Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 307/ШШ2025/02329

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/03026/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,

“25,874,760.15 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* (цахимаар),

Хариуцагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 25,874,760.15 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...2022.10.24-ний өдөр иргэн Ц.******* ЗГ3205126101 тоот зээл болон барьцааны гэрээг байгуулж, 5,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн ба уг гэрээгээр зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2022.11.05-ны өдрөөс 2023.04.20-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаанд сар бүрийн 5, 20-д эргэн төлөхөөр харилцан тохиролцсон.

Уг гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдэгч нь зээлийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргаснаар 2023.02.16-ны өдөр талууд дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ3205126101-1 тоот гэрээг байгуулж, зээлийн хэмжээг 5,600,000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээний хугацааг 12 сар, жилийн хүүг 15.6 хувь байхаар харилцан тохиролцсон.

Энэ гэрээний явцад зээлдэгчээс дахин хүсэлт гаргаж, 2023.06.06-ны өдөр ЗГ3205126101-2 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, зээлийн хэмжээг 11,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн зээлийн хүү адил 15.6 хувь байхаар, харин гэрээний хугацаа 12 сар байхаар тохиролцсон.

Дээрх гэрээний хугацаанд зээлдэгч Ц.******* дахин хүсэлт гаргаснаар 2023.08.29-ний өдрийн ЗГ3205126101-В тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн хэмжээг 5,770,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 15 сарын хугацаатай зээлийг олгосон.

Хамгийн сүүлийн байдлаар өөрчлөгдөн байгуулагдсан буюу одоо талуудын дагаж мөрдөж байгаа 2024.04.05-ны өдөр байгуулагдсан ЗГ3205126101-Г тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлдэгч Ц. нь Б.*******ын хамт 24,200,000 төгрөгийн зээлийг хүсэж, жилийн 14.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан.

Дээр дурдсанаар зээлийн гэрээний хугацаа 2026.10.05-ны өдөр дуусахаар байгаа боловч өнөөдрийн байдлаар зээлдэгч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчилтэй байна. Банкны зүгээс зээлийг төлүүлэхээр зээлдэгч нартай удаа дараа холбогдож, зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөхийг шаардсан боловч үр дүн гараагүй. Өөрөөр хэлбэл үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгчийн зүгээс зөрчлийг арилгаагүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, сайн дураар биелүүлэхгүй, банкийг хохироосоор байна.

ЗГ3205126101-Г тоот гэрээний зээлийн график зөрчигдсөнөөр үндсэн зээл, хүүгийн төлбөрөөс гадна Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.2, анх байгуулсан 2022.10.24-ний өдрийн ЗГ3205126101 тоот зээл болон барьцааны гэрээний 2.9, 3.1.1-т тус тус заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нь төлөх үүрэгтэй.

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1.1 болон 2022.10.24-ний өдрийн ЗГ3205126101 тоот зээл болон барьцааны гэрээний 3.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн дээрх зээлийн гэрээг зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдсэн болно.

Б.******* нь хамгийн сүүлд буюу 2024.04.05-ны өдөр байгуулагдсан ЗГ3205126101-Г тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд Ц.ийн хамт зээл авсан, энэхүү гэрээний үүргийг хүлээх хариуцагч мөн тул түүнийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан.

Иймд хариуцагч Б.******* нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу төлбөрөө төлөхгүй зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд, үндсэн зээлийн төлбөр 23,676,670.85 төгрөг, үндсэн хүү 2,125,335.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,753.75 төгрөг, нийт 25,874,760.15 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Б.******* нь хариу тайлбартаа:

“... овогтой ******* миний бие Дархан-Уул аймагт амьдардаг. Нөхөр Ц. нь ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотын салбараас цалингийн зээл авахад хамтран зээлдэгчээр оролцсон бөгөөд нөхөр маань 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан. Энэ хугацаанд өр төлөх албан бичгийг ирүүлсэн. Банкны хариуцсан ажилтантай холбогдоход жилийн дотор сарын 2,100,000 төгрөгийг төл гэсэн шаардлага өгсөн. Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй. Бага хүү О. маань байнгын ээжийн асаргаанд байдаг тул ажил хөдөлмөр хийх боломжгүй. Сарын орлого гэж байхгүй. Халамжаас хүүд минь ордог асаргааны мөнгөнөөс өөр зүйл байхгүй. Иймд эвлэрч чадсангүй. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж сар бүр төлөх төлбөрийг хамгийн бага хэмжээнд тогтоож өгөхийг хүсье. Би төлбөрийн нөхцөлийг төлөх үүргээ ухамсарлаж байна” гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаартай “Эрх олгох тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18/14/000887 дугаартай итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ3205126101 дугаартай зээл болон барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгч иргэний өргөдлийн маягтын нотариатаар батлуулсан хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ3205126101-1 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, тус зээлийн гэрээний хавсралт зээл эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн мэдээлэл шинэчлэх хүсэлт-иргэн зээл хүсэгч гэх маягт, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ3205126101-2 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, тус зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 06 дугаар сарын 05-н өдрийн мэдээлэл шинэчлэх хүсэлтийн маягт, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ3205126101-В дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээлийн гэрээний хавсралт болох зээл эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн мэдээлэл шинэчлэх хүсэлтийн маягт, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаанууд, Ц.ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ3205126101-Г зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 018200424 дугаартай мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/41486 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 4-36 хуудас)

4.Хариуцагчаас Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 721 дугаартай тодорхойлолт, Дархан сумын 15 дугаар багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1477 дугаартай тодорхойлолт, Ц.ийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Ц.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү О.Энх-Эрдэнийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбарын нотариатаар батлуулсан хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү О. төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, “Хаан банк” ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 51-67 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан 25,874,760.15 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.*******ын нөхөр Ц. нь зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа зээлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ 11,000,000 төгрөг, 5,770,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж зээл авч байсан. Эхлээд Ц. дангаараа зээлийн гэрээ байгуулан зээлийг авч байсан. Хамгийн сүүлийн байдлаар 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр талууд өмнөх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Ц. нь Б.*******ын хамт 24,200,000 төгрөгийг өмнөх зээл дээр нэмэгдүүлэн авсан. Энэ зээлийн гэрээг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар байгаа боловч зээлдэгч нар олон сар зээлээ төлөхгүй зөрчил гаргасан учраас шүүхэд хандсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нартай удаа дараа холбогдсон боловч амжилтад хүрээгүй. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад Ц. нас барсан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд хамтран зээлдэгч болох Б.*******аас зээлийн төлбөр 23,676,670.85 төгрөг, үндсэн хүү 2,125,335.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,753.75 төгрөг нийт 25,874,760.15 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Ер нь нөхцөл байдлыг ойлгосон. Зээлийн гэрээнд хоёр хариуцагч байгаа боловч үндсэн хариуцагч нас барсан учраас бид хамтран хариуцагч Б.*******аас гаргуулахаар нэхэмжилж байна” гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

3.Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “...Анх манай нөхөр машин авна гэж зээл авсан байсан. Тухайн үед муудалцсан байсан болохоор зээл авсныг мэдээгүй. Сүүлд залгахаар мэдсэн. Нөхөр маань ажлаасаа гараад Солонгос улсад очиж ажил хийж зээлээ төлнө гэж байсан боловч ажил сайн олдоогүй тул зээлээ төлж чадаагүй байсан. Нөхөр Ц. нь 2025 оны 09 дүгээр сарын 12-нд нас барсан. Би хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдээ асардаг тул ажил хийх боломжгүй, хүүхдүүдийнхээ асаргаа, хүүхдийн мөнгөөр л амьдарч байна. Банкны зүгээс 12 сарын хугацаанд зээлийг хувааж төлөхөөр санал гаргасан боловч миний хувьд яагаад ч сар бүр 2 сая гаруй төгрөг төлөх боломж үнэхээр байхгүй. Иймээс зээлийн гэрээний хугацааг уртасгаж, зээлийн төлбөрийг багасгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц. нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *******-тай ЗГ3205126101 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн байна.

Улмаар тус зээлийн гэрээнд дараах нэмэлт өөрчлөлтүүдийг оруулжээ. Үүнд:

-2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэмж 5,600,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай,

-2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэмж 11,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай,

-2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэмж 5,770,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй авснаар нийт зээлийн үлдэгдэл 19,508,033.49 төгрөг болсныг 15 сарын хугацаанд төлж барагдуулахаар,

-2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ц., Б.******* нар нь дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 24,200,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй авснаар нийт зээлийн үлдэгдэл 34,996,740 төгрөгийг 30 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Мөн *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нь арилжааны үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд мөн болох нь тодорхойлогдож байна.

5.Дээрх үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.

6.Зээлдэгч Ц. нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн гэж үзнэ.

Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******аас гэрээний үүргийг шаардах эрхтэй.

7.Зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлөх үүргээ 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зөрчсөн, зээлдүүлэгчээс зээлдэгч нарт зээлээ төлөхийг урьдчилан сануулж зээлдэгч Ц.т холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ.

8.Дээрх зээлийн гэрээг байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгийг олгосон эсэх, зээлийн тооцоолол, үлдэгдэл төлбөрийг төлөх эсэх асуудалд хариуцагчаас маргаагүй. Харин хариуцагч нь тодорхой шалтгааны улмаас зээлийг нэг дор эсхүл, нэхэмжлэгчийн тогтоосон хугацааны дотор төлөх боломжгүй, зээлийг төлөх хугацааг сунгаж, сард төлөх дүнг багасгахаар маргасан.

9.Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д “Гэрээнд заасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс зээлийн төлбөрийг хэсэгчлэн, сард бага дүнгээр төлөхийг зөвшөөрөхгүй байх тохиолдолд үүргийг хэсэгчлэн гүйцэтгүүлэхээр шүүх шийдвэрлэх боломжгүй юм.

Энэ нь талууд хоорондоо тохиролцсон л бол үүргийн гүйцэтгэлийн арга, хэлбэрийг хэдийд ч нэг бүрчлэн тогтоож, бас түүнийгээ өөрчилж болох гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд үндэслэнэ.

10.Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хариуцагч нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдээ асардаг, ажил хийдэггүй, тодорхой орлогогүй байгаа байдал тогтоогдож байх боловч энэ нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

11.Иймд хариуцагч Б.*******аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 23,676,670.85 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,125,335.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 72,753.75 төгрөг, нийт 25,874,760.15 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

12.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,324 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 287,324 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 25,874,760.15 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,324 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 287,324 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН