлчлэлийн хамгийн хүнд ялыг сонгон оногдуулахдаа, нэмж эрх хасах ялыг хэрэглэх нь зөв гэж үзэж байгаа үндэслэлээ огт тайлбарлаагүй нь шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн ял оногдуулсан агуулгыг анхаарч үзвэл тухайн зүйл ангийн хамгийн хүнд ялыг сонгон хэрэглэснээс гадна тухайн сонгосон ялын хамгийн дээд хэмжээг оногдуулсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэлийг шүүх харгалзан үзээгүй байна. Эрүүгийн хуулийн 6.6-р зүйлийн 1 дэх заалтыг анхаарч, хүндрүүлэх нөхцөл байхгүй байна гэж заасан атлаа ялын сонгосон байдал, сонгосон ялын дээд хэмжээг хэрэглэсэн байдал, уг үндсэн ял дээр нэмж, эрх хасах ялыг хэрэглэхдээ 2 жил хүртэл хугацаагаар гэж зааж байгаа нь хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн учирсан хор хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн шинжийг харгалзан үзэх үндэслэлийг анхаарч үзээгүй байна гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 27.10-р зүйлийн 2 заалт буюу хүндрүүлсэн хуулийн заалтын эрх хасах ял нь тухайн гэмт гарсан цаг хугацааны хувьд нэг жилээс эхэлж байсан ба энэхүү нэг жилээс дээгүүр хэтрүүлэн оногдуулж байгаа нь эрх хасах ялыг хүндрүүлж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үндсэн ял болон нэмэгдүүлсэн ялыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 13-р зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 1.9-р зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчсөн байна.
7.Хэрэгт Ашид билгүүн ХХК-ийг үнэлгээ хийлгэх шинжилгээний байгууллагаар сонгосон нь Хавтаст хэргийн /1-р хавтасны 94-115 хх/ баримтад авагдсан. Уг баримтын 100 хх Ашид билгүүн ХХК нь дүгнэлт гаргах эрхгүй буюу 2019.12.17-ны өдрөөс 2022.12.17 гэх хугацаагаар тусгай зөвшөөрлийг олгосон хугацаа дууссан байхад дүгнэлт гаргасан байна. Жамьян гэх этгээд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй гэж шүүхээс тайлбарлах боловч, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж байгааг анхаарч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.2.4. мэргэжлийн байгууллага гэдгийг хуульд Тайлбарлахдаа: Энэ хуулийн 8.2.4-т заасан "мэргэжлийн байгууллага" гэж тухайн хэрэг, маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно гэж заасныг хангаагүй хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан нь хуулийг зөрчсөн. Хууль зөрчсөн баримтыг хууль ёсны гэж үзэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-p зүйлийн 7-гийн Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэх заалтыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
8.Анхан шатны шүүхээс энэхүү баримтуудад мөрдөн байцаалтын шатанд, хэргийг удаан хугацаанд шийдвэрлэж байх явцад гомдол гаргаагүй байна гэж шүүгдэгчийг нотлох баримтын хууль ёсны эсэхэд анхаарах үүрэгтэй мэт хандаж байсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нотлох баримтын хууль ёсны эсэхэд мөрдөгч, прокурор нь мөрдөн байцаалтын шатнаас анхаарч хуулийн дагуу бүрдүүлэх үүрэгтэй байсан бөгөөд уг үүргээ биелүүлээгүйн хариуцлагагүй байдлыг шүүгдэгчид үүрүүлж, мөн хохирогчид хохирлыг өгөх санаачилга гаргаагүй, хохирлыг төлөөгүй, сэтгэлгүй гэх зэргээр хэлж, хандаж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгчид дээрх үндэслэлээр нөлөөлж, байсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж хэргийг шийдвэрлэхэд хүргэсэн. О.*******ыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025.02.25-ны өдрийн шүүх хуралдаанаар түүнийг анх удаа гэм буруутай гэж тогтоосон ба шүүхээс гэм бурууг тогтоохоос өмнө хэнийг ч гэм буруутай гэж буруутгаж, хохирлыг төлөөгүй, хохирол төлөх санаачилга гаргаагүй гэх байдлаар дүгнэлт хийж, улмаар ялыг хүндрүүлэн шийдвэрлэх үндэслэл болсон. Түүнийг гэм буруутай гэж шүүхээс тогтоохоос өмнө хохирлыг шаардаж, төлөөгүй байдалд нь санаачилга гаргаагүй, сэтгэлгүй гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж шийдвэрлэхэд хүргэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
9.О.******* нь энэхүү хэргийг шийдвэрлэж байх явцад хувийн амьдралд өөрчлөлт орж, өнчин хоцорсон насанд хүрээгүй дүү нараа тэжээн тэтгэх үүрэг хүлээж хариуцлага нэмэгдсэн, гэр бүлээсээ ганцаараа ажил эрхэлдэг, ажил эрхлэхдээ том оврын тээврийн хэрэгслийн жолоочийн үүрэгт ажлыг уурхайн хүнд нөхцөлд эрхэлдэг буюу хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг нь болох хэрэгт нотлох баримтаар авагдсан ба энэхүү шийтгэх тогтоол нь түүний ажил эрхлэлтийн байдалд шууд нөлөөлсөн болно. О.*******ыг гэм буруутайд тооцохдоо нотлох баримт хууль ёсны эсэхэд шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025.02.25-ны өдрийн 2025/ШЦТ/21 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гээд Шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн учраас гомдол гаргасан. Шүүх шинжилгээний дүгнэлт нь өнөөдрийг хүртэл үндэслэл бүхий гараагүй байна гэв.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №1 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд "Хууль үйлчлэх цаг хугацаа гэдэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно." гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл нь "Хууль буцаан хэрэглэх" талаарх заалт бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн заалтад заасан "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголт юм. Энэ нь шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэн хууль нь өмнө үйлчилж байсан хуультай харьцуулахад үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд шинэ хуулийг урьд өмнө буюу хуучин хуулийн үйлчлэлийн үед гарсан гэмт хэрэгт буцаан хэрэглэх явдал юм.
Шүүгдэгч О.*******ын холбогдсон хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгдэх тухайн үеийн хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн зохицуулалтад хамаарсан бөгөөд Эрүүгийн хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг журамлаж хэргийг шийдвэрлэснээр хууль буруу хэрэглэсэн байна.
Түүнчлэн шүүх хэргийн талаар шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдалд тухайн хуулийн зүйл, хэсэг, заалтын үзүүлэх нөлөөллийг тодорхойлон дүгнэж болох хэдий ч шүүгдэгч О.*******ын холбогдсон хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тайлбарлаагүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.
Тодруулбал, прокуророос эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэх болон шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо шүүгдэгч О.*******ад холбогдох хэрэгт эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг буцаан хэрэглэхээр, мөн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх, хэрэглэхгүй талаар ямар ч санал, дүгнэлт гаргаагүй байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан байна.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэх ба шүүгдэгч О.*******ын тухайд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулж дүгнэлт хийсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар, мөн хуулийг ноцтой зөрчсөн нь шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх үндэслэл болно.
Шүүх дээрх байдлаар дүгнэн хуулийг буруу хэрэглэж, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж ял оногдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.
Хохирогч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний зүгээс прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй бөгөөд тухайн үед би гэрлээ шилжүүлсэн бөгөөд тогтмол хурдтай явж байсан гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр О.*******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Прокурорын газраас шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас дөрвөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.
3.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэхдээ дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байдлыг хянаж үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, хохирогч нарын сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тогтоож шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлт гаргуулаагүйгээр хүснэгтэд заасан зэрэглэлээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчсөн, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс дүгнээгүй нөхцөл байдлыг тогтоож дүгнэх боломжгүй байна.
Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан буюу жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж дүгнэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй түүний эрх зүйн байдлыг илт дордуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 зүйлийн 1-д “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан.
Энэ нь шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэн хууль нь өмнө үйлчилж байсан хуультай харьцуулахад үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд шинэ хуулийг урьд өмнө буюу хуучин хуулийн үйлчлэлийн үед гарсан гэмт хэрэгт буцаан хэрэглэх тухай ойлголт юм.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилсан.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ бүхий байдал үүссэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх ба шүүгдэгч О.*******ын хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулж дүгнэлт хийсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гэж үзнэ.
Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар, мөн хуулийг ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба шүүх "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн", "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх үндэслэл болно.
Шүүх дээрх байдлаар дүгнэн хуулийг буруу хэрэглэж, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж ял оногдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг засуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
5.Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн “...шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон” гэсэн гомдлыг, прокуророос гаргасан “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх эсэргүүцлийг тус тус хангаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1,1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******ын урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ