| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0029/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\149 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2018\ШЦТ\149
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******ын *******ад холбогдох эрүүгийн 1718003170182 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******ын *******а,1999 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, ах, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух, Дархан, Сэлэнгийн ******* ХК-нд монтёр ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч******* нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн спорт зааланд зохион байгуулагдсан сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний үеэр *******ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн спорт зааланд зохион байгуулагдсан сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний үеэр *******ийг зодож эрүүл мэндэд нь “доод эрүүний битүү хугарал, доод эрүү, хацарны зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч******* нь өмнөх шүүх хуралдаанд мэдүүлгээ өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Шүүгдэгч Д.*******ын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Ус суваг ХК-ны зааланд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан. Тухайн үед *******намайг манай сумын багт ороод сагсан бөмбөг тоглоод өгөөч гэж гуйхаар нь 14 цагийн алдад очсон. Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс иргэний үнэмлэхийг үзчихээд Дарханд төрсөн Дарханы хаяг регистртэй тул оруулахгүй гэсэн. Тэмцээн Увс аймгийн гаралтай залуучуудын дунд зохион байгуулагдаж байсан. Тэгээд тэмцээн үзээд сууж байтал ******* сумынхан буюу Увс аймгийн Малчин сумынхан Увс аймгийн бас нэг сумынхантай тоглож байгаад тоглолт дууссаны дараа эсрэг багийнхантайгаа маргаад заалнаас гараад жижиг хэмжээний зодоон болсон. Тухайн үед намайг заалнаас гарахад харанхуйд хэн нь намайг цохисныг би мэдэхгүй миний зүүн шанаа руу цохисон. Гэхдээ тухайн үедээ би айхтар бэртэл гэмтэл аваагүй жижиг хэмжээний хумсны шарх үүссэн. Ингээд салаад буцаад тэмцээн зохион байгуулагдаж байгаа зааланд ороод ******* сумынхантай тоглоод муудалцсан эсрэг багийнханд би уурлаад хамгийн захад нь зогсож байсан тэдний багийн нэг залууг /танихгүй/ баруун шанаа руу нь гараараа нэг удаа цохичихоод заалнаас гараад явчихсан. Гэтэл хэд хоногийн дараа цагдаагаас дуудахаар нь очоод уулзтал миний баруун шанаа руу нь цохисон залуугийн эрүү нь хугарсан байсан. Буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчийн эмчилгээний зардалд 4 000 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,
Хохирогч *******ийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт "Увс1" оюутны холбооноос зохион явуулах сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд найзынхаа найзуудын хамтаар тоглохоор би Улаанбаатар хотоос Дарханд 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Тэмцээн 22-ны өдрийн 09 цагийн орчим "Дархан-Ус суваг"-ын спорт зааланд болсон. Ингээд манай Тэс сумын баг сагсан бөмбөгийн тэмцээнд Малчин сумын багийг зооноосоо хожиж гарч ирсэн. Тэгтэл тоглолт дууссаны дараа манай багийн ******* бие засахаар гадагш гарахад Малчин сумын багийнхан гадаа ******* руу дайраад зодох гээд байсныг сонсоод *******ыг манай багийнхан өмөөрөөд гадагш гарсан. Гадаа жижиг хэмжээний зодоон /барилцаж авч ганц нэг цохисон/ маргаан болсон. Гадаа маргаж барилцаж авсан асуудлаас гэмтсэн бэртсэн хүн байхгүй бид нар ч гэсэн Малчин сумын залуучуудаас салаад зааланд орж ирээд байж байтал Малчин сумын залуучуудын найзууд гээд Дарханы 2-3 залуу зааланд орж ирсэн. Ингээд би багийнхантайгаа заалны буланд байж байтал хамгийн захад зогсож байсан намайг танихгүй одоо бол нэрийг нь мэддэг болсон *******а гэх залуу гараа атгаж байгаад миний баруун доод эрүү рүү нэг удаа цохисон. Тэгтэл миний эрүүний хэсэгт янгинаад явчихсан. Ёолоод би эрүүгээ бариад доош суусан амнаас цус гараад эхэлсэн. Миний эрүү хугарсныг би ойлгоод эмнэлэг дуудаарай гэж багийхандаа хэлсэн. Түргэн тусламжийн машин ирж намайг Дарханы Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Хүлээн авахын эмч рентгенд эрүүг хараад зөрүүтэй хугарсан байна. Дарханд эрүү хадуулах хагалгаанд орох уу гэхээр нь Дарханд надад хамаатан садан таньж мэдэх хүн байхгүй гэхэд Улаанбаатар луу явах бичиг, өвчин намдаах тариа хийж өгөөд явуулсан. Ингээд би таксигаар Улаанбаатар хотод тэр шөнөдөө ирээд ахындаа ирээд 2 цаг амраад өглөө нь Гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлэхэд эрүү чинь зөрүүтэй хугарсан байна гэсэн. Хагалгаанд орж эрүүгээ хадуулах шаардлагатай гээд би шинжилгээ өгөөд очерь дугаараа хүлээж байгаад 2017 оын 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын 1-р төв эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасагт хагалгаанд орж эрүүндээ 4 хадаас хадуулж эмнэлэгт 7 хоноод гэртээ гарч үргэлжлүүлэн эмчлүүлсэн. 10 хоногийн дараа оёдлоо авахуулж 24 хоногийн дараа шүдний чигээ авахуулсан. Одоо л гайгүй сайн ярьж хоол унд идэж эхэлж байгаа. 3 сарын дараа дахин хагалгаанд орж хадаасаа авахуулах шаардлагатай байгаа. Эрүүгээ хугалуулахад миний үүдэн доод 1 шүд, доод баруун араа, 1 шүд зэрэг хөдөлгөөн орж мултарч унасан. Түүндээ мөн эрүүний хадаас авахуулсны дараа шүд хийлгэх шаардлагатай гэсэн. ...*******а нь тухайн үед Малчин сумын залуучуудтай хамт явсан. Тэднийг өмөөрч л *******а намайг баруун шанаа руу гараараа 1 удаа хүчтэй цохиод эрүүг маань хугалсан. Цохихдоо юм хэлээгүй. Цохиулж гэмтэх үедээ би хамгийн захад зогсож байсан тэгээд л намайг цохиж таарсан байх гэж бодож байна.
Үүнээс болж би эмчилгээ хагалгаа хийлгэж 1 сар гаран хичээлд яваагүй, кредит цагийн төлбөрт орсон байна. Мөн өнөөдрийн байдлаар хагалгаа эмчилгээ хийлгэхэд надаас хагалгааны төлбөр 800 000 төгрөг, өнөөдөр Улаанбаатар хотоос дуудагдаж Дарханд ирж буцсаны 30 000 төгрөг, шинжилгээ хийлгэсэн 22 000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө тушаасан 507 960 төгрөг, мөн Амарсанаа байцаагчид анх Улаанбаатараас Дарханд ирж мэдүүлэг өгөхөд эрүүл мэндийн байдал муу нийтийн тээврээр явах боломжгүй байсан хүний машинд түлш хийж ирсэн 70 000 төгрөг, өвчтэй байсан хугацааны нийт 20,5 кредит цагийн хичээлд суугаагүй төлбөр /нэг кредит цагийн төлбөр 21 000 төгрөг/ 430 500 төгрөг, нийт 860 460 төгрөгийг *******агаас нэхэмжилж байна. Мөн үүн дээр дахин хадаас авахуулах хагалгааны үнэ 800 000 төгрөг, ор хоногийн мөнгө 500 000 төгрөг, 2 шүд хийлгэх үнэ нийт 2 сая төгрөг бүгд 5 160 460 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаагаас надад эмнэлэгт хэвтэж байхад *******а нь хагалгаандаа зарцуулаарай гэж 1 200 000 төгрөгийг шилжүүлсэн үүнийг хасаад 3 960 460 төгрөгийг *******а надад төлчихвөл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бопно гэх мэдүүлэг,
Гэрч *******ын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн Ус суваг ХК-ны спорт зааланд Увс аймгийн оюутны холбооноос сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан. Тэр тэмцээнд би Малчин сумынхаа оюутнууд болох *******,*******, *******, *******, *******, *******,******* нарын хамт нэг баг болон оролцсон. Тэгээд хүрэл медалын төлөө Тэс сумаас оролцож байгаа 2 багийн 2017 багтай нь тоглоод хожил байгуулчихаад байж байтал манай багийн*******, ******* хоёрыг 00-ийн өрөөнд ороход нь Тэс сумын 2017 багийнхан зодсон юм шиг байна лээ. Тэгээд байж байтал намайг Тэс сумын 2017 багийн нэг танихгүй залуу дуудахаар нь очтол тэр багийнхан намайг тойрч зогссоноо хэнийг нь мэдэхгүй нэг нь миний элэг рүү цохиод авахад тэр хавьд байсан хүмүүс салгаад тараасан. Заалны гадаа 2017 багийн ******* гэдэг залуутай манай багийнхан маргаан үүсгээд байж байтал тэдний багийнхан бөөнөөрөө гарч ирээд хоорондоо маргалдаж гар зөрүүлцгээсэн. Тэгээд намайг сүүлд спорт заал руу ороход заалан дотор нэг хүүхдийн эрүү хугарчихлаа гээд бужигналдаж байсан. Би түүнээс яг хэн хэний эрүүг яаж цохисоныг хараагүй гэх мэдүүлэг /хх 32/,
Гэрч Ц.*******ын өгсөн: ...Би Малчин сумын оюутны багт сэлгээнд тоглосон. Тэгээд тоглолтын дундуур маргаан болж зодоон болсон юм байна лээ. Манай багт тоглож байсан*******, *******хоёрыг Тэс сумын багт тоглосон оюутнууд 00-ийн өрөөнд байхад нь цохьсон гэж байсан. Тэгээд зааланд сууж байхад Тэс сумын багийн ганц хоёр залуус ирээд бид нарыг үгээр дарамтлаад байсан. Тэмцээн дуусаад шагналаа гардаж авсны дараа спорт заалны гадаа маргалдаж зодолдож байгаад салцгаасан. Тэр үйл явдал болохоос өмнө би ******* гэдэг найздаа утсаар энд асуудал үүсээд байна гэсэн чинь хүрээд ирсэн. Тэгээд заалны гадаа үүссэн зодоонд ******* оролцож байгаад бас зодуулсан. ******* бас 3 найзыгаа дуудахад 3 залуу хүрч ирээд заалан дотор орж Тэсийнхэнтэй уулзахын завдалгүй өөдөөс зодолдсон. Тэгж байтал нэг залуугийнх нь эрүү нь хугарчихлаа гэж байсан гэх мэдүүлэг /хх 33/,
Гэрч *******ын өгсөн: Тухайн залуу бор царайтай, өндөр нуруутай, 20 орчим насны, хар өнгийн куртик өмссөн, цэнхэр жинсэн өмдтэй байсан. Тэр залуу манай Увс аймгийн харьяат биш Дарханых бололтой байсан. Тэр залуу*******ийн эрүү рүү гараараа нэг удаа цохичихоод заалнаас шууд гараад явсан. Харин******* тэр залууд цохиулчаад эрүүгээ дараад сандал дээр суугаад ёооё гээд байсан. Тэгээд бүгд эмнэлэг дуудна гээд бужигнасан гэх мэдүүлэг /хх 35/,
Гэрч *******ын өгсөн: ...намайг заалны үүдэнд ганцаараа зогсож байсан чинь Малчин сумын залуус дуудахаар нь яваад очтол намайг зодох гээд тойроод автал дотроос манай багийн залуус гарч ирээд хоорондоо маргалдаж бага зэрэг зодолдож байгаад тэд нар зугтаагаад явчихаар нь багийнхаа залуусыг дагуулаад заал руу буцаж орсон. Тэгтэл бид нарыг заалан дотор сууж байтал гаднаас Малчин багийн тэмцээнд орсон залуус өөр бас танихгүй залуутай ороод ирсэн. Тэр танихгүй залуу манай багийн*******ийг хажуугаас нь толгой руу нь цохиход******* газар уначихсан. Тэгээд босч ирээд миний эрүү хугарчихлаа гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс нөгөө залуусыг салгахад тэд нар бүгд гараад зугтаачихсан гэх мэдүүлэг /хх 40/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны 1057 дугаар дүгнэлт:
“1.*******ийн биед доод эрүүний битүү хугарал, доод эрүү, хацарны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх 45/, яаралтай тусламжийн хуудас /хх 12/, өвчний түүх /хх 15-21/ амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 22-24/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.*******ын хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь “доод эрүүний битүү хугарал, доод эрүү, хацарны зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар "хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч ******* нь эрүүл мэндийн хохиролд 5 160 460 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 1 340 060 төгрөгийн хохирлын баримт авагдаж шүүгдэгчээс 4 000 000 төгрөгийг хохирогчид өгсөн болох нь хавтаст хэргийн 89-р хуудсанд авагдсан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдсон. Тиймээс шүүгдэгчийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 68-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ