Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/025

 

 

 

*******т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор *******;

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2514000000051 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ................... тоотод оршин суух хаягтай,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 30- ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сар, 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******/РД:*******, иргэний бүртгэлийн дугаар: 640136081582/

2.Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/885 дугаартай шүүхийн шийтгэврээр 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 2025/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тус тус тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,65 хувийн промильтой үедээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 22 цаг 18 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Петровис шатахуун түгээх газрын баруун талын хатуу хучилттай авто замд Приус-ЭксВи30 (Тоyota Puis-XW30) загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 5-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

3. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 /гурван/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус  дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

“... Шүүгдэгчийн зүгээс тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Шүүгдэгч ******* эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний том хүү нь дунд чөмгөний хугарал, ясны идээт үрэвсэл гэх өвчнөөр Улаанбаатар хотод эмчлэгдэж байгаа бөгөөд 17 настай тул өргөж эмнэлэг хооронд зөөх, тээвэрлэх, асарч хамгаалах, бие засуулах зэрэгт зайлшгүй асран хамгаалагч хэрэгтэй тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан нэг жилийн хорих ялыг тэнсэж, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 113 шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэж жолоодсон үндэслэл дээр тус эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 972 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн  5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  2.09 хувийн согтолттой үедээ ******* ******* улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон. Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснийхээ дараагаар буюу 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.65 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдал, үйл баримт тогтоогддог. Мөн шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 113 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байгаа. Дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагад тохирч байгаа. Мөн Эрүүгийн хуулийн үндсэн зорилго нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагын хувьд тохирсон байгаа учраас уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баянхонгор аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 113 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгөөч гэсэн саналыг оруулж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор/хх72-76/ 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хариуцлага хүлээснээс хойш 5 хоногийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 10 минутын орчимд орчимд   3.65 хувийн согтолттой байж дахин согтуугаар приус-экси30 (tоyota pruis-xw30) маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдсон.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорх нотлох баримтууд болох:

шүүгдэгч *******ийн : “...өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...”/ хх42/,

гэрч Г.Отгонбаярын“...иргэнийг согтуурал шалгах АРПМ0006 сериал бүхий драйгер багажаар үлээлгэхэд 3.65 хувийн согтолтын зэрэг илэрсэн тул ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулж, *******ийг цагдаагийн газарт авчирч аав болох Л.*******т хүлээлгэн өгсөн...”/хх4/,

гэрч Л.*******ын: “...Цагдаагаас *******ийг цагдаагийн газар дээр ирж аваарай гэхээр нь очиход манай хүү согтуу байдалтай Цагдаагийн газрын гадаах саадан дотор сууж байсан тэгээд цагдаагийн нэг алба хаагч танай хүү согтуугаар машин барьж явж байгаад баригдсан талаар хэлээд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлгийн тэмдэглэл/хх6/,

согтуурлын зэрэг шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх9 /, согтуурлын зэргийг баталгаажуулалт хийсэн баримт /хх11-13/, жолоочийн лавлагаа, асап сангийн мэдээлэл /хх 14-20/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 2024/ЗШ/885 дугаартай шүүхийн шийтгэвэр/хх22/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх72-76/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг дахин үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд Баянхонгор  аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 3 жилийн хугацаагаар, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...Шүүгдэгчийн зүгээс тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй. ******* эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний том хүү нь дунд чөмөгний хугарал, ясны идээт үрэвсэл гэх өвчнөөр Улаанбаатар хотод эмчлэгдэж байгаа бөгөөд 17 настай тул өргөж эмнэлэг хооронд зөөх, тээвэрлэх, асарч хамгаалах, бие засуулах зэрэгт зайлшгүй асран хамгаалагч хэрэгтэй тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан нэг жилийн хорих ялыг тэнсэж Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 113 шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулгаар давж заалдах гомдол  гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Хэдийгээр шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  давж заалдах шатны шүүх хуралдаанд  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хүү нь Баянхонгор аймагт эмчийн хяналтад эмчлүүлж  байгаа талаарх баримтыг  гаргаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/113 дугаар  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ

 

               ШҮҮГЧИД                                  Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

                                                             Ч.БАЯРЦЭНГЭЛ