Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2018/00719

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Дагвадоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00393 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Дагвадоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Мөнгөнсүх, О.Оюунчимэг нарт холбогдох

 

Баянзүрх дүүрэг 22-р хороо, 15 дугаар хороолол /13340/ Дандарбаатарын гудамж 35 тоот хаягт байршилтай иргэн О.Оюунчимэгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074490 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд иргэн Б.Дагвадорж 196 188 800 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон тухайн үл хөдлөх хөрөнгийг О.Оюунчимэг, Б.Дагвадорж нарын дундын өмч болохыг тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн Б.Дагвадоржид ногдох хэсэгт тухайн үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг хариуцагч нараас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Б.Дагвадоржоос 41 250 000 төгрөг гаргуулах тухай О.Мөнгөнсүхийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Дагвадорж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Батсүрэн

Хариуцагч: О.Мөнгөнсүх

Хариуцагч О.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Дагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Оруулсан хөрөнгө оруулалт 196 188 800 төгрөг, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд байр түрээсэлсэн 22 100 000 төгрөг, иргэдээс авсан зээлийн хүү 63 960 000 төгрөг, мөнгийг банкинд хадгалуулсан бол олох орлого 42 900 000 төгрөг, нийтдээ 325 148 800 төгрөгийг хариуцагч О.Мөнгөнсүхээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Дагвадорж 2017 оны 11 сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2013 онд О.Мөнгөнсүхтэй бичгэн хэлбэрээр байгуулаагүй боловч хөрөнгө оруулалтын буюу хамтран ажиллах гэрээг амаар байгуулж 196 188 800 төгрөгийн хөрөнгийг тухайн барилгад оруулсан болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрдөг. Иймд өөрийн оруулсан хөрөнгөнд ногдох ашгийг хүртэх буюу хувь тэнцүүлэн барилгын талбайн хэсгийг хүлээн авах эрхтэй. Талуудын тохиролцсон эцсийн хүсэл зориг нь хамтарч хөрөнгө оруулан баригдсан барилгаасаа өөрийн хөрөнгө оруулалтанд ногдох талбайг хуваан авах замаар орлого өгөөжөө хүртэхэд чиглэж байсан бөгөөд талуудын маргаантай асуудал нь Б.Дагвадоржид ногдох талбайн хэмжээг тогтооход оршиж байсан юм. Тухайн ногдох талбайг тогтоохын тулд тухайн барилга баригдахад зарцуулсан нийт 1 400 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтад Б.Дагвадоржийн 196 188 800 төгрөгийн хөрөнгө оруулалт нь 15% орчим хувийг эзлэх тул тухайн барилгын нийт 3,300 м.кв талбайн 15% буюу 495 м.кв талбайг хувь тэнцүүлэн нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтад ногдох хэсэг гэж тооцох үндэслэлтэй билээ. Иймд барилгын нийт бодит хөрөнгө оруулалт, талбайн хэмжээг баримтаар тогтоож баталгаажуулах шаардлага үүсэн гарах учир эрх бүхий хөндлөнгийн мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд хамт хүргүүлж байгаа билээ. Түүнчлэн иргэн О.Оюунчимэгийг хамтран хариуцагчаар татах шаардлага үүссэн явдал нь анх барилгын ажил эхлүүлж хөрөнгө оруулахад нэхэмжлэгчтэй мөн адил уулзаж тохиролцож байснаас гадна тус барилгын захиалагч нь О.Мөнгөнсүхийн нэрийн өмнөөс түүний эх О.Оюунчимэг бөгөөд өмнөх шүүх хуралдааны явцад хариуцагч О.Мөнгөнсүхийн өгсөн мэдээллээр тус барилгын бүхий л бичиг баримтууд, барилга барих тусгай зөвшөөрлүүд, улсын бүртгэл болон санхүүгийн баримтууд, барилгын газар нь О.Мөнгөнсүхийн ээж О.Оюунчимэгийн нэр албан ёсоор бүртгэлтэй гэж тайлбарласан. Тухайн барилга нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Төмөр замын 22-1 тоотод хаягтай 7 давхар бөгөөд зоорийн давхар бүхий нийт 48 айлын орон сууцны барилга юм.Одоо нэхэмжлэгчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулан хамтран хариуцагч О.Мөнгөнсүх, О.Оюунчимэг нарт холбогдуулан дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргасан. Үүнд:

1. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15-р хороолол /13340/ Дандарбаатарын гудамжны 35 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074490 дугаарт бүртгэлтэй, 2,137.5 м.кв талбайтай 7 давхар барилгаас Б.Дагвадорж нь дундаа хэсгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,

2. Тус барилгыг барихад хөрөнгө оруулсан 196 188 800 төгрөгийн хэмжээнд хувь тэнцүүлэн ногдох барилгын 4 дүгээр давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцны өмчлөгчөөр Б.Дагвадоржийг тооцож, эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Дагвадорж 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэвээрээ ба хамгийн сүүлд өөрчилж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2014 оны 02 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарыг дуустал миний бие тус барилгад 196 188 800 төгрөг оруулсан, О.Мөнгөнсүх гэрээгээ хийхгүй, миний оруулсан хөрөнгө мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас би цагдаад өгсөн. Миний бие 3 жил гаруй хугацаанд хөрөнгө болон сэтгэл санаагаар хохирч байна. Баянзүрх дүүрэг 22-р хороо, 15 дугаар хороолол /13340/ Дандарбаатарын гудамж 35 тоот хаягт байршилтай иргэн О.Оюунчимэгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074490 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд иргэн Б.Дагвадорж 196 188 800 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон тухайн үл хөдлөх хөрөнгийг О.Оюунчимэг, Б.Дагвадорж нарын дундын өмч болохыг тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн Б.Дагвадоржид ногдох хэсэгт тухайн үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Мөнгөнсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дагвадоржтой 2013 онд уулзан хамтран барилга барьж хууль ёсны дагуу ашиг хүртэхээр харилцан ярилцан тохиролцож холбогдох бичиг баримтуудыг хамтран хөөцөлдөж эхэлсэн. Барилга барих зөвшөөрөл олгогдоогүй байх үед буюу 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэн О.Мөнгөнсүх болон иргэн Б.Дагвадорж бид Ди Эл Ти ХХК-иар барилгын ажлын зураг төслийг зуруулахаар хамтын шийдвэр гаргаж иргэн Б.Дагвадорж нь 16 000 000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр, өөрийн зүгээс 20 000 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус тус Ди Эл Ти ХХК-д төлсөн юм. Барилга барих зөвшөөрөл нь 2014 оны 9 сард олгогдсон бөгөөд энэхүү зөвшөөрөл нь Ди Эл Ти ХХК-иар зуруулсан барилгын ажлын зургийг зөвшөөрөөгүй тул энэхүү зургаар барилгын ажил гүйцэтгээгүй болно. 2014 оны 9 дүгээр сард барилгын ажлыг зөвшөөрлийн дагуу хамтран эхлүүлсэн юм. Бидний хамтын ажиллагаа нь ижил тэгш эрхийн зарчимд суурилж, барилга барих санхүүжилтийг эн тэнцүү 50:50 хувиар санхүүжүүлэх, олсон ашгийг мөн тэгш эрхтэйгээр 50:50 хувиар хуваан авахаар зорилго тавин биелүүлж барилгын ажлыг эхнээс нь дуусах хүртэл бүрэн санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон юм. Барилгын ажил нь анх 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр эхлээд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлээд өвлийн улирал буюу цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түр зогсож, 2014 онд эхлээд 2 cap орчим хугацаанд үргэлжлэхэд иргэн Б.Дагвадорж нь 196 сая төгрөг, иргэн О.Мөнгөнсүх би 225 000 000 төгрөгийн санхүүжилт тус тус хийсэн байдаг. Барилгын ажил 2014 оны 11 дүгээр сард зогсож 2015 оны 5 дугаар сард эхлэхэд иргэн Б.Дагвадорж нь барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн санхүүжүүлэх боломжгүй болсон бөгөөд энэ үед барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь зөвхөн суурь, зоорийн давхрын ажил хийгдсэнээр зогссон байдаг. Иргэн Б.Дагвадорж нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш барилгын ажилд санхүүжилт огт хийгээгүй. Б.Дагвадорж нь барилгад хөрөнгө оруулах бус зөвхөн барилгын ажлыг дуустал нийт төсвийн 50 хувийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн, хамтын ажиллагааг дуустал биелүүлж түүнээс 50 хувийн ашгийг авах эрхтэй байсан юм. Гэвч энэхүү үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлээгүйн улмаас өөртөө ашиг авах эрх үүсээгүй юм. Иргэн Б.Дагвадоржийн санхүүжүүлсэн 196 000 000 төгрөгт тохирох талбай олгохоор харилцан ярилцаж байх үед нэгж метр квадрат талбайн үнийн өртөг гараагүй байсан учраас тохирч чадаагүй. Намайг цагдаад өгсний дагуу 2016 оны 5 сарын 9-нд 196 188 800 төгрөгийг харилцан тооцож, мөнгө хүлээлцсэн хэлцэл хийсэн. Уг хэлцэлд ... тохиролцохгүй бол мөнгийг буцаан олгоно... гэдгийг талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Хажуу талын 02 тоотын Ш.Ариунбилэгээс газрыг нь 170 000 000 төгрөгөөр авахаар болж, Б.Дагвадорж 10 000 000 төгрөг бэлнээр өгч, үлдэх 160 000 000 төгрөгийг Ц.Цэлмэг, Ц.Цэнгэлбаяр нараас 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ хийж авсан. Гэрээнд бид хоёр хоёулаа гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний барьцаа болгож Ц.Цэлмэгийн нэр дээр Ш.Ариунбилэгийн газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031433 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 22-р хороо, Төмөр замын 22-2 тоот амины орон сууцны өмчлөх Ц.Цэлмэгийн нэр дээр шилжиж өмчлөх эрхийн 000288295 дугаар гэрчилгээ гарсан. Бидний төлөвлөж байсан орон сууцны барилгыг барихад дахин газар хэрэг болсон тул газар эзэмших эрх шилжүүлэн авах гэрээ Ш.Ариунбилэг, Ц.Цэлмэг нарын хооронд хийгдсэн боловч Ц.Цэлмэг нь газар эзэмших эрхээсээ татгалзах хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргасан, Б.Дагвадорж бид хоёрын хэн алиных нь нэр дээр Баянзүрх дүүргийн 22-р хороо.Төмөр замын 22 гэсэн хаягаар газар эзэмших эрх байхгүй байсан тул ээж О.Оюунчимэгийн нэрээр Нийслэлийн засаг даргад хүсэлт гаргаж орон сууцны барилга барихад 372 м.кв талбай олгох, О.Оюунчимэгийн эзэмшлийн 230 м.кв талбай бүхий газар, Ц.Цэлмэгийн нэр дээр шилжүүлэн авсан 170 м.кв талбай бүхий газрыг нийлүүлээд Нийслэлийн засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/207дугаар захирамжийн хавсралтын 11-д зааснаар ээж О.Оюунчимэгийн нэр дээр үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 772 м.кв газар олгож барилга барих эрх нээгдсэн. 2014 оны 10 сарын дугаар 14-ний өдөр ээжийн нэр дээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гарч, барилгын ажил 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилж байгаад зогссон. 2014 оны 04 дүгээр сард барилгын ажлыг үргэлжлүүлэх тухай Б.Дагвадоржтой ярьж хоёр талын хөрөнгө оруулалтаа хийж, барилгаа баръя гэхэд би мөнгө олох боломжгүй больчихлоо чи цааш нь явуулж бай гээд оролцоогүй, аргагүй эрхэнд миний ээж зээл авч барилгын ажлыг үргэлжлүүлж би барилга хариуцсан даамлаар ажилласан. Нэхэмжлэлийн шаардлагаас 196 188 800 төгрөг оруулсан гэдгийг зөвшөөрнө, уг мөнгийг төлнө, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч О.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.Оюунчимэгт Баянзүрх дүүргийн засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 393 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 22-р хороо Төмөр замын 22-1 тоот хаягт байрлалтай нэгж талбарын дугаартай 230 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг эзэмшүүлэхээр 0345955 дугаар гэрчилгээ олгосон, энэ газар дээр 56,6 м.кв талбай бүхий амины орон сууц, 2 машины тоосгон гарааш байсныг буулгаж орон сууц барих зөвшөөрлийг хүү О.Мөнгөнсүхэд өгсөн.Уг эзэмшлийн газар дээр хийгдсэн зураг төслийн дагуу орон сууцны барилга барихад талбай хүрэлцэхгүй байсан О.Мөнгөнсүх, Б.Дагвадорж нарын худалдаж авсан гэх хөрш айл Ш.Ариунбилэгт 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 392 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 22-р хороо,Төмөр замын 22-1 тоот хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн 170 м.кв талбай бүхий газрыг, амины орон сууцны хамт Ц.Цэлмэгийн нэр дээр шилжүүлэн авсан байсныг О.Оюунчимэгийн нэр дээр шилжүүлж, мөн Нийслэлийн Засаг даргад үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 372 м.кв талбай бүхий газрыг нийтийн эзэмшлийн талбайгаас олгох хүсэлтийг гаргаснаар 2014 оны 03 сарын 25-ны өдрийн А/207 дугаартай захирамжийн хавсралтын 11-д зааснаар О.Оюунчимэгт үйлчилгээ орон сууц барих зориулалтаар 772 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг баталгаажуулж, 000494972 дугаартай гэрчилгээ олгогдсон. О.Оюунчимэг нь барилгын ажлын талбайг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бэлэн болгосон ба мөн зүйлийн 4.1.15-д заасныг үндэслэн өөрийн нэр дээр барилгын ажил, эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргуулан авч хүү О.Мөнгөнсүхэд өгч түүний орон сууц барих ажилд туслалцаа үзүүлсэн байгаа юм. Б.Дагвадорж, О.Мөнгөнсүх нарын барилга барих хэлцлийг хийхэд О.Оюунчимэгийн хувьд ямар нэг байдлаар оролцоогүй, Б.Дагвадоржтой хамтран ажиллах болон хөрөнгө оруулах талаар хэлэлцэн тохирсон зүйл байхгүй юм. Харин хүү О.Мөнгөнсүхэд өөрийн гэр бүлийн хэрэгцээний газар дээр орон сууц барих нөхцөл бололцоог хангаж өгсөн болохоос О.Оюунчимэгтэй хэлцэл хийгээгүй тул хариуцагч гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 2014 оны 11 дүгээр сарын 17-ны барилгын газар шороо, суурь, зоорийн ажил хийгдээд зогссоноос хойш О.Мөнгөнсүх, Б.Дагвадорж нарын хэн аль нь барилгын ажилд хөрөнгө оруулалт хийгээгүй, О.Оюунчимэг нь өөрийн нэр дээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан байсан, зөвшөөрлийн хугацаа 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусах байсан тул аргагүй эрхэнд барилгын ажлыг үргэлжлүүлэхийн тулд 2015 оны 5 дугаар сараас өөрийн болон өөрийн үүсгэн байгуулсан Астивишн ХХК-ийн нэр дээр бараа материал зээлээр худалдан авах, хувь хүн болон банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл аван барилгын ажлыг өөрөө санхүүжүүлж, 48 айлын орон сууцны барилгыг 2017 оны 01 дүгээр сард дуусгаж, 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссын 66/2017 дугаар акт гарч О.Оюунчимэгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, эрхийн улсын бүртгэлийн Y-2204074490 дугаарт бүртгэгдэж , Баянзүрх дүүргийн 22-р хороо,15-р хороолол,/ 13340/ Дандарбаатарын гудамж 35 хаягаар 48 айлын орон сууцны өмчлөгч болсон. Нэхэмжлэгч Б.Дагвадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг О.Оюунчимэг хариуцах үндэслэлгүй тул О.Оюунчимэгт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Хариуцагч О.Мөнгөнсүх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дагвадоржтой хоёр талаасаа тэнцүү хэмжээний хөрөнгө гаргаж, орон сууцны барилга барьж ашгаа тэнцүү хувааж хамтран ажиллахаар амаар тохиролцсон. Хамтран ажиллах гэрээний явцад Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт зааснаар бид хоёр ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр Баянзүрх дүүргийн 22-р хороо.Төмөр замын 22-1 тоот хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн 170 м.кв талбай бүхий газар, амины орон сууцыг 170 000 000 төгрөгөөр Ш.Ариунбилэгээс худалдан авахаар болж, 10 000 000 төгрөгийг Б.Дагвадорж Ш.Ариунбилэгт өгсөн. 

Ш.Ариунбилэгийн газар, амины сууцыг худалдан авахад төлөх ёстой үнийн үлдэгдэл 160 000 000 төгрөгийг Ц.Цэлмэг, Ц.Цэнгэлбаяр нараас зээлдэн авч, 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ хийж, Б.Дагвадорж бид хоёр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Ц.Цэлмэг, Ц.Цэнгэлбаяр нараас авсан зээлийн гэрээний нөхцөл нь 10 cap 12 хоногийн хугацаатай, хүүгүй, гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах, гэрээний 1.3-д зааснаар 82 500 000 төгрөгийг зээл ашигласны төлбөрт болон үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөрт тооцон төлж, Ц.Цэлмэг, Ц.Цэнгэлбаяр нарт 242 500 000 төгрөг төлөх, гэрээний 2.4-д хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.03 хувиар алданги тооцох, 4.1-д алданги нь гэрээний үнийн дүнгийн 10%-иас хэтрэхгүй байхаар заасан ба энэхүү зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан.Гэрээний хугацаа дуусахад буюу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ц.Цэлмэг, Ц.Цэнгэлбаяр нараас авсан зээл 160 000 000 төгрөг, гэрээний 1.3-д заасан 82 500 000 төгрөг, нийт 242 500 000 төгрөг төлөх үүргээ бид хоёр биелүүлээгүй, зээлийн гэрээний нөхцөлд заасан мөнгийг бид хувь тэнцүүлэн төлөх ёстой. Ц.Цэлмэг, Ц.Цэнгэлбаяр нараас авсан зээл нэхэгдэж, 2017 оны 3 дугаар сард зээлдэгч нар нь СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн жуучлалд хандсан. Б.Дагвадорж бид хоёрын зээлж авсан 160 000 000 төгрөг болон газар, үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөр 82 500 000 төгрөг, нийт 242 500 000 төгрөг алданги 24 250 000 төгрөгийн хамт нэхэгдэж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Цэлмэг, Ц.Цэнгэлбаяр нартай уулзаж, зээлийн асуудлыг шийдвэрлэсэн. Бид хоёрын хамтын ажиллагаанаас үүссэн үүрэг болох газар, үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөр 82 500 000 төгрөгийг би төлсөн. Б.Дагвадорж нь хамтран ажиллах гэрээнээс татгалзан гарахдаа Ц.Цэлмэг, Ц.Цэнгэлбаяр нартай хийсэн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэнэ гэдгийг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл газар, үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөр 82 500 000 төгрөгийг хамтран төлөх үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.6 дахь хэсэгт гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ гэж заасан. 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг Б.Дагвадоржид мөн адил хамаарах ба Б.Дагвадорж нь орон сууцны барилгын суурийн хэсэг хүртэл хамтран ажилласан тул миний Ц.Цэлмэг, Ц.Цэнгэлбаярт төлсөн 82 500 000 төгрөгийн 50 хувь болох 41 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээн дээр мөнгө хүлээн авсан гэсний ард О.Мөнгөнсүх, Б.Дагвадорж нар гарын үсгээ зурсан байгаа. Ц.Цэлмэг, Ц.Цэнгэлбаяр нарт 82 500 000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна. Сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна, хангаж шийдвэрлэх үндэслэлтэй... гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч С.Батсүрэн сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тухайн газрыг худалдах, худалдан авах гэрээ огт хийгдээгүй, шүүхэд баримтаар ирүүлээгүй байх бөгөөд хэрэв газар худалдаж авсан бол Б.Дагвадоржийн нэр дээр тухайн газар бүртгэгдэж, гэрчилгээ шилжиж ирсэн байх ёстой байсан. Мөн ямар ч амины орон сууцыг түүний нэр дээр буюу өмчлөлд шилжүүлээгүй. Зээлдэгч гэх надад болон миний дансанд 160 000 000 төгрөг байтугай нэг төгрөг ч орж ирээгүй байдаг. Иймд би бодитой хүлээж аваагүй мөнгийг буюу 41 250 000 төгрөгийг буцаан төлөх үндэслэл байхгүй юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 41 250 000 төгрөг нь үндсэн зээл биш, зээлийн хүү биш байх бөгөөд харин зээл ашигласны төлбөрийн дүн эсвэл хөрөнгө ашигласны төлбөр гэж янз янзаар нэрлэсэн хуулинд байхгүй төлбөр нэхэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв О.Мөнгөнсүх өөрийгөө 160 000 000 төгрөгийг бодитой хүлээн авсан гэж үзэж байгаа бол О.Мөнгөнсүх нь өөрөө буцаан төлөх үүрэг үүрэгтэй юм. Иймд 160 000 000 төгрөгөөр газар худалдах, худалдан авах тухай хууль зөрчсөн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 160 000 000 төгрөгийг бодитойгоор надад хүлээлгэн өгөөгүй байх тул миний хувьд 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлгүй байна. Ийнхүү шилжүүлж өгөөгүй газрыг худалдаж авахад зориулсан гэх миний аваагүй зээлийг төлүүлэхээр зээлдүүлэгч нараас биш харин О.Мөнгөнсүхээс нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй. Хэрэв тус газрыг хуулийн дагуу миний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн тохиолдолд холбогдох тооцоог надтай хэлэлцэн тохиролцох боломжгүй. Түүнчлэн гэрээний зүйлийг бодитой шилжүүлж өгөөгүй, хүчин төгөлдөр бус байх хэлцлийг талуудын хоорондын хамтран ажиллах гэрээ болгож, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан мэтээр тайлбарлах үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.4, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.4, 478 дугаар зүйлийн 478.8, 487 дугаар зүйлийн 487.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг 22-р хороо, 15 дугаар хороолол /13340/ Дандарбаатарын гудамж 35 тоот хаягт байршилтай иргэн О.Оюунчимэгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074490 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд иргэн Б.Дагвадорж 196 188 800 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоож, хариуцагч О.Мөнгөнсүх, О.Оюунчимэг нараас 196 188 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дагвадоржид олгож, нэхэмжлэлээс хамтын ажиллагааны үр дүнд бий болсон тухайн үл хөдлөх хөрөнгийг О.Оюунчимэг, Б.Дагвадорж нарын дундын өмч болохыг тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн Б.Дагвадоржид ногдох хэсэгт тухайн үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын нийт 287.96 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг хариуцагч нараас гаргуулах гэсэншаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Дагвадоржоос 41 250 000 төгрөг гаргуулах тухай О.Мөнгөнсүхийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 783 694 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 364 200 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээж, хариуцагч О.Мөнгөнсүх, О.Оюунчимэг нараас 1 138 894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дагвадоржид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батсүрэн давж заалдах гомдолдоо: ...Талууд маргаагүй хүлээн зөвшөөрсөн үйл баримтууд болох барилга барьж ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан, 196 188 800 төгрөгийн хөрөнгө оруулж хамтран ажилласан, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон барилгаас ногдох хэсэг үр шимийг хувааж авах асуудал дээр маргаан гарсан байдлыг шүүх зөв дүгнэсэн атлаа ямар төрлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тодорхойлсонгүй. Мөн шүүгч шийдвэртээ "хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн нь ...тогтоогдохгүй" гэж дурдаж, нэхэмжлэлийн 2 ба 3 дахь шаардлагыг "үндэслэлгүй" гэж бичээд тодорхойгүй орхисон байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Харин шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, барилгын өмчлөгч О.Оюунчимэг нь хариуцагчаар оролцох үндэслэлтэй талаар зөв дүгнэсэн. О.Мөнгөнсүхийн зүгээс нэхэмжлэгчийг хамтран ажиллах гэрээнээс татгалзсан гэх тайлбар өгсөн боловч энэ талаар хэрэгт баримтаар нотлоогүй, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тоггоогдоогүй гэх үзнэ. Иймд О.Оюунчимэг болон О.Мөнгөнсүх нар нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хариуцагч нараас 196 188 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүх 2 дахь шаардлага "дундын өмч" болохыг тогтоох, 3 дахь шаардлага "дундаар хэсгээр өмчлөгч хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах"-ыг тус тус хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

...Мөн шүүх тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 476.1, 477.4, 478.8-д заасныг тус тус баримталсан боловч мөн л эсрэгээр шийдвэр гаргаж, талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. ...Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн 2 дахь болон 3 дахь шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Мөнгөнсүх давж заалдах гомдолдоо: ...Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхэд Б.Дагвадорж бид хоёр хамтран хариуцлага хүлээх болохоо илэрхийлж гарын үсэг зурсан. Би хамтран үүрэг гүйцэтгэх байсан Б.Давгадоржийн өмнөөс гэрээний 1.3-д заасан үүргийг биелүүлсэн. Энэ талаар холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх энэхүү нотлох баримтууд дээр үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Би хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд Б.Дагвадоржийн өмнөөс түүний үүргийг гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.6-д "гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ." гэсэнтэй нийцэж байгаа учир 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч / зээлдэгч /-ийн өмнө хүлээсэн үүрэг Б.Дагвадоржид мөн адил хамаарах ба Б.Дагвадорж нь миний Ц.Цэлмэг, Ц.Цэнгэлбаярт төлсөн 82 500 000 төгрөгийн 50 хувь болох 41 250 000 төгрөгийг надад төлөх ёстой гэж үзэж байгаа тул Б.Дагвадоржоос 41 250 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 200 төгрөгийн хамт гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Дагвадорж нь хариуцагч О.Мөнгөнсүхэд холбогдуулан оруулсан хөрөнгө оруулалт 196 188 800 төгрөг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 128 960 000 төгрөг, нийт 325 148 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Оюунчимэгийг хамтран хариуцагчаар оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13340/ Дандарбаатарын гудамж, 35 тоотод байршилтай иргэн О.Оюунчимэгийн өмчлөлийн үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд иргэн Б.Дагвадорж 196 188 800 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон тухайн үл хөдлөх эд хөрөнгийг О.Оюунчимэг, Б.Дагвадорж нарын дундын өмч болохыг тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн Б.Дагвадоржид ногдох хэсэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 4 давхрын нийт 287.96 м.кв талбай бүхий 8 айлын орон сууцыг хариуцагч нараас гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч О.Мөнгөнсүх нь 41 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Иргэн Б.Дагвадоржийн гаргасан нэхэмжлэлийг шүүгч Д.Ганболд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2026 дугаартай магадлалаар уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасныг шүүгч Д.Ганболд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан байна. Гэвч уг хэргийг ямар хуваарийн дагуу шүүгч Д.Батцэцэг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь тодорхой бус байхын зэрэгцээ шүүгч Д.Батцэцэгийг шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулах тухай тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хамтын үйл ажиллагаанд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг дундын өмч болохыг тогтоолгох, дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгийг гаргуулах гэж тодорхойлж, тухайн орон сууцны барилга баригдахад гарсан бодит зардлын хэмжээг тогтоолгох, үүнээс орон сууцны барилгын 1 м.кв ашигтай талбайд ногдох бодит өртөг, зардлын хэмжээг тооцон гаргах зорилгоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан /I-хх 34, 50, 51, 143, 144, 154-157/ байх ба шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх хүсэлтийг удаа дараа хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4, 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дагвадоржоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 644 800 төгрөгийг, хариуцагч О.Мөнгөнсүхээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

 

Д.ЦОГТСАЙХАН