Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2018\ШЦТ\162

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Хохирогч байгууллагыг төлөөлж *******,

Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* *******гийн *******д холбогдох эрүүгийн 1818001440125 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* *******гийн*******, 1998 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 20 настай, яс үндэс баяд, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Увс аймгийн Малчин сумын 4-р багт оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, одоо ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч *******нь сэтгэл санааны гүнзгий хямралтай /хүүхдийн эцэг хаяж явсан, хүсээгүй жирэмслэлт, эцэггүй хүүхэд төрүүлэх гэж байгаадаа төрөл төрөгсдөөсөө айсан, хөрөнгө мөнгөний хүндрэлтэй байдал/ байх үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 7-р баг, Найрамдлын ******* тоот өөрийн гэртээ төрөх явцдаа нярайн амьдрах нөхцөлийг зориуд санаатай муутгаж, агаар амьсгалах боломжийг хааж, тиркон дотроо төрж, эм хүйсийн 2240 грамм жинтэй нярайг амьсгалын хурц дутагдалд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 7-р баг, ******* тоот өөрийн гэртээ төрөх явцдаа нярайн амьдрах нөхцөлийг зориуд санаатай муутгаж, агаар амьсгалах боломжийг хааж, тиркон дотроо төрж, эм хүйсийн 2240 грамм жинтэй нярайг амьсгалын хурц дутагдалд оруулж алсан болох нь

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт:

  

  Шүүгдэгч *******гийн өгсөн: Манай үндсэн гэр Увс аймгийн Малчин суманд байдаг. Малчин суманд амьдарч байхдаа ******* гэдэг залуутай 2017 оны 01 дүгээр сараас эхэлж үерхэж байгаад 2017 оны 6 дугаар сард би *******аас жирэмсэн болсон. Тэгээд би *******ад жирэмсэн болсон талаараа хэлэхэд надаас салчихсан. Тэгээд би Малчин сумаас Улаанбаатар хотод очоод тэндээ 2017 оны 7 дугаар сараас 10 дугаар сар хүртэл ажил хийж байгаад 10 дугаар сараас хойш Дарханд эмээгийндээ ирж амьдрах болсон. Тэгээд би Дарханд зах дээр цайны газар угаагчаар ажиллаж байсан.

  Би эмээтэйгээ хоёулханаа байдаг байсан. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өглөө үүрээр миний бие тавгүйрхээд байхаар нь яг төрөх нь дээ гэж бодсон. Тэгээд удаагүй байхад төрчихсөн. Тэр үед би төрөх гэж байна гэдгээ мэдсэн. Унтахдаа өмсөж байсан тиркогоо тайлаагүй байсан тэр чигээрээ тэр тирко дотор төрчихсөн. Тэгж байтал гаднаас эгч ******* орж ирээд миний хөнжлийг сөхөж үзээд буцаад тавьчихсан. Эмч ирээд надад тусламж үзүүлж миний тирког тайлж дотроос нярайг аваад амьгүй байна гэж хэлж байсан. Тэгээд намайг эмнэлэг рүү авч яваад эмнэлэгт төрхөд хэвтүүлээд би эмнэлгээс 4 хоноод гарсан. Тэр үед би өөрөө бие сулраад босож чадахгүй байсан. Би тэр үед төрөх гээд сонин болоод байхдаа эмээдээ нэг хэлж эмнэлэг дуудах гэсэн боловч айгаад хэлж чадаагүй. Хэрэв хэлбэл манай эмээ ухаан алдаад уначих байх гэж бодоод хэлэхгүй байж байгаад төрчихсөн. Тэр үед би өвдөөд босоод суугаад байсан тэгэхэд миний толгой эргээд уначих гээд байхаар нь буцаад хэвтсэн тэгэхдээ би тиркогоо тайлсан гэж бодож байсан.

  Би *******эд хэлэхдээ би жирэмсэн болсон одоо энэ хүүхдийг гаргах уу авхуулах уу гэж асуухад юу ч дуугараагүй байж байгаад гэнэт хувцас хунараа аваад утасны дугаараа солиод яваад өгсөн. Тэрнээс хойш хаана байгаа талаар мэдээгүй. Нэг ч удаа холбоо барьж чадаагүй. Тэр үедээ би буцаад хүрээд ирэх байх гэж бодоод хүүхдээ авхуулаагүй байсан. Ер нь бага байхад нь авахуулъя гэж бодож байсан ч ямар ч мөнгөгүй болчихоод авахуулж чадаагүй томруулчихсан. Би улсын болон хувийн эмнэлгийн аль алинд үзүүлж байгаагүй юм гэх мэдүүлэг,

 

  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг төлөөлж хууль зүйн хорооны мэргэжилтэн *******ын өгсөн: Надад эд материалын талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Харин би дээрх нярайг эмнэлгийн нөхцөлд төрж эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж авсан бол өдийд амьд явах чадвартай гэж үзэж байгаа. Тийм учраас би буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх саналтай байна гэх мэдүүлэг,

  Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:   

  Гэрч*******гийн өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр******* унтаж байгаад уртаар амьсгаа алдаад байсан. Тэгээд би гэрлээ асаагаад чи зүгээр үү гэхэд би зүгээр наад гэрлээ унтраа гэж хэлэхээр нь би гэрлээ унтраасан. Ингээд дахин удаагүй амьсгаа алдаад дуугараад байхаар нь гэрлээ асаагаад харахад******* ус алдчихсан байсан. Тэгэхээр нь би утсаар 2 охиноо дуудсан.*******гийн хувьд Дарханд уулздаг залуу байдаг эсэхийг би сайн мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 10-11/,

  Гэрч  Д.*******гийн өгсөн: Манай дүү******* нь 2017 оны 10 дугаар сарын дундуур ирсэн. Би яг хэзээ ирсэн талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Манайд ирснээсээ хойш 2017 оны 11 дүгээр сараас эхэлж зах дээр цайны газарт угаагчаар ажиллаж байгаа. 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр би дүү*******гаас чиний гэдэс чинь томроод байна чи жирэмсэн юм биш үү гэж хэлэхэд би жирэмсэн биш миний биений юм одоо 12 дугаар сард ирнэ гэхээр нь цайны газар ажиллаад гэдэс нь томроод байна гэж бодоод дахиж асуугаагүй. ...3-ны үүрээр 06 цагийн орчим ээж намайг дуудаад******* өвдөөд ёолоод байна яаж байна гэж асуухаар зүгээр гээд байна гэхээр нь би гэрээсээ яваад очиход гэрийн зүүн талын орны урд талаар газар хэвтэж байхаар нь би хөнжлийг нь доогуур сөхөөд үзэхэд цус алдсан байсан. Тэгээд удаагүй 103 ирж үзээд анхан шатны тусламж үзүүлсэн боловч нярай нас барсан байсан гэх мэдүүлэг /хх 12-13/,

  Гэрч *******ын өгсөн: Намайг жижүүртэй байхад 2018 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 06:45 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг ******* тоотод жирэмсэн эмэгтэй доошоо цус гараад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу тухайн дуудлага дээр 06:53 цагт очиход Монгол гэртэй айл байсан. Айл руу орох үед гэрт нь эмээ нь гэх эмэгтэй мөн эгч нь гэсэн бас нэг эмэгтэй мөн орноосоо босоогүй жоохон хүүхэд байсан. Харин шалан дээр ор засчихсан хөнжлөө нөмөрсөн эмэгтэй байсан. Тэгээд тэнд байсан хүмүүсээс төрөх эмэгтэй нь хаана байна гэж асуухад эгч нь бид нарт жирэмсэн гэдгээ хэлээгүй жирэмсэн юм шиг байна. Доошоо цус алдсан байна гэхээр нь  эмэгтэйд үзлэг хийхээр хөнжлийг сөхөхөд дэвсгэр даавуу нэлэнхийдээ цус болчихсон байсан. Тэр үед тухайн эмэгтэйн трико дотоож нь гүйцэд татагдсан байдалтай байсан учраас тирко дотоожийг тайлж үзэхэд аль хэдийн төрөх үйл ажиллагаа явагдаад дуусчихсан байсан. Энэ нь ихэс бүрэн ховхорч гадагшилсан, ураг шахагдаж их атирсан байдалтай байсан учраас төрөлт дууссан гэж үзсэн. Ургийг хажуу талд нь аваад амьсгал зүрх судасны үйл ажиллагааг шалгахад амьсгал зүрх судасны үйл ажиллагаа байхгүй бие нь хөхөрсөн, ургийн ус бага зэрэг үнэртэй цааш ихэсийг үзэхэд ихсэд ямар нэг үлдсэн хэсэг байхгүй ихэс бүрэн бүтэн байсан болохоор би нярайн эхээс хэзээ өвдсөн, хэзээ төрсөн гэж асуухад надад ямар нэг хариулт хэлэхгүй байсан. Ар гэрээс нь та нар хэзээ мэдсэн гэж асуухад эгч нь хөнжлийг нь татахад ор нь цус болсон байхаар нь түргэн дуудсан гэж хэлж байсан. Эхийн биеийн байдлыг үзэхэд эхийн даралт 60х40 болж унасан яаралтай түргэн тусламж үзүүлэх шаардлагатай байсан. Тэгээд яаралтайгаар тээвэрлэж эмнэлэгт хүргэсэн гэх мэдүүлэг /хх 14-15/,

   Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

“1.Шинжилгээнд авагдсан цогцос нь эм хүйсийн, эх дотроо гүйцэд бойжсон төрөх хугацаандаа төрсөн нярай болно.

2. Нярайн биед ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй.

3.Нярай нь төрөх явцад ураг орчмын шингэнээр амьсгалын зам бөглөрснөөс амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.

4.Нярай нь төрөх явцад амьсгал бүтэж нас барсан болох нь амьсгалын замын эрхтэн, уушигны макро болон эд эсийн шинжилгээгээр батлагдсан болно.

5.Нярайд эхээс төрсний дараа ямар нэгэн асаргаа сувилгаа хийгдээгүй байна.

6.Нярай нь зохих нөхцөлд эмчийн хяналтад төрсөн бол амьдрах боломжтой байжээ.

7.Нярайд ямар нэгэн суурь өвчин илэрсэнгүй.

8.Нярайн цусны бүлэг АВIҮ болно.

9.Талийгаач нярайн ДНК-н бүтцийг тодорхойлох шинжилгээний зорилгоор ШШҮХ рүү 2018.02.27-ны өдөр формалинд хийгээгүй эд, вакум хуруу шилтэй 2 мл цус илгээсэн болно.” гэжээ /хх 17-18/,

 

   Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

"1.Шинжилгээнд явсан нярайн цусны бүлэг нь АВIҮ байна." гэжээ /хх 21/,  

 

цогцосны гадна хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-20/, дуудлагын журнал /хх 54-55/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-т заасан "сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 34-35 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Шүүгдэгч *******гийн найз залуу нь хаяж явсан. Мөн тухайн үед жирэмсэн болсон гэдгээ эмээ болон гэр бүлийнхэндээ хэлэхээс айгаад нууж байсан. Санаатайгаар харгис хэрцгий аргаар амь насыг нь бүрэлгээгүй, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу шүүгдэгчид тэнсэж, үүрэг хүлээлгэх санал оруулсан байна.

Шүүгдэгч *******нь жирэмсэн болсноо хэлэхэд найз залуу нь орхиод явсны улмаас нярай хүүхдээ алахад хүргэсэн байх үндэслэлтэй.

 

Гэсэн хэдий ч гэмт хэргийн объект нь шинэ төрсөн, нярай хүүхдийн амьд явах эрх бөгөөд Монгол улсын нэгдэн орсон Олон улсын хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд 5.1-т "хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол улсын харьяат байх эрхтэй", Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй", 5.3-т "хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхтэй" гэж заасан.     

 

   Шүүгдэгч *******гийн хэрэг үйлдсэн нөхцөл байдал үүнд: Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.02.21-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт “1.Шинжилгээнд авагдсан цогцос нь эм хүйсийн, эх дотроо гүйцэд бойжсон төрөх хугацаандаа төрсөн нярай болно. ...3.Нярай нь төрөх явцад ураг орчмын шингэнээр амьсгалын зам бөглөрснөөс амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. 4.Нярай нь төрөх явцад амьсгал бүтэж нас барсан болох нь амьсгалын замын эрхтэн, уушгины макро болон эд эсийн шинжилгээгээр батлагдсан болно. ...6.Нярай нь зохих нөхцөлд эмчийн хяналтад төрсөн бол амьдрах боломжтой байжээ. 7.Нярайд ямар нэгэн суурь өвчин илэрсэнгүй” /хх 17-18/, шинжээч эмч Д.Туяагийн өгсөн: "Нярайн цогцост шинжилгээ хийхэд амьсгалын хурц дутагдлаар нас барсан болох нь тогтоогдсон. Төрөх замаар хүүхдийн толгой гарснаар анхны уйлалтаар агаар амьсгалан хүүхэд төрөх ёстой. Эхээс гарангуут орчин нь чөлөөтэй байж, ам хамар дахь салиаг соруулан зунгаг, төрөх замын цус зэргийг арчин дулаацуулж амлуулах хэрэгтэй байдаг. Гэтэл тиркон дотроо хүүхэд гарсан тохиолдолд энэ боломж хаагдаж хүүхэд амьсгалах аргагүй болно. Иймээс нас барах шалтгаан болно" гэх мэдүүлэг /хх 22/, шүүгдэгч *******гийн өгсөн: " Ер нь бага байхад нь авахуулъя гэж бодож байсан ч ямар ч мөнгөгүй болчихоод авахуулж чадаагүй томруулчихсан. Би улсын болон хувийн эмнэлгийн аль алинд үзүүлж байгаагүй" гэх мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийн түүнд 1 жилийн хорих ялыг тэнсэх боломжгүй гэж шүүх үзсэн.

 

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* *******гийн*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-т зааснаар сэтгэл санааны гүнзгий хямралтай байхдаа нярай хүүхдээ алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Шүүгдэгч *******нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

   3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.   

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

 

   5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ