| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2409 00874 0040 |
| Дугаар | 2025/ДШМ/709 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/709
2025 06 05 2025/ДШМ/709
Х.Б ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Х.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Очирдорж,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/906 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч Д.Очирдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Х.Б ад холбогдох 2409 00874 0040 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б ыг 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б ад энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/912 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 01 жил, 4 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Б аас 27.348.750 төгрөг гаргуулж хохирогч Б.А д олгож шийдвэрлэжээ.
Тодруулбал, А бид хоёр машины наймааг хэн нэгний шахалт дарамтгүйгээр харилцан тохиролцож, эргэлт буцалтгүйгээр хийсэн. Гэрээг хийхээс өмнө машины үнийн үлдэгдлийг ямар эх үүсвэрээс хэдийд яаж төлөх талаар бид гэр бүлээрээ хэлэлцэж газраа зарах, түрээслэх талаар ярилцан 4-7 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон.
Газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газрын харилцаа, байгаль хот байгуулалтын газрын үнэлгээ, улсын бүртгэлийн байгууллагын дэлгэрэнгүй лавлагаа, газрын видео болон фото зураг зэргийг А д үзүүлсэн. 200га газрын 1га буюу 10.000м2-ийн үнэ зах зээлийн ханшаар 8 сая төгрөг байсан ба миний 200га газар нийтдээ 1 тэрбум 600 сая төгрөгийн ханштай болохыг А д хэлсэн. Улмаар, нотариатаар “Худалдах-худалдан авах” гэрээ байгуулж машины бичиг баримтыг А надад өгсөн.
“Худалдах-худалдан авах” гэрээ хийгдсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл нь худалдан авагч талын мэдэлд бүрэн шилждэг хуультай. Хэрэв гэрээг цуцлах шаардлага үүсвэл зөвхөн гэрээг баталсан нотариат нь 2 талын зөвшөөрлийг авч цуцлах эрхтэй юм.
Би тохирсон цаг хугацаандаа А ы мөнгийг өгөх гээд 1650км зам туулж Баян-Өлгий аймагт очиж хөдөө амьдардаг газрын хамтран өмчлөгчийг аймагт авч очин итгэмжлэл авч, газар худалдан авах сонирхолтой байсан Х гэгчийг дагуулж улсын бүртгэлийн хэлтэст очсон.
Гэтэл харамсалтай нь улсын бүртгэлийн газрын байцаагч “саяхан таны өмчлөлийн газрын талаар Алтанцөгц сумын засаг даргын нэхэмжлэл ирсэн. Та газраа зарах юм уу, түрээслэх гэж байгаа бол шүүхээс бичиг, зөвшөөрөл авах хэрэгтэй” гэсэн бөгөөд шүүхэд хандсан боловч шүүхээс бичиг авч чадаагүй.
Би А тай холбогдож “газрын маргаан гарчихлаа, сар гарангийн дараа шийдэгдэх байх, чи хүлээвэл яасан юм бэ” гэж хэлсэн ба А зөвшөөрсөн. Шүүх энэ маргааныг сарын дараа миний талд шийдсэн боловч нөгөө талын өмгөөлөгч өөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2 сарын хугацаа өнгөрсөн.
Би А д “газрын маргаан үргэлжлэх боллоо, Захиргааны хэргийн анхан шатны шүүх урт хугацаагаар ажиллагаа явуулна гэж байна. Машины мөнгийг өгч чадахгүй юм шиг байна. Машиныг чинь буцааж өгье” гэсэн. Гэтэл А “2 сар эдэлж хэрэглэсэн машиныг авахгүй, мөнгөө авна” гэсэн.
Дараа нь би А д шинэ санал тавьсан ба “чи Захиргааны хэргийн шүүх хуралдааныг дуустал хүлээх үү, газрын маргаан миний талд шийдэгдэх юм бол би мөнгийг чинь 40 сая болгож өгч болно” гэж хэлсэн ба А зөвшөөрсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 3 сар ажиллагаа хийсний эцэст миний талд шийдвэрээ гаргасан боловч нөгөө тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мөн миний талд шийдсэн хэдий ч би газраас авах ашиг орлогоо авч чадахгүй байсан. Учир нь нөгөө тал дахиад өөр хэлбэрээр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Түүнийг нь шүүх хүлээн авсан.
Ингээд А хугацаа сунгаж 40 сая төгрөгийн тохиролцоо хийсэн учир газрын маргаанаа өөрийн талд шийдүүлэх гээд Улаанбаатар хот болон Ховд аймгаас өмгөөлөгч нар авсан ба Лексус-470 маркийн тээврийн хэрэгслээ *** -т барьцаалж 15 сая төгрөгийн зээлийг охин Б.М ын нэрээр авч машиндаа засвар үйлчилгээ, запас, сэлбэг 4 сая төгрөгөөр авч, өмгөөлөгчийн хөлс, хоол хүнс, 2 хоногийн зочид буудлын мөнгө гэх мэтээр үлдсэн мөнгөө зарцуулсан.
Газрын маргаан 2025 оны 02 дугаар сард Улсын Дээд Шүүхээр орж нөгөө талд эцсийн шийдвэр гарсан ба би газраа алдсан. Мөн 2023 оны 10 дугаар сард том охины маань нөхөр Х.Х Жаргалантын аманд барилгад ажиллаж байгаад сураггүй алга болж 8 сар хайсан боловч олоогүй ба цогцос нь олдсон юм. Миний ойрын төрлийн 2 хүн нас барсан, хүү, бэр 2 маань хоёр ачийн хамт аваарт орж саяхан эмнэлгээс гарсан гээд энэ хугацаанд багагүй зовлон бэрхшээл үүссэн билээ.
А мөнгөө нэхэж цагдаад гомдол гаргахад газрын маргаан дуусаагүй байсан. Би цагдаа дээр очиж “А ы дансыг өгөөч, хэргээ шийдэгдэх хүртэл сард 2 сая төгрөг өгч байя” гэсэн боловч цагдаагаас дансыг нь өгөөгүй. А тай холбогдоод “дансаа өгчих, ах нь 2 сая төгрөг өгье” гэхэд мөн дансаа өгөөгүй. Эхнэрээс нь мөн асуухад “Амараа өөрөө шийднэ” гээд дансыг нь өгөөгүй. Тэр цагаас хойш бараг 1 жил орчим болсон байна. Тухайн үед дансаа өгсөн бол бага багаар машины мөнгийг төлөөд дуусгах байсан.
*** -аас авсан 15 сая төгрөгийн зээлийг охин Б.М ын Хаан банкны **** тоот данснаас шууд төлж барагдуулсан байхад мөрдөн байцаалтын шатанд гэрч П гаас авсан мэдүүлэгт “...хөдөө эвдэрсэн Лексус-470 **** улсын дугаартай машины нэр шилжүүлж авахад *** -т 6-7 сая төгрөг төлсөн..” гэж худал мэдүүлсэн байна.
П нэг ч төгрөг төлөөгүй, 15 сая төгрөгөөр тохирч дараа төлөхөөр эвдэрсэн машин авсан нь үнэн боловч уг машиныг хотод ачиж аваачаад эвдрэл гэмтлийг засахад маш их зардал гарсан, одоогоор мөнгө өгч чадахгүй байна гэсэн тул аваагүй байгаа.
Хэрэв мөнгө төлж авсан бол мөнгө төлсөн баримт байгаа талаар мөрдөгч мэдүүлэг авсан зүйлгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Би хаягаа өөрчлөөгүй, А болон түүний гэр бүлтэй байнгын холбоо харилцаатай байсан, энэ машины асуудлаас болж бидний дунд ямар нэгэн маргаан болоогүй байхад намайг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулсан гэж үзэн шүүх гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна.
Би залуу насандаа төрийн зэмлэл хүлээсэн ч ахмад насандаа олны итгэлийг хүлээж гавьяа шагнал хүргэж байсан. Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө нэг насаараа тэмцэж, олон ач, зээгээ сурган хүмүүжүүлж яваа ахмад настай хүний хувьд хүн залилах эрүүгийн гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдгийг мэднэ. Машины мөнгийг өгч чадахгүй өдий хүрсэн нь үнэн боловч өгөхгүй гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Үүнд зарим талаараа хохирогчийн буруу ч байсан гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс А д “Багтад хорих ял оногдуулахтай холбоотой хэлэх санал байна уу” гэхэд сандарч байснаа “улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж хэлсэн ба энэ бол өөрийнх нь шийдвэр байгаагүй, бусдын тулгасан шийдвэр байсан. Өөрөө бол надаас хурдан мөнгөө авах зорилготой гэж бодож байна.
Иймд намайг цагаатгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг иргэний журмаар шийдвэрлэх боломжийг олгож өгнө үү. Хэрэв шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, намайг цагаатгах боломжгүй гэж үзвэл надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү. Нийгэмтэй харилцах ял оногдуулснаар хохирогч А ы мөнгийг түргэн, шуурхай гарган өгөх боломжтой болох юм. ...” гэв.
Шүүгдэгч Х.Б ын өмгөөлөгч Д.Очирдорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь бодит байдалтай нийцээгүй буюу нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлээгүй тухайд,
шүүх шийтгэх тогтоолдоо “Х.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго бий болж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, итгэл эвдэх үйлдэл хийсэн буюу тээврийн хэрэгслийн үнийг төлөөгүй байхдаа бусдын нэр дээр шилжүүлж, барьцаалж, худалдсан нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байна” гэж хэргийн үйл баримтыг дутуу дүгнэж, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн.
Хяналтын прокурор нь яллах дүгнэлт үйлдэхдээ “автомашин худалдах худалдан авах 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг гол үндэслэлээ болгож, гэрээ байгуулахдаа бусдыг төөрөгдөлд оруулж, хуурамч сэтгэгдлийг хохирогчид төрүүлж” гэх зэргээр автомашин шилжүүлэх үеийн үйл явдлын хүрээнд дүгнэлт хийж, залилан мэхлэх гэмт хэрэг мэтээр шүүхэд шилжүүлсэн.
Залилан мэхлэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах бөгөөд эзэмшил, өмчлөлийн зүйлийг хохирогчоос шилжүүлэн авах үеийн объектив болон субьектив шинжийг шалган тогтоож, түүнд дүгнэлт өгснөөр гэмт хэрэг мөн эсэх нь тогтоогдоно.
Гэтэл анхан шатны шүүх автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж, эзэмшил, ашиглалтыг нь шилжүүлэн авах үеийн үйл баримт, яриа тохиролцоо, сэдэл, санаанд дүгнэлт өгөхгүйгээр “гэрээний үүргээ биелүүлээгүй, цааш нь бусдад шилжүүлсэн, тээврийн хэрэгслийн үнийг төлөөгүй байхдаа бусдын нэр дээр шилжүүлсэн, барьцаалсан" гэх зэрэг гэрээний үүргийн маргааны шинжтэй дүгнэлт хийж, иргэний маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхийн дүгнэлтэд ач холбогдол бүхий гол үйл явдал болох худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр Б.А аас автомашины эзэмшил, өмчлөлийг Х.Б шилжүүлэн авах үеийн тохиролцоо, худалдагч, худалдан авагч нарын санаа, зорилгын талаар дүгнээгүй, гэм бурууг тогтоож чадаагүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримт, гэрчүүдийн мэдүүлгийн агуулгаас харахад тухайн үеийн үйл явдал, өр авлагын асуудлыг хохирогч, холбогдогч, гэрчүүдээс лавласан байх боловч “залилан мэхлэх” гэмт хэргийн гол шинж болох субьектив санаа, зорилгыг тодруулах, түүний үнэн зөв эсэхийг шалган тогтоохтой холбоотой ажиллагаа явуулаагүй, мэдүүлгээр тодруулж асуугаагүй байдаг.
Өөрөөр хэлбэл, хэрэг явдал болох үед хэн ямар санаа, зорилготой байсан, шунахайн сэдэл, шууд санаа нь хэрхэн тогтоогдож байгаа талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байхад хууль, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шатнаас тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэргийн бодит байдал, оролцогчдын санаа, зорилгыг үнэн зөв тогтоолгох зорилгоор бичгийн нотлох баримтуудыг нөхөн бүрдүүлж өгсөн. Гэвч шүүхээс тэдгээр нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Шүүгдэгч Х.Б нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй болохыг дараах үйл баримтуудаар тодотгож, нотлох баримтын хүрээнд тайлбарлаж байна.
Үүнд, худалдан авагч Х.Б нь авто машин худалдах худалдан авах гэрээ байгуулах үедээ худалдагч Б.А д авто машины төлбөрийг хэсэгчлэн төлөх, үлдэгдлийг хэрхэн төлөх боломжоо тайлбарлаж, гэрээний гол нөхцөлөө харилцан тохиролцсон.
Тодруулбал, “өөрийн өмчлөлд байх газраа бусдад түрээслэх зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулснаар үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой, үүнийг зөвшөөрвөл чиний машиныг чинь авъя” гэх энгийн бөгөөд ойлгомжтой нөхцөлийг санал болгож, худалдагч тал түүнийг нь хүлээн зөвшөөрснөөр тэд иргэний эрх зүйн харилцаанд орж, гэрээ байгуулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогчийн өгсөн мэдүүлэг, тайлбар, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдоно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйл баримтын субьектив шинжийг тогтоох ажиллагаа хийгдээгүйгээс энэ тухай талууд тодорхой мэдүүлээгүй, яригдаагүй байна.
Х.Б нь өөрийн өмчлөлийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар идэвхтэй үйлдэл хийж байсан буюу 2022 оны 09 дүгээр сард Баян-Өлгий аймагт очсон, хамтран өмчлөгч Х.Хуанган гэгчээс авсан итгэмжлэл хавтаст хэрэгт байгаа. Тэр үед яригдаж буй газар нь шүүхийн шийдвэрийн дагуу Х.Б нарын өмчлөх эрх сэргэсэн үйл баримт нь хангалттай нотлогдоно.
Энэ баримтуудаар Х.Б ын санаа, сэдэл зорилгыг тодорхойлж, дүгнэх боломжтой байхад анхан шатны шүүх нотлох баримтуудыг үгүйсгээгүй атлаа үнэлээгүй нь шүүгдэгчийн гэм бурууг буруу дүгнэхэд хүргэсэн.
Х.Б нь машины үлдэгдэл төлбөрийг төлөх гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүсэж, үүнийгээ худалдагч Б.А д тайлбарлаж, 2 сарын дараа “машинаа буцааж өгөх” асуудлаар харилцан ярилцсан талаар талуудын тайлбар, мэдүүлгээр нотлогддог.
Уг үйл баримтаар худалдан авагч Х.Б нь худалдагч Б.А ыг залилан мэхлэх санаа, зорилго анхнаасаа байгаагүй, байгуулсан гэрээний үүргээ, тохиролцсон нөхцөл, журмын дагуу биелүүлэх ёстой хэмээн ойлгож байсан нь нотлогдож байна. “Машин буцааж өгөх” талаар санал тавихад худалдагч Б.А зөвшөөрөөгүй тул тухайн авто машиныг цааш нь эдийн засгийн эргэлтэд оруулж, барьцаанд тавьсан гэдэг.
Худалдан авагч талын “машинаа буцааж өгөх” саналыг худалдагч зөвшөөрсөн бол энэ гэрээний харилцаа дуусгавар болж, нэг нь гэм буруутай мэтээр, нөгөөх нь гэмт хэргийн хохирогч мэтээр ойлгогдохгүй байсан.
Энэ талаар мэдүүлэг өгөөгүй атлаа шүүх хуралдааны үеэр шүүгдэгчийг буруутгах зорилгоор бодит байдлыг гуйвуулж "надад машинаа буцааж авах уу гэж хэлсэн боловч ярианаас нь надад өгөх бодолгүй гэдгийг нь ойлгосон" гэх агуулгаар худал мэдүүлэг өгсөн.
Өмнө нь худалдагч талаас машин буцааж авах шаардлага нэг ч гаргаж байгаагүй, машины буцааж өгөх худалдан авагчийн саналыг хүлээж аваагүй зэрэг нь өнөөдрийг хүртэл гэрээний үүрэг биелэгдээгүй байх шалтгаан болсон гэж үзэж байна.
Худалдах, худалдах авах гэрээний дагуу автомашиныг захиран зарцуулах эрхээ шилжүүлэн авснаар хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах эсэх нь худалдан авагчийн эрх юм. Гэрээгээр харилцан тохиролцож, хууль ёсны дагуу шилжүүлж авсан өмчлөгчийн энэхүү эрхээ хэрэгжүүлж өөрийн охиныхоо нэр дээр шилжүүлж, УБ-ын улсын дугаартай үлдээсэн, барьцаанд тавьж машины засвар, үйлчилгээ, зардалдаа зориулсан зэрэг үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх боломжгүй юм.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд,
шүүгдэгч Х.Б нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд цагаатгах үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох боломжгүй юм.
Улсын дээд шүүхийн 51 дүгээр тогтоолд залилах төрлийн гэмт хэргийг гэрээний маргаанаас ялгасан байдаг. Энэхүү тогтоолын 21-д “Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг олж авах гэсэн субьектив санаа зорилготой байсан эсэхийг заавал тогтоосон байвал зохино" гэж тайлбарласан.
Гэвч уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь субьектив санаа, зорилгыг тодруулах бус үйл явдал, өр төлбөрийн асуудлын хүрээнд явагдсан болохыг энэ гомдолд бичсэн үндэслэл, хэрэгт авагдсан баримтаас харж болно.
Х.Б машин худалдаж авахдаа залилан мэхлэх гэмт санаа, зорилгогүй байсныг нотлон харуулахыг эрмэлзсэн бөгөөд Х.Б , Б.А нарын хооронд гэрээний үүргийн маргаан байсан болохыг нотолж байгаа.
Улсын дээд шүүхийн дээрх тогтоолын 6 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана” гэж тайлбарласан.
Худалдан авагч Х.Б нь машины төлбөрийг хэсэгчлэн төлөх, худалдагч нь хэсэгчлэн авах санаа бодлоо харилцан илэрхийлсэн, төлбөр төлөх нөөц боломжоо тайлбарласан, газраа эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой идэвхтэй үйлдэл хийж байсан, газрын асуудал удааширч байгаатай холбоотой машинаа буцааж өгөх санал гаргасан зэрэг үйл баримтууд нь Х.Б ын авто машин худалдаж авах үеийн сэдэл, зорилгыг хангалттай тодорхойлж өгч байна.
Х.Б автомашин шилжүүлж авах үед болон дараа нь өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэх зэрэг субьектив санаа зорилго бий болсон гэдгийг нотолж чадаагүй ба субьектив санаа зорилго баримтаар нотлогдохгүй байх тул залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм.
Х.Б нь автомашины төлбөрийг төлөх гэрээний үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед гэрээний үүргээ хэсэгчлэн биелүүлэх талаар худалдагч талд хэлэхэд шүүх, цагдаагаар шийдвэрлэгдэх хүртэл авахгүй хэмээн татгалзсан гэдгийг дурдах нь зүйтэй юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт холбогдогч этгээдийн субьектив санаа зорилгыг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, хэргийн оролцогч, гэрээний талуудаас энэ талаар асуулт асууж, хариулт нь үнэн зөв эсэхийг нь шалгах ажиллагаа хийгээгүй атлаа шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогчийн худал, зөрүүтэй мэдүүлгээр шүүгдэгч Х.Б ыг сэдэл, санаа зорилгыг "шунахай сэдэл, ашиг олох зорилготой шууд санаатай” хэмээн тодорхойлж байгаа нь гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Шүүгдэгч Х.Б ын авто машин худалдаж авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хэрэгт хамааралтай дээр дурдсан бүхий л нотлох баримтыг шалгахад шүүгдэгчийн гэм буруутай, субъектив шинж хангагдаагүй эсэхэд эргэлзээ гарч байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Х.Б ад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж буруугүй болохыг тогтоож өгнө үү. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч Д.Очирдорж нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.А ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг 32.000.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа 1.500.000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны дотор төлж барагдуулна гэж “Худалдах, худалдан авах’’ гэрээг байгуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, хохирогч Б.А ы эзэмшлийн **** улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авч 28.848.750 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь: хохирогч Б.А ы “...Би 2022 оны 09 дүгээр сард байх Үнэгүй.мн сайт дээр өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай саарал өнгийн Лексус 470 загварын 2001 онд үйлдвэрлэгдсэн 2010 онд орж ирсэн машиныг зарах зар оруулсан. Гэтэл над руу Б гэдэг хүн залгаад “машиныг чинь үзье” гээд Баянмонгол хороололд үзсэн. Тэгээд тэр хүний гэр рүү 100-н айлын 32 дугаар байрны гадаа очоод гэрт орсон, ярьж хөөрөөд байж байтал “одоо надад бэлэн мөнгө алга урьдчилгаа гээд 1.500.000 төгрөг байна, үлдсэн мөнгийг нь 4 хоногийн дараа өгье” гэсэн. Би машинаа 32.000.000 төгрөгөөр үнэлээд өгөхөөр болсон. Бид 2 Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100-н айлын гэрлэн дохионы баруун хойно байсан шилэн барилга дотор гэрээ хийгээд нотариатаар батлуулсан. Б гэдэг хүнд машинаа өгөхөд миний машинд ямар нэгэн эвдрэл, гэмтэл байгаагүй. 4 хоногийн дараа залгахад утсаа аваагүй, дараа нь дахин залгахад “банкнаас зээл авах гэсэн бүтсэнгүй, мөнгийг чинь өгч чадахгүй байна” гээд байсан. Тэгээд дараа нь дахиад залгахад “мөнгийг чинь бүтээх гээд хичээгээд байна” гэхээр нь би “та хурдлаарай” гэсэн. Дахин залгахад “би яг сарын дараа өгнө” гэсэн. Сүүлдээ залгахаар утсаа авахгүй байхаар нь гэрт нь очсон чинь “чамд хэлэх үггүй болчхоод утсаа авч чадахгүй байсан юм, мөнгөгүй байна, надад Баян-Өлгийд газар байдаг, тэр газраа 2023 оны хавар зарчихвал мөнгийг чинь 40.000.000 төгрөг болгож өгье” гэсэн. Дараа нь дахиад “газар зарагдсангүй” гээд худлаа яриад байсан ба миний мөнгийг өгөөгүй, одоо холбоогүй байгаа. Анх 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлж барагдуулна гэж байсан. ...Анх урьдчилгаанд 1.500.000 төгрөг өгсөн бөгөөд тэрнээс өөр мөнгө өгөөгүй. Мөнгөө авмаар байна, гомдолтой байна. ...” /1хх28-29/, “...Надад 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөг шилжүүлснээс хойш ганц ч төгрөг нэмж өгөөгүй. Б ад би машинаа өгөөд хэдэн сарын дараа залгаж “хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна, машины мөнгөө талыг нь ч болтугай авмаар байна” гэхэд Б “би хүнээс сураглаад өгье” гэж хэлээд өнгөрсөн. Түүнээс хойш ямар ч мөнгө өгөөгүй байна. Би Худалдах-худалдан авах гэрээ хийж өгсөн байхад миний машиныг ББСБ-д тавьж, цаашлаад өөр хүнд дамжуулан зарсан асуудал гарсан. Би өөрийн биеэр байгаагүй байхад миний машиныг хэрхэн яаж зарж борлуулсныг би ойлгохгүй байна. Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй, учирсан мөнгөний хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. ...” /1хх31/,
гэрч Ч.Н-н “...Манай нөхөр Мөнхбат нь Лексус-470 эзэмшигчдийн групп дээрээс машины зар харсан. Тухайн машиныг анх авахаар ярихад эмэгтэй хүн залгаад “миний машин” гэж хэлж байсан. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн Хаан банкны 5022405994 тоот данснаас 23.000.000 төгрөг шилжүүлсэн. Нөхөр Мөнхбатын Хаан банкны 5063079379 тоот данснаас 4.300.000 төгрөгийг Хаан банкны 5016330707 Л.П гэх данс руу шилжүүлсэн. Тэгээд машины бичиг баримтаа 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Машиныг нөхөр бид 2 тухайн айлын гаднаас очиж авсан бөгөөд П гэх залуу анх машин зарахдаа “манай эхнэрийн машин, аав нь олон жил унаж байгаад эхнэрт бэлэглэсэн юм, олон хүний гар дамжаагүй, нэг л хүний гар дамжсан” гэж хэлсэн. ...Б , М гэх хүмүүсийг танихгүй. Машин бүрэн бүтэн явж байгаа. Миний нэр дээр байдаг ч манай нөхөр унадаг. ...” /1хх36/,
гэрч Б.М ын “...Манай аав Б нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хаш нэгдүгээр багт “Цөгцийн бурхад” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тухайн машиныг намайг хотод амьдардаг учир зээл авахын тулд миний нэр дээр шилжүүлээд *** -аас 15 сая төгрөгийн зээл авсан. Тухайн зээлийн мөнгийг миний Худалдаа хөгжлийн банкны данс руу хийсэн. Сар бүрийн хүү төлөлтийг аав хийдэг байсан. Хамгийн сүүлийн төлөлтийг миний Хаан банкны **** тоот данс руу аав хийгээд би машиныг чөлөөлж авсан. Тухайн машин миний нэр дээр байдаг боловч би нэг ч удаа унаж хэрэглэж байгаагүй, аав унадаг байсан. Би мөнгөнөөс нь огт аваагүй, аавын данс руу хийж байсан. Би аавын ажилд оролцоод байдаггүй бөгөөд тухайн машиныг яаж авсныг мэдэхгүй. Тухайн үед манай нөхөр Х гэнэт алга болоод би нөхрөө хайгаад машин тэрэг сонирхоогүй, нөхрөө алга болсноос хойш 1 жилийн дараа цогцсыг нь олсон. Аав тухайн машинаар сонгуульд нэр дэвшиж байсан учир 12 сумаар сурталчилгаа хийж байгаад машины мотор нь эвдрээд хөдөө айлын гадаа хаяад дараа нь П гэх хүнд зарсан. Аав нэг удаа чиний иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгтэй байна гээд аваад машинаа П гэх хүнд зарсан бөгөөд хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй байна. Би 2 удаа ББСБ-д тавьж байсан. Би мөнгөнөөс нь огт хэрэглээгүй, аав бүгдийг нь авсан. ...” /1хх38/,
гэрч Л.П гийн “...Б ах надад тухайн үед утсаар залгаад “ахынхаа унаад явж байсан 470-г санаж байна уу, хөдөө эвдэрчихсэн байгаа, чи авах уу” гэж хэлээд бид хоёр 15 сая төгрөгөөр тохиролцоод би тухайн машиныг хөдөөнөөс авчраад 32-ын шинэ замд байдаг засварын газарт 6 сая төгрөгөөр сэлбэж засаад Б ахаас “нэр дээрээ шилжүүлье” гэхэд “машин банк бусын нэр дээр байгаа чи очоод мөнгийг нь төлөөд нэр дээрээ шилжүүлээд ав” гэж хэлсэн. Би Номын сангийн автобусны буудал орчим байх ББСБ дээр очоод машиныг шилжүүлж авах гэтэл ББСБ-аас 6-7 сая төгрөг нэхээд тэр мөнгийг нь өгч өөрийн нэр дээр шилжүүлсэн. Дараа нь би тэр машиныг 2024 оны 6 дугаар сард өөр хүнд зарсан. ...” /1хх40/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх21/, хохирогч Б.А ы Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /1хх22/, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1065 дугаартай “Худалдах-худалдан авах” гэрээ /1хх23-24/, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №СБ2-24-685 дугаартай “Дамно Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...шинжилгээний объектын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 28.848.750 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /1хх43-47/, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн лавлагаа, бүртгэл /1хх55-57/, “Bagdataas mashinii uridchilgaa” гэх утгаар 1.500.000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн Б.А ы Хаан банкны **** тоот дансны хуулга /1хх86/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Б ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.А ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг 32.000.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа 1.500.000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж “Худалдах, худалдан авах’’ гэрээг байгуулсан атлаа гэрээнд заасан хугацаанд хохирогчид автомашины үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй, улмаар хохирогч Б.А аас авсан автомашиныг өөрийн охин Б.М ын нэр дээр шилжүүлж, түүний нэрээр тухайн автомашиныг 2 удаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авсан боловч хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй хувьдаа ашигласан, цаашлаад Б.М ын нэр дээр шилжүүлсэн тээврийн хэрэгслийг Л.П д зарж борлуулсан үйлдлүүдэд хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б ыг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байхаас гадна өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил, 4 сарын хугацаатай хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасанд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.
Шүүгдэгч Х.Б “ 1. “...Гэрч, хохирогч, хариуцагч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, дэлгэрэнгүй мэдүүлгийг аваагүй...”, 2. “...хохирогч Б.А бид 2-н дунд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн бөгөөд энэ хэргийг эрүүгийн биш иргэний хэргийн шүүхээр орж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх ёстой. А д хохирол төлбөр төлөх хугацаа сунгаж төлбөрийг 40 сая төгрөг болгон төлөх тохиролцоо хийсэн ба хохирогч хүлээн зөвшөөрсөн...”, 3. “...Мөн би цагдаа дээр очиж “А ы дансыг өгөөч, хэргээ шийдэгдэх хүртэл сард 2 сая төгрөг өгч байя” гэсэн боловч цагдаагаас дансыг нь өгөөгүй. А тай холбогдоод “дансаа өгчих, ах нь 2 сая төгрөг өгье” гэхэд мөн дансаа өгөөгүй. Тухайн үед дансаа өгсөн бол бага багаар машины мөнгийг төлөөд дуусгах байсан. Үүнд хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа...”, 4. “...*** -аас авсан 15 сая төгрөгийн зээлийг охин Б.М ын Хаан банкны **** тоот данснаас шууд төлж барагдуулсан байхад мөрдөн байцаалтын шатанд гэрч П гаас авсан мэдүүлэгт “...хөдөө эвдэрсэн Ликсус-470 **** улсын дугаартай машины нэр шилжүүлж авахад *** -т 6-7 сая төгрөг төлсөн..” гэж худал мэдүүлсэн байна. ...Намайг цагаатгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг иргэний журмаар шийдвэрлэх боломжийг олгож өгнө үү. Хэрэв шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, намайг цагаатгах боломжгүй гэж үзвэл надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Х.Б ын өмгөөлөгч Д.Очирдорж “ 1. “...анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг дутуу дүгнэж, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Талууд автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж, эзэмшил, ашиглалтыг нь шилжүүлэн авах үеийн үйл баримт, яриа тохиролцоо, сэдэл, санаанд дүгнэлт өгөхгүйгээр “гэрээний үүргээ биелүүлээгүй, цааш нь бусдад шилжүүлсэн, тээврийн хэрэгслийн үнийг төлөөгүй байхдаа бусдын нэр дээр шилжүүлсэн, барьцаалсан" гэх зэрэг гэрээний үүргийн маргааны шинжтэй дүгнэлт хийж, иргэний маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэсэн байна...”, 2. “...Анхан шатны шүүхийн дүгнэлтэд ач холбогдол бүхий гол үйл явдал болох худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр Б.А аас автомашины эзэмшил, өмчлөлийг Х.Б шилжүүлэн авах үеийн тохиролцоо, худалдагч, худалдан авагч нарын санаа, зорилгын талаар дүгнээгүй, гэм бурууг тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл, “залилан мэхлэх” гэмт хэргийн гол шинж болох субьектив санаа, зорилгыг тодруулах, түүний үнэн зөв эсэхийг шалган тогтоохтой холбоотой ажиллагаа явуулаагүй, мэдүүлгээр тодруулж асуугаагүй...”, 3. “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс бичгийн нотлох баримтуудыг нөхөн бүрдүүлж өгсөн боловч шүүхээс тэдгээр нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй...”, 4. “...Гэрээгээр харилцан тохиролцож, хууль ёсны дагуу шилжүүлж авсан өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж өөрийн охиныхоо нэр дээр шилжүүлсэн, улмаар УБ-ын улсын дугаартай үлдээсэн, барьцаанд тавьж машины засвар, үйлчилгээ, зардалдаа зориулсан зэрэг үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш юм...”, 5. “...Худалдан авагч Х.Б нь машины төлбөрийг хэсэгчлэн төлөх, худалдагч нь хэсэгчлэн авах санаа бодлоо харилцан илэрхийлсэн, төлбөр төлөх нөөц боломжоо тайлбарласан, газраа эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой идэвхтэй үйлдэл хийж байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Х.Б ад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж буруугүй болохыг тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлууд тус тус гаргажээ.
Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаас ялгахдаа гэмт хэргийн объектив талын шинж болох үйлдлийн аргыг хуульд заасан бөгөөд яллагдагч нь гэрээгээр халхавчилсан үйлдлийг хийж, төөрөгдөлд оруулан, хуурсан, анхнаасаа хохирогчид төлбөр төлөх санаа зорилго байгаагүй, гэрээнд заасан төлбөрийг төлөх талаар ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэрэг нь залилах гэмт хэргийн шинжийг агуулдаг бөгөөд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авч, тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхгүй байх санаатайгаар хийгдсэн шууд идэвхтэй үйлдэл байдаг.
Мөн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтгаалж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь ч залилах гэмт хэргийн шинжийг агуулдаг.
Хавтаст хэргийн 23 талд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1065 бүртгэлийн дугаартай “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээнээс үзэхэд шүүгдэгч Х.Б нь гэрээ байгуулсан өдрөө 1.500.000 төгрөгийг шилжүүлэн хохирогч Б.А ы өмчлөлийн **** улсын дугаартай Lexus LX470 маркийн саарал өнгийн автомашиныг өөртөө шилжүүлэн авсан байх ба үлдэгдэл төлбөрийг 3 хоногийн дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч гэрээний үүргийг огт биелээгүй, биелүүлэх бодит боломж, нөхцөл байхгүй байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ.
Түүнчлэн, шүүгдэгч нь төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа гэрээг тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлэх байтал **** улсын дугаартай Lexus LX470 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн охин болох Б.М ын нэр дээр шилжүүлж, улмаар Б.М ын нэрээр 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Э” ХХК-аас 5.000.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “С”-аас 15.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийн зээл авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан, улмаар Л.П гэх хүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан болох нь
1 дүгээр хавтас хэргийн 93-125 дугаар талд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Тодруулбал, шүүгдэгч Х.Б нь газраа зараад үлдэгдэл төлбөрийг өгөхөөр тохиролцсон гэх боловч тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд газрын талаар тусгагдаагүй, тухайн газар нь 2019 оноос хойш шүүхэд маргаантай байсан байх ба шүүгдэгч нь үлдэгдэл мөнгийг өгөх өдрөөс хойш утсаа авахгүй, холбоо барихгүй алга болсон, хохирогчийг гэрт нь очиж уулзахад банкны зээл аваад өгнө гэсэн боловч тухайн зээлээ авсан хэдий ч өгөөгүй, мөн сүүлдээ Баян-Өлгий аймагт байгаа маргаан бүхий газраа зараад өгнө гэсээр өнөөдрийг хүртэл ямар нэгэн хэлбэрээр хохирогч Б.А д тээврийн хэрэгслийн төлбөрийг төлж барагдуулах идэвхтэй үйлдэл хийгээгүй байх тул шүүгдэгч Х.Б ыг тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг анхнаасаа агуулсан гэж үзнэ.
Иймд, анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б ыг гэрээгээр халхавчлан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэснийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “...цагаатгуулах...” агуулга бүхий давж заалдсан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, хохирол, хор уршигтай шууд холбоотой бөгөөд шүүгдэгч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр “хохирлыг төлөхгүй гэж нэг ч удаа хэлж байгаагүй, төлж барагдуулна. ...хохирогчоос дансаа өгөөч гэхэд өгөөгүй, цагдаагийн байгууллага ч дансыг нь авч өгөөгүй” гэж мэдүүлсэн, мөн давж заалдах гомдолдоо ч адил агуулга бүхий байдлаар хохирол төлбөрийг төлөхөө эрэлхийлж байсан талаараа тусгасан атлаа давж даалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх үед ч хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй /гэрээнд төлбөр төлөх данс тодорхой бичигдсэн/ байна.
Нөгөө талаар, шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж шүүх ял оногдуулдаггүй болно.
Өөрөөр хэлбэл, хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх шатанд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Х.Б ын “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү, ...боломжгүй бол ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдоржийн “шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж, цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-06-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр прокурор С.Болорзулд шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч давж заалдах шатны шүүх хуралдаан эхэлсний дараа шүүх хуралдаанд оролцохоор ирсэн тул тус шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Б ын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/906 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч Д.Очирдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б ын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА