Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 307/ШШ2025/02446

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум, ****** тоот хаягт оршин суух, Х******* овогт Г*******ийн Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, Сан ******* овогт Б*******ийн А******* /РД:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.Б*******,

Хариуцагч: Б.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М******* оролцож, тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагч Б.А*******т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би Б.А*******тай 2015 онд танилцаж, 2017 оноос хамт амьдарсан. Бидний дундаас 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр том хүү А.М, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бага хүү А.М нар төрсөн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч байсан. Бид хоёр 2015-2021 он хүртэл Орхон аймагт амьдарч байгаад 2021 оноос Өмнөговь аймагт 1 жил амьдраад эргээд Орхон аймагт шилжиж ирсэн. Б.А******* нь 2023 оноос эхлэн мөрийтэй тоглоом тоглож, банк болон банк бус байгууллага, аппликейшн зэрэг 10 гаруй газраас зээл авч өрөнд орсон байсан. Тухайн үед аав, ээж маань хоёр хүүхдийг маань харж өгөхөөр болж бид хоёр Өмнөговь аймагт ээлжээр ажилладаг ажил хийж, зээлээ хамтдаа төлж байсан. Гэтэл Б.А******* дахин мөрийтэй тоглож, мөн хардалтаас болж хэрүүл маргаан гардаг байсан. Мөн 2024 онд хүүхдийн хадгаламжид мөнгө хийх талаар ярилцах гэхэд ярихгүй, үл тоосон байдалтай байсан. Хүүхдийн мөнгөний данс Б.А*******ын нэр дээр байдаг. Гэтэл хүүхдийн хадгаламжийн мөнгөөр мөрийтэй тоглосон байсан. Үүнээс болж маргалдаж, Б.А******* миний биед халдаж зодсон. Тухайн үед хадмынд очиж, Б.А******* намайг зодсон талаар хэлсэн. Маргааш нь би хоёр хүүхдийн хамт Хөвсгөл рүү аав, ээж дээрээ очоод эргээд Б.А*******т дахин нэг боломж олгож хамт амьдрахаар Дарханд ирсэн. Бид хоёр Дарханд хүүхдүүдээ ээлжилж харахаар ээлжийн ажлаа зөрүүлж ажиллахаар ярилцаж, 2024 оны 8 дугаар сараас эхлэн 2024 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд ажилласан. Энэ хугацаанд хардалт болон жижиг маргаан тасардаггүй байсан. Б.А******* 2024 оны 12 дугаар сараас Дарханд ажиллаж хүүхдүүдээ харж, би ээлжийн ажлаа хийж байсан. Гэтэл 2025 оны 02 дугаар сард Б.А******* Дарханд бага цалинтай ажил хийж мөрийтэй тоглоомын өрөө дарж чадахгүй байна. гэж хэлсэн. Ингээд 2025 оны 02 дугаар сараас дахин ээлжээр ажилладаг ажлаа хиймээр байна гэж хэлсэн. Би тухайн үед хүүхдүүд харах хүнгүй, ингэж ажиллах боломжгүй талаар хэлж маргалдсан. Ингээд хамгийн сүүлд 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би ээлжийн ажилдаа явах байсан. Тухайн үед маргаантай байсан болохоор би юм ярихгүй, дуугаа хурааж хэд хоног болсон. 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бид хоёр гадуур явж гэртээ ирээд би ээлжийн ажлынхаа бэлтгэлийг хангасан. Орой нь хамт хоолоо хийж идсэн. Гэтэл орой 18 цагийн үед Б.А******* ах дуудаж байна гэж хэлээд гараад явсан. Тухайн өдрийн орой 21 цагийн орчим Б.А******* над руу залгаж гараад ирээч, ярилцмаар байна гэж хэлсэн. Би утсаар ярихад нь согтуу байна гэдгийг мэдсэн учраас архи уусан байсан болохоор ярилцахгүй гэж хэлээд би гараагүй.

Би хоёр хүүхдээ усанд оруулж унтуулахаар хэвтүүлж байхад Б.А******* гаднаас орж ирэхэд нь би Үүдэнд байгаа хогоо гаргаад хаяарай. гэж Б.А*******т хэлээд Би чамайг согтуу байгаа болохоор ярилцахгүй. гэж хэлээд угаалгын өрөөнд орсон. Гэтэл Б.А******* араас орж ирсэн. Би угаалгын өрөөнд тонгойгоод юм хийж байхад араас бөгсөн хэсэгт цохисон. Би Өвдөж байна. Хүний биед битгий хүрээд бай гэж хэлсэн. Гэтэл Чиний биед яахаараа хүрч болдоггүй юм гэж хэл амаар доромжилж, миний хоолойг боож эхэлсэн. Би хоолойгоо боолгочихсон учраас гарч чадахгүй байсан. Арай гэж гараас нь мултарч том өрөөнд байгаа том хүүхэддээ Ээж нь яг үхлээ, эгч рүү залгаад дуудаарай. гэж хэлсэн. Тэр үед хүү маань сандарч Утсаа олохгүй байна. гэж хэлсэн. Б.А******* хүүг Утсаар битгий ярь гэж хэлсэн. Тухайн үед юу болсныг сайн санахгүй байна. Том өрөөнд байхад, коридорт байхад бас хоолойноос боосон. Тухайн үед миний хоолойг бооход хөл дээш өргөгдөж байсан. Би зугатааж гал тогооны өрөөнд утсаар ярих гэхэд хориглож дахин хоолойг боосон. Хоолойг боосон хэвээрээ угаалгын машины таг онгорхой байхад хоолойг угаалгын машины ирмэгт тулгаж дарсан. Тухайн үед би гадагш гарч хүмүүсээс тусламж авах, амьд гарах тухай бодоод Б.А*******ыг хойш нь түлхэж, гарч зугатсан. Намайг гэрээс зугатаж гарах үед Б.А******* араас гүйж, хальт араас барих шиг болсон. Энэ үед би шатны уруу унахдаа толгойгоороо хана, шатанд хавсарч цохигдсон. Ингэж унахдаа 2 давхрын айлын үүдэнд өнхөрч унасан. Энэ үед Б.А******* гэнэт Яасан хайраа, гэртээ оръё гэж зөөлхөн хэлсэн. Тухайн үед Б.А*******ыг гэнэт зөөлхөн дуугаар хэлэхэд нь би гэртээ орвол үхэх юм байна гэж бодсон. Тэгээд хамаг чангаараа Амь авраарай гэж орилсон. Ингээд цагдаагийн байгууллагаас Б.А*******ыг авч явсан. Цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн. Цагдаагаас Маргааш Б.А*******ыг гэр рүү нь явуулна. Хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд гэртээ байна. гээд надаас Дарханд байх айл байгаа юу?. Түр хамгаалах байранд орох уу? гэж асуусан. Би хоёр хүүхдээ аваад түр хамгаалах байранд очсон. Түр хамгаалах байранд 5 хоноод шүүх эмнэлэгт үзүүлсэн. Маргааш нь эгчийнхээ батлан даалтаар түр хамгаалах байрнаас гарсан. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй тул хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би тухайн үед буруу зүйл хийсэн. Тухайн үед ажлынхаа ээлжийг зөрүүлж ирсэн. Энэ хугацаанд гэртээ байхад байнга ууртай, уцаартай байдаг байсан. Мөрийтэй тоглоом тоглосон нь миний буруу байсан. Тиймээс би хоёулаа нэгэнт өрөнд орсон болохоор цаашид болгож бүтээгээд ажиллаад явъя гэж хэлсэн. Г.Б******* тухайн асуудал болохоос өмнө л сална гэж хэлдэг байсан. Би Дарханд бага цалинтай ажил хийж ганцаараа өрөө төлж, 24 цаг ажиллаж, 48 цаг амрах хугацаандаа хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авахад ядарч байсан. Иймээс өөрийн биед амар, өндөр цалинтай ажил хийвэл өрнөөсөө хурдан гарна гэж бодсон. Ингээд Г.Б*******т Өмнөговь аймаг руу ээлжээр ажилладаг ажил хийе гэж хэлсэн. Гэтэл Г.Б******* Үгүй, ээлж зөрүүлж ажиллах ямар гэдгийг мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгвэл хоёулаа Дарханд ажиллаж, амьдаръя гэж хэлэхэд Үгүй, би чамтай амьдрахгүй сална. Дарханд ажиллаж амьдарч чадахгүй. гэж хэлсэн. Түүнээс хойш надтай ярилцахгүй, чимээгүй байсан. Надтай ярилцахгүй чимээгүй байхад надад хэцүү байсан. Тухайн асуудал болсон өдөр би тэндээ хонох гэж байсан. Гэтэл энэ хүн ах руу залгаж, намайг гэр рүү нь явуул гэж хэлсэн байсан. Ах намайг одоо гэртээ харьж, эхнэртэйгээ ойлголцоорой гэж хэлсэн. Би гэртээ орохоосоо өмнө ярилцъя гэж хэлсэн боловч тоогоогүй. Тухайн үед яагаад ийм үйлдэл гаргаснаа ойлгохгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Гэрэлтэй өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1301 тоот оршин суугаа хаягийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, А.М, А.М нарын төрсний гэрчилгээний хуулбар ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагч Б.А*******тай 2015 онд танилцаж, 2017 оноос хамт амьдарч эхэлсэн бөгөөд гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдрах хугацаандаа 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр том хүү А.М, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бага хүү А.М нарыг төрүүлсэн. Хариуцагч нь 2023 оноос мөрийтэй тоглоомд донтож, бусдад их хэмжээний өртэй болсон төдийгүй хүүхдийн хадгаламж дахь мөнгийг үрэгдүүлсэн. Мөн согтуурсан үедээ нэхэмжлэгчийн биед халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Г.Б*******, хариуцагч Б.А******* нар гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүү А.М, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү А.М нарыг төрүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

4.2. Зохигчид хоорондын таарамжгүй харилцаа, хариуцагчийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2025 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, насанд хүрээгүй хоёр хүүхэд нь эхийнхээ асрамжид эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж заасан.

 

Хариуцагч Б.А******* нь насанд хүрээгүй хүү А.М, А.М нарыг нэхэмжлэгч Г.Б*******ийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул шүүх талуудыг хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх талуудын тохиролцоо, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоог харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү А.М, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.М нарыг нэхэмжлэгч Г.Б*******ийн асрамжид хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, 26 дугаар зүйлийн 26.2.2. дахь заалтад Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус заасан.

 

Шүүх, насанд хүрээгүй хүү А.М, А.М нарыг нэхэмжлэгч Г.Б*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү А.М, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.А*******аас нь сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү А.М, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.М нарыг эх Г.Б*******ийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү А.М, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус бүрт нь тэтгэлэг тогтоож, эцэг Б.А*******аас нь сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Б*******, хариуцагч Б.А******* нарт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдаж, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад учруулахгүй байхыг үүрэг болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.А*******аас тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 107,686 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ