Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2018/0056/з |
Дугаар | 141 |
Огноо | 2020-04-22 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 141
Ц.Б, Д.М, Л.С нарын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг дарга, Орон сууцны
дэд бүтцийн газарт холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт /ГХДТ/2013/7багцын/ төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, ГХДТ/2013/7/009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгуулах, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 27,300,000 төгрөгийг, ГХДТ/2013/7/009 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 17,300,000 төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаргуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, өмгөөлөгч М.Ц, нэхэмжлэгч Д.М, Л.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагч Орон сууцны дэд бүтцийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, Д.М, Л.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.1, 56 дугаар зүйлийн 56.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт /ГХДТ/2013/7багцын/ төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, ГХДТ/2013/7/009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, гуравдагч этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт, Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 27,300,000 /хорин долоон сая гурван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б-т, ГХДТ/2013/7/009 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 17,300,000 /арван долоон сая гурван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Д.М-т олгохыг хариуцагч нарт тус тус даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д заасныг баримтлан Л.С-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Орон сууцны дэд бүтцийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 52 дугаар зүйлийн 52.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б, Д.М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт /ГХДТ/2013/7багцын/ төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК-ийг ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/7/004, ГХДТ/2013/7/009 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, “Г” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгаж, үлдэх “ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/7/004 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 27,300,000 төгрөгийг, ГХДТ/2013/7/009 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 17,300,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг “2” гэж дугаарлан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, Д.М, Л.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Давж заалдах шатны шүүх ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/07/004 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 27.300.000 төгрөгийг Ц.Б-т, ГХДТ/2013/07/009 гурван тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 17.300.000 төгрөгийг Д.М-т Нийслэлийн Засаг даргаас гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр болсон байна.
4. Учир нь, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтод тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлүүлэхтэй холбогдуулан боловсруулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмыг баталж, улмаар 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор журмын нэмэлт өөрчлөлтийг баталсан байдаг. Нийслэлийн Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/533 дугаар захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан /ГХДТ/2013/7багцын/ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Г” ХХК-ийг батламжилсан. Тус компани нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 407, 441, 442 тоот оршин суугч бидэнтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2 болон 3 талт гэрээ, мөн орон сууц баригдаж дуусах хүртэл хугацаанд “Түр оршин суух түрээс”-ийн гэрээ байгуулсан. Бид Засаг даргын гаргасан шийдвэр, үйл ажиллагаанд итгэсэн.
5. Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу гэрээ байгуулагдаж бидний өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгүүдийг буулгаж, өмчлөх эрхийн гэрчилгээг хураан авсан. Бид Нийслэлийн Засаг дарга, “Г” ХХК-тай байгуулсан 2 болон 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, өмчилж авсан гэр бүлийн хэрэгцээний газар, үл хөдлөх хөрөнгөө хүлээлгэж өгсөн. Нийслэлийн Засаг дарга болон түүний ажлын алба, “Г” ХХК нь өнгөрсөн 6-7-н жилийн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх 2 болон 3 талт гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд бидний эрх ашигт ноцтой хохирол учруулсанд маш их гомдолтой байна. Бид орон гэргүй, өмч хөрөнгөгүй болсны шалтгаан нөхцөл нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Нийслэлийн Засаг дарга болон түүний ажлын алба уг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа хөрөнгийн чадваргүй “Г” ХХК-ийг хууль бусаар шалгаруулан батламжилж иргэд биднийг хохироох нөхцөлийг үүсгэсэн байна.
6. Уг төслийн сонгон шалгаруулалтын баримтаас харахад “Г” ХХК нь “С б” ХХК болон “З” ХХК-тай түншилж консирциум нэртэйгээр оролцсон байх боловч Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/533 дугаар захирамжаар зөвхөн “Г" ХХК-ийг батламжилж шийдвэр гаргасан нь тус компанийн хөрөнгийн чадваргүй гэх бодит үнэнийг нууж хаацайлж биднийг хуурч мэхэлсэн байдал нь нотлогддог. “Г" ХХК 2013 оноос хойш гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүйгээс олон иргэд хохирсон, энэ талаар гомдол санал гаргасаар байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авалгүйгээр биднийг хохироож байгааг 3-н талт гэрээнд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзнэ. “Г” ХХК-ийн биелүүлэх ёстой үүрэг, бусдад учруулсан хохирлыг захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг дарга хариуцах нь хуулийн үндэслэлтэй.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” , Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн хуулийн этгээд шаардах эрхтэй”, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэж тус тус заасан байдаг.
8. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар магадлалын 1 дэх хэсгийн “...ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/07/004 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол 27.300.000 төгрөг, ГХДТ/2013/07/009 гурван тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол 17.300.000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна гэжээ.
9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар магадлалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт ГХДТ/2013/7багцын/ төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, ГХДТ/2013/7/009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, гуравдагч этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж ...шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн заалтад дараах байдлаар нийцээгүй.
10. Үүнд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн, үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь нотлогдсон тохиолдолд Гэр хорооллын хөгжлийн газар нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах, төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах тухай хүсэлтийг төслийн удирдах хороогоор шийдвэрлүүлнэ”, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.25 дахь хэсэгт “...Төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамжийг хүчингүй болгоно” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн Гэр хорооллын хөгжлийн газар буюу одоогийн нэршлээр Орон сууцны дэд бүтцийн газар нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах эрх бүхий субъект байна.
11. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг тодорхой заасан байх бөгөөд 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч нар нь Орон сууцны дэд бүтцийн газар гурван талт гэрээг хүчингүй болгох, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах талаар гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах ёстой атал ямар ч хүсэлт, гомдол гаргаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дахь тал 2 дахь догол мөрөнд хариуцагч Орон сууцны дэд бүтцийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-ын хариу тайлбарт “... 3 талт гэрээг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч нар нь анх удаа гаргасан. ...Нэхэмжлэгч нар урьд нь хүсэлт, гомдол гаргаж байгаагүй, шууд шүүхэд хандсан” гэж дурдсан байна.
12. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Орон сууцны дэд бүтцийн газарт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар хандаагүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэхээргүй байна. Энэ талаар хариуцагчаас тайлбар гаргасан хэдий ч анхан шатны шүүх ямар ч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч нар нь “... гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай шаардлага”-ыг шүүхэд гаргасан. Гэтэл шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
13. Учир нь нэхэмжлэгч нар захиргааны гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Мөн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас манай компанид холбогдуулан гаргасан ямар захиргааны акт нэхэмжлэгч нарын эрх, ашгийг хөндөөд байгаа нь тодорхойгүй, төсөл хэрэгжүүлэх эрх олгосон ямар захиргааны актыг цуцлуулах гээд байгаа нь ойлгомжгүй зэрэг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь талд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч “Г” ХХК нь төслийг цааш хэрэгжүүлэх боломжтой” талаар асуухад, хариуцагч Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хяналтын хорооны зөвлөлийн шийдвэр нь тухайн компанид хугацаатай үүрэг даалгавар өгөөд төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж гарсан” гэсэн байна.
14. Тухайн компани нь иргэдийг тодорхой хэмжээнд орон сууцанд оруулж байгаа. Одоогийн байдлаар 29 айлыг орон сууцанд оруулсан. Дээрх 3 иргэнийг “орон сууцанд оруулах жагсаалтад оруулсан байна” гэх хариулт авагдсан байхад анхан шатны шүүхээс тус тайлбарыг огт дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар нотлох баримтад хамаарах”-аар заасан бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байхад анхан шатны шүүх энэ үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан.
15. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжтой эсэх, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан талаар үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн эрхийг дордуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
16. Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл зөв байна.
17. Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Д.Ц-А-ийн эрх залгамжлагч Ц.Б нараас “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт /ГХДТ/2013/7багцын/ төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004, ГХДТ/2013/7/009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгуулах, ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/004 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 27,300,000 төгрөгийг, ГХДТ/2013/7/009 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 17,300,000 төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
18. Нэхэмжлэгч нар нь зөвхөн өөрт хамааралтай асуудлаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагын “төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах” гэдгийг нэхэмжлэлд заасан гурван талт гэрээгээр хязгаарлахаас бус гуравдагч этгээд “Г” ХХК-ийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багц/-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төсөл хэрэгжүүлэх эрхийг бүхэлд нь буюу бусад этгээдэд холбогдох хэсэгт хамаарахгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
19. Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэлд заасан гурван талт гэрээнүүд нь хариуцагч Нийслэлийн Засаг даргаас /түүнийг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газрын дарга/ Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасны дагуу байгуулсан “захиргааны гэрээ” байна. Тодруулбал, уг гэрээгээр хариуцагч нь гэр хорооллын дахин төлөвлөлт буюу нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” болох нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэслэн нэхэмжлэгч нэр бүхий иргэд болон гуравдагч этгээд “Г” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр нийтийн эрх зүйн харилцааг үүсгэсэн /эрх, үүрэг хүлээсэн/ байна.
20. Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч нар нь гурван талт гэрээний 3.1.3-т заасны дагуу газраа чөлөөлж, нүүн шилжих үүргээ биелүүлсэн боловч гуравдагч этгээд “Г” ХХК нь гэрээний 4.1.2.“Төсөл хэрэгжүүлэх газар чөлөөлөх, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх” зэрэг үүргээ, мөн гэрээний 6.1.“Төсөл хэрэгжүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн даруй Гэр хорооллын хөгжлийн газарт бичгээр мэдэгдэх” гэснийг хэрэгжүүлээгүй, түүнчлэн хариуцагч нийслэлийн Засаг дарга /түүнийг төлөөлж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Гэр хорооллын хөгжлийн газар/ нь гэрээний 5.3.3-т заасан “Төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, төсөл хэрэгжүүлэгчээс ажлын гүйцэтгэлийн мэдээг гаргуулж, төслийн удирдах хороонд сар тутам тайлагнах” зэрэг үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 6.3-т заасан “Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн, үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь нотлогдсон тохиолдолд Гэр хорооллын хөгжлийн газар нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах тухай хүсэлтийг төслийн удирдах хороогоор шийдвэрлүүлнэ” гэсэн үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.
21. Тодруулбал, “Г” ХХК нь гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “...маргаан бүхий газрыг төмөр хашаагаар хашаалсан гурван тоосгон байшин, гурван жижиг дутуу барьсан сэндвичэн байр, нэг ухсан том нүхнээс өөр ажил хийгээгүй, 2016 оны 4 дүгээр сараас хойш гэрээгээр тохирсон түр оршин суух хугацааны орон сууцны түрээсийн төлбөрийг төлөөгүйгээс нэхэмжлэгч нарыг хохироосон, харин хариуцагч захиргааны байгууллага гурван талт гэрээнд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлж, иргэдийг хохироох нөхцөл байдлыг үүсгэсэн, тухайлбал “Г” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс олон иргэд хохирч, байнга гомдол санал гарч, зарим нь орон гэргүй болсон, тус компани цагдаагийн байгууллагад шалгагдан, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдах хүртэл нөхцөл байдал бий болсон байхад нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс гэрээг цуцлах, дахин сонгон шалгаруулалт явуулах зэрэг шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй аваагүйн улмаас иргэд хохирсон байгаа нь хариуцагч дээр дурдсан гурван талт гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гадна, Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.“Захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй...”; 56 дугаар зүйлийн 56.3. “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж үзнэ.
22. Гурван талт захиргааны гэрээний нэг тал болох нэхэмжлэгч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-ийн дагуу “Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй”; 56.2-ийн дагуу ийнхүү “өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална” гэсний дагуу гэрээг цуцлахыг шаардах, мөн 56.3-т “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэсний дагуу захиргаанаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд уг эрхээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасан “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох...” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой байна.
23. Энэхүү хэргийн тухайд хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс гурван талт гэрээг өөрчлөх юмуу цуцлахыг зөвшөөрөөгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй гэж маргаж байх тул шүүхээс гэрээг цуцлах үндэслэл байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй.
24. Иймд, нэхэмжлэгч нарын “... гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгуулах” гэсэн шаардлага нь агуулгын хувьд “захиргааны гэрээ” /-ний эрх зүйн харилцаа/ байгаа эсэхийг буюу гэрээг цуцлах үндэслэлтэй эсэхийг тогтоож, түүнээс үүсэх үр дагаврыг арилгуулах /гэрчилгээг буцаан олгуулах/”-д чиглэгдсэн байна.
25. Энэ хэргийн тухайд, хариуцагч холбогдох хууль, журам болон гурван талт захиргааны гэрээний үүргээ биелүүлээгүй /Хянавал хэсгийн 19-20/ болох нь тогтоогдсон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар гэрээг өөрчлөх арга хэмжээ аваагүй, гэрээний үүргийг хэрэгжүүлэх, гэрээг цуцлах тухай нэхэмжлэгч иргэдийн хүсэлт /мэдэгдэл, гомдлыг/-ийг гэрээний нөгөө талууд хүлээн аваагүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална” гэсэн хууль зүйн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй.
26. Нэгэнт гэрээг цуцлах үндэслэлтэй тул түүнээс үүсэх үр дагаврыг арилгах үүргийг буюу нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй, иймд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, үүнийг үгүйсгэсэн гуравдагч этгээдийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.
27. Харин давж заалдах шатны шүүх “...гуравдагч этгээд “Г” ХХК, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан “Түр оршин суух хугацаан дахь орон сууцны төлбөр олгох тухай” гэрээ нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах тул уг гэрээнээс үүдэлтэй хохирлыг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
28. Учир нь, нэгдүгээрт, нэхэмжлэгч нар нь төрөөс иргэдээ орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу нийслэлийн Засаг дарга нийтийн эрх ашгийг төлөөлөн гурван талт гэрээний нэг тал болж оролцсон учир иргэд буюу нэхэмжлэгч нар захиргаанд итгэсний үндсэн дээр гэрээ байгуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй, иймд иргэдийн итгэл хамгаалагдах ёстой, нөгөөтэйгүүр энэхүү нийтийн захиргааны үйл ажиллагаа нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”, түүний үндсэн дээр байгуулагдсан гурван талт гэрээнээс гадна гэрээний хавсралт болох хоёр талт гэрээ /гэрээний 2.1, 2.3.2, 7.4/ зэрэг эрх зүйн баримт бичгээр цогц байдлаар зохицуулагдаж байх тул нэхэмжлэгч /иргэн тус бүр/ болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан “Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ” нь тухайн харилцаанд огт хамааралгүй бус, харин гурван талт захиргааны гэрээний нэг бүрдэл хэсэг гэж үзэхээр байна.
29. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэсэн нийтлэг эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасан “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой.
30. Уг хэргийн тухайд өмнө нь дурдсанчлан, хариуцагч холбогдох хууль, журам болон гурван талт гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан, түүний улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан /хохирлын хэмжээний талаар талууд маргаагүй/ болох нь тогтоогдсон тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв юм.
31. Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хамааралгүй хуулийн зарим зүйл, заалтыг хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
32. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүйгээр, харин нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол /Тодорхойлох хэсгийн 3-5, 7-8/-ыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн..., 56.3...” гэснийг “... 56.2...” гэж өөрчилж, “гуравдагч этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж...” гэсний дараа “нэхэмжлэгч Д.М, Ц.Б-ын байгуулсан гурван талт гэрээг цуцалж” гэж нэмж, 2 дахь заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т...” гэсний дараа “... 100 дугаар зүйлийн 100.1-т...” гэж нэмж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч бүрээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ