Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2018\ШЦТ\152

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******ийн *******ид холбогдох эрүүгийн 1820000110115 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* *******ийн *******, 1991 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, Дархан-Уул аймгийн  ******* тоотод оршин суух засаг захиргааны  бүртгэлтэй, хувиараа "*******" зурагчны студи ажиллуулдаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч *******нь 2017 оны 8 дугаар сард Замын-Үүд 342, 344 мөн БНХАУ-ын Эрээний боомтын 0071, 0076 дугаартай 4 удаагийн хил нэвтэрсэн тэмдэглэл /штамп/-үүдийг Е1071711 тоот гадаад паспортад хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд Эрээн чиглэлийн хилийн боомтоор Монгол улсын хил нэвтрэхээр ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******нь 2017 оны 8 дугаар сард Замын-Үүд 342, 344 мөн БНХАУ-н Эрээний боомтын 0071, 0076 дугаартай 4 удаагийн хил нэвтэрсэн тэмдэглэл /штамп/-үүдийг Е1071711 дугаартай гадаад паспортад хуурамчаар үйлдсэн болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч М.*******ийн өгсөн: Би өөрийнхөө Е1071711 дугаартай гадаад паспортад дарагдсан Замын-Үүд 342, Замын-Үүд 344, БНХАУлсын Эрээн боомтын /0071, 0076/ дугаартай хил нэвтэрсэн тэмдэглэл /штамп/-уудыг өөрийнхөө ажлын компьютер дээр тунгалаг слайдан дээр гадаад паспортон дээр дарсан байсан Замын-Үүд 342, Замын-Үүд 344, БНХАУлсын Эрээн боомтын /0071, 0076/ дугаартай хил нэвтэрсэн тэмдэглэл /штамп/-уудыг буруу харуулж хэвлээд, хэвлэж гаргасан дардасыг буруу харуулаад өөрийнхөө гадаад паспортон дээр дарж хуулж авсан. Тунгалаг цаасан дээр хэвлэгдсэн дардас тэмдэг нь гадаад паспортон дээр дарагдаж үлдсэн. Би Хаан банкнаас 2017 оны 8 дугаар сард бизнесийн зээл хөөцөлдсөн юм. Тэгсэн чинь эдийн засагч нь гадаад руу олон удаа явж байсан бол зээл чинь хурдан бүтнэ гэж хэлсэн. Та Хятад улс руу бизнес хийхдээ олон удаа гарч байсан уу гэж асуухаар нь тийм гэж хэлсэн. Тэгсэн паспортыг чинь үзнэ гэхээр нь дээрх үйлдлийг хийсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,  

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

      Гэрч *******ын өгсөн: 2018 оны 01-р сарын 09-ны өглөө 08 цагт Замын-Үүд сум дахь Олон улсын автозамын шалган нэвтрүүлэх боомт нээж хэвийн үйл ажиллагаатай ажил эхэлсэн. 11:25 цагийн орчим ээлжийн дарга ахлах шалгагч ахмад Сэргэлэнбаяр надад иргэн М.*******ийн Е1071711 дугаартай Монгол улсын үндэсний энгийн гадаад паспортыг шалгуулахаар өгсөн. Тухай паспортыг авч гүнзгийрүүлсэн шалгалт хийхэд 32 дугаар хуудас дээр дарагдсан хил  нэвтэрсэн тэмдэглэл нь нь бүртгэл мэдээллийн нэгдсэнд бүргэгдээгүй байсан бөгөөд хуурамч болох нь тогтоогдсон. Ингээд тухайн иргэнээс хуурамч тэмдэглэлийн талаар асуухад банкнаас зээл авах зорилгоор хуурамч штамп хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдүүлэг /хх 35/,

Гэрч *******ийн өгсөн: *******гэдэг хүн 2017 оны 9-р сарын эхээр бизнес байна уу шугамын зээл хүсэж материал бүрдүүлж өгч байсан. Зээлийн материалаа бүрдүүлээд зээлээ авч чадаагүй. Хэрвээ зээлдэгч бараа материалаа Хятад, Орос зэрэг улсаас татдаг бол гадаад паспортынх нь орж, гарсан штанмпыг нь харах хэрэгтэй байдаг. Зээлдэгчийн гадаад паспортон дээрх орж гарсан штамп нь хичнээн удаа бараа материалаа татсан гэдэг нь харагддаг гэх мэдүүлэг /хх 41/,     

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1398 дугаартай шинжээчийн дүгнэлт:

"1.Шинжилгээнд ирүүлсэн Е1071711 дугаартай гадаад паспортын 4, 6-р хуудсанд байх тамганы дардсууд, 8-р хуудасны дээд талд тэмдэгний дардсууд олон удаа ашиглагдах зориулалттай бараар дарагдсан тамга, тэмдэгний дардас байна. Жинхэнэ эсэхийг харьцуулах загвар ирүүлээгүй тул тодорхойлох боломжгүй байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн Е1071711 дугаартай гадад паспортны 8-р хуудсаны гол хэсэгт байх улаан өнгийн дардсууд, 32-р хуудсаны ногоон дардсууд ердийн хэвлэгч төхөөрмж ашиглан хэвлэсэн хуурамч тэмдэгний дардсууд байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн Е1071711 дугаартай гадаад паспортны бараар дарагдсан тамга, тэмдэгний дардсууд нэг бараар дарагдаагүй байна.

4.Шинжилгээнд ирүүлсэн Е1071711 дугаартай гадаад паспортны бараар дарагдсан тамга, тэмдэгний дардсуудад харьцуулах загвар ирүүлээгүй тул барын хийж загварыг тодорхойлох боломжгүй байна.

5.Шинжилгээнд ирүүлсэн 8-р хуудасны гол хэсэгт байх улаан өнгийн дардсууд, 32-р хуудасны ногоон дардсуудын зах ирмэгүүд жигд бус, хэвлэлийн цэгүүд эмх цэгцгүй, олон өнгөтэй, будагч бодис цаасны гадаргууд жигд бус нэвчилттэй байх тул ердийн хэвлэгч төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч тэмдэгний дардсууд байна" гэжээ /хх 44/,

 

            эд мөрийн баримтаар Е1071711 дугаартай гадаад паспортыг хураан авсан тухай тэмдэглэл /хх 29/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 45-46/  зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.*******ийн өөрийн эзэмшлийн Е1071711 дугаартай Монгол улсын үндэсний энгийн гадаад паспортанд Замын-Үүд 342, Замын-Үүд 344, БНХАУлсын Эрээн боомтын /0071, 0076/ дугаартай хил нэвтэрсэн тэмдэглэл /штамп/-уудыг өөрийн ажлын компьютерыг ашиглан хуурамчаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар "баримт бичгийг хуурамчаар үйлдэх" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Улсын яллагч яллах дүгнэлтдээ шүүгдэгч М.*******ийг Е1071711 дугаартай гадаад паспортад Замын-Үүд 342, 344 мөн БНХАУ-ын Эрээний боомтын 0071, 0076 дугаартай 4 удаагийн хил нэвтэрсэн хуурамчаар үйлдсэн тэмдэглэл /штамп/-үүдийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд Эрээн чиглэлийн хилийн боомтоор Монгол улсын хил нэвтрэхээр ашигласан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

     

Шүүгдэгч *******нь 2017 оны 8 дугаар сард Хаан банкнаас бизнесийн зээл хөөцөлдөж банкны эдийн засагчийн гадаад руу олон удаа явж байсан бол зээл чинь хурдан бүтнэ гэж хэлсний дагуу зээлээ хурдан бүтээхийн тулд хил нэвтэрсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн болох нь шүүгдэгчийн өгсөн: "Би Хаан банкнаас 2017 оны 8 дугаар сард бизнесийн зээл хөөцөлдсөн. Тэгсэн чинь эдийн засагч нь гадаад руу олон удаа явж байсан бол зээл чинь хурдан бүтнэ гэж хэлсэн. Та Хятад улс руу бизнес хийхдээ олон удаа гарч байсан уу гэж асуухаар нь тийм гэж хэлсэн. Тэгсэн паспортыг чинь үзнэ гэхээр нь дээрх үйлдлийг хийсэн" гэх мэдүүлэг, гэрч *******ийн өгсөн: "*******гэдэг хүн 2017 оны 9-р сарын эхээр бизнес байна уу шугамын зээл хүсэж материал бүрдүүлж өгч байсан. Зээлийн материалаа бүрдүүлээд зээлээ авч чадаагүй. Хэрвээ зээлдэгч бараа материалаа Хятад, Орос зэрэг улсаас татдаг бол гадаад паспортынх нь орж, гарсан штанмпыг нь харах хэрэгтэй байдаг. Зээлдэгчийн гадаад паспортон дээрх орж гарсан штамп нь хичнээн удаа бараа материалаа татсан гэдэг нь харагддаг" гэх мэдүүлэг /хх 41/-үүдээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн Е1071711 дугаартай гадаад паспортад хуурамч тэмдэглэл үйлдсэн нь улсын хилээр нэвтэрхэд шалтгаант холбоогүй, штамп хэдэн удаа дарснаас үл шалтгаалан хилээр нэвтрэх эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Е1071711 дугаартай гадаад паспортад хилээр нэвтэрсэн хуурамч тэмдэглэлийг хилээр нэвтрэхийн тулд бус банкнаас зээл гаргуулахын тулд дарсан болох нь тогтоогдсон.   

            Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.  

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 54-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч М.*******ид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч ******* нь хувиараа "*******" зурагчны студи ажиллуулдаг сард 50 000-60 000 төгрөгийн орлоготой гэх боловч хэрэгт авагдсан баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй, өрхийн орлого нь тодорхойгүй, ам бүл ганцаараа амьдардаг зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийж торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн М.*******ийн эзэмшлийн Е1071711 дугаартай Монгол улсын үндэсний энгийн гадаад паспортыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлийн хяналтын газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан өөрийн эзэмшлийн Е1071711 дугаартай Монгол улсын үндэсний энгийн гадаад паспортанд Замын-Үүд 342, 344 мөн БНХАУ-ын Эрээний боомтын 0071, 0076 дугаартай 4 удаа хилээр нэвтэрсэн тэмдэглэл /штанп/-ийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч *******нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.*******ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.*******ид оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

           

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  шүүгдэгч М.*******ийн эзэмшлийн Е 1071711 дугаартай Монгол улсын үндэсний энгийн гадаад паспортыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын газар шилжүүлсүгэй.

 

            7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ