Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 048

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би, Буянт сумын 4 дүгээр багийн оршин суугч Т.Мэндсүрэнгээс, тус аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэнг ажлаас чөлөөлөх тухай Б/628 дугаар захирамжийг хүчингүй болгож, захирамжийг хүчингүй болгох шийдвэр гарах хүртэл уг захирамжийг түдгэлзүүлж, аймгийн Засаг дарга А.Гылымханд намайг Буянт сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн иргэн Тэнээ овогтой Мэндсүрэн миний бие 2013 оноос Буянт сумын Засаг даргаар сонгогдон ажиллаж байна. Миний бие 2016 оны сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар сумдаа МАН-аас дахин нэр дэвшиж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар чуулганаар сумын Засаг даргад нэр дэвшин олонхийн санал авч, намайг Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад санал болгосон. Т.Мэндсүрэн би 1993-1997 онд Улсын багшийн их сургуулийг урлал-техникийн багш мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 2000-2012 онд Буянт сумын Засаг даргын Тамгын газарт нийгмийн бодлогын түшмэл, тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагч, 2012 оноос одоог хүртэл Буянт сумын Засаг даргаар ажиллаж байна. Татвар болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөр байхгүй. Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа. Дээрх шаардлагыг бүрэн хангаж байгаа учраас 2013 онд сумын Засаг даргаар томилогдон ажилласан юм.

Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/628 дугаартай захирамж гарч, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь намайг сумын Засаг даргаар томилохоос татгалзсан гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын захирамж нь Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 32 дугаар зүйлийн 32.7 хэсгүүдийг үндэслэж хууль зөрчсөн байна.

Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д "Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Засаг даргыг 4 жилийн хугацаагаар томилохоор заасан боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж, томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална гэж заасан байна. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д зааснаар миний Засаг даргын бүрэн эрх дараагийн Засаг дарга томилогдох хүртэл хадгалагдах ёстой байтал намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлж байгаа нь хууль бус байна.

Намайг ажлаас чөлөөлж, сумын Засаг даргын бүрэн эрхийг сумын орлогч даргад үүрэгжүүлсэн нь мөн хууль бус байна. Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох 32 дугаар зүйлийн зохицуулалт нь өөр юм. Энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэж заасан энэ хугацаанд миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлт огт гаргаагүй, өөр ажилд томилогдоогүй, гэмт хэрэг үйлдээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлээгүй юм.

Намайг Засаг даргаас огцруулах хуулийн заалт байхгүй байхад огцруулж, ажлаас чөлөөлж, хууль бусаар Засаг даргын бүрэн эрхийг сумын орлогч даргад шилжүүлсэн нь хууль бус болсон байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэнг ажлаас чөлөөлөх тухай Б/628 дугаар захирамжийг хүчингүй болгож, захирамжийг хүчингүй болгох шийдвэр гарах хүртэл уг захирамжийг түдгэлзүүлж, аймгийн Засаг дарга А.Гылымханд намайг Буянт сумын засаг даргаар томилохыг даалган миний зөрчигдсөн эрхийг ханган, хууль ёсны шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Т.Мэндсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн Сайд овгийн Тэнээгийн Т.Мэндсүрэн миний бие 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Уг нэхэмжлэлдээ 3 шаардлага тавьснаас эхний 2 нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ба 3 дахь шаардлага болох аймгийн Засаг даргад сумын Засаг даргаар томилохыг даалгах асуудал үлдсэн. '

Нэхэмжлэл гаргаснаас хойш 11 дүгээр сарын 23-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болж дахин сумын Засаг даргад нэр дэвшин олонхийн санал авч сонгогдсон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-д заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй гэсэн заалтын дагуу нэгэнт томилох болсон тул миний материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байна. Одоогоор хариу нь ирээгүй, томилогдоогүй байгаа боловч нэгэнт хуулийн дагуу томилогдох тул нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Мэндсүрэн нь аймгийн Засаг даргад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэнг ажлаас чөлөөлөх тухай Б/628 дугаар захирамжийг хүчингүй болгож, аймгийн Засаг дарга А.Гылымханд Буянт сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/654 дүгээр захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэнг ажлаас чөлөөлөх тухай Б/628 дугаар захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн, мөн нэхэмжлэгч нь Буянт сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай шаардлагаасаа татгалзаж энэ талаар шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч биелүүлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгээсээ татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Мэндсүрэнгийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 47.6-д тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан тул хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар хөнгөлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэнг ажлаас чөлөөлөх тухай Б/628 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлснийг, мөн нэхэмжлэгч Буянт сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай шаардлагаасаа татгалзсаныг тус тус баталж, Т.Мэндсүрэнгийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 47.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийн тавин хувь буюу 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША