Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 974

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Б.Г*******ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Замын цагдаагийн албаны Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн /тухайн үеийн албан тушаалаар/ цагдаагийн ахмад Д.Д*******, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, дэд ахлагч Б.Б******* нарт холбогдох 

“Захиргааны шийтгэл ногдуулах тухай 2016 оны 8 дугаар 28-ны өдрийн С3*******дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах, Б.Г*******ийн өмчлөлийн *******-Сантамо маркийн ******* улсын дугаартай автомашиныг хураасан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанаас гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М*******, хариуцагч Д.Д*******, Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Замын цагдаагийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан цагдаагийн ахмад Д.Д*******гийн 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 384.000 төгрөгөөр торгож, автомашин жолоодох эрхийг 6 сараар хассан шийтгэврийг эс зөвшөөрч байгаа бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ******* улсын дугаартай *******-Сантамо маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд хийсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, автомашиныг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах гэж нэмэгдүүлж байна.    

Би 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би 1 дүгээр хорооллоос хөдлөөд нэг хэсэг машинаа барьсан. Дараа нь Моносийн уулзвараас “Петровис” ХХК-ийн шатахуун түгээгүүрийн газар хүртэл барьсан бөгөөд Сонсголонгийн зам, “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станц өнгөрөөд машины ус халаад зогссон. Гэтэл энэ үед зүс таних танил маань тааралдаж пиво өгсөн. Манай эхнэр авто машин барих эрхтэй учраас би эхнэрээрээ машинаа бариулна гээд пивоноос ганц, нэг балгасан. Ингээд явах болоход машин асахгүй байсан тул машиныхаа хамрыг онгойлгоод зогсож байхад цагдаа нар ирж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох тандагч багажийг үлээ гэсэн, тэгэхээр нь би манай эхнэр машин жолоодож байгаа, би машин жолоодоогүй тийм болохоор үлээхгүй гэтэл машины түлхүүр сугалж аваад, эхнэрээс тээврийн хэрэгслийн гэрчилгээг шаардаж аваад үлээ гэхээр үлээсэн. Ингээд нөгөө цагдаа намайг дагуулж яваад өөрийнхөө цагдаагийн машин дээр очсон. 

Гэтэл Б.Б******* гэх цагдаа энэ машинд суу гээд суулгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр очиж ахин согтуурлын зэрэг тогтоодог багажаар шалгасан бөгөөд 0.35 гэсэн заалт гарсан. Ингээд буцаж миний авто машин байгаа газарт ирж  тайлбар авсан. Тайлбар авахад нь би урьд орой нь найзтайгаа 1 шил архи уусан гэдгээ хэлж, гарын үсгээ зурсан. 

Миний машиныг өөр нэг цагдаа унаад журмын хашаанд хийсэн. Яагаад журмын хашаанд хийж байгаа юм бэ гэхээр нөгөө залуу барьцана түр хашаанд хийхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Ингээд Б.Б******* 300.000 төгрөг аваад ирвэл эрх хасахгүй, машиныг чинь гаргаж өгнө гэж хэлээд утасныхаа дугаараа өгөөд мөнгөө олчихоод залгаарай гэж хэлээд явсан. 

Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр миний машиныг гэрийн гаднаас ачаад аваад явсан байсан. Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагаас чи яагаад хэрэг зөрчил гаргачхаад ирдэггүй юм бэ гэж загнасан байдлаар ярьсан. Би хэрэг зөрчил гаргаагүй учраас очиж чадахгүй гэж хэлсэн. Үүнээс хойш Замын цагдаагаас дахин дуудахад нь мөн очиж чадахгүй гэдгээ хэлсэн. Харин гурав дахь удаагаа дуудахад нь очсон. Гэтэл хариуцагч Д.Д******* “Чи зөрчил гаргасан, зөрчлөө хүлээн зөвшөөр” гээд шууд торгуулийн хуудас бичиж өгсөн. 

Нэхэмжлэгч Б.Г*******ийн ******* улсын дугаартай *******-Сантамо маркийн суудлын автомашиныг замын хажууд орж зогсохыг замын цагдаа харж, сэжигтэй байна гэж үзэн очиж шалгахад жолооны ард эмэгтэй хүн сууж байсан. Зөрчил гаргасан гэх Б.Г******* автомашины гадна зогсож байсан гэсэн тайлбарыг замын цагдаа өгсөн. Б.Г*******ийг жолоо барьсан гэсэн таамаглалын үндсэн дээр шалгасан. Түүнээс жолоо барьж явсан хүнийг тодорхой хараагүй. 

Хариуцагч Д.Д******* нь зөрчлийн тухай тэмдэглэл, нэхэмжлэгчээс авсан тайлбар, гарын үсгийг үндэслэн зөрчлийг шийдвэрлэсэн гэх бөгөөд үүнийг хууль бус нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Зөрчлийн тухай тэмдэглэлд зөрчил гарсан газар, он, сар, өдөр, цаг, зөрчил гаргасан этгээдийн овог, нэр, хаяг, эрхэлсэн ажил, зөрчлийн байдал, учруулсан хохирол, захиргааны хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн холбогдох заалт, хохирогч болон гэрчийн нэр, хаяг, зөрчил гаргасан этгээдийн тайлбар, зөрчлийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бусад мэдээг тэмдэглэнэ” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан зөрчлийн тэмдэглэл нь хуулийн уг шаардлагыг хангаагүй. 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар зөрчлийг хянан шийдвэрлэхдээ зөрчлийн тухай тэмдэглэл, нотлох баримтыг үнэн зөв бүрдүүлсэн эсэхийг тогтоож шалгах ёстой байдаг. Энэ ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж үзэж байна. Мөн тухайн хэрийг шалгасан цагдаа нь өөрөө гэрчийн этгээдээр тайлбар өгсөн байдаг. Эдгээр баримтыг үндэслэн хариуцлага ногдуулаад байгаа нь үндэслэлгүй юм. Мөн шийтгэврийн нэг хувийг Б.Г*******т гардуулан өгөөгүй бөгөөд Зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Г*******ийг биеэр оролцох эрхийг эдлүүлээгүй, нотлох баримттай танилцуулаагүй нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчсөн. 

Машиныг ачиж журамласан асуудлын хувьд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд автомашиныг албадан саатуулж, журмын хашаанд байршуулах талаар тодорхой зааж өгсөн. Хуулиар эрх олгогдоогүй асуудлаар автомашиныг журмын хашаанд хийсэн. Хуулиас давсан эрхтэй журам гэж байдаггүй. Хуульд автомашиныг журамлах тохиолдлуудыг зааж өгсөн бөгөөд хуульд заасан тохиолдлуудаас өөр үндэслэлээр иргэний авто машиныг журамлах үндэслэл байхгүй. Энэ нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Д.Д******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Г******* нь 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 09 цагт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Сонсголонгийн замд Сантамо маркийн ******* дугаарын автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглээд автомашины жолоодсон зөрчлөөр журамлагдаж, материалыг маргааш нь буюу 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би хүлээн авсан.

Маргааш нь цагдаагийн байгууллагын өндөржүүлсэн бэлэн байдлын үед шөнийн ээлжинд ажилласан. 7 дугаар сарын 21-ны өдөр зөрчил гаргагч Б.Г*******ийг 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдөр 91100544 дугаарын утсаар дуудсан боловч би очиж чадахгүй гэсэн хариу өгсөн. Тухайн үед анх журамласан цагдаа зохицуулагч, дэд ахлагч Б.Б*******аас тодруулахад 0-8 насны 4 хүүхэдтэй эхнэрийн хамт явж байсан өөрөө гуйгаад “Би маргааш асуудлаа шийдвэрлүүлнэ” гээд байхаар нь машиныг нь өгч явуулсан гэхээр нь ахин Б.Г*******той холбогдоход би зөрчил гаргаагүй гэсэн учир цагдаа зохицуулагч, дэд ахлагч Б. Б*******аас тайлбар авч машиныг яагаад түр саатуулах хашаанаас гаргасан юм бэ гэж асуугаад, хүнийг нь олж ир гэсэн. Зөрчил гаргасан Б.Г******* тухайн зөрчлийн талаар өгсөн тайлбартаа урд өдөр нь 1 дүгээр хороололд 20 цагаас 23 цаг 00 минутын хооронд архи уусан. Маргааш өглөө Моносийн уулзвараас Сонсголон хүртэл машин барьсан талаар мэдүүлж гарын үсэг зурсан байсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар авто машин нь асахгүй байсан гэж байна. Гэтэл асахгүй байсан юм бол авто машиныг хөлөөр нь яаж журмын хашаанд авч очих юм бэ. Авто машиныг анх журмын хашаанд ачилтаар авч очоогүй, машиныг хөлөөр нь журмын хашаанд хийсэн. Нэхэмжлэгч урьд өдөр нь согтууруулах ундаа хэрэглээд Моносийн хажуугаас Сонсголонгийн гүүр хүртэл тээврийн хэрэгслээ барьсан байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нар замд цагдаа тааралдахад тээврийн хэрэгслийг зогсоодог, өөр хүнтэй сольж суудаг, эсвэл эргээд буцаж явдаг.

Зөрчил гаргагч Б.Г*******ийг удаа дараа дуудсан боловч ирээгүй бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дуудаад биедээ ямар нэгэн бичиг баримтгүй ирэхэд нь зөрчлийн талаар тайлбар авахад Моносийн уулзвараас машин барьсан боловч багын найз н.Батаа гэх хүн тааралдаж пиво уулгасан гэдэг бөгөөд найз гэх н.Батаагаа танихгүй гэж мэдүүлсэн. 0-8 насны 4 хүүхэдтэй явж байсан гэж мэдүүлсэн. Тухайн нөхцөлд эхнэр нь машин барих боломжгүй байсан. Цагдаагийн ахмад Д.Д******* би 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зөрчил гаргагч Б.Г*******т арга хэмжээ авахдаа зөрчил гаргагчийн өгсөн тайлбар, гарын үсэг, зөрчил илрүүлсэн цагдаа зохицуулагч, дэд ахлагч Б.Б*******ы тодорхойлолт, асууж авсан тэмдэглэл зэрийг үндэслэн арга хэмжээг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар 384.000 төгрөгөөр торгож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасах захиргааны арга хэмжээ авсан болно. Б.Г*******ийн өгсөн тайлбар болгон дээр тайлбар нь өөрчлөгддөг. Надад өгч байсан тайлбар Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтаар өгсөн тайлбар нь хоорондоо зөрүүтэй байдаг. Моносийн хажуугаас Сонсголонгийн гүүр хүртэл авто машинаа Б.Г******* нь жолоодон явсан. Б.Г*******ийн согтолтын зэргийг тусгай багажаар шалгахад 0.35 хувийн согтолттой гарсан. 0.35 хувийн согтолтын зэрэг гэдэг нь авто машин барьж болохгүй хэмжээ юм.

Иймд зөрчил гаргагч Б.Г******* гаргасан зөрчлөө ухамсарлахгүй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтыг зөрчсөн зөрчил дээр 6 сарын хугацаагаар арга хэмжээ авсан нь багадсан гэж үзэж байна. Өөрийн гэр бүлээ суулгаад согтууруулах ундааны зүйл хэрэглээд автомашин жолоодсоныг таслан зогсоож энэ гэр бүлд учрах хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгөнд учирч болох зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байхад удаа дараа гомдол гаргаж бидний ажилд хүндрэл учруулсан. Иймд миний гаргасан шийтгэвэр үндэслэлтэй юм гэжээ. 

Хариуцагч Б.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б******* миний бие 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Б.Г******* гэгчийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь таслан зогсоосон. Ингээд автомашиныг журмын хашаанд хийсэн боловч Б.Г******* нь надаас гуйхаар нь, мөн машин өөрийнх нь нэр дээр байсан тул сайн санаж журмын хашаанаас гаргасан. Би нэхэмжлэгч Б.Г*******ийн машиныг журмын хашаанд хийсэн боловч түүнтэй ганцаарчилж огт уулзаагүй, мөнгө авна гэж яриагүй. Би автомашины гэрчилгээг авч үлдээд, машиныг нь явуулсан. Хэрэв авто машиныг барьцаанд тавьж, зээл авах бол автомашины гэрчилгээ шаардлагатай болно. Сүүлд нь Б.Г******* хүрч ирээд би 4 бага насны хүүхэдтэй учраас эмнэлгээр явах ажил маш их гардаг.  Энэ байдлыг харж үзээч гэж гуйгаад байсан тул өөрт нь тус дэм болъё гэсэн үүднээс журмын хашааны холбогдох ажилтанд автомашиныг гаргаад явуулчих гэж хэлсэн. Автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хийгээд тэр өдөрт нь буцаан гаргасан. Би автомашиныг журмын хашаанд хийчхээд замын цагдаагийн поструугаа очоод байж байтал Б.Г******* нь хамт шалгагдаж, машин нь журмын хашаанд хийгдсэн хүнтэй хамт ирсэн. Б.Г******* нь 4 нялх хүүхэдтэй, эмнэлгээр явдаг гэх мэтээр гуйгаад байсан тул тус болох үүднээс хийх ёсгүй зүйлээ хийсэн.

Сүүлд нь асуудлаа шийдвэрлүүлэхгүй удаан хугацаагаар яваад байхаар нь автомашиныг журмын хашаанд хийсэн. Учир нь цагдаагийн ахмад Д.Д******* байцаагч авто машиныг яагаад журмын хашаанд байршуулаагүй юм бэ, хүнээ олж ир гэсэн учраас машиныг журмын хашаанд байршуулчих юм бол Б.Г*******ийг асуудлаа шийдвэрлүүлэхээр ирнэ гэж бодсон. Тиймээс нэхэмжлэгчийн гэрийн гаднаас авто машиныг ачигч машинд ачуулж журмын хашаанд байршуулсан гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г******* нь “Захиргааны шийтгэл ногдуулах тухай 2016 оны 8 дугаар 28-ны өдрийн С3*******дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах, Б.Г*******ийн өмчлөлийн *******-Сантамо маркийн ******* улсын дугаартай автомашиныг хураасан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанаас гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

1. Захиргааны шийтгэл ногдуулсан 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн С3*******дугаар шийтгэврээр нэхэмжлэгч Б.Г******* нь 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүр “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцын дэргэд *******-Сантамо маркийн ******* улсын дугаартай автомашиныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож зөрчил гаргасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 6 сарын хугацаагаар хасч, 384000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулжээ . 

Иргэн Б.Г******* нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 20-23 цагийн үед 1 дүгээр хороололд нэг найзтайгаа 1 шил архи хувааж уусан  гэсэн тайлбарыг өгсөн, зөрчлийн тэмдэглэлд   тусгагдсан байгаа ба ийнхүү уусан талаар маргаагүй . Харин “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцын орчим зүс таних багын найзтайгаа гудамжинд таарч бага зэрэг шар айраг уусан ба үүнээс хойш гэр бүлийн хүн машин жолоодсон, намайг машин бариагүй байхад арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж маргаж байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй, шүүхээс уг хүнийг гэрчээр асуух гэсэн боловч “нэрийг нь мэдэхгүй, хаана байдаг талаар мэдэхгүй” гэж нэхэмжлэгч хэлж байгаа нь уг тайлбараа нотолж чадахгүй байна. 

Түүнчлэн Улаанбаатар хотын Цагдаагийн газарт дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргаагүй  байна. Мөн нэхэмжлэгч тухайн үед согтуурлын зэрэг нь 0.35% гарсантай  маргаагүй.  

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн промилийн агууламж 0.20 хувиас дээш байсан үедээ автомашин жолоодсон гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд захиргааны шийтгэл ногдуулах тухай 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн С3*******дугаар шийтгэвэр нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.4, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй шийтгэвэр байна.  

2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт замын хөдөлгөөн зохицуулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан бөгөөд “Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалаар Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ын “Хоёр”-ын 2.1.2 дахь заалтад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол түр саатуулж болно гэж заасан. Гэтэл Б.Г*******ийн тээврийн хэрэгсэлийг зөрчил гаргасан өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр түр саатуулах байрнаас гаргасан атлаа цагдаагийн байгууллагад ирж, зөрчлөө шийдвэрлүүлэхгүй байсан гэсэн үндэслэлээр автомашиныг гэрийн гаднаас ачиж түр саатуулах хашаанд хийсэн дэд ахлагч Б.Б*******ы үйлдэл  нь дээрх хууль, журмыг зөрчжээ.    

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар иргэн Б.Г*******ийн өмчлөх эрхэд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, автомашиныг хураасан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, автомашиныг түр саатуулах хашаанаас гаргаж, өмчлөгч Б.Г*******т хүлээлгэн өгөхийг даалгах нь зүйтэй байна. 

Дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.4, 106.3.12  дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 18 дугаар зүйлийн 18.3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.4, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Захиргааны шийтгэл ногдуулах тухай 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн С3*******дугаар шийтгэврийн хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй. 

2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.6 дахь заалтыг баримтлан Б.Г*******ийн өмчлөлийн *******-Сантамо маркийн ******* улсын дугаартай автомашиныг хураасан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, автомашиныг түр саатуулах хашаанаас гаргаж Б.Г*******т хүлээлгэн өгөхийг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Б.Б*******д даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгионхайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 Л.ӨЛЗИЙЖАРГАЛ