Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0193

 

2018 оны 03 сарын 22 өдөр   

  Дугаар 221/МА2018/0193

Улаанбаатар хот

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                          захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, Б.Д, хариуцагч Т.З, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0965 дугаар шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч Э.Б, Т.З нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0965 дугаар шийдвэрээр: “...Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.8, 18 дугаар зүйлийн 18.1.1, 231 дүгээр зүйлийн 231.1, 29 дүгээр зүйлийн 29.1.8, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Эдийн засгийн ил, тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч Э.Б, Т.З нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч 210022543 тоот актын тогтоох хэсгийн 3.1-ийн зарим хэсгийг хүчингүйд тооцуулах, хэрэв олборлосон бохир нүүрснээс чулууны хэсгийг нарийвчлан тогтоох боломжгүй тохиолдолд агаарын бохирдлын төлбөрийг чулуунд ногдуулсан байх тул актын тогтоох хэсгийн 3.1 дэх хэсгээр тогтоосон нөхөн татвар болон хариуцлагыг илт хууль бусад тооцуулах” тухай шаардлагын зарим хэсгийг ханган, улсын байцаагчдаас дахин шинэ акт гаргах хүртэл улсын байцаагч Э.Б, Т.З нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210022543 тоот актын 3.1 дэх хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн гаргасан “актын 3.2, 3.3 дахь хэсгүүдийг бүхэлд нь буюу нийт 1.626.691,04 мянган төгрөгийн нөхөн татвар, алданги, торгуулийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо: “...Акт гаргахын тулд тухайн зөрчил гаргасан гэдгийг нотлох үүрэг нь хуулиар Татварын албанд байгаа байтал татварын улсын байцаагч нарын хувьд бодит байдлыг баримтаар нотлолгүйгээр зөвхөн өөрсдийн таамаглалдаа үндэслэж акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг зөрчсөн. Татварын байцаагчдын зүгээс акт ногдуулахдаа олборлосон түүхий нүүрсэнд бус мөн тэрхүү нүүрсэнд хамт олборлогдсон чулуунд агаарын бохирдлын төлбөрийг ногдуулсан нь илт  хууль бус юм. Нүүрсний орд нь Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөцөө тогтоолгож, ашигт малтмалын улсын нөөцөд анх бүртгэгдэхдээ дан ганц нүүрс бус мөн нүүрснийхээ нөөцийн 29 хувьтай тэнцүү чулууны бохирдолтой гэж улсын бүртгэлд бүртгэгдэж байдаг. Татварын байцаагчдын акт тогтоосны дараагаар хөндлөнгийн шинжээчийг томилуулж ажиллуулсан байдаг бөгөөд энэхүү шинжээчийн дүгнэлтээр ч мөн тус ордоос олборлосон олборлолтын 77 хувь нь нүүрс бол 23 хувь нь байгалийн чулуу байна гэдгийг тогтоосон байдаг. Хариуцагч тал цэвэр нүүрсэнд бус нүүрстэй хамт олборлож буй байгалийн чулуунд агаарын бохирдлын төлбөр ногдуулж алдаа гаргасныг баримтаар нотолсон. Анхан шатны шүүх хөдөлшгүй баримтаар тогтоосон боловч шүүхийнхээ шийдвэрийг гаргахдаа татварын албыг өөрсдийн гаргасан алдаагаа засаад дахин захиргааны акт гарга гээд байцаагчийн актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байдаг. Агаарын бохирдлын тухай хуулиар чулуунд төлбөр ногдуулах хууль байхгүй тул ийнхүү хууль бусаар нэхэмжлэгчид олон зуун сая төгрөгийн төлбөр ногдуулсныг илт хууль бус гэж тооцох үүрэгтэй байсан гэж үзэж байна. Иймээс актын энэ хэсэг нь анхнаасаа илт хууль бус байсан гэж үзэж байгаа тул 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх бус харин анхан шатны шүүхийн түдгэлзүүлсэн шийдвэрийг өөрчлөн илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч өгнө үү.

Актын тогтоох хэсгийн 3.2 дахь хэсгийн тухайд:

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар бүртгэлд бүртгэгдсэн, даатгалд даатгуулсан, данс бүртгэлд бүртгэгдсэн гэх гурван дүнгийн аль нэгнээр нь тооцон албан татварыг тооцох ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгчид уг барилгуудыг тусгайлан бүртгэсэн үнийн дүн байхгүй, зөвхөн одоо баривал хэдээр барих уу гэсэн хийсвэр төсөв гаргуулан түүнд татвар ногдуулсан нь буруу. Учир нь хуульд бодитоор бүртгэгдсэн үнэлгээ байхыг тодорхой шаардсан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байхаар заасан тул өмчлөх эрхтэй этгээд уг татварыг төлөх бөгөөд өмчлөх эрх нь иргэний хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг тул улсын бүртгэлийн гэрчилгээгүй, манай тайлан, балансад тусгагдаагүй, дуусаагүй барилгын хууль ёсны өмчлөгч биш байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн хүчингүй болгож өгнө үү.

Актын тогтоох хэсгийн 3.3 дахь хэсгийн тухайд:

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д уг хуулийн үйлчлэх цар хүрээ, цаг хугацааг маш тодорхой заасан байдаг. Уг үйл баримт нь энэхүү цаг хугацаанд хамаарахаар байгааг анхааралдаа авах нь зүйтэй юм. Анхан шатны шүүх уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг хэрэглэж, 10.1 дэх заалтыг хэрэглэхгүй орхигдуулсан нь буруу зүйл, заалтыг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймээс тухайн хуулийн санаа зорилго, зохицуулах зүйлийн зүйл баримтлал нь чухам юу байсан бэ гэдэг талаас судлан харж, сэжигтэн, ялтан, зөрчил үйлдсэн этгээдэд аль ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хувилбарыг сонгох зарчимтай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.

Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1-д ...актын тогтоох хэсгийн 3.2, 3.3 дахь хэсгүүдийг бүхэлд нь буюу нийт 1.626.691,04 мянган төгрөгийн нөхөн татвар алданги, торгуулийг... хэрэгсэхгүй болгосугай” гэсэн агуулгатай шийдвэр гаргасан бөгөөд энэхүү 1.626.691,4 мянган төгрөг нь анхны нэхэмжлэлийн нийт дүн буюу актын 3.1, 3.2, 3.3 нийлбэр юм. Харин 3.2 нь алданги, торгуулийн хамт 55.2 мянган төгрөг, 3.3 дахь хэсэг нь 123.0 мянган төгрөг бөгөөд нийтдээ 178.9 мянган төгрөг байх тул анхан шатны шүүхийн энэ хэсэгт мөн өөрчлөлт оруулж дүнг нь өөрчилж өгнө үү" гэв.

Хариуцагч татварын улсын байцаагч Э.Б, Т.З нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “...2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210022543 тоот актын 3.1 дэх хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

“М” ХХК нь 2011, 2012, 2013 онд олборлосон түүхий нүүрсэндээ агаарын бохирдлын төлбөр дутуу ногдуулсныг 2016 оны 12 дугаар сарын татварын хяналт шалгалтаар илрүүлэн татварын улсын байцаагчийн 210022543 дугаар актын 3.1 дэх хэсэгт агаарын бохирдлын төлбөрийг 2011 онд 779.863.000,0 кг нүүрсэнд ногдох 779.863.000,0 төгрөг, 2012 онд 490.952.000,0 кг нүүрсэнд ногдох 490.952.000,0 төгрөг, 2013 онд 76.444.000,0 кг нүүрсэнд ногдох 76.444.000,0 төгрөг, нийт 1.347.259.000,0 төгрөгөөр дутуу тайлагнасан зөрчилд 1.347.259.000,0 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 404.177.700,0 төгрөгийн торгууль, 673.629.500,0 төгрөгийн алданги ногдуулсан. Нэхэмжлэгч дээрх нүүрсний 23 хувьд нь чулуу байгаа, энэ чулуунд агаарын бохирдлын төлбөрийг ногдууллаа, чулууг татварын улсын байцаагч нар шалгалт хийх явцдаа тогтоож хасах ёстой байсан гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ гомдол нь үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмалын газарт гаргаж өгсөн уулын ажлын тайланд олборлосон нүүрсэнд чулуу байгаа талаар тусгаагүй, олборлосон болон зарцуулсан нүүрсний тоо хэмжээ нь зөрүүгүй тохирч байгаа бөгөөд батлагдсан нөөцөөс дээрх нүүрсийг хассан болох нь тодорхой байдаг. 3-5 жилийн өмнөх олборлосон нүүрсний хэмжээ болон агуулагдах чулуулгийн хэмжээг тогтоох, тооцох боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх чулуулагийн хэмжээг нөхөн тогтоох боломжтой гэж үзэн дахин захиргааны акт гарга гэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

“М” ХХК-ийн инженер Б.Г-аас гэрчийн мэдүүлэг авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д заасныг зөрчсөн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0965 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “...2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210022543 тоот актын 3.1 дэх хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэснийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Э.Б, Т.З нар “М” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 210022543 дугаар актаар 3.108.841.606,4 төгрөгийн нөхөн татвар, 1.012.912.152,1 төгрөгийн торгууль, 1.594.513.623,7 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү, нийт 5.716.267.382,2 төгрөгийн төлбөр ногдуулсан бөгөөд нэхэмжлэгч “М” ХХК нь дээрх татварын улсын байцаагч нарын актаар тогтоосон 3.1, 3.2, 3.3 дахь хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тогтоолоор маргаан бүхий актаар төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөрөөс 17.290.046.300,0 төгрөгийн зөрчилд ногдох 1.729.004.630,0 төгрөгийн нөхөн татвар, 518.701.389,0 төгрөгийн торгууль, 864.502.315,0 төгрөгийн алданги, нийт 3.112.208.334,0 төгрөгийн төлбөрийг хасч, 8.193.341.427,1 төгрөгийн зөрчилд ногдох 1.379.836.976,4 төгрөгийн нөхөн татвар, 494.210.763,1 төгрөгийн торгууль, 730.011.308,7 төгрөгийн алданги, нийт 2.604.059.048,2 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.

  1. 210022543 дугаар актын 3.1 дэх заалтаар агаарын бохирдлын төлбөрийг 2011 онд 779.863.000,0 төгрөг, 2012 онд 490.952.000.0 төгрөг, 2013 онд 76.444.000,0 төгрөг, нийт 1.347.259.000,0 төгрөгөөр дутуу тайлагнасан зөрчилд 1.347.259.000,0 төгрөгийн агаарын бохирдлын төлбөрийг нөхөн төлүүлж, 404.177.700,0 төгрөгийн торгууль, 673.629.500,0 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч анхан шатны шүүхэд “татварын улсын байцаагч нарын актын тогтоох хэсгийн 3.1 зарим хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий актын тогтоох хэсгийн 3.1 дэх хэсгээр тогтоосон нөхөн татвар болон хариуцлагыг илт хууль бусад тооцуулах” гэж өөрчилж, түүний үндэслэлийг “...хариуцагч нар цэвэр нүүрсэнд Агаарын бохирдлын тухай хуулиар төлбөр ногдуулж болохоос нүүрстэй хамт олборлож буй чулуунд агаарын бохирдлын төлбөрийг ногдуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхээс чулууны хэмжээг тогтоох боломжгүй тул бүхэлд нь илт хууль бус болгох үндэслэлтэй” хэмээн тайлбарлан маргажээ.

          Нэхэмжлэгч компани анх гаргасан “актын 3.1 дэх хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээ “актын 3.1 дэх хэсгийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн /өөрчилсөн/ хэсэг буюу акт илт хууль бус болох үндэслэлд хамаарч байгаа эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт өгөлгүйгээр татварын улсын байцаагч нарын 210022543 дугаар актын 3.1 дэх хэсэг нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

          Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан 7 үндэслэл байгаа тохиолдолд захиргааны акт илт хууль бус болж, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар хуульчилжээ.

Нэхэмжлэгчээс “татварын улсын байцаагч нарын актын 3.1 дэх заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5-д хамаарч байгаа..” гэж тайлбарласан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж тус тус заасан байна.

Илэрхий алдаатай гэдэг нь тухайн асуудлын талаар болон эрх зүйн суурь мэдлэггүй байлаа ч тухайн захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байхыг ойлгох бөгөөд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Э.Б, Т.З нарын тогтоосон 2016 оны 210022543 дугаар актын 3.1 дэх заалт нь утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...ордоос олборлосон олборлолтын 77 хувь нь нүүрс бол 23 хувь нь байгалийн чулуу тул цэвэр нүүрсэнд ногдох агаарын бохирдлын төлбөрийг төлнө” хэмээн тайлбарласан бөгөөд Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Дор дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна:”, 4.1.1-д “түүний нүүрс олборлогч”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Олборлосон түүхий  нүүрс, үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагч, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдалд агаарын бохирдлын төлбөр ногдуулна” гэж тус тус заасан байх тул хариуцагч нар “М” ХХК-ийг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулиар олборлосон түүхий нүүрсэнд агаарын бохирдлын төлбөрийг төлөх үүрэгтэй, хариуцагч нар уг төлбөрийг төлүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн “...маргаан бүхий актын 3.1 дэх заалтаар тогтоосон төлбөрийн 23 хувийг хүлээн зөвшөөрөхгүй” байгаа гэх тайлбар зэргээс татварын улсын байцаагч Т.З, Э.Б нар нэхэмжлэгчийг хууль бусаар төлбөр төлүүлэхийг шаардсан, утга агуулгын илэрхий алдаатай актыг гаргасан гэж үзэх үндэслэлгүй ба Татварын ерөнхий хуульд зааснаар нэхэмжлэгч компани нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.  

Түүнчлэн актын 3.1 дэх хэсэгт 2011 онд 779.863.000,0 төгрөг, 2012 онд 490.952.000.0 төгрөг, 2013 онд 76.444.000,0 төгрөг, нийт 1.347.259.000,0 төгрөгийн төлбөрөөс 23 хувийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа атлаа уг хэсгийг бүхэлд илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй нь үндэслэл бөгөөд энэ нь захиргааны акт илт хууль бус болох үндэслэлд хамаарахгүй тул уг актыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Актын 3.2 дахь хэсгээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах 2011 онд 1.258.084.336,5 төгрөг, 2012 онд 1.042.894.600,0 төгрөг, 2013 онд 1.042.894.600,0 төгрөг, 2014 онд 1.042.894.600,0 төгрөг, 2015 онд 1.042.894.600,0 төгрөгийн үнэ бүхий нийт 4 ширхэг барилгад албан татвар ногдуулаагүй зөрчилд 32.577.976,4 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нөхөн төлүүлж, 9.773.392,9 төгрөгийн торгууль, 13.610.396,9 төгрөгийн алданги ногдуулжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...улсын бүртгэлийн гэрчилгээгүй, манай тайлан балансад тусгагдаагүй учраас манай компани эдгээр дуусаагүй барилгын хууль ёсны өмчлөгч биш байтал татвар ногдуулсан нь үндэслэлгүй” хэмээн тайлбарласан бөгөөд 4 ширхэг барилгын хувьд нэг нь уурхай дээрх уурын зуухны зориулалттай 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон 1.258.084.336,53 төгрөгийн данс бүртгэлийн үнэтэй барилгад 2011 онд татвар төлөөгүй, харин 2012-2015 онуудад татвар ногдуулсан байна.

Үлдэх 3 ширхэг барилгын хувьд нүүрс тээвэрлэх зорилгоор уурхайгаас улсын хил хүртэлх 311 км авто зам бариулах гэрээг хийж, уг гэрээний нийт дүнд багтаан замын засвар, арчлалтын 3 ширхэг барилгыг гүйцэтгэгч компаниар бариулахаар тохиролцсон ба 311 км авто замын өртөгт уг 3 барилгын өртгийг шингээснийг данс бүртгэлд бүртгэгдээгүй гэж үзэх боломжгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно” гэж үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг тодорхойлж хуульд зохицуулсан ба авто замын өртөгт 3 барилгын өртгийг шингээсэн дүнгээс уг 3 барилгад хамаарах өртгийг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн үнэлгээг үндэслэн хариуцагч нар татвар ногдуулсныг буруутгахгүй ба улсын комисс 311 км авто замыг 2011 онд хүлээн авахдаа барилгыг хүлээн аваагүй, нэхэмжлэгч эсхүл гүйцэтгэгч компани хүлээлгэн өгөөгүй нь татвар ногдох орлого төлөхөөс зайлсхийх үндэс болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл тухайн барилгуудыг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран үл хөдлөх хөрөнгийн татвар ногдох тул “... тухайн барилгыг ашиглаагүй харин ойр орчимд нь гэр барин ашиглаж байгаа тул татвар төлөх үндэслэлгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль тогтоомжид нийцэхгүй байхын зэрэгцээ хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэхгүй, хөрөнгийн даатгалд даатгуулахгүй болон данс бүртгэлд бүртгэхгүй байснаараа татвар ногдуулах үүргээс чөлөөлөгдөх эрхтэй гэж үзэхгүй.

  1. Маргаан бүхий актын 3.3 дахь заалтаар Агаарын бохирдлын төлбөр 978.013.597,2 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 438.406.093,4 төгрөг нийт 1.416.419.690,6 төгрөгийг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 80.259.670,1 төгрөгийн торгууль, 42.771.411,9 төгрөгийн алданги ногдуулсан байна.

          Анхан шатны шүүх актын 3.1, 3.2, 3.3 дахь хэсгийн торгууль, алданги, хүүд ногдох төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй хэмээн дүгнэж, маргааны үйл баримтыг холбогдох хуулийн зорилго, зорилтод нийцүүлэлгүй, зөрчил гаргасан хугацааг буруу хэрэглэн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

          Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж өршөөлд хамруулах үндэслэл, субъектын талаар зохицуулсан.

          Дээрх хуулийн зорилт, заалтуудаас үзэхэд захиргааны зөрчил гаргасан болон захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийг шийтгэлээс чөлөөлж, өршөөн хэлтрүүлэхээр заасан бөгөөд захиргааны зөрчлийн тухайд зөрчил гаргасан цаг хугацааг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тодорхой заасан байна.

          Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн байх тул 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гаргасан зөрчилд ногдуулсан төлбөрийн торгууль, алдангийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулах нь уг хуулийн зарчим, зорилгод нийцнэ.

          Маргаан бүхий актын 3.1, 3.2, 3.3 дахь хэсэгт заасан 493.272.157,8 төгрөгийн торгууль, 729.431.673,2 төгрөгийн алданги, нийт 1.222.703.831 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, уг актын 3.2 дахь хэсгийн 938.605,2 төгрөгийн торгууль, 579.635,2 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч компани төлөх нь зүйтэй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг, хариуцагч нарын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0965 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.8,  231 дүгээр зүйлийн 231.1, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Э.Болормаа, Т.Заяахишиг нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210022543 дугаар актын 3.1, 3.2, 3.3 дахь хэсгийн 493.272.157,8 төгрөгийн торгууль, 729.431.673,2 төгрөгийн алданги, нийт 1.222.703.831 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, үлдэх “хариуцагч нарын 2016 оны 210022543 дугаар актын 3.1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 3.2 дахь хэсгийн 32.577.976,4 төгрөгийн нөхөн татвар, 938.605,2 төгрөгийн торгууль, 579.635,2 төгрөгийн алдангийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг, хариуцагч нарын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, “М” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ШҮҮГЧ                                            Э.ЗОРИГТБААТАР

          ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН

          ШҮҮГЧ                                             Ц.САЙХАНТУЯА