Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2025/02507

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ************* тоот хаягт оршин байх Т банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *********** тоот хаягт оршин суух, Б******* овогт С*******ын Э******* /РД:*******/

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ************ тоот хаягт оршин суух, Б******* овогт А*******ийн Г******* /РД:*******/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 29,448,651.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн А******* овогтой Г*******, С******* овогтой Э******* нар нь 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Т банкны Хээтэй хороолол тооцооны төвтэй MN380034141201850660 тоот зээлийн гэрээ байгуулж 22,500,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэмэлтээр 11,600,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан.

Зээл авснаасаа хойш 2024 оны 6 дугаар сараас хойш зээлээ төлөөгүй зээлийн гэрээний 6.2.1 заалтын "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчиж, зээлдэгчид мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй. Зээлдэгчтэй холбоо барьж зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй ирж уулзахгүй, хаягаар очихоор байхгүй байгаа нь зээл төлөхөөс илт зайлсхийж банкийг хохироож байгаа тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээр хангуулж өгнө үү.

Гэрээт цалингийн зээл:

Үндсэн зээл 25,535,724.69 төгрөг,

Зээлийн хүү 3,564,807.85 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 332,619.80 төгрөг,

Нотариатын хураамж 15,500.00 төгрөг,

Нийт 29,448,651.96 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 305,193.26 төгрөгийн хамт гаргуулах, зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран зээлдэгчийн мөнгөн хөрөнгө, цалин бусад орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.Г*******, С.Э******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

А******* овогтой Г*******, С******* овогтой Э******* нар нь Т банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 29,448,651.96 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах нь үнэн болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч А.Г*******, С.Э******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,448,651.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Г*******, С.Э******* нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 29,448,651.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, А.Г*******, С.Э******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч А.Г*******, С.Э******* нар нь нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжилсэн 29,448,651.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, А.Г*******, С.Э******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,193.26 төгрөгөөс 152,596.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 152,596.63 төгрөгийг, хариуцагч А.Г*******, С.Э******* нараас 152,596.63 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ