Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 621

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,               

Улсын яллагч Д.Агар,

Шүүгдэгч С.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чонос овогт Сүхээгийн Баярсайханд холбогдох эрүүгийн 1811020780678 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УХ 89110598 / Чонос овогт Сүхээгийн Баярсайхан

 

Холбогдсон хэргийн талаар:

С.Баярсайхан нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Лупус” барьцаалан зээлдүүлэх газраас иргэн О.Саруулзулын Самсунг галакси эс-6, ай фони-5, эл жи жи-4 маркийн гар утаснуудыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: N01161039/1/ гэсэн камерын бичлэгийг нээж үзэхэд дэлгэцийн баруун дээд буланд 2018-07-25 16:26:56 гэсэн бичиглэл байх ба дэлгэцийн зүүн доод буланд HD IPC гэсэн бичигтэй, зүүн хэсэгт Америк бараа гэсэн бичиг бичигний зүүн талд шатны доод хэсэгт байрлах цагаан өнгийн хаалга, цонх зэрэг байх ба хяналтын камерын гол хэсэгт цагаан өнгийн хаалга нээлттэй байх ба уг хаалгаар 00:00:01 минутанд цагаан өнгийн ханцуйтай шар хүрэм, улаан хүрэн өмд, бор өнгийн гутал өмссөн 25-30 орчим насны 1 эрэгтэй хүн орж ирээд 00:00:08 минутанд шатны доод хэсэгт байрлах цагаан өнгийн хаалгаар явж ороод байгаад 00:00:19 минутанд гарч ирээд 00:00:22 минутанд гадна хаалгаар гараад явав. N04162525/1/ гэсэн камерын бичлэгийг нээж үзэхэд 00:00:02 минутанд цагаан өнгийн ханцуйтай шар хүрэм өмссөн 20-25 орчим насны эрэгтэй дэлгэцийн зүүн хэсэгт байрлах шаргал өнгийн ширээн дээр байсан гар утыг аваад 00:00:03 минутанд дэлгэцээс гараад 00:00:03 минутанд эргэж орж ирээд 00:00:06-00:00:09 минутанд ширээн дээр байх ногоон өнгийн ундааны шилний хажууд байсан 2 ширхэг гар утсыг аваад 00:00:11 минутанд камерын хяналтаас гарав гэжээ. /хх 5 /

 

Хохирогч О.Саруулзул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 25 минутын орчим “Лупус” ломбардны хажуу талын Америк барааны дэлгүүр ороод нойтон салфетик аваад эргээд ломбард руугаа орсон чинь ширээн дээр байсан 3 ширхэг гар утас алга болсон байсан. Тэгээд 102 руу залгаж цагдаа дуудсаны дараа тус ломбардны эзэн Ганбатыг дуудсан. Тэгээд хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд шар өнгийн хүрэмтэй 35 орчим насны эрэгтэй орж ирээд ширээн дээр байсан 3 ширхэг утсыг аваад гарч явж байгаа бичлэг үзээд сууж байсан чинь 2 цагдаа орж ирээд хяналтын камерын бичлэгийг үзээд зургийг аваад гараад явсан. Тухайн гар утас самсунг эс 6, ай фони 5, эл жи жи 4 загварын гар утаснууд байсан. Өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй гэжээ.  /хх 09-10 /

Гэрч С.Төгөлдөр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Би 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг өнгөрч байхад найзуудын хамтаар архи уугаад сууж байсан. Тэгээд урт цагаан руу гарахаар явж байсан чинь Найман шарга валют арилжааны газрын хажуугаар явж байгаад найз Баярсайхантай тааралдсан чинь Баярсайхан надад би гар утас хулгайлчихлаа хоёулаа хамт Теди ороод энэ 2 гар утсыг заръя гэхээр нь би зөвшөөрөөд дагаад явсан. Теди худалдааны төврүү орохоор явж байгаад эргүүлийн цагдаа нарт баригдсан гэжээ.

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 25-26 /

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх 35 /

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 36 /

 

Шүүгдэгч С.Баярсайханыг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 15-17 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 58 / зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Бөмбөгөр худалдааны төвд 2 таньдаг хүнтэйгээ таарч 1 шил архи хувааж уусан. Би бөмбөгөр худалдааны төвөөс үнэртэй ус авч зардаг. Тэрийг зарах гэж явж байгаад Лупус ломбард руу явж орсон, ороход гар утас байхаар нь авч гарсан. Гарч яваад Тэди төвийн хажууд явж байгаад 2 цагдаад баригдсан гэв.

Шүүгдэгч С.Баярсайхан нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Лупус” барьцаалан зээлдүүлэх газраас иргэн О.Саруулзулын Самсунг галакси эс-6, ай фони-5, эл жи жи-4 маркийн гар утаснуудыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:.......                                                                                   N04162525/1/ гэсэн камерын бичлэгийг нээж үзэхэд 00:00:02 минутанд цагаан өнгийн ханцуйтай шар хүрэм өмссөн 20-25 орчим насны эрэгтэй дэлгэцийн зүүн хэсэгт байрлах шаргал өнгийн ширээн дээр байсан гар утыг аваад 00:00:03 минутанд дэлгэцээс гараад 00:00:03 минутанд эргэж орж ирээд 00:00:06-00:00:09 минутанд ширээн дээр байх ногоон өнгийн ундааны шилний хажууд байсан 2 ширхэг гар утсыг аваад 00:00:11 минутанд камерын хяналтаас гарав гэжээ. / хх 5 /, ...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 25 минутын орчим “Лупус” ломбардны хажуу талын Америк барааны дэлгүүр ороод нойтон салфетик аваад эргээд ломбард руугаа орсон чинь ширээн дээр байсан 3 ширхэг гар утас алга болсон байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч О.Саруулзулын мэдүүлэг  /хх 09-10 /, …Би Найман шарга валют арилжааны газрын хажуугаар явж байгаад найз Баярсайхантай тааралдсан чинь Баярсайхан надад би гар утас хулгайлчихлаа хоёулаа хамт Теди ороод энэ 2 гар утсыг заръя гэхээр нь би зөвшөөрөөд дагаад явсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч С.Төгөлдөрийн мэдүүлэг / хх 12 /, …Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 25-26 /, …Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх 35 /, …Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 36 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Баярсайхан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Баярсайхан нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Шүүгдэгч С.Баярсайхан нь  өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүхээс шүүгдэгч С.Баярсайханыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр  зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чонос овогт Сүхээгийн Баярсайханыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Сүхээгийн Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 сарын / найм / хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Баярсайханы эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Баярсайханы цагдан хоригдсон  23 / хорин гурав / хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Баярсайхан нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч С.Баярсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж түүний  эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Баярсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАТЖАРГАЛ