| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0104/э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Бгийн толгойн тус газарт гараараа цохин, хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй гэв,
Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед Б нилээн халамцуу байдалтай байсан бөгөөд бид мэнд ус мэдээд зөрчихөөд намайг буцаад явж байхад Б над руу п.... минь, л.... минь, банди минь гээд байхаар нь би согтуу хүнтэй хэрүүл хийгээд яахав гэж бодоод Бтай хамт Бгээс холдоод явж байхад Б араас жижгэвтэр чулуу аваад шидсэн боловч намайг оноогүй. Тэгээд Б нь үргэлжлүүлэн над дээр ирээд заамдаж аваад мөргөх гээд байхаар нь би түүний нүүр лүү гараараа цохиод Б газар унасан бөгөөд би түүнийг унахаар нь нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Хохирогч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б л намайг цохьсон. Мөн унасан байхад нүүр лүү өшиглөсөн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн11-12 дугаар хуудас/,
Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-нь өдөр ... 19 цагийн орчим ирээд байж байхад манай нөхөр Б гаднаас 19 цаг өнгөрч байхад халамцуу, нүүрээ подволкоор ороосон, хувцас хунар нь цус болчихсон байдалтай ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн13-14 дүгээр хуудас/,
Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б тэр хүнтэй мэндлээд хоорондоо хэдэн үг сольсон. Би тэднийг яг юу ярьсаныг нь сайн сонсоогүй, гэтэл нөгөө залуу нь п... минь гээд муудалцах гээд байсан. Тэгэхээр нь би Бг явья гээд дагуулаад явж байтал Бг хараагаад байсан залуу араас чулуу аваад шидсэн боловч Бг оноогүй бөгөөд үргэлжлүүлэн Б дээр гүйж ирээд түүнийг бариад авахад нь Б тэр залууг 1 удаа гараараа цохиод унагаасан. ... Б тэр залууг цохиж унагаагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын ...дугаартай дүгнэлтэнд: “...Г.Бгийн биед хамар, дагзны шарх, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дагзны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.Бгийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэсэн /хх-ийн 24 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/,
Хохирогч, яллагдагч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар тохиролцсон баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Бгийн толгойн тус газарт гараараа цохин, хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бтай хамт Бгээс холдоод явж байхад Б араас жижгэвтэр чулуу аваад шидсэн боловч намайг оноогүй. Тэгээд Б нь үргэлжлүүлэн над дээр ирээд заамдаж аваад мөргөх гээд байхаар нь би түүний нүүр лүү гараараа цохиод Б газар унасан бөгөөд би түүнийг унахаар нь нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б л намайг цохьсон. Мөн унасан байхад нүүр лүү өшиглөсөн... ” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-нь өдөр ... 19 цагийн орчим ирээд байж байхад манай нөхөр Б гаднаас 19 цаг өнгөрч байхад халамцуу, нүүрээ подволкоор ороосон, хувцас хунар нь цус болчихсон байдалтай ирсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Бг явья гээд дагуулаад явж байтал Бг хараагаад байсан залуу араас чулуу аваад шидсэн боловч Бг оноогүй бөгөөд үргэлжлүүлэн Б дээр гүйж ирээд түүнийг бариад авахад нь Б тэр залууг 1 удаа гараараа цохиод унагаасан. ... Б тэр залууг цохиж унагаагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын ...дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан ялын саналын хүрээнд түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Бтай эвлэрсэн” гэсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД