| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/00140/э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2018-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 157
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 1830002270147 тоот хавтаст хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар хот “А” авто сэлбэгийн газарт менежер ажилтай, ам бүл 2, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Б.Э.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 24 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын гудамжинд согтуугаар М.Мыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, баруун өвдөгний дор, зүүн шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв гэв.
- Хохирогч М.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Б” бааранд тогоочоор ажилладаг юм. Ажлаасаа 23 цаг 30 минутын орчим ганцаараа гарч Баруун-Урт сумын 9 дүгээр багт байх гэр рүүгээ явж байтал миний араас үл таних согтуу залуу ирж намайг шалтгаангүй зодож, миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Надтай зууралдаж байхдаа зүүн гарын шууг цохиж хагалсан пивоны шилээр зүсчихсэн. Тэгээд цус нь тогтохгүй байхаар нь өмсөж явсан улаан өнгийн цамцаа ураад гараа боосон. Миний толгойтой үснээс зулгаасан. Тухайн үед толгой их өвдсөн. Пивоны шилээр мөн толгой руу цохиж толгой хагарсан. Халааснаасаа эвхдэг хутга гаргаж ирээд над руу дайраад байсан. Тэгэхдээ хутгаа надад хэрэглээгүй намайг айлгаад байсан. Нүүр рүү хэд хэдэн удаа цохиж хөхрүүлсэн. Женсэн шоорт, шаргал дуу өнгийн сандаал, улаан өнгийн цамцтай явж байсан. Би одоо тэр хүнийг харвал танина. Намайг зодсон залуу согтуу байсан болохоор би манай “Б” бааранд орсон байж магадгүй гэж бодоод хяналтын камераа үзтэл тэр залуу тэр орой эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаатай юм яриад зогсож байсан. Тийм болохоор тэр цагдаа намайг зодсон залууг таньж магадгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 4/,
- Яллагдагч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2018 оны 07 дугаар сарын 16-ны шөнө согтуу явж байгаад М.М гэх эмэгтэйг зодсон нь үнэн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тус өдрийн орой 18 цагийн орчим О ах болон түүний найз гэх танихгүй ахтай цуг найзынх нь гэрт нь очиж 0.75 граммын хар “экс” гэх шилтэй архи мөн 500 граммын “экс” архи хувааж уучхаад орой 22 цагийн орчим гэрээсээ бид гурав гарч шинэ баар буюу “Б” баар руу орж “болор” нэртэй архи авч мөн бид гурав хувааж ууцгаасан юм. Гэтэл О ах явлаа гээд найзыгаа дагуулаад яваад өгсөн харин би бааранд үлдсэн. Тэгээд ганцаараа шилтэй пиво авч уусан. Тэгээд чухам юу болсон талаар санахгүй байна. Өглөө С гэдэг ахынхаа гэрт нь сэрсэн. Би зүүн гэарынхаа шуунд авсан гэмтлээ сайн санахгүй байна. 2018 оны 07 дугаар сарын 16-ны орой авсан байх. Б бааранд байхад миний шуу зүгээр байсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 19 /
- Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тус өдрийн орой “Б” баараар орсон. Тэнд би зүс таних Б.Э гэдэг залуутай тааралдаж 10-20 минут орчим юм ярьж зогссон. Өөр таньдаг хүнтэйгээ тааралдаагүй. Женсэн шорт, улаан өнгийн сорочик цамцтай явж байсан. Бусад өмсөж явсан хувцсыг нь сайн санахгүй байна. Би хэнтэй явж байгааг нь мэдээгүй. Б.Э нь их согтуу байсан. Б.Э нь одоо Улаанбаатар хотод байгаа байх. 96622992 гэсэн утасны дугаартай” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 409 дугаартай дүгнэлтэд: М.Мын биед тархи доргилт, зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, баруун өвдөгний дор, зүүн шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 11/,
- Шүүгдэгч Б.Э, хохирогч М.М нарын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтүүд / хх-29-30/,
- Б.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багийн засаг даргын 2018.07.31-ний өдрийн 3/222 дугаартай тодорхойлолт /хх-20/,
- Хүний их эмч Ц.Алтансүхийн М.Мын биед учирсан гэмтэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. 2018.07.18 /хх-10/,
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал / хх-31 / зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 24 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод М.Мыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, баруун өвдөгний дор, зүүн шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч М.М, гэрч Б.Г нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 409 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хүний их эмч Ц.Алтансүхийн М.Мын биед учирсан гэмтэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь Б.Э нь хохирогч М.Мыг огт танихгүй бөгөөд ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь түүний “Би 2018 оны 07 дугаар сарын 16-ны шөнө согтуу явж байгаад М.М гэх эмэгтэйг зодсон нь үнэн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б бааранд байхад миний шуу зүгээр байсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх, хохирогч М.Мын “Ажлаасаа 23 цаг 30 минутын орчим ганцаараа гарч Баруун-Урт сумын 9 дүгээр багт байх гэр рүүгээ явж байтал миний араас үл таних согтуу залуу ирж намайг шалтгаангүй зодож, миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Надтай зууралдаж байхдаа зүүн гарын шууг цохиж хагалсан пивоны шилээр зүсчихсэн. Тэгээд цус нь тогтохгүй байхаар нь өмсөж явсан улаан өнгийн цамцаа ураад гараа боосон” гэх, гэрч Б.Гын “Тэнд би зүс таних Б.Э гэдэг залуутай тааралдаж 10-20 минут орчим юм ярьж зогссон. Өөр таньдаг хүнтэйгээ тааралдаагүй. Женсэн шорт, улаан өнгийн сорочик цамцтай явж байсан. Бусад өмсөж явсан хувцсыг нь сайн санахгүй байна. Би хэнтэй явж байгааг нь мэдээгүй. Б.Э нь их согтуу байсан ” гэх мэдүүлгүүдээр тогтоогдоно.
Б.Эг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй мэдсээр атлаа, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсэж ямар ч шалтгаангүйгээр хохирогч М.Мыг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Б.Эд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр хохирогчийн эмчилгээний зардалд 150.000 төгрөг нөхөн төлсөн, үлдсэн 150.000 төгрөгийг 8 сарын 25-ны дотор төлөхийг зөвшөөрсөн зэргийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Эгийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй хохирогчийн эмчилгээний зардалд 150.000 төгрөг нөхөн төлсөн, үлдсэн 150.000 төгрөгийг 8 сарын 25-ны дотор төлөхийг зөвшөөрсөн зэргийг дурдсугай.
5. Шүүхийн шатанд ялтан Б.Эд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР