| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0431/э |
| Дугаар | 506 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,
Шүүгдэгч У.Б, Г.О, тэдгээрийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Б, Б овогт У.Б, И овогт Г.О нарт холбогдох эрүүгийн 1811008960276 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б овогт О.Б, Монгол Улсын иргэн, 1997 оны 5 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, ахын нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 9 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, /РД:УП97053156/,
Шүүгдэгч Б овогт У.Б, Монгол Улсын иргэн, 1997 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон Чулуутын 6 дугаар гудамжны 29 тоотод оршин суух,
Урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 836 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгүүдэд зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 544 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:............... /.
Шүүгдэгч И овогт Г.О, Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 31-609 тоотод оршин суух,
Урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, /РД:..................... /.
Шүүгдэгч О.Б нь ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Тэди” төвийн орчим М.Сэржмядагийн халааснаас Ай фоне 6 эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Улсын их дэлгүүр”-ийн баруун талд Б.Оюунсувдын халааснаас Ай фоне Икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Б, У.Б, Г.О нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Бөмбөгөр” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Соронзонтуяагийн Б-6 лангуунаас цүнхтэй эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1034000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б-оос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...У.Б бид хоёр Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр ирээд бид хоёр бохь зарах гэж байсан юм. Гэтэл тэнд Отгонзаяатай уулзаад бид гурав хамт Бөмбөгөр худалдааны төвийн 2 давхар луу гарсан. Тэнд очоод нэг лангуу руу ороход нэг гахайтай буюу цүнхтэй зүйл байсан Баатарцогт бид хоёрын ард байж байгаад Отгонзаяа бид хоёр лангууны худалдагчийн анхаарлыг сарниулж байх хооронд У.Б уг цүнхтэй зүйлийг аваад гарсан. Бид хоёр араас нь гараад Баатарцогттой уулзаад такси бариад Хорооллын захын тэнд очоод задалж үзэхэд дан эмэгтэй хүний хувцаснууд байсан. Тэгэхээр нь бид хэд хувцаснуудыг зарах гээд Хархорин зах руу ороод Отгонзаяа хэдэн бараа зарсан санагдаж байна. Тэгээд үлдэгдэл бараанаас хуучны танил Батаахүүгийн эгчид нь хэдэн бараа зараад 40.000 төгрөг болсон. Тэгээд Баатарцогт, Отонзаяа бид нар буудалд ороод пиво уусан. Удалгүй би гэр лүүгээ харьсан. Үлдэгдэл барааг Отгонзаяа Баатарцогт нар зарсан байх. Би хэдэн жилийн өмнөх хэрэг болохоор болсон асуудлаа заримыг нь сайн санахгүй байна ямар ч гэсэн Отгонзаяа, Баатарцогт бид нар энэ гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөр байна ...” гэх мэдүүлэг /1хх-72-73х/, “...16 цагийн үед Улсын их дэлгүүрийн баруун талын Шөлөндөө хоолны газрын баруун талд явж байтал миний урд алхаж байсан нэг эгч куртикныхаа халаас руу гар утсаа хийх шиг болохоор нь би баруун халааснаас нь гар утсыг хулгайлчихсан. Тэгээд тэр гар утсаа аваад шууд гэртээ харьсан ...” гэх мэдүүлэг /хх-62-63х/,
Шүүгдэгч О.Б-оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүдэгч У.Б-оос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Бямбадоржийн хамт тухайн хэрэг болдог өдөр Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудлын тэнд Отгонзаяатай тааралдсан. Тэгээд бид гурав мөнгөний хэрэг гараад Бөмбөгөр худалдааны төвийн 2 давхарт гарсан. Тэгээд нэг лангуун дээр очоод Отгонзаяа том цүнхтэй юм заагаад наадах чинь гэж хэлсэн би араас нь лангуу руу орсон. Бямбадорж, Отгонзаяа нар худалдагчийн анхаарлыг нь сарниулсан би цүнхтэй хувцсыг нь бариад гарсан. Гадаа гараад бид таксинд суугаад явсан. Цүнхэнд байсан хувцаснуудыг борлуулж мөнгө болгоод хэрэглэсэн. Би урд өгсөн мэдүүлгүүд дээрээ бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан байгаа. Одоо зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас урд өгсөн мэдүүлгүүд дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би Бямбадорж, Отгонзаяа нартай Бөмбөгөр худалдааны төвөөс л цүнхтэй хувцас хулгай хийсэн өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-65х/,
Шүүгдэгч У.Б-оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Г.О-гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би тухайн хэрэг гарах үед Бөмбөгөр худалдааны төв дээр хулих гоо сайханы бараа зардаг байсан юм. Тэгээд гоо сайханы бараагаа зараад явж байгаад Бямбадорж, Баатарцогт нартай тааралдсан. Тэгээд Бямбадорж, Баатарцогт нартай хамт Бөмбөгөр худалдааны төв рүү орж фудволк авч өгье гээд 2 давхар луу дагуулаад гарсан. Тэгээд тэнд очоод нэг лангуун дээр очоод эндээс фудволк авъя гэхээр нь ижилхэн үнэтэй юм чинь цамцыг нь авъя гэхэд яах юм бэ фудволкийг нь авъя гээд фудволктай тал рүү нь намайг зогсоогоод байсан. Тэгснээ Баатарцогтод мөнгө байгаа ш дээ Баатарцогтоос мөнгө авъя гээд гарсан. Гэтэл аль хэдийн Баатарцогт тэр лангуунаас цүнхтэй хувцаснуудыг хулгайлж аваад таксинд суусан байсан. Тэгээд бид гурав такситайгаа Баянхошуунд очсон. Тэгээд Хархорин зах дээр бараа зардаг гэх нэг эгчид хэдэн бараа зарсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-77-78х/,
Шүүгдэгч Г.О-гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч М.Сэржмядагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хамаатны ах болох Мөнхтөртэй уулзах гээд Тэнгис кинотеатрын автобусны буудал дээр таксинаас буугаад Орэнж плазагийн зүг рүү алхаж байгаад ахтайгаа уулзах цаг арай болоогүй байхаар нь төрийн албан хаагчийн анкет авах гээд Теди төвийн урд байдаг зар мэдээ борлуулах цэг дээр очоод Төрийн алба хаагчийн анкет бал 2 авсан. Тэгтэл хажуунаас нэг согтуу хар хувцастай эрэгтэй хүн зар мэдээ байна уу гэж асуугаад намайг түлхээд шахаад байсан. Тэгээд би бал, анкетаа авчихаад хойшоогоо Тэнгис кинотеатр тал руугаа зам гарах гэж яваад халааснаасаа утсаа авах гэтэл миний утас алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /2хх-17-18х/,
Хохирогч Б.Оюунсувдаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 3 сарын 22-ны өдөр 16 цагийн үед Улсын их дэлгүүрээс гараад баруун тийшээ Улаанбаатар их дэлгүүр орохоор алхаж байсан. Би гар утсаараа найзтайгаа ярьчихаад куртикныхаа баруун халаасанд хийсэн. Тэгээд мэргэжилтний 20-ын автобусны буудал дээр алхаж явж байгаад гар утсаа халааснаасаа аваад цүнх рүүгээ хийх гээд баруун халаасаа ухтал миний гар утас байхгүй байсан. Миний гар утас Айфоне икс загварын хар өнгөтэй улаан гэртэй гар утас байсан. Манай нөхөр 3.300.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн” гэсэн мэдүүлэг /2хх-57-59х/,
Хохирогч Б.Соронзонтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Бөмбөгөр дотор өөрийн лангуун дээр ажлаа хийж байх үед 16 цагийн орчим эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд орж ирсэн бөгөөд тэр үед мөн цаад талд нь 2 охин юм үзэж байсан. Тэгээд тэр эрэгтэй эмэгтэй хоёр майк үзээд дахин дахин асуугаад над руу шахаад хаагаад зогсоод байсан юм. Тэгэж байгаад гарах гэснээ эргэж ирээд нөгөө үзэж байснаа дахин үзчихээд за за болъё хайраа түрүүний үзэж байснаа авъя гээд гараад явсан. Тэгээд гарч явсаных нь дараа харахад лангуун дотор тавьсан байсан урд лангуунаас нүүлгэн шилжүүлж ирсэн цүнхтэй бараанууд алга болсон байхаар нь хойноос нь гарч гүйгээд хайгаад олоогүй юм. Гэм буруутай этгээдээс миний бараануудын үнэлгээ болох 1.034.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /1хх-31-33х/,
Гэрч Д.Жадамбаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 3 сарын 19-ний өдөр 13 цагийн үед Теди төвийн гадаа зогсдог ченж Бүжиндээ над дээр ирээд Ай ди-тай Айфоне 6 эс загварын гар утас байна гээл ягаан өнгийн рөүс голд гэдэг утас гаргаж ирээд Сэлбэгэнд авах уу гэж асуусан. Би утсыг шалгаж үзээд хулгайн утас биш биздээ гэж асуутал хулгайн утас биш ээ олсон утас байгаа юм. 80.000 төгрөгөнд авчих гэхээр нь би худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /2хх-23х/,
Гэрч Н.Батжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Танил Отгонзаяа над руу утсаар яриад манайх лангуугаа буулгаад хэдэн ширхэг хувцас үлдсэн эдгээр хувцаснуудыг зарах гэсэн юм зараад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эгч Нарангэрэл руу утасдаад хүн хувцас зарна гээд байна авах уу гэж хэлтэл чи очоод үзчих гайгүй юм бол авъя гэж хэлэхээр Отгонзаяа руу залгаад наад хувцаснуудыг чинь үзье хаана байгаа юм гэж хэлтэл Баянхошуунд байдаг “Орж гарч бай л даа” гэдэг буудалд байна гэж хэлсэн. Үүний дагуу дээрх буудалд нь ганцаараа яваад очтол Баатарцогт, Бямбадорж, Отгонзаяа 3 хамт байж байсан ба би зарах хувцаснуудыг нь үзчихээд эгч рүүгээ залгаад энэ хувцаснуудыг хямдхан зарах юм шиг байна та өөрөө үзээд аваа гэж хэлээд Отгонзаяад эгчийнхээ байгаа газрыг зааж өгөөд эгч рүүгээ Отгонзаяаг явуулсан юм. Хулгайн хувцас гэдгийг нь мэдээгүй. Отгонзаяа надад хэлэхдээ манайх лангуугаа хураагаад үлдсэн хувцас байгаа юм л гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-34х/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-9-10х, 54х/,
Эд зүйлийн үнэлгээ /2хх-35х, 67х, 1хх-9-40х/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-52-53х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-42х/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-109х, 135х/, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-141х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-151-153х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-156-167х, 169-178х,187-192х, 193-199х, 201-202х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч О.Б нь ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Тэди” төвийн орчим М.Сэржмядагийн халааснаас Ай фоне 6 эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Улсын их дэлгүүр”-ийн баруун талд Б.Оюунсувдын халааснаас Ай фоне Икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Б, У.Б, Г.О нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Бөмбөгөр” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Соронзонтуяагийн Б-6 лангуунаас цүнхтэй эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1034000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Б, У.Б, Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б, Г.О нар нь хохирогч Б.Соронзонтуяад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин шүүгдэгч У.Боос гэм хорын хохирол 344.600 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Соронзонтуяад олгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тэдгээрийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Г.О нарт оногдуулсан 6 сарын хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Г.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч У.Б нь 68 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.О нь 64 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О.Б, Б овогт У.Б, И овогт Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч У.Б-ыг 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч Г.О-г 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сар 11 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 11 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, У.Б, Г.О нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ын цагдан хоригдсон нийт 68 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Г.О нарт оногдуулсан 6 сарын хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
7. Шүүгдэгч Г.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-оос хохирлын 344.600 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Соронзонтуяад олгосугай.
9. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.О нь 64 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, Г.О нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч У.Бод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгчид, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН