Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 606

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,                           

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч Ж.Дашзэвэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Салдангууд овогт Жамъянгийн Дашзэвэгт холбогдох эрүүгийн 1811018290711 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, "Оюу толгой" ХК-д операторч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжны 233 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 56 дугаар гудамжны 651 тоотод оршин түр оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 419 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УУ 71122213 / Салдангууд овогт Жамьянгийн Дашзэвэг

 

Болсон хэргийн талаар:

Ж.Дашзэвэг нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 3 дугаар гудамжны 156 тоотод найз Ш.Буянбаатартай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ш.Буянбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр найзтайгаа уугаад сууж байсан чинь манай найз Дашзэвэг намайг орноос түлхэж унагаагаад дээрээс дэвсэж зодсон. Манай хажууд байдаг Өнөрөө орж ирж бид хоёрыг салгасан юм. 103 ирж үзээд хавирга хугарсан байна үүдэн 4 шүд хөдөлгөөнд орчихсон байна гэж хэлсэн. Бид хоёр Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуульд сурдаг байсан юм. Дашзэвэг Оюу толгойд ажилладаг бөгөөд амралтаараа манайд ирээд тэгээд бид 2 архи уусан. Бид хоёрын маргаан мөнгөний асуудлаас болж үүссэн юм....Намайг унтаж байхад миний нүүрэн дээр дэвсээд миний цээж рүү нилээд хэдэн удаа өшиглөсөн. Би “ёо ёо” гээд орилоход манай хажуу айлын хүүхэд орж ирсэн юм. Тэгээд цагдаа дуудсан. Би шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад санал гомдол байхгүй гэжээ.            / хх 9-13 /

 

Гэрч С.Өнөрсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 18:00 цагийн орчимд манай хажуу талын байшинд хамаатны ах Буянбаатарын гэрт үл таних хүн ирээд архи уугаад байсан. Тэгээд шөнө 23:00 цагийн орчимд хэрүүл маргаан болоод байх шиг байхаар Буянбаатар ахын цонхоор нь хартал үл таних хүн Буянбаатар ахыг шалан дээр хэвтүүлээд дээрээс нь дэвсээд байхаар нь би гэрлүүгээ ороод нөхөр Наранбаатар, дүү Бүрэнжаргал нарыг дуудаад Буянбаатар ахын гэрт ороход ахын нүүр, гар, гудас, хөнжил гээд нил цус болсон байсан гэжээ. / хх 14-15 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7549 дугаартай дүгнэлтэнд: 

1. Ш.Буянбаатарын биед 1 хавирганы хугарал, тархины доргилт, 4 шүдний сулрал, дээд уруулын зулгаралт, уруулын салстын язарсан шарх, цээж, хэвлий, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуудахгүй гэжээ.  / хх 21 /

 

Шүүгдэгч Ж.Дашзэвэгийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 29-31 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 36 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Дашзэвэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

 

Шүүгдэгч Ж.Дашзэвэг нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 3 дугаар гудамжны 156 тоотод найз Ш.Буянбаатартай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр найзтайгаа уугаад сууж байсан чинь манай найз Дашзэвэг намайг орноос түлхэж унагаагаад дээрээс дэвсэж зодсон. Манай хажууд байдаг Өнөрөө орж ирж бид хоёрыг салгасан юм. Бид хоёрын маргаан мөнгөний асуудлаас болж үүссэн. Надад санал гомдол байхгүй гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Ш.Буянбаатарын мэдүүлэг / хх 9-13 /, … шөнө 23:00 цагийн орчимд хэрүүл маргаан болоод байх шиг байхаар Буянбаатар ахын цонхоор нь хартал үл таних хүн Буянбаатар ахыг шалан дээр хэвтүүлээд дээрээс нь дэвсээд байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч С.Өнөрсайханы мэдүүлэг / хх 14-15 /, …Ш.Буянбаатарын биед 1 хавирганы хугарал, тархины доргилт, 4 шүдний сулрал, дээд уруулын зулгаралт, уруулын салстын язарсан шарх, цээж, хэвлий, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7549 дугаартай дүгнэлт / хх 21 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Дашзэвэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Дашзэвэг нь хохирогчтой эвлэрсэн хохирогч гомдол саналгүй гэсэн / хх 11 / тул төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдав.

 

Шүүгдэгч Ж.Дашзэвэг нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүхээс шүүгдэгч Ж.Дашзэвэгийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр  зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                  

1. Шүүгдэгч Салдангууд овогт Жамьянгийн Дашзэвэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Жамьянгийн Дашзэвэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Дашзэвэгт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 7 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Дашзэвэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.Дашзэвэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дашзэвэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАТЖАРГАЛ