Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/720

 

 

 

 

    2025            06             10                                      2025/ДШМ/720

 

С.Э т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ /цахимаар/,

шүүгдэгч С.Э , түүний өмгөөлөгч Т.Багахүү,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/631 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүүгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.Э т холбогдох 2403 00686 0916 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч С.Э  нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хорооллын зүүн талын замд 2024 оны 08 дугаар сарын 29-ний орой 22 цаг 30 минутын үед Lexus RX400h маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Н ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Э ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил 1 хоногийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч С.Э ыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч С.Э  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил 1 хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт “С.Э ын жолоодож явсан Lexus RX400h-HU30 маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ, түүнчлэн хойд дугуйн тоормос зүүн гар талдаа стандартын шаардлага хангахгүй байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгч С.Э ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ” хэмээн дүгнэсэн.

Гэвч "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлтэд эвдрэл гэмтлийг “Авто тээврийн хэрэгсэл дээрх эвдрэл гэмтлүүд нь шинэ хуучны аль нь болохыг тогтоох боломжгүй байна" гэж дурдсан.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн үед осол гарсан үед үүссэн байх бөгөөд уг гэмтэл нь осол болоход нөлөөлөөгүй болохыг шинжээч тодорхой дурдсан байна. Харин анхан шатны шүүх дээрх эвдрэл гэмтэл нь хэрхэн осол болоход нөлөөлсөн талаар үндэслэл бүхий байдлаар дүгнэж чадаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой байдаг. Гэвч энэхүү автомашины стандартын шаардлага хангахгүй байгааг тогтоож чадаагүй хэрнээ шүүх гэм буруутай гэж үзсэн буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зорчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 дахь хэсэгт “гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шинжээч Ш.Ариун-Эрдэнэ, Э.Нямдаваа нарын мэдүүлэгт “...осол гарсан газар очиж ажиллах үед Lexus RX400h маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнаас зам дээр үүссэн ямар нэгэн тоормосны мөр үүсээгүй байсан...” гэж мэдүүлснийг үндэслэж Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.

Гэтэл шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгсэл нь тоормосны АВС тоормосны системтэй бөгөөд дугуйн хээ болон хурд, орчин, цаг агаар зэргээс шалтгаалан дугуйн мөр, тоормосны мөр гарахгүй байх боломжтой эсэхийг дүгнэсэн дүгнэлт, тэр талаар мөрдөн байцаалтын шатанд ямар ч ажиллагаа явуулаагүй. Тоормосолсон бол заавал дугуйн мөр гарна гэдэг нь урьдаас хөдөлбөргүй тогтоогдсон эсхүл нийтэд илэрхий зүйл биш юм.

Өөрөөр хэлбэл, аюул саад бий болохыг мэдсэн даруйдаа жолооч хурдыг хасах, зогсоох арга хэмжээг авсан үед тоормосны АВС системтэй тээврийн хэрэгслийн тоормосны мөр нь тасалдсан байдалтай, эсхүл хурдаас шалтгаан мөр гарахгүй байж болдог. Хэргийн материалын 1 дүгээр хавтаст хэргийн 12-14 дүгээр талын зураг 02, 10, 11-д тоормосны мөр гарсан болох нь гэрэл зурагт маш тодорхой байдлаар харагдаж байтал үүнийг үгүйсгэж няцаагүй бөгөөд ялангуяа зураг 02-т тоормосны мөр гарсан болохыг гэрэл зургаар бэхжүүлэн авсан байх тул С.Э  нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 заалтыг зөрчөөгүй байна.

Нөгөө талаас, М.Н  хохирогч өөрөө гүйж гарч ирсэн гэдгийг С.Э  өөрөө мэдүүлсэн байдаг. Тухайн осол болсон газар нь дундаа модоор тусгаарлагдсан гурван эгнээтэй эсрэг урсгал бүхий нийт 6 эгнээтэй зам байдаг. С.Э  нь гэнэт гарч ирсэн болохыг мэдсэн даруйдаа зогссон. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч нь жолоочийг хурдаа хассан, зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох ажиллагааг явуулаагүй буюу гэрч, жолооч нараас зогсоох арга хэмжээ авсан талаар мэдүүлэг аваагүй, ингээд шүүх хуралдаанд гэрч Н.Б, Н.Г, шүүгдэгч С.Э  нараас аюул саад бий болсон тохиолдолд зогсоох арга хэмжээ авсан эсэхийг өмгөөлөгч, улсын яллагч, шүүгч асуухад “тээврийн хэрэгсэл тоормосолж зогссон” гэх бөгөөд гэрч Н.Г “юм мөргөх чимээ гарахаас өмнө машин тоормосолж, бие урагшаа болсон, тэрний дараа юм мөргөх чимээ гарсан” гэж мэдүүлсэн.  

Гэтэл уг нотлох баримтыг анхан шатны шүүх үгүйсгэж дүгнээгүйгээс гадна шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгийг өөрчилсөн байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан дээрх гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээс илтэд зөрүүтэй буюу анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсгийг зөрчиж байгаа болно.

Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “А" үсгээр тээврийн хэрэгслээр зорчигчийг мөргөсөн цэгийг тэмдэглэсэн бөгөөд тээврийн хэрэгсэл зогссон цэг нь осол гарсан цэг дээр байгаа нь тээврийн хэрэгсэл осол гарахаас өмнө хурдаа хасах, зогсоох арга хэмжээг авсан болохыг илтгэж байна.

Өөрөөр хэлбэл, жолооч С.Э  нь харанхуй шөнө үзэгдэлт хангалтгүй үед тусгаарлах зурвас дахь модны цаанаас хурдтайгаар зам хөндлөн гарцгүй хэсгээр согтуугаар гүйж гарч ирсэн М.Н ыг харсан даруйдаа зогсоох арга хэмжээ авч зогсоход хохирогч тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байдаг.

Хэрэв С.Э  нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзвэл тухайн тээврийн хэрэгсэл нь А цэгээс хэдэн метрийн цаана зогссон байх учиртай юм.

Иймд миний үйлчлүүлэгч С.Э  нь дээрх үндэслэлүүдээр Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Энэ хэрэгт хохирогчийн буруутай үйлдлүүд хэд хэд байдаг. М.Н  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дахь хэсэгт заасан явган зорчигчийн үүргийн 5.8 дахь хэсэгт “Замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино.”, мөн 5.12 дахь хэсгийн “а/үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах”, “д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Мөн түүнчлэн М.Н  нь 1.58%-ийн спиртийн агууламжтай буюу архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.

Үүнээс гадна бүрий байсан буюу 21:00 цагаас хойш байхад их гэрэл буюу холын гэрлээ асаасан байсан ч хажуу талын модон дундаас согтуу хүн гэнэт гүйж гарч ирэхэд мөргүүлэх нь ойлгомжтой юм.

Тухайн зам гарсан газар нь явган хүний гарц биш модоор тусгаарлагдсан зам байсан мөн түүнчлэн хохирогч согтуу байсан бөгөөд гүйсэн зэрэг нь хохирогч М.Н ы буруутай үйлдлийн улмаас осол гарсан болохыг илтгэж байна.

Миний үйлчлүүлэгч С.Э  нь хэдийгээр М.Н д гэмтэл учруулсны буруутай боловч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл огт байхгүй.

Тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт шалган тогтоогоогүйн улмаас хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн магадлагаанд С.Э ыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.4, мөн дүрмийн 04 дүгээр хавсралтын 5.3 заалтуудыг зөрчсөн гэдгийг ямар нотлох баримтаар нотлон тогтоогдож буйг дурдаагүй бөгөөд харин ч тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөөгүй болохыг тогтоосон.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй"’ гэснийг үндэслэн тус эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч С.Э т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Э  давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг зогсоох арга хэмжээ аваагүй гэдэг. Намайг аюул осол болохыг урьдчилан мэдсэн гэдэг үүнийг юугаар нотлоод байна вэ. Миний машины урдуур гэнэт хүн орж ирэхээр нь би зогссон. Би зогсоох арга хэмжээ шууд л авсан. Аюул осол болохыг урьдчилж мэдсэн атлаа осол гаргасан гэж байгаа бол үүнийгээ нотлох шаардлагатай. Би үүн дээр гомдолтой байна. Тээврийн хэрэгсэл бүрэн бус байсан болохыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би 22 жил тасралтгүй машин барьсан. Миний насны хүн гэмтэлтэй машинтай явахгүй. Мөн авто тээврийн үзлэгт ороод 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байсан. Би тухайн үед 40 км цагийн хурдтай явж байсан. Би яаж мэдэж байна гэхээр 100 метрийн цаана явган хүний гарц байсан. Шар гэрэл солигдоод улаан гэрэл асаж байсан. Би хурдаа хасаж явж байсан. Мөн би урьд нь 5 сард уг зам дээр хурд хэтрүүлсэн гээд торгуулийн шийтгэл авч байсан. Би дахиад уг зам дээр хурд хэтрүүлэхгүй. Хэр хурдтай гүйж миний урдуур орсон болохыг тогтоох ажиллагаа хийгээгүй. Мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлтээ гаргасан боловч хүлээж аваагүй. Намайг харсаар байгаад мөргөсөн гэж буруутгаад байгаа бол нотлох хэрэгтэй. Надад зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Би нуруундаа хагалгаа хийлгэсэн. Жил болгон Хужирт руу явдаг. Надад өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч С.Э  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “тоормосны мөр үүсээгүй” гэж байгаа нь тоормослох арга хэмжээ аваагүй болохыг илтгэнэ. Мөн техникийн шинжээчийн дүгнэлтээр зүүн талын гэрэл стандартын шаардлага хангахгүй байгаа талаар дурдсанаас гадна хохирогч зүүн талаас гарч ирсэн байдаг бөгөөд мөргүүлэх үедээ машины дунд хэсэгт мөргөгдсөн байдаг. Яг зүүн талын гэрлийг мөргөөгүй. Мөн зорчих хэсгийн хоёр дугаар эгнээнд мөргөгдсөн. Хохирогчийн гарч ирж буй тал ямар нэгэн юмаар халхлагдсан зүйл байгаагүй цаад талын зам нь харагдахуйц байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан болох нь тогтоогдсон. Жолооч аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах гэсэн зохицуулалт нь болгоомжгүй гэмт хэрэг дээр мэдэх боломжтой зүйлийг, харах боломжтой зүйлийг харж анзаарахгүй хайнга хандсанаар тухайн хүнийг харахгүйгээр мөргөсөн үйлдлийг хэлж байгаа заалт юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э ын өмгөөлөгч Т.Багахүүгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч С.Э  нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хорооллын зүүн талын замд 2024 оны 08 дугаар сарын 29-ний орой 22 цаг 30 минутын үед Lexus RX400h маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Н ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

               Хохирогч М.Н ы “...Би 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт найзын гэрийн гадаа гудамжинд Ч, Х, Б, А, С нартай хамт ногоон Экс нэртэй цагаан архи 750 грамм, 500 грамм 2 шил архийг хувааж уусан. Тэгээд би Буянт-Ухаа-2 хорооллын гадаа ирээд Т, Э нартай тааралдаж жаахан юм ярьж байгаад салаад явсан. Би ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүг чиглэлтэй Шинэ яармаг хорооллын автобусны буудал дээрээс такси барих зорилготой зам гарч байхад ертөнцийн зүгээр урд зүгээс хойд зүг чиглэлтэй нэг автомашин маш их хурдтай ирээд мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан, юу ч санахгүй байна. Миний биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархай урагдал, их сэмжний урагдал, бүдүүн гэдэсний няцрал, хэвлийн хөндий дэх цусан хураа, нарийн гэдэсний саа саажилт, хэвлийн хөндийд зулгаралт, цус хуралт гэмтэл учирсан. Эмчилгээний зардалд 1.250.000 төгрөг авсан. Зорчих хэсгийн хоёр тал хоёулаа гэрэлтэй байсан, цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй, явган хүний гарц байхгүй байсан. Би бүтэн биеийн томографын зураг авхуулж, эмчилгээний төлбөр мөнгийг бүрэн гаргуулж авмаар байна. Би ажил хийж байсан, тээврийн хэрэгсэлд мөргүүлээд ажил хийж чадахаа больсон. Ажил хийж чадах хүртэл нөхөн олговрыг гаргуулж авмаар байна. ...” /хх18/,       

               шинжээч Э.Нямдаваагийн “...Би тухайн үед жижүүрийн бүрэлдэхүүнтэй зам тээврийн осол гарсан газар очиж ажиллах үед Lexus RX400h маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнаас зам дээр үүссэн ямар нэгэн тоормосны мөр үүсээгүй байсан. ...” /хх27/,

               гэрч Н.М “...Техникийн хяналтын үзлэгийг тоног төхөөрөмж ашиглан үзэхэд зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал нь Монгол Улсын авто тээврийн стандартын шаардлага хангахгүй байсан. Зам тээврийн осолд хэрхэн нөлөөлөхийг тогтоох боломжгүй байна. ...” /хх22/,

               гэрч Н.Г “...Lexus RX400h маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын голын сандал дээр суугаад явж байсан чинь машин нэг юм мөргөж байгаа чимээ гарсан. Тээврийн хэрэгслийн цонхоор харсан чинь машины урд нэг хүн хэвтэж байгааг харсан. Тэгээд жолооч Энхбаяр буугаад нөгөө мөргүүлсэн хүн дээр очоод түргэн болон цагдаад дуудлага өгсөн. ...Миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл 50км цагийн хурдтай явж байсан. Тээврийн хэрэгслийн жолооч гар утас болон гар утастай төсөөтэй зүйл хэрэглээгүй байсан. Тээврийн хэрэгсэл дотор 4-лээ явж байсан. ...Ямар ч байсан тээврийн хэрэгсэл дотор сууж явж байхад донсолгоо байхгүй, зорчих хэсэг ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, зорчих хэсгийн гэрэл асаалттай байсан. ...” /хх29/,

               гэрч Н.Б “...Lexus RX400h маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд талын сандал дээр суугаад явж байсан чинь машин нэг юм мөргөж байгаа чимээ гарсан. Тэгээд тээврийн хэрэгслийн цонхоор харсан чинь машины урд нэг хүн хэвтэж байгааг харсан. Тэгээд жолооч Энхбаяр буугаад нөгөө мөргүүлсэн хүн дээр очоод түргэн болон цагдаад дуудлага өгсөн. ...Би хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. ...” /хх32/,

               гэрч У.Т “...Lexus RX400h маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын сандал дээр суугаад явж байсан, гэнэт хүн урдуур ороод ирлээ гээд хүүе яана аа, түргэн болон цагдаа дуудаарай гэж хэлээд буруу хараад уйлаад машин дотор сууж байсан. ...хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй. ...” /хх35/,

               С.Э ын яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 29-ний орой 21 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр байрлах Чингис хаан нисэх онгоцны буудал дээр хүн хүргэж өгөөд буцаад 22 цагийн үед Чингис хаан нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хотын чиглэлтэй ертөнцийн зүгээр урд зүгээс хойд зүг чиглэлтэй өөрийн эзэмшлийн Lexus RX400h маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Буянт-Ухаа-2 хорооллын зүүн талын төв засмалын 2 дугаар эгнээ буюу голын эгнээд явж байсан, миний хойд талд ямар нэгэн машин байхгүй байсан. Би явган хүний гэрэл дохио хараад 100 метрийн цаана байна гэж бодоод явж байсан. Тэр үед явган хүний гэрэл дохио улаан гэрэлтэй байсан. Тэгээд би явж байсан чинь миний жолоодож явж байсан тээврийн хэрэгслийн зүүн гар талаас явган зорчигч гэнэт гүйж гарч ирсэн. Тэгээд нөгөө явган зорчигчийг мөргөөд миний жолоодож явж байсан тээврийн хэрэгслийн хамар дээр гараад ирсэн би тээврийн хэрэгслийг тоормос гишгээд зогсоох үед нөгөө явган зорчигч зам дээр унасан. Тэгээд би тээврийн хэрэгслийнхээ аваарын гэрлийг асааж тээврийн хэрэгслээс бууж очсон. Очих үед нөгөө явган зорчигч доош харсан байрлалтай хэвтэж байсан. Тэгээд би цагдаа болон түргэн тусламжийг 22 цаг 37 минутад залгаж дуудсан. ...” /хх120/,

               шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх3/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-7, 12-14/, шүүгдэгч С.Э ыг согтуурсан эсэхийг шалгасан драгер төхөөрөмжийн баримтаар спиртийн агууламж:0.00% /хх8/, хохирогч М.Н ыг согтуурсан эсэхийг шалгасан драгер төхөөрөмжийн баримтаар спиртийн агууламж:1.58% /хх9/,

               “Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 317 дугаартай: “...урд капуд дунд хэсгээрээ дотогш 40 см орчим хонхойсон, капудны урд нүүр байхгүй, улсын дугаарын 1 гэрэл асахгүй, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1800сd, хол дээрээ 1800сd байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгсэл дээрх эвдрэл гэмтлүүд нь шинэ хуучны аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4,ЗЗкН, баруун талдаа 3,93кН, зөрүү нь 9% (стандарт <20%) стандартын шаардлага хангаж байна, хойд дугуйн тоормос зүүн талдаа 3,79кН, баруун талдаа 2,11 кН, зөрүү нь 44% (стандарт <30%) стандартын шаардлага хангахгүй байгаа нь тоормосны систем хэвийн бус ажиллаж байгааг илтгэнэ. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай. ...Уг автотээврийн хэрэгслийн их гэрэл нь НСR маркийн фар бөгөөд тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1800сd, хол дээрээ 1800сd, баруун талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 23700сd, хол дээрээ 10600cd (стандарт 10000-с дээш) байх буюу зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. ...” гэх дүгнэлт /хх93-97/,

               Шүүх шинжилгээний ерөнхий газрын 11530 дугаартай “...М.Н ы биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархай урагдал, их сэмжний урагдал, бүдүүн гэдэсний няцрал, хэвлийн хөндий дэх цусан хураа (600-700 мл), нарийн гэдэсний саа саажилт, хэвлийд зулгаралт, цус хуралт, хамар, зүүн хацар, хоёр тохой, сарвуу, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ..." гэх шинжээчийн дүгнэлт /хх102-104/, хохирогчийн Гэмтэл Согог судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх60-89/,

               мөрдөгчийн 1707 дугаартай “...Lexus RX400h маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Э  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч М.Н  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадалгаа /хх108/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Э ыг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч М.Н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар С.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 хоногийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг буруутган дүгнэх боломжгүй юм.

Харин, анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Э т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа зорчих эрх хязгаарлах ялын хүрээг хэт өргөнөөр буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Зорчих эрх хязгаарлах ял нь нийгмээс хүнийг бүрэн тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраас явах, өөрчлөх, тодорхой газарт очихыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэх зэрэг хэлбэрээр хэрэгжих учиртай.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаарлалт тогтоох хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр ялтны гадагш зорчихгүй байх хязгаарлалтын бүсийг хэт өргөнөөр буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж болох аймаг, нийслэл, эсхүл сум, дүүргийн нутаг дэвсгэрээр хялбарчилж тогтоох, эсхүл үндэслэл заахгүйгээр хязгаарлалын бүсийг хэт хумьж ялтны оршин суугаа баг, хорооны нутаг дэвсгэр, эсхүл оршин суух тодорхой хаяг буюу гэрээсээ гарч явахыг хориглох нь ял оногдуулах үндэслэл, журамд нийцэхгүй бөгөөд уг ялын хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Иймээс шүүхээс хүлээлгэсэн зорчих эрхийн хязгаарлалт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжлийн үр нөлөөтэй байх шаардлагыг хангахаас гадна ялтан ял завших, эрх бүхий байгууллагаас уг ялын хэрэгжилтэд тасралтгүй техникийн болон биечилсэн хяналт тавих боломжийг хязгаарласан шинжтэй байж болохгүй.

Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан.

 Хоёрдугаар хавтас хэргийн 46 дугаар талд авагдсан 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар шүүгдэгч С.Э  нь “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмон 11 дүгээр гудамж, 37-а тоот” хаягт бүртгэлтэй байх боловч тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн оршин суух хаягийг “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар байрны 33 тоот” хаягт амьдарч байгаа талаар мэдүүлсэн учир түүнд 2 дүүргийн нутаг дэвсгэрээр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг хумьж, оршин суух хаягийн нутаг дэвсгэрээр буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч С.Э ын өмгөөлөгч Т.Багахүү “...1. Анхан шатны шүүх техникийн эвдрэл гэмтэл нь хэрхэн осол болоход нөлөөлсөн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтийн дагуу мөрдөн байцаалтын шатанд ямар ч ажиллагаа явуулаагүй. 2. ...осол болсон газар нь дундаа модоор тусгаарлагдсан гурван эгнээтэй эсрэг урсгал бүхий нийт 6 эгнээтэй зам бөгөөд мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч нь жолоочийг хурдаа хассан, зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох ажиллагааг явуулаагүй буюу гэрч, жолооч нараас зогсоох арга хэмжээ авсан талаар мэдүүлэг аваагүй. 3. ...Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан дээрх гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээс илтэд зөрүүтэй буюу анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн зөрүүтэй.  4. ...Хохирогч нь үзэгдэлт хангалтгүй үед тусгаарлах зурвас дахь модны цаанаас хурдтайгаар зам хөндлөн гарцгүй хэсгээр гарч ирсэн ба 1.58%-ийн согтолттой байсан бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дахь хэсэгт заасан явган зорчигчийн үүргийн 5.8 дахь хэсэг, 5.12 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч С.Э т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж, 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг 2.3 дахь заалтад “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд, зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байхаас гадна анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан үйл баримтад нэг бүрчлэн үнэлэлт, дүгнэлт өгчээ.  

Тодруулбал, шүүгдэгч С.Э ын өмгөөлөгч Т.Багахүү нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан дээрх гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээс илтэд зөрүүтэй буюу анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн зөрүүтэй гэж маргасан хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Ганцэцэгийн “...машин нэг юм мөргөж байгаа чимээ гарсан. Тэгээд тээврийн хэрэгслийн цонхоор харсан чинь машины урд нэг хүн хэвтэж байгааг харсан. ...” /хх29/, гэх, гэрч Н.Б “...машин нэг юм мөргөж байгаа чимээ гарсан. Тэгээд тээврийн хэрэгслийн цонхоор харсан чинь машины урд нэг хүн хэвтэж байгааг харсан. ...” /хх32/ гэх мэдүүлгүүд нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн гэрч Н.Ганцэцэгийн “...шүүгдэгчийн өмгөөлөгчийн: Хүн мөргөөд дуу чимээ гарсны дараа хүн урагшаа болоод байна уу, тоормос гишгээд урагшаа болох үед дуу чимээ гарсан уу гэхэд, гэрч Н.Г: Тэрийг сайн санахгүй байна. ...” /хх220/ гэх, гэрч Н.Б “...Шүүгдэгчийн өмгөөлөгч: Осол болох үед тоормос гишгэх, хурд хасах, зогсоох үйлдэл машин хийсэн үү гэхэд, гэрч Н.Б:Утсаа оролдоод явж байхад гэнэт тоормос гишгэсэн, улсын яллагч: Тоормослоод зогссоны дараа хүн байсан уу гэхэд, гэрч Н.Бурмаа: Машин зогсоход хүн байсан. ...” гэсэн мэдүүлгүүд өөр хоорондоо агуулгын хувьд харилцан зөрүүгүй байх бөгөөд зөрүүтэй гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч С.Э ын үйлдсэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсоноос үүссэн болох нь хавтас хэргийн 93-97 дугаар талд авагдсан “...Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4,ЗЗкН, баруун талдаа 3,93кН, зөрүү нь 9% (стандарт <20%) стандартын шаардлага хангаж байна, хойд дугуйн тоормос зүүн талдаа 3,79кН, баруун талдаа 2,11 кН, зөрүү нь 44% (стандарт <30%) стандартын шаардлага хангахгүй байгаа нь тоормосны систем хэвийн бус ажиллаж байгааг илтгэнэ. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай. ...Уг автотээврийн хэрэгслийн их гэрэл нь НСR маркийн фар бөгөөд тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1800сd, хол дээрээ 1800сd, баруун талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 23700сd, хол дээрээ 10600cd (стандарт 10000-с дээш) байх буюу зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна...” гэх Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 317 дугаартай дүгнэлт, хавтас хэргийн 108 дугаар талд авагдсан “...Lexus RX400h маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Э  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч М.Н  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэх мөрдөгчийн 1707 дугаартай магадалгаа зэргээр нотлогдон тогтоогдож байх ба энэхүү дүгнэлт, магадлагаа нь тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд гаргасан техникийн шинжээчийн дүгнэлт юм.

Өөрөөр хэлбэл, тусгай мэдлэг бүхий авто тээврийн мэргэшсэн инженер нь тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, стандарт 10000-с дээш байх үзүүлэлт буюу зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1800сd, хол дээрээ 1800сd байгаа нь шаардлага хангахгүй, мөн хойд дугуйн тоормос зүүн талдаа 3,79кН, баруун талдаа 2,11 кН, зөрүү нь 44% (стандарт <30%) стандартын шаардлага хангахгүй гэснийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэхүү техникийн шинжээчийн дүгнэлттэй мөрдөгчийн магадлагаа нийцсэн, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг болно.

Иймд шүүгдэгч С.Э ын өмгөөлөгч Т.Багахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/631 дүгээр шийтгэх тогтоолд магадлалд дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/631 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч С.Э ыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э ыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

           ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

                       ШҮҮГЧ                                                 С.БОЛОРТУЯА