| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2418000000870 |
| Дугаар | 2025/ДШМ/45 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/45
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2418000000870 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн,
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт *******-******* ******* улсын дугаартай Тоуоtа рrius маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* ******* овогт ******* согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 02 жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялаас хасаж биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 01 жил 09 сар 13 хоногоор тогтоож,
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
... Шүүгдэгч миний бие нь өөрийн гаргасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа ямар нэгэн маргаан байхгүй. Мөн гаргасан үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Миний бие нь энэ хэргийн улмаас 77 хоног цагдан хоригдсон ба энэ хугацаа надад маш том сургамж болсон. Шүүгдэгч миний бие нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09- сарын 23-ны өдрийн 2012/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн шийдвэрт гомдол үгүй болно.
Шүүгдэгч миний 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрхийг нэг жилээр хязгаарласан ялыг хөнгөрүүлж торгох ял оноож өгөөч хэмээн хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна. Хэргийн материалд байгаачлан би ганц охинтой, охин маань 2026 оны 9 сард сургуульд орно. Би нийслэл хотын түгжрэл, утаа, агаарын бохирдол, гэмт хэргийн гаралт зэрэг шалтгаануудын улмаас охиноо Дархан-уул аймагт сургуульд оруулахаар эртнээс төлөвлөсөн байсан. 2 жил зорчих эрх хязгаарлах ял эдлэхэд миний охин сонгосон орчиндоо суралцах боломжгүй болж байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нэг жилийн зорчих эрх хязгаарлах ялыг торгуулийн ялаар хөнгөрүүлэн оноож өгнө үү. Өөрийн буруутай үйлдлээс үүдэж ийм нөхцөл байдалд орчхоод хууль шүүхийн байгууллагад төвөг чирэгдэл учруулж байгаадаа түмэнтээ хүлцэл өчье... гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заанаар шүүгдэгч *******ын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт *******-******* ******* улсын дугаартай Тоyота Приус маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий байна.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох хэргийн бодит байдлыг зөв тогтоож, тогтоогдсон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлаж, хэргийг зөв зүйлчилжээ.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэм буруутай хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг дүгнэх нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд захирагдах зарчмын үндсэн шалгууруудын нэг юм.
Эрүүгийн хариуцлага нь хүмүүнлэг, энэрэнгүй байх, нийгмээс тусгаарлахгүй байхад анхаарч, хорих ял шийтгэхээс зайлсхийх чиг хандлага зонхилох болсон хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал,, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг хоорондын давтамжийн хугацаа зэргийг харгалзан ял шийтгэлийн төрөл хэмжээг дараагийн үйлдсэн нэг ижил төрлийн гэмт хэрэгт давтан оногдуулах, эсхүл өмнөх ялаас хөнгөн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын үр нөлөөг сулруулдаг сөрөг үр дагавартай.
Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Э.Энх-Амрын 2024 оны 01 сарын 02-ны 07*******914 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгүүлсэн.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна.
Мөн 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт *******-******* ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг 1.02%-ийн согтолттой буюу согтуугаар жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жил 1 сарын хугацаагаар хасуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүхээс гэмт хэргийн нийгмийн аюулын шинжид илтэд тохироогүй ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд заасан эрх хасах ял гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохоор хуульчилжээ.
Шүүгдэгч ******* холбогдох хэргийн хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн эрх хасах ял шийтгэсэн бол нэмж нэгтгэн нийт эдлэх нэмэгдэл ялын хэмжээг тогтоох ба хэд хэдэн өөр эрхийг хасах байдлаар ял шийтгэсэн тохиолдолд тус тусад нь эдлүүлэхээр тогтоох байтал анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд нэмэгдэл ялыг хэрхэн нэмж нэгтгэхийг зохицуулаагүй байна. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй тул нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялтай нэмж нэгтгэлгүй тус тусад нь эрх хасах ялын хугацаа тоолохыг тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн гаргасан “шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар хөнгөрүүлэн оноож өгнө үү” гэх агуулга бүхий гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
З.ТӨМӨРХҮҮ