| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0594/э |
| Дугаар | 620 |
| Огноо | 2018-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Д.Одгийв нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овогт Чимэдцэрэнгийн Одгийвд холбогдох эрүүгийн 1811018700700 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бөлөнтэй” ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 5 дугаар бааз гудамжны 9-1 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 12-238 тоотод түр оршин суух, бие эрүүл, ухаан бүрэн, урьд ял шийтгэлгүй, / РД: ЧЕ 77012371 / Тайж овогт Чимэдцэрэнгийн Одгийв
Болсон хэргийн талаар:
Ч.Одгийв нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 12-238 тоотод өөрийн гэртээ иргэн Д.Энхбаттай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Энхбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 06 дугаар сарын 24-ний өглөө би харуулын ажлаасаа буусан юм. Тэгээд Нарантуул зах орж өөртөө гутал хувцас авчихаад тэнд найз Нямка гэх эмэгтэйтэй тааралдаад хамт хоол идсэн. Хамт бас пиво уусан. Тэгээд орой 18 цагийн орчим бид хоёр микро автобусанд суугаад 7 буудал орсон. Дэлгүүрээс 1 шил архи, 1 том пиво, тамхи зэргийг аваад Нямкагийн гэр рүү явахаар болсон. 7 буудлын тэнд Нямкагийн найз Болортунгалаг гэх эмэгтэйтэй таараад машинд нь суугаад хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны орчим нэг сургуулийн саравчинд суугаад архиа хувааж уусан. Тэгээд дараа нь Нямкагийн гэр рүү явсан. Тэгээд гэрт нь ороод үлдсэн архи, пивоо хувааж уусан. Нямка удалгүй унтаад өгсөн. Би найз Болортунгалагтай байж байхад Нямкагийн нөхөр нь ирсэн. Тэгээд би нэг мэдсэн нилээн согтсон байсан. Тэдний нөхөртэй жаахан маргалдаж байснаа санаж байна. Яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь миний толгой руу тэдний нөхөр тал тоосгоор цохиод цус гарсан байсан. Тэгээд цагдаа руу ирсэн гэжээ. / хх 5-9 /
Яллагдагч Ч.Одгийв мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Гэрт иртэл эхнэр Нямдулам, найз нь гэх Энхбат, бас нэг эмэгтэй найз нь байсан. Тэд нар архи уусан байсан. Би орж ирээд хоол идчихээд байж байтал тэр Энхбат гэх залуу хэрүүл өдөөд намайг элдвээр доромжлоод байсан. Чамайг гуя руу чинь хутгалчихад би гурван жил болоод гараад иргэн гэх зэргээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би үүднээс тал тоосго аваад эхнэрээ давуулаад Энхбат гэгчийн толгой руу шидсэн гэжээ. / хх 21-23 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7987 дугаар дүгнэлтэнд:
1. Д.Энхбатын биед духны хуйхны язарсан шарх, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 16 /
Шүүгдэгч Ч.Одгийвыг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 21-23 / урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 26 / зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Одгийв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 28-ны орой ажлаасаа тараад 22 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр 2 найзынхаа хамт архи ууж байсан. Тэгээд манай эхнэр надад хоол аягалж өгчихөөд унтсан. Тэр хооронд Энхбаатар, Болортунгалаг хоёр намайг ирсэн гээд 0.75 литрийн архи авчирч уусан. Хэсэг хугацааны дараа Энхбаатар надтай маргалдаж намайг хэл амаар доромжилсон. Би сүүлдээ тэвчихээ болиод эхнэрээ дуудаж найзуудыгаа явуул гэж хэлэхэд Энхбаатар босч ирснээ миний мөр рүү цохисон. Тэгээд манай энхэр намайг салгахад би үүдэнд байсан тал тоосгыг авч Энхбаатарын толгой руу шидсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Д.Одгийв нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 12-238 тоотод өөрийн гэртээ иргэн Д.Энхбаттай маргалдаж, улмаар тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Гэрт нь ороод үлдсэн архи, пивоо хувааж уусан. Нямка удалгүй унтаад өгсөн. Би найз Болортунгалагтай байж байхад Нямкагийн нөхөр нь ирсэн. Тэгээд би нэг мэдсэн нилээн согтсон байсан. Тэдний нөхөртэй жаахан маргалдаж байснаа санаж байна. Яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь миний толгой руу тэдний нөхөр тал тоосгоор цохиод цус гарсан байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Энхбатын мэдүүлэг / хх 5-9 /,...Энхбат гэх залуу хэрүүл өдөөд намайг элдвээр доромжлоод байсан. Чамайг гуя руу чинь хутгалчихад би гурван жил болоод гараад ирнэ гэх зэргээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би үүднээс тал тоосго аваад эхнэрээ давуулаад Энхбат гэгчийн толгой руу шидсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ч.Одгийвын мэдүүлэг / хх 21-23 /, …Д.Энхбатын биед духны хуйхны язарсан шарх, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7987 дугаар дүгнэлт / хх 16 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.Одгийвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Одгийв нь эмчилгээний зардалд 250.000 төгрөг төлсөн / хх 36 / тул бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоногггүй болохыг дурьдав.
Шүүгдэгч Ч.Одгийв нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Одгийвыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Чимэдцэрэнгийн Одгийвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Чимэдцэрэнгийн Одгийвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 / дөрвөн зуун ная / нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Одгийв нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Ч.Одгийвд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Одгийвд оногдуулсан 480.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Одгийв нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Одгийвд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ