| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2411 02814 0046 |
| Дугаар | 2025/ДШМ/710 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | С.Сүрэнхорол |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/710
2025 06 05 2025/ДШМ/710
Ш.М д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Сүрэнхорол,
шүүгдэгч Ш.М , түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1070 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.М , түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ш.М д холбогдох 2411 02814 0046 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ш.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М гийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүгдэгч Ш.М нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Б нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.М гөөс 217.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/3458 дугаартай “шийтгэх тогтоолд залруулга оруулах тухай” шүүгчийн захирамжаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1070 дугаартай шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”...” гэж залруулжээ.
Шүүгдэгч Ш.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхнаасаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгч, хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж ирсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа тул энэхүү нөхцөл байдлыг маань харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн надад оногдуулсан 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ш.М гийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийн тухайд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 болон 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэг, заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр заажээ.
Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчил нь техникийн шинжтэй байж болох боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шийдвэрт нөлөөлөх хэмжээний ноцтой зөрчилд хамааруулан хуульчилсан. Мөн зөвхөн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлаагүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт мөн баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн дүгнэлт хийсэн байгаа тул энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг залруулах техникийн шинжтэй алдаа биш гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Сүрэнхорол гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шийдвэр гарсан. Мөн шүүхээс залруулга хийгдсэн байна. Зөвхөн хэргийн зүйлчлэлийн тоо нь дээр алдаа гаргасан бичиг, техникийн шинжтэй алдаа байгаа. Улсын яллагчийн зүгээс хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш гэж үзэж байна. Шүүхийн залруулга хийгдсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Ш.М д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Ш.М болон түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Учир нь, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 68а дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Ш.М гийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-148 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Б ыг хардаж, улмаар “гэр рүүгээ орохгүй гэлээ” гэх шалтгаанаар түүний цээж хэсэгт гараараа 4-5 удаа цохиж “өвчүү ясны хугарал, зүүн мөр, тохой, шуу, гуя, шилбэ, баруун шуу зэрэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1070 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох нь зүйтэй байна...” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж, 2 дахь заалтад “...Шүүгдэгч Ш.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй...” гэж яллах дүгнэлтэд тусгагдаагүй, шүүгдэгчийн холбогдоогүй гэмт хэргийн зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцож, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийг зөвтгүүлэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос гаргасан 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай “Залруулга хийлгэх тухай” саналыг анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцэж, 2025/ШЗ/3458 дугаартай “Залруулга хийлгэх тухай” шүүгчийн захирамж гаргасан байх хэдий ч улсын яллагчийн санал, тухайн шүүхийн хэлэлцүүлгийн товыг бусад хэргийн оролцогч болох шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт мэдэгдээгүй хийсэн байхаас гадна шүүхийн шийдвэрийг залруулсан тухай шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гардуулан өгөх ажиллагааг огт хийгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Түүнчлэн, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/3458 дугаартай “Залруулга хийлгэх тухай” захирамжаар 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1070 дугаартай шийтгэх тогтоолд залруулга хийх атал 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ШЦТ/1070 дугаартай шийтгэх тогтоолд гэсэн, мөн захирамжийн тодорхойлох, тогтоох хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэх хуулийн шаардлагыг хангаагүй буюу шийтгэх тогтоолын аль хэсгийг хэрхэн, яаж залруулсан нь ойлгомжгүй байна.
Энэхүү байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрийг залруулсан бол энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулан өгнө” гэсэн, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрийг залруулсан тухай шийдвэрт ямар алдааг хэрхэн залруулсныг тусгаж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэсэн процесс хуулийн үүрэг болгосон заалтыг зөрчсөн үндэслэлд шууд хамаарах тул анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/1070 дугаартай шийтгэх тогтоолд залруулга хийгдсэн гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр заасан учир техникийн шинжтэй алдаа биш гэж үзэж байна. Гардан авсан шийтгэх тогтоолоос өөр ямар шийдвэр аваагүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэл бүхий байна.
Иймд, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах...” тухай давж заалдсан гомдлыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1070 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ш.М гийн “...ял хөнгөрүүлэх тухай...” давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1070 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА