| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 106/2016/0273/Э |
| Дугаар | 629 |
| Огноо | 2016-10-04 |
| Зүйл хэсэг | 091.2.2, 145.1., 153.1., 243.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 629
А.Насантогтоход холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Мөнхтуяа,
ялтан А.Насантогтох, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяа, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Насантогтох, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Насантогтоход холбогдох эрүүгийн 2014260005928 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Шиваа ширээт овогт Авирмэдийн Насантогтох, 1991 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 2 дугаар баг, Урангийн 10 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: АО91041714/,
А.Насантогтох нь 2014 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Bonus club” төвийн подвалд байрлах интернэт тоглоомын газарт иргэн Б.Ариунцэцэгийг “Тэнэг юмуу” гэж хэллээ, “Намайг алгадлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр хоолойг нь боож, санаатай алсан,
- иргэн Ч.Баянмөнхийн интернэт тоглоомын газрын орлогыг Б.Ариунцэцэгээс хулгайлан авч нийт 780.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- дээрх гэмт хэргийн ул мөрийг баллах зорилгоор тус интернэт тоглоомын газрын хяналтын камер, компьютерийн хард дискийг холбох хэрэгслийн хамт санаатай устгаж, иргэн Ч.Баянмөнхөд 382.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- мөн дээрх интернэт тоглоомын газарт хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: А.Насантогтохын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 145 дугаар зүйлийн 145.1, 153 дугаар зүйлийн 153.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Насантогтохыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж, А.Насантогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар А.Насантогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, А.Насантогтохын энэ хэрэгт цагдан хоригдсон 569 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үсний хэсэг, хумсны арчдас, үс болон хумсны дээж зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн тэмдэглэлийн дэвтрийг хэрэгт хавсарган үлдээж, 666.420 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар А.Насантогтохоос 6.000.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяад олгож, 113.580 төгрөг гаргуулж улсын орлого болгож, А.Насантогтоход урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Ялтан А.Насантогтох гаргасан давж заалдах гомдолдоо: “…хэрэг болдог өдөр би тоглож байгаад гарах гэтэл Ариунцэцэг намайг алгадаад, өшиглөхөд нь би болиулах гэж байгаад өөрийн мэдэлгүй нэг л мэдэхэд боогоод алсан байсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Миний буруу. Иймд миний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллаж өгнө үү. Харин би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.
Ялтан А.Насантогтохын өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Насантогтохыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Амь хохирогчийг танхайн сэдэлтээр санаатай алсан нь нотлох баримтаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэж шийдвэрлэсэн. Зөвхөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийн зарим хэсэгт тулгуурлан дүгнэсэн нь буруу болсон.
Мөн ялтан А.Насантогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсанд гомдолтой. Учир нь хохирогчийн хууль ёсны өмч эсвэл гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн эд хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө эсэхийг шүүх, прокурор зөв дүгнэж чадаагүй. Хэрэв Эрүүгийн хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулахдаа хэрэглэсэн эд зүйлс мөн бол түүнийг хууль ёсны өмч гэж үзэхгүйгээс гадна эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураадаг хуулийн зохицуулалт үйлчилж байна. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулснаас олсон хууль бус орлого гэж үзвэл уг мөнгийг хэн нэгний хууль ёсны өмч гэж тооцох үндэсгүй. Гэтэл анхан шатны шүүх хохирогч Баянмөнхийн хулгайд алдсан 780.000 төгрөгийг улсын орлогод хурааж шийдвэрлэснээс үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гараагүй, шүүгдэгчид энэ зүйл хэсгээр ял сонсгож, улмаар ял шийтгэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй болсны нотолгоо юм. Иймд шийтгэх тогтоолд А.Насантогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэм буруутайд тооцон зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...маш их гомдолтой байна. Энэ хэрэг гарсаар бүтэн хоёр жил болж байна. Одоо болтол хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Гэм буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээг авч өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяагийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүхээс ялтны гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан...” гэв.
Прокурор Д.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан. Анхан шатны шүүхээс ялтан А.Насантогтохын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд А.Насантогтох нь 2014 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны өдөрт шилжих шөнө 19 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Bonus club” төвийн подвалд байрлах интернэт тоглоомын газарт очиж, цахим сүлжээгээр бусадтай мөрийтэй тоглож, шөнийн 01 цаг хүртэл тоглохдоо 470.000 төгрөг бусдад алджээ. Тэрээр мөнгөө алдсандаа бухимдан хохирогч Б.Ариунцэцэгийг “Хэт их мөнгө алдсан байна. Одоо боль” гэж хууль ёсны шаардлага тавихад нь эсэргүүцэн, түүний “...Чи болиоч ингэж их мөнгө алдаж байж, тэнэг юмуу...” гэж хэлсэн гэх үл ялих зүйлээр шалтаглан, түүний хоолойг боож алсан. Улмаар уг өрөөнд хяналтын камер байгааг хараад текний дээд хэсэгт байрласан камерыг тайлж аваад кабель утсаар дамжуулан бичлэг хадгалах өрөө рүү орж компьютерийн бичлэг хадгалдаг хард дискийг салгаж авч устган, тоглоомын газраас гарахдаа ширээний хажууд байсан Б.Ариунцэцэгийн паскнаас орлогын мөнгө болох 780.000 төгрөгийг хулгайлж авсан тус тусдаа сэдэлттэй үйлдэгдсэн гэмт хэргүүдийн үйл баримт тогтоогдож байна .
Нэг. А.Насантогтох нь 2014 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Bonus club” төвийн подвалд байрлах интернэт тоглоомын газарт иргэн Б.Ариунцэцэгийг “Тэнэг юмуу гэж хэллээ, намайг алгадлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр хоолойг нь боож, санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяагийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...бидний зүгээс маш их гомдолтой байна. “Bonus club”-ээс дүүгийн маань цалингаас гадна, 9.000.000 төгрөгийг тусламж болгон өгсөн. А.Насантогтохоос нийт 11.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг, гэм хорын хохиролд 6.000.000 төгрөг орж байгаа. А.Насантогтохоос өмнө нь 4.000.000 төгрөгийг авч байсан. Хүний амь насыг үнэлэх боломжгүй...” /4хх-13/,
гэрч Ц.Нармандахын “...би цагдаагийн 102 дугаарын утсанд “Манай дүү алга болчихлоо” гэж мэдээлсэн юм. Тэгээд би утсаар яриад дууссан чинь уг тоглоомын газрын эзний эхнэр нь ирээд, манай эгч Сарантуяа нар эхлээд тэр газар луу орсон. Хаалганы баруун талд доошоогоо харчихсан ... талийгаачийн хамарнаас бага зэрэг цус гарсан хэвтэж байсан...” /1хх-109/,
гэрч Ц.Сарантуяагийн “...Болороо гэх эмэгтэй нь ирээд хаалгыг түлхүүрээ хагас түлхсэн чинь онгойгоод ороход талийгаач хаалганы зүүн талд хана мөргөөд доошоо хараад унасан байдалтай, толгой хэсэгт нүүрэн доор нь хатсан цус шиг өнгөтэй зүйл байсан. Хаалга нь ерөнхийдөө түгжээтэй байсан...” /1хх-114/,
гэрч Л.Болорбуянгийн “...2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цаг 20 минутын үед манай тоглоомын газрын төвөөс нэг хүн залгаад “Танайх тооцоогоо өгөөгүй байна, танай ажлын охины утас нь холбогдохгүй байна” гэхээр нь би нөхөртөө энэ тухай хэлчихээд талийгаачийн утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан... интернэт тоглоомын газрынхаа хаалганд түлхүүрээ хийгээд хагас эргүүлээд дотогшоо орсон чинь хаалганы зүүн талд байдаг ногоон өнгийн дрожин дээр талийгаач түрүүлгээ хараад хэвтэж байсан...” /1хх-131-133, 249/,
гэрч Э.Мөнхбаярын “...2014 оны 11 дүгээр сарын 26-ны ... орой 18 цагийн үед “Bonus club”-ийн подвалд байрлах интернэт тоглоомын газрын ажилтан эмэгтэй дотор хаалганы хажууд нас барсан байдалтай хэвтэж байсан...” /1хх-148/,
ялтан А.Насантогтохын яллагдагчаар өгсөн “...тухайн үед би уг интернэт тоглоомын газар тоглож байгаад бэлнээр их хэмжээний мөнгөө алдчихсан учраас дотроо их бухимдалтай байсан. Тэгээд би одоо больё гэж бодоод гарах гэж байтал тоглоомын газрын ажилтан эмэгтэй нь “Чи одоо болиоч, яасан их мөнгөөр тоглодог юм” гээд над руу дайрч давшилаад хэрүүл хийх гээд байхаар нь би түүнд гаръя гэж хэлээд үүд рүү явсан. Тэгтэл “Би чамтай яриад байгаа юм биш үү, хөөш” гээд араас өшиглөөд авахаар нь гэнэт миний уур хүрээд эргэж хараад “Чи ер нь яах гээд байгаа юм ... чамд миний яах хамаагүй, миний аваад суусан эхнэр юм уу” гэтэл талийгаач намайг алгадаад авахаар нь ... би түүнийг эхлээд гараараа хоолойг нь боох гэтэл боолт сайн орж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би хажуу өлгүүрт тохоод тавьчихсан байсан уяаг авч нэг мөсөн алчихъя гэж бодоод уг уяагаараа талийгаачийн хоолойг хоёр ороож боосон. Тэгтэл талийгаач нэг хэсэг эсэргүүцэж байснаа гар болон бие нь сулраад хөдөлгөөнгүй болчихсон. Тухайн үедээ би түүнийг үхчихлээ гэдгийг мэдсэн...” /1хх-207, 2хх-27/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газарт болон цогцосны гадна байдалд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-2-21, 27-29, 30-36, 52, 90-93/, ялтан А.Насантогтохын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэмт хэрэг үйлдсэн газрыг зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-89-94/, талийгаач Б.Ариунцэцэгийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2189 тоот “...талийгаачийн биед хүзүү, хоолойд дарагдлын ором, зүүн дээд зовхины няцрал цус хуралт, хамрын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон гогцоо, гогцоо төст зүйлийн үйлчлэлээр амьд үед нь үүсгэгдсэн байна. Талийгаач нь боолтын улмаас амьсгалын хурц дутагдлаар нас барсан ба нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаачийн шулуун гэдэс, үтрээний арчдас наалдацанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ...” гэх дүгнэлт зэргээр /1хх-152/,
Хоёр. А.Насантогтох нь 2014 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Bonus club” төвийн подвалд байрлах иргэн Ч.Баянмөнхийн интернэт тоглоомын газрын орлогыг талийгаач Б.Ариунцэцэгээс хулгайлан авч нийт 780.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ч.Баянмөнхийн “...уг мөнгө манай тоглоомын газрын мөнгө гэдгийг талийгаачийн уг өдрийнхөө олсон орлогын мөнгийг хоёр хуваагаад хийчихдэг болохоор нь би мэдэж байна. Манай тоглоомын газрын 3-4 хоногийн орлогын мөнгө байсан гэж бодож байна. Талийгаачийн гар цүнхнээс гарч ирсэн 1.101.000 төгрөгийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна...” /2хх-1-2/,
гэрч Ц.Нармандахын “...текний тэнд талийгаачийн цүнхтэй эд зүйлийг нь онгичсон байсан...” /1хх-109/,
гэрч Ц.Сарантуяагийн “...талийгаачийн суудаг ширээний наана газар цүнхийг онгойлгоод дотор нь байсан зүйлүүдийг газраар тараасан байсан...” /1хх-114/,
ялтан А.Насантогтохын сэжигтнээр өгсөн “...ширээний хажууд сандал дээр Ариунаагийн бүсэлхий хэсэгтээ зүүдэг жижиг цүнхнээс нь орлогын мөнгийг авсан... би гэртээ ганцаараа байх үедээ авсан мөнгөө тоолж үзэхэд 780.000 төгрөг байсан...” /1хх-207/ гэсэн мэдүүлгүүд,
талийгаачийн цүнх болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-22-26, 41-42/, ялтан А.Насантогтохоос 666.420 төгрөгийг хураан авсан тухай тэмдэглэл /1хх-53-54/ зэргээр,
Гурав. А.Насантогтох нь дээрх гэмт хэргийн ул мөрийн баллах зорилгоор тус интернэт тоглоомын газрын хяналтын камер, компьютерийн хард дискийг холбох хэрэгслийнх нь хамт санаатай устгаж, иргэн Ч.Баянмөнхөд 382.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ч.Баянмөнхийн “...манайх хяналтын нэг камертай, нэг хард дисктэй байсан. Уг хяналтын камер нь текний арын буланд байрладаг. Харин хард диск нь булангийн жижиг харанхуй өрөөнд байдаг байсан. А.Насантогтох дээрх хяналтын камер болон хард дискийг эвдэж авч явахдаа, кабель утсыг нь тасдаж гэмтээсэн байна...” /2хх-55/,
гэрч Ц.Сарантуяагийн “...Болороо хяналтын камерын тусдаа жижиг хаалгагүй өрөө рүү ороход компьютерийн дэлгэц байсан. Харин бичлэг хадгалдаг дөрвөлжин зүйл нь байхгүй байна гэж байсан. Бас хананд суулгасан байсан хяналтын камерыг сууриар нь аваад явсан, утас нь тасраад газраар унасан байсан...” /1хх-114/,
ялтан А.Насантогтохын яллагдагчаар өгсөн “...би шууд гараад явах гэснээ өрөөнд камер байхыг хараад уг камерийг устгахгүй бол би баригдах юм байна гэж бодоод компьютерт холбогдсон байсан кабель утсыг нь татаж улмаар түүгээрээ хөөж уг камерийн дуран болон хард дискний хамт олж аваад тэдгээрийг авч гаран гадаа хаячихсан юм...” /1хх- 207, 2хх-27/ гэсэн мэдүүлгүүдээр,
Дөрөв. А.Насантогтох нь 2014 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Bonus club” төвийн подвалд байрлах иргэн Ч.Баянмөнхийн интернэт тоглоомын газарт хуулиар хориглосон мөрийтэй тогтоом тоглосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Б.Ариунцэцэгийн “Bonus club”-д ажилд орох талаар 2014 оны 7 дугаар сард мэдсэн ба ямар ажил хийж байгаа талаар нь асуухад цахим тоглоомын газарт ажиллаж байгаа гэж хэлж байсан. Одоо түр хаагдсан гэхээр нь яагаад гэхэд компьютерийн сүлжээгээр тоглодог покерын газар гэж хэлсэн...” /1хх-103/,
ялтан А.Насантогтохын яллагдагчаар өгсөн “...тус интернэт тоглоомын газарт 19 цагийн үед ганцаараа очиж, орохоосоо өмнө талийгаач Б.Ариунцэцэгийн 99910937 дугаарын утас руу залгаж өрөө байна уу гэж асуухад “500-гийн болон 1000-ын өрөө үүсчихсэн байна” гэхээр нь орж тоглосон. Уг тоглоомын газарт надаас гадна 4-5 хүн тоглож байсан. Би 470.000 төгрөгтэй орж тоглосон... эхлээд би 100.000 төгрөг хожчихсон явж байснаа сүүлдээ мөнгөө алдаж эхэлсэн...” /3хх-47/ гэсэн мэдүүлгүүд зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар эдгээр хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж үзлээ.
Дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба түүнд үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, эдгээрийг үндэслэн ялтан А.Насантогтохыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, хуулиар хориглосон мөрийтэй тогтоом тоглосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 145 дугаар зүйлийн 145.1, 153 дугаар зүйлийн 153.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.
Анхан шатны шүүх, А.Насантогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг дээрх гэмт хэргүүдийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь, мөн түүний үйлдсэн бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулж мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгээр оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн нь тус тус хууль ёсны үндэслэл бүхий болжээ. Иймээс анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэлээ.
Шүүхээс ялтан А.Насантогтоход оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Ялтан А.Насантогтох, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нар “...ялтан А.Насантогтохын үйлдлийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ хүндрүүлэх нөхцөл байдал нотлогдоогүй тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь ялтан А.Насантогтох хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхдээ, интернэт тоглоомын газарт мөрийтэй тоглож, улмаар 470.000 төгрөгийг мөрийнд алдахдаа бухимдан, тус тоглоомын газрын ажилтан Б.Ариунцэцэгтэй “Тэнэг юмуу гэж хэллээ, намайг алгадлаа” гэх асуудлаар маргалдан, үл ялих зүйлээр шалтаглаж, түүний хоолойг гараараа болон уяа мэт зүйлээр ороож боосны улмаас биед нь хүзүү, хоолойд дарагдлын ором ... бүхий гэмтэл учруулан, амьсгалын хурц дутагдалд оруулж, амь насыг нь хохироосон үйлдлийг танхайрах явцдаа хүнийг санаатай алсан гэж хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймээс ялтан А.Насантогтох, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргасан давж заалдах гомдлуудыг дээр дурдсан үндэслэлүүдээр тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Харин ялтан А.Насантогтох нь дээрх гэмт хэрэгт 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 600 хоног цагдан хоригдсон байхад, шийтгэх тогтоолын 7 дахь заалтад, “...А.Насантогтох 569 хоног цагдан хоригдсон...” гэж цагдан хоригдсон хоногийн тооцооны алдаа гаргасан байх тул түүнийг зөвтгөх боломжтой байна.
Иймд энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...А.Насантогтохын цагдан хоригдсон 569 хоногийг...” гэснийг “...А.Насантогтохын цагдан хоригдсон 600 хоногийг...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Ялтан А.Насантогтох, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Д.ОЮУНЧУЛУУН