Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/02200

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, У******* овогт Ц*******ын Д******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин байх Х******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчдын ****** орон сууцны ******* дугаар байрны 9 тоот автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Д*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А оролцож, тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Д******* нь хариуцагч Х******* ******* ХХК-д холбогдуулан төрийн албан хаагчдын ****** орон сууцны ******* дугаар байрны 9 тоот автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Х******* ******* компани нь төрийн албан хаагчдыг орон сууцжуулах зорилгоор Дархан-Уул аймгийн 11 дүгээр багт 2021 оноос орон сууц барьж эхэлсэн байна. Дээрхи нэр бүхий нэхэмжлэгч Х******* ******* компанитай 2023 онд 09 тоот авто зогсоолыг худалдах, худалдан авах гэрээ хийж 18 мкв авто зогсоолыг 23,392,000 төгрөгөөр авахаар болж төлбөрийг 100% төлсөн байна. Тухайн үед компанийн зүгээс хаан банкны барьцаанд байсан бодит байдлыг нууж байрны гэрчилгээг болон авто зогсоолын гэрчилгээг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэж олон удаа хэлснээс хойш 2 жил өнгөрлөө. Энэ асуудлаар манай байрны захиалагч Б.Н, С.Б нэр залилангийн хэргээр 2023 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандсан боловч иргэний хэрэг байна гэсэн хариуг өгчээ. Б.Н С.Б нар нь иргэний хэргийн тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хандаж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х******* ******* компани хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр гарсаныг нэхэмжлэгч би олж мэдлээ. Бидний зүгээс энэ байдлуудыг ойлгож мэдсэн тул шүүхэд хандаж байгаа болно.

Нэхэмжлэгч Ц******* овогтой Д*******г ******* дугаар байрны зоорийн давхарын 09 авто зогсоолын шудрага өмчлөгчөөр тогтоолгох, Х******* ******* компани Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст нэхэмжлэгчийн *******-р байрны зоорийн давхарын 09 тоот авто зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Х******* ******* ХХК нь Хаан банкны Дархан-Уул аймгийн салбарт 499,176,937 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд тухайн зээлийг төлж барагдуулж, ******* дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй айлууд чөлөөлөгдөх бөгөөд тухайн зээлийг төлж, барьцаалбар чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлэх бөгөөд хуулийн хугацаанд гэрчилгээг гаргуулж өгөх болно.

Х******* ******* ХХК-ийн зүгээс иргэн Ц.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрчилгээ гаргуулах асуудлаар холбогдох байгууллагад материалыг бүрдүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлэх болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Д******* нь хариуцагч Х******* ******* ХХК-д холбогдуулан Төрийн албан хаагчдын ****** орон сууцны ******* дугаар байрны 9 тоот автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Х******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Х******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* нь Төрийн албан хаагчдын ****** орон сууцны ******* дугаар байрны 9 тоот автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай Ц.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Х******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х******* ******* ХХК-иас 267,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Д*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ