Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 606

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,                           

Улсын яллагч Б.Уранчимэг,

Шүүгдэгч Б.Балжинням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Буурал овогт Батбаярын Балжиннямд холбогдох эрүүгийн 1811019460679 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Түргэн сүлжээ” ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 15 дугаар гудамж 519 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ФВ93120818 / Буурал овогт Батбаярын Балжинням

 

Болсон хэргийн талаар:

Б.Балжинням нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ү.Ууганхүүг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ү.Ууганхүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:...2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр найз Балжинням, Сугар, Ариунбаатар нартай би дэнжийн 1000-н караокед ороод 0.75 гр архи, пиво зэргийг уусан. Караокенээс гараад явж байгаад дээшээ Нарантуул 2 захын орчим нэг хүнсний дэлгүүрээс нэг шил архи аваад уулын тэнд очиж ууцгаасан. Тэр үед Мөнхбат бас ирчихсэн байсан. Тэгтэл гэнэт Балжинням, Сугараа, Ариунбаатар бид гурав уу агсраад байсан. Тэгснээ Балжинням Сугарааг “Чи яасан том болчихсон юм бэ?” гээд заамдаад авсан. Тэгэхээр би Балжинням руу “Чи яаж байгаа юм бэ гээд дайрсан” чинь Мөнхбат намайг барьчихаад болио хөгшөөн гээд байсан. Тэгтэл Балжинням миний толгой руу тоосго шидсэн гэжээ. / хх 8-12 /

 

Гэрч Г.Мөнхбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ байж байхад Гантулга утасдаад дэнжийн 1000-н билляардны энд хүрээд ир гэсэн. Тэгээд явж байтал Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 15 дугаар гудамжны орчим Балжинням, Ууганхүү, Сугар, Ууганхүүгийн эхнэр нартай тааралдсан. Тэд нар нилээн архи уусан, бас хоорондоо маргалдсан бололтой таарамжгүй байсан. Тэгтэл Сугараа над руу ирээд би ийм байгаагүй биз дэ гэхээр нь би мэдэхгүй гэсэн. Тэгээд Ууганхүү, түүний эхнэр, Сугар нараа явцгаасан. Би Балжиннямтай үлдээд түүнийг хүргэж өгөхөөр явсан. Тэгтэл гудамжинд Сугараа хүрээд ирсэн. Тэгсэн Балжинням, Сугараа нар хоорондоо зууралдаад ноцолдоод байсан. Тэгэхээр би боль гээд салгасан. Балжинням тэгтэл газраас тоосго аваад Сугарыг нэг удаа цохьчихсон. Дахиад зууралдах гээд байхаар нь болиулах гээд байж байтал Ууганхүү цаанаас хутга барьчихсан дайраад байсан. Тэгтэл Балжинням газраас плитаны бил үү чулууны өөдөс аваад шидтэл Ууганхүүгийн толгойг цохичихсон гэжээ. / хх 17-18 / 

 

Гэрч Т.Сугар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би найз нар болох Ууганхүү, Балжинням, Гантулга, Мөнхбат, Ариунбаатар нартай уулзаад Хүчит шонхор захын хажуугийн гудамжинд “Аглаг-Эрдэнэ” гэх караокед орж 2 цаг суусан. Караокед 1 шил 0.75 гр архи, хоёр, хоёр пиво уусан. Тэндээсээ гараад замдаа Нарантуул 2 захын орчмоос дэлгүүрээс 1 шил архи аваад хойшоо уулын тэнд очиж хувааж уусан. Бүгд нилээн согтсон байсан. Ууланд байж байхад Ариунбаатартай Гантулга маргалдаад байхаар нь болиулсан. Балжинням над руу дайрч хэрүүл хийгээд нилээн муудалцсан. Ариунбаатар, Ууганхүү бид гурав гэрлуугээ явъя гээд Чингэлтэй 15 дугаар гудамжинд ирсэн. Нөгөө хэд болохоор араас ирснээ Балжинням “Та нар яасан том болчихсон юм бэ?” гээд гартаа тоосго барьчихаад дайраад миний мөр болон толгой руу цохиод унагаасан. Нэг мэдсэн чинь би ухаан балартаад унасан байсан. Тэгээд маргааш нь эмнэлгээр явж зургаа авахуулаад үзүүлсэн. Ямар нэгэн гэмтэл байхгүй байна гэж байсан. Надад гомдол, санал байхгүй гэжээ. / хх 15-16 /

 

Гэрч Ч.Хулан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Балжинням бид хоёр гэртээ байж байсан. Тэгтэл Ууганхүү утсаар залгаад манай нөхрийг Дэнжийн 1000-ын “Аглаг-Эрдэнэ” караокед хүрээд ир гээд дуудаад байсан. Тэгээд Балжинням явсан. Би удалгүй  очсон. Тэд нар 5-уулаа байсан. Сугар, Ууганхүү, Балжинням бас 2 залуу байсан. Энэ хэд караокенээс гараад гудамжинд нэг шил архи уусан. Удалгүй Мөнхбат, Гантулга гэх 2 найз нь тааралдсан. Сугараа, Балжинням нар зодолдох гээд зууралдаад байсан. Тэгээд салгаж дийлэхгүй байсан. Тэгтэл Балжинням Сугарын толгой руу нэг жижиг тоосгоор цохисон. Тэгээд байж байтал Ууганхүү хутга барьчихсан танай нөхөр гэдэг чинь хамаагүй шүү гэчихсэн дайраад байхад тэнд байсан хүмүүс болиулаад хутгыг нь аваад байж байтал Балжинням газраас нэг жижиг плита аваад шидтэл Ууганхүүгийн толгой руу оночихсон гэжээ. / хх 22-23 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8431 дүгээр дүгнэлтэнд:

1. Ү.Ууганхүүгийн биед хуйханд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын       2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. / хх 28 /

 

Шүүгдэгч Б.Балжиннямыг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 35-37 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 38 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Балжинням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Балжинням нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ү.Ууганхүүг зодож, хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр найз Балжинням, Сугар, Ариунбаатар нартай би дэнжийн 1000-н караокед ороод 0.75 гр архи, пиво зэргийг уусан. …Балжинням Сугарааг “Чи яасан том болчихсон юм бэ?” гээд заамдаад авсан. Тэгэхээр би Балжинням руу “Чи яаж байгаа юм бэ гээд дайрсан” чинь Мөнхбат намайг барьчихаад болио хөгшөөн гээд байсан. Тэгтэл Балжинням миний толгой руу тоосго шидсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Ү.Ууганхүүгийн мэдүүлэг / хх 8-12 /, …Балжинням, Сугараа нар хоорондоо зууралдаад ноцолдоод байсан. Тэгэхээр би боль гээд салгасан. Балжинням тэгтэл газраас тоосго аваад Сугарыг нэг удаа цохьчихсон. Дахиад зууралдах гээд байхаар нь болиулах гээд байж байтал Ууганхүү цаанаас хутга барьчихсан дайраад байсан. Тэгтэл Балжинням газраас плитаны бил үү чулууны өөдөс аваад шидтэл Ууганхүүгийн толгойг цохьчихсон гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Мөнхбатын мэдүүлэг / хх 17-18 /, …Балжинням “Та нар яасан том болчихсон юм бэ?” гээд гартаа тоосго барьчихаад дайраад миний мөр болон толгой руу цохиод унагаасан. Нэг мэдсэн чинь би ухаан балартаад унасан байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Сугарын мэдүүлэг  / хх 15-16 / … 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Балжинням бид хоёр гэртээ байж байсан. Тэгтэл Ууганхүү утсаар залгаад манай нөхрийг Дэнжийн 1000-ын “Аглаг-Эрдэнэ” караокед хүрээд ир гээд дуудаад байсан. Тэгээд Балжинням явсан. Би удалгүй нь очсон. Тэд нар 5-уулаа байсан. Сугар, Ууганхүү, Балжинням бас 2 залуу байсан. Энэ хэд караокенээс гараад гудамжинд нэг шил архи уусан. Удалгүй Мөнхбат, Гантулга гэх 2 найз нь тааралдсан. Сугараа, Балжинням нар зодолдох гээд зууралдаад байсан. Тэгээд салгаж дийлэхгүй байсан. Тэгтэл Балжинням Сугарын толгой руу нэг жижиг тоосгоор цохисон. Тэгээд байж байтал Ууганхүү хутга барьчихсан танай нөхөр гэдэг чинь хамаагүй шүү гэчихсэн дайраад байхад тэнд байсан хүмүүс болиулаад хутгыг нь аваад байж байтал Балжинням газраас нэг жижиг плита аваад шидтэл Ууганхүүгийн толгой руу оночихсон..гэрч Ч.Хулан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ гэжээ. / хх 22-23 /, …Ү.Ууганхүүгийн биед хуйханд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8431 дүгээр дүгнэлт / хх 28 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Балжиннямыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ү.Ууганхүү нь хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгч Б.Балжиннямыг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүгдэгч Б.Балжинням нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Балжиннямыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр  зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурал овогт Батбаярын Балжиннямыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Батбаярын Балжиннямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Балжиннямд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Балжинням нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Балжиннямд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАТЖАРГАЛ