Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/721

 

 

 

 

    2025          06             10                                        2025/ДШМ/721

 

А.Г эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцэлд үндэслэн А.Г эд холбогдох 2508 00000 0104 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч А.Г  нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 2 дугаар гудамжны 5 тоотод төрсөн эх Л.А г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж”, мөн хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Алтантуяагийн Гансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г эд 700 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Г  нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Г ийн цагдан хоригдсон нийт 11 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч А.Г эд оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Анхбаярын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, прокуророос шүүгдэгч А.Г ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтуудад тус тус заасан 2 хүндрүүлэх шинжээр зүйлчилж хэргийн үйл баримтыг тогтоон дээрх гэмт хэргийн 2 хүндрүүлэх шинжийг агуулсан гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэрэгт түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх зөвхөн нэг хүндрүүлэх шинжээр гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.3 дахь заалтад “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн” гэж заасан хуулийн заалтуудад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Г ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох, тогтоох хэсэгт прокурорын яллаж буй “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн гэмт хэргийн нэг шинжийг орхигдуулж, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй зөвхөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэсэн байна.

Шүүх шийтгэх тогтоолд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж хууль зүйн дүгнэлт хийсэн байх боловч шүүгдэгчийг прокуророос яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийг орхигдуулж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтад нийцээгүй байхаас гадна мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх А.Г эд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасныг зөрчсөн байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1213 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Учир нь, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2508000000104 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 100 дугаартай яллах дүгнэлт зэргээс дүгнэхэд шүүгдэгч А.Г ийг “үл ялих зүйлээр шалтаглан төрсөн эх Л.А г зодож түүний эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж яллаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх шинжид дүгнэлт хийхгүйгээр орхигдуулж шийдвэрлэжээ.

Энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлтдээ тус гэмт хэргийн шинжийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогчийг өөрийгөө хамгаалж чадахгүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч бага насны эсхүл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах хянах чадваргүй болсон байхыг ойлгох бөгөөд Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан ба тэрхүү үйлчлэлд “60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна” гэж, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан ба тэрхүү үйлчлэлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж тус тус тайлбарлан хуульчилсан байх тул яллагдагч А.Г ийн үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, мөн зүйлийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.” гэж тодорхой хууль зүйн дүгнэлт хийсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх шинжийг хангасан эсэх талаар огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй шийтгэх тогтоол гарсан гэж үзэхээр байна. 

Тодруулбал, яллаж буй үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа эсэхэд нэг бүрчлэн хууль зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Хууль ёсны”, Шударга ёсны”, “Гэм буруугийн” зарчимд тус тус нийцэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэх үндэслэл болдог.

Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, дүгнээгүй гэмт хэргийн шинжийн талаар давж заалдах шатны шүүх нь хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, ийм эрх хэмжээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч А.Г , хохирогч Л.А  нарт 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр энэ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1213 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА