| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 101/2020/00584/И |
| Дугаар | 210/МА2020/01866 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2020/01866
| 2020 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 210/МА2020/01866 |
Ж.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02374 дугаар шийдвэртэй Ж.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Т,, Т.Х нарт холбогдох
18.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ш.Т,, Т.Х, тэдгээрийн өмгөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.М-ын эзэмшлийн 93-57 УБК улсын дугаартай Тоёота клугер маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Монгол улсад орж ирсэн автомашиныг 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн Э.Хадхүүгээс худалдан авч байсан болно. Ж.М- миний бие нь 2015 оны 8 дугаар сарын эхээр өөрийн автомашины гупер, гадна эд ангийн засвар үйлчилгээ зэргийг хийлгэх шаардлагатай болж хувиараа засварчин хийдэг гэх Ш.Т,, түүний хүү Т.Х нарт машинаа засуулахаар өгч өөрсдийнх нь тавьсан шаардлагын дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ш.Т,ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Засварын хөлс 4.500.000 төгрөг болно гэж хэлсэн ба урьдчилгаа 2,500,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Т.Хийн ХААН банкны 5075018211 тоот дансанд шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш машины засварын асуудлыг асуухад одоо болох гэж байна, удахгүй дуусна гэх зэргээр ярьсаар өнөөдрийг хүрч байна. Одоо миний автомашиныг бусдад худалдан борлуулсан байх тул Ш.Т,, Т.Х нараас засварын хөлсөнд өгсөн 2.500.000 төгрөг, 93-57 УБК улсын дугаартай Тоёота клугер маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Монгол улсад орж ирсэн автомашины үнэ болох 16.000.000 төгрөг, нийт 18.500.000 төгрөг гаргуулж хохирлоо барагдуулах, нэхэмжлэх ёстой гэж үзэж байна гэв.
Хариуцагч Т.Х, Ш.Т, нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс Ж.М- гэх иргэнийг огт харж байгаагүй бөгөөд анх Р.Энхбаяр гэх этгээд осолд орж бүтэн засвар хийх шаардлагатай Клүгэр маркийн автомашиныг засуулахаар авчирч нийт засварын хөлсийг 4.500.000 төгрөгөөр барагцаалан тохирч Р.Энхбаяр нь Баянзүрх дүүргийн ТС-1 журмын хашаанаас дээрх автомашиныг авчирч манай Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 128 тоотод байрлах гаражид авчирсан болно. Гэвч засварын хөлсөнд 2.500.000 төгрөгийг төлж уг төлбөрөөр тухайн автомашинд моторын доод талын тэвш 1.000.000 төгрөгөөр, R талын 2 хаалга ширхэг нь 400.000 төгрөг, нийт 800.000 төгрөг, жолоочийн арын хойд хонхорын шил 150.000 төгрөг, урд талын лонжром 450.000 төгрөг, хойд ард талын хормой хэсгийг 350.000 төгрөгөөр тус тус сэлбэг авч уг автомашинд суулгасан болно. Гэвч Р.Энхбаяр нь үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул сэлбэг авах боломжгүй болж шинээр засвар хийгээгүй болно. Үүнээс хойш бидэнд өгсөн 2 утасны дугаар холбогдох боломжгүй болж бидний зүгээс уг автомашиныг эзэн нь ирж авахыг хүлээсээр өнөөдрийг хүрсэн. Тухайн үед бусад гэмтэл илэрч мотор хагарсан, дотор салон задарсан, аваарын дэр задарсан байсан тул уг автомашиныг засварлахад 4.500.000 төгрөг хүрэлцэхээргүй болсон тул Р.Энхбаяр нь Ш.Т,ын нэр дээр түр шилжүүлэн өгч даатгалаас нөхөн төлбөр авахаар материалаа өгөөд даатгалаас нөхөн төлбөр авах боломжтой бол үүгээр нэмж сэлбэг авахаар тохирсон болно. Гэвч осолд орсон автомашин байсан тул нөхөн төлбөр авах боломжгүй болсон. Үүнээс хойш тухайн автомашиныг хүлээлгэн өгсөн Р.Энхбаяр нь ирэхээ байж утас нь холбогдох боломжгүй болж бидний зүгээс дээрх автомашиныг яахаа мэдэхгүй өнөөдрийг хүртэл гараждаа хадгалсаар байна. Мөн цаг хугацааны хувьд 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бидэнд хүлээлгэн өгсөн бөгөөд үүнээс хойш 09 сарын дараа даатгалаас нөхөн төлбөр авах зорилгоор 2016 оны 4 дүгээр сард автомашиныг шилжүүлэн авсан ба бидэнд уг автомашиныг хүлээлгэн өгөхөд осолд орж анх худалдан авсан 16.000.000 төгрөгийн үнэлгээнд огт хүрэхгүй бөгөөд хөдөлгөх боломжгүй тэрэг байсан болно. Бодит байдал дээр бидний зүгээс засварт төлсөн 2.500.000 төгрөгөөс илүү мөнгөөр сэлбэг аван засвар хийж өөрсдийн хөлсийг авалгүй хохироод байна. Тухайн автомашин нь одоо ч манай гаражид байгаа бөгөөд бидний зүгээс өөр этгээдэд худалдан борлуулж ашиг хүртсэн зүйл байхгүй бөгөөд харин ч өөрсдөөсөө зардал гарган түрээсийн гаражид хадгалсаар байна. Иймд бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин уг автомашиныг буцаан хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Т,, Т.Х нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ж.М-ын автомашины засварын хөлсөнд төлсөн 2.500.000 төгрөг, автомашины үнэ 16.000.000 төгрөг, нийт 18.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.М- давж завж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, хэтэрхий нэг талыг барьж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ж.М- миний бие 93 57 УБК улсын дугаартай Тоёота клугер маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн Э.Хадхүүгээс худалдан авч байсан. 2015 оны 8 дугаар сард өөрийн автомашины гупер болон гадна талын засвар үйлчилгээ хийлгэхээр завсарчин Ш.Т,, Т.Х нарт өгсөн. Засварын хөлсөнд урьдчилгаанд 2.500.000 төгрөг төлсөн. Ш.Т,, Т.Х нар нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ надад шилжүүлээд өгчих гэсний дагуу шилжүүлж өгсөн. Ингээд 2.500.000 төгрөг шилжүүлснээс хойш одоо удахгүй заслаа гэж хэлдэг байсан. Одоо нэг эд анги нь олдохгүй байна захиалсан байгаа гэж хэлсэн. 2019 онд Ш.Т,тай утсаар холбогдож машинаа авъя гэхэд засаад өгнө гэж хэлсэн. Эргээд холбогдохоо больсон бөгөөд хаягийг нь хайж олоод шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсний дараа миний машиныг Баянзүрх дүүргийн чулуун овоо гэх газарт айлын хашаанд тавьсан байгаа гэхээр нь очиж үзэхэд ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй, харин эд ангиудыг нь тонож ерөнхийдөө гадна рам нь үлдсэн байсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ зохигчдын хооронд амаар байгуулагдсан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зааснаар нэхэмжлэгчийн хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Мөн хуулийн 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Харин Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан ба хариуцагч нар нь машиныг засвар үйлчилгээ огт хийгээгүй Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.4, 350.1.6 зааснаар хохирол учруулж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ж.М- нь хариуцагч Ш.Т,, Т.Х нарт холбогдуулан автомашины засварын хөлсөнд төлсөн 2.500.000 төгрөг, автомашины үнэ 16.000.000 төгрөг, нийт 18.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчийн нөхөр болох гэрч Р.Энхбаяр 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ш.Т,, Т.Х нарт зам тээврийн ослын улмаас эвдэрч гэмтсэн Тоёота клугэр маркийн 93 57 УБК улсын дугаартай автомашиныг хүлээлгэн өгч, засварын хөлсийг 4.500.000 төгрөгөөр тохирч, ажлын хөлсний урьдчилгаанд 2.500.000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч нарт шилжүүлсэн боловч ажлын хөлсний үлдэх хэсэг 2.000.000 төгрөгийг төлөөгүй байна.
Мөн хариуцагч нар 2.500.000 төгрөгт автомашины зарим эвдэрсэн эд ангид засвар хийсэн, даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Ш.Т,ын нэр дээр шилжүүлсэн, хариуцагч нар автомашиныг бусдад худалдан борлуулаагүй, эвдрэлтэй автомашин хариуцагч нарын эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 5-7, 23, 76, 77, 119 /
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Старт центр төвийн баруун хойд замд 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ж.М-ын эзэмшлийн Тоёота клугер маркийн 93-57 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.М-ын нөхөр Р.Энхбаяр согтуугаар жолоодон явахдаа Тарант ХХК-ийн эзэмшлийн Старт центр төвийн хашааны хаалгыг мөргөж, уг байгууллагад 1.881.604 төгрөгийн хохирол, Ж.М-ын эзэмшлийн автомашинд 5.579.000 төгрөгийн шууд, 6.241.000 төгрөгийн нийт хохирол учруулсан болох нь Тээврийн прокурорын газрын прокурорын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2423 дугаартай тогтоол, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Вендо ХХК-ийн В15-76 дугаартай, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 528 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд, гэрч Р.Энхбаярын мэдүүлэг болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. / 41-54, 88-105, 127-132/
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн, дээр дурдсан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон.
Харин талууд ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэлтэй эсэх талаар маргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг үүргээ гүйцэтгээгүй гэж засварын хөлсөнд төлсөн 2,500,000 төгрөгийг болон эвдэрсэн автомашины үнэ 16.000.000 төгрөгийг шаардаж байгаа боловч тэрээр ажлын хөлсний үлдэх хэсэг 2.000.000 төгрөгийг төлөх үүргээ өөрөө биелүүлээгүй атлаа гэрээг цуцалж, улмаар автомашины үнээр хохирол шаардсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй боловч, мөн зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Нөгөө талаар эвдэрч гэмтсэн Тоёота клугер маркийн автомашин нь хариуцагч нарын эзэмшилд байгаа бөгөөд уг автомашин бусдад худалдагдаагүй, уг автомашины эд анги тоногдсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул 2015 онд худалдан авсан үнэлгээгээр 16.000.000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй болохыг шүүх зөв дүгнэсэн байна.
Мөн хариуцагч нар нь 2.500.000 төгрөгт тохирох засварыг хийсэн, одоо үлдэгдэл хөлс болон нэмэлт зардлыг нэхэмжлэгч болон Р.Энхбаяр нар нь төлсөн тохиолдолд уг эвдэрч гэмтсэн Тоёота клугер маркийн автомашиныг бүрэн засаад өгөх боломжтой гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үргэлжлүүлэх хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэх бөгөөд шүүх уг тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Хариуцагч Ш.Т,ын нэр дээр 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлснээс хойш 3 жилийн дотор буюу 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор хариуцагчид шаардлага гаргаж байсан гэх байдал нотлогдоогүй тул шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгчийн хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь буруу биш.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02374 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Н.БАТЗОРИГ