Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 635

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,                            

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч Х.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Хүрэлбаатарын Батбаатарт холбогдох эрүүгийн 1811019620714 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, барилгын машин механизмын инжинер мэргэжилтэй, барилгын компанид ажилдаг гэх, ам бүл 2, охины хамт Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо Хувьсгалчдын В-ийн 4-371 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ЧМ 79120576 / Боржигон овогт Хүрэлбаатарын Батбаатар нь:

 

- 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо Хувьсгалчдын В-ийн 5 дугаар гудамжинд иргэн Н.Цэрэнбатын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 08-11, 14-15 /

Хохирогч Н.Цэрэнбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад би гэртээ бууз жигнүүр дээр тавьчихаад дэлгүүрээс салат авах гээд хашааны хаалганы гадаа гартал Х.Батбаатар ах гудамжны баруун талаас ганцаараа ирж байсан. Намайг “Чи хэн бэ?” гэхээр нь “Та юу гээд байгаа юм бэ?” гэхэд Х.Батбаатар ах миний мөр рүү цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд хөл рүү нь өшиглөхөд намайг заамдаж аваад бие биенийгээ шанаа руу нь цохилцоод салсан. Тэгээд миний зүүн чихний дээд хэсэгт юмаар хүрээд авах шиг болоод мөр рүү халуу оргиод явчихаар нь гараараа хүртэл чийг даагаад явчихсан. Зүүн мөр, баруун нүд, хацар руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Зүүн чих болон чихний дээд хэсэгт хүрэх шиг болсон чинь зүссэн байна лээ. Оёдол тавиулсан гэжээ. / хх 19-20 /

 

Гэрч Т.Пүрэвжав мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад хадам ээжийн гэрийн гадаа ирээд хашааны гадаа хамт ажилладаг П.Баасанцэрэнтэй уулзаад юм яриад зогсож байсан. Тэгсэн гудамжны зүүн талын буланд 3-4 хүн зогсож байсан. Тухайн хүмүүсийн хоёр нь хоорондоо маргалдаад чанга хашгираад байсан. Тэгээд хоёр залуу нь нэг нэгнээ газар унагаад дээр доороо ороод ноцолдоод байсан. Би “Больцгоо” гээд хашхирсан чинь тоохгүй, дээр доороо ороод ноцолдоод байсан. Тухайн 2 залуугийн дээр нь байгаа хүн доор байгаа залуугийн нүүр орчим цохиод байх шиг байсан гэжээ. / хх 25 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8420 дугаар дүгнэлтэнд:

1. Н.Цэрэнбатын биед зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэнд шарх, баруун зовхинд шарх, цус хуралт, хоёр мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. / хх 31 /

 

Шүүгдэгч Х.Батбаатарыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 38-39 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 44 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Х.Батбаатар нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо Хувьсгалчдын В-ийн 5 дугаар гудамжинд иргэн Н.Цэрэнбатын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 08-11, 14-15 /, ... Намайг “Чи хэн бэ?” гэхээр нь “Та юу гээд байгаа юм бэ?” гэхэд Х.Батбаатар ах миний мөр рүү цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд хөл рүү нь өшиглөхөд намайг заамдаж аваад зүүн мөр, баруун нүд, хацар руу гараараа хэд хэдэн удаа цохисон гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлэн хохирогч Н.Цэрэнбатын мэдүүлэг / хх 19-20 /, …гудамжны зүүн талын буланд 3-4 хүн зогсож байсан. Тухайн хүмүүсийн хоёр нь хоорондоо маргалдаад чанга хашгираад байсан. Тэгээд хоёр залуу нь нэг нэгнээ газар унагаад дээр доороо ороод ноцолдоод байсан. Тухайн 2 залуугийн дээр нь байгаа хүн доор байгаа залуугийн нүүр орчим цохиод байх шиг байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Пүрэвжавын мэдүүлэг / хх 25 /, …Н.Цэрэнбатын биед зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэнд шарх, баруун зовхинд шарх, цус хуралт, хоёр мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8420 дугаар дүгнэлт / хх 31 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Батбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Батбаатар    нь эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн / хх 57 / тул төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүгдэгч Х.Батбаатар нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүхээс шүүгдэгч Х.Батбаатарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр  зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Хүрэлбаатарын Батбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Хүрэлбаатарын Батбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Батбаатарт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Батбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Батбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАТЖАРГАЛ