| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0600/э |
| Дугаар | 627 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч З.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Их Монгол овогт Залгамжийн Маралмаад холбогдох эрүүгийн 1811018160668 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Булган аймагт төрсөн, эмэгтэй, 22 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Зэсэм” худалдааны төвд гар утасны худалдагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Банзар 1-р багт оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 66 дугаар байр 56 тоотод түр оршин суух, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ГМ 97030101 / Их Монгол овогт Залгамжийн Маралмаа
Болсон хэргийн талаар:
З.Маралмаа нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Жамбалсүрэнгийн Самсунг Эс-7 эдже загварын гар утсыг "Хүнтэй утсаар яриад өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Жамбалсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:....2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Нямзагарын эзэмшлийн 17-76 дугаартай Тоёота тийда маркийн автомашинаар таксинд хамт явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн автобусны буудал дээр очсон чинь гурван эмэгтэй хүн зогсож байсан. Би тэр гурван эмэгтэйг танихгүй. Тэгээд тэр гурван эмэгтэйг автомашиндаа суулгаад Чингэлтэй дүүргийн 5 буудал гэсэн нэртэй газар байрлах зочид буудалд орсон. Бид нар буудалд нэг өрөөнд хөзөр тоглонгоо 0.75 граммын Соёрхол гэсэн нэртэй архи уусан. Тэгээд үүрээр 05 цагийн орчим бүгд харихаар болсон. Би нөгөө хэдээс түрүүлж гараад найз Нямзагарын автомашинд сууж байсан чинь тэр гурван охины махлаг биетэй Маралаа гэж өөрийгөө танилцуулсан хүүхэн надруу хүрч ирээд “Гар утсаар чинь нэг яриад өгье” гэж хэлж аваад буудал руу орсон. Би гадаа зогсож байгаад нөгөө хэдийн өрөө рүү орсон чинь Маралаа байхгүй байсан. Тэгээд ариун цэврийн өрөөнд үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд Маралаагийн гар утас руу залгасан чинь авахгүй байсан. Би өөрийн дугаарлуу залгасан чинь хоёр удаа дуудуулж байгаад унтраасан. Тэгээд би цагдаагийн хэлтэст хандсан гэжээ./хх 9-13 /
Гэрч Б.Нямзагар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Тухайн өдөр Жамбалсүрэн бид хоёр миний эзэмшлийн автомашинтай таксинд явж байсан. Тэгээд орой 23 цагийн үед Жамбалсүрэн бид хоёр Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн дунд гэсэн нэртэй автобусны буудал орсон. Учир нь би Маралаа, Болороо, Золоо нартай уулзахаар ярьсан байсан. Тэгээд Маралаа, Болороо, Золоо гурвыг автомашиндаа суулгаад Чингэлтэй дүүргийн 5 буудлын тэр хавьд зочид буудалд орсон. Тэгээд бид нар нэг өрөө авсан. Өрөөндөө хөзөр тоглонгоо 0.5 граммын Соёрхол, 0.75 граммын Хараа гэсэн архийг хувааж уусан. Өглөө намайг унтаж байхад Жамбалсүрэн миний унтаж байсан өрөөнд орж ирээд Маралаа гэдэг найз чинь миний гар утсыг маань аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Жамбалсүрэн миний гар утсаар Маралаа руу залгаад байсан. Харин Маралаа гар утсаа аваагүй гэжээ. /хх 16-17 /
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 23-24 /
Шүүгдэгч З.Маралмааг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 27 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 30 / зэрэг болно.
Шүүгдэгч З.Маралмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Жагар гэх найзтайгаа ярьж Жамбалсүрэн гэх хохирогчтой уулзсан. Уулзаад зочид буудал орж архи ууж, хөзөр тоглосон. Зочид буудалд байж байгаад би Жамбалсүрэнгээс утсаар чинь яриад өгье гэж хэлээд утсыг нь авч гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг хийхгүй гэв.
Шүүгдэгч З.Маралмаа нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Жамбалсүрэнгийн Самсунг Эс-7 эдже загварын гар утсыг "Хүнтэй утсаар яриад өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Би найз Нямзагарын автомашинд сууж байсан чинь махлаг биетэй Маралаа гэж өөрийгөө танилцуулсан хүүхэн надруу хүрч ирээд “Гар утсаар чинь нэг яриад өгье” гэж хэлж аваад буудал руу орсон. Би гадаа зогсож байгаад нөгөө хэдийн өрөө рүү орсон чинь Маралаа байхгүй байсан. Тэгээд ариун цэврийн өрөөнд үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд Маралаагийн гар утас руу залгасан чинь авахгүй байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Жамбалсүрэнгийн мэдүүлэг / хх 9-13 /, Жамбалсүрэн миний унтаж байсан өрөөнд орж ирээд Маралаа гэдэг найз чинь миний гар утсыг маань аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Жамбалсүрэн миний гар утсаар Маралаа руу залгаад байсан. Харин Маралаа гар утсаа аваагүй гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлэн гэрч Б.Нямзагарын мэдүүлэг / хх 16-17 /, …Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 23-24 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч З.Маралмааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.Маралмаа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүгдэгч З.Маралмаа нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч З.Маралмааг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Их Монгол овогт Залгамжийн Маралмааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Залгамжийн Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 / дөрвөн зуун ная / нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Маралмаад оногдуулсан 480.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Маралмаа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.Маралмаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Маралмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ