Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/17

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга О.Билгүүн нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2422001750197 тоот хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот ******* дүүрэг ******* дугаар хороо тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: ).

Шүүгдэгч Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын засаг даргаар ажиллах хугацаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", 6.3-т заасан "Апбан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 -д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.11- д "амьтныг эзэмших, ашиглах", мөн зүйлийн 1.12-д "ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах барих", Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “шивэр хөтүү, дагуур ятуу, эрээн хавирга, хахилаг, говийн ногтруу, хар хур, эгэл сойрыг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс ******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл агнах, барихыг хориглоно", Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/625 дугаар "Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих агнуурын тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай" тушаалыг тус тус зөрчиж, Катар улсын эрхэмсэг дээд ноён "SEIKH JOAAN BIN HAMAD AL THANI''-ийн төлөөлөгч "SALEM FAHAD S A GHORAB''-тай 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр №001 дугаартай "Орон нутгаас (тагтаа, ногтруу) барих, бариулах гэрээ"-г байгуулж, 50 толгой ногтруу, 50 толгой тагтаа барих, мөн үргэлжилсэн үйлдлээр Саудын Араб улсын эрхэмсэг ноён SULTAN BIN JALAWI BIN SAUD BIN ABDULAZIZ GL SAUD-ийн бие төлөөлөгч GL FAHHAD MUTEB MONSEN А-тай 2024 оны 08 дугаар сарын 01- ний өдөр №004 дугаартай "Орон нутгаас (тагтаа, ногтруу) барих, бариулах гэрээ"-г байгуулж, 50 толгой ногтруу, 50 толгой тагтаа барих, мөн үргэлжилсэн үйлдлээр Катар улсын эрхэмсэг ноён SHIEKH HAMAD BIN MOHAMMED BIN GHMED AL- THANI-ийн бие төлөөлөгч HAMAD MOHD А-тай 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр №005 дугаартай "Орон нутгаас (тагтаа, ногтруу) барих, бариулах гэрээ"-г байгуулж, *******0 толгой тагтаа, 50 толгой ногтруу барих, нийтдээ 150 ногтруу, 200 тагтаа барих эрхийг олгож, амьтны аймагт 3,205,000 төгрөгийн хохирол учруулан хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

1. Дундговь аймгийн Прокурорын газраас: шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нийтийн. албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарласан 1/нэг/ жилийн хугацаанд Нийслэлийн ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 3.205.000 /гурван сая хоёр зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын байгаль хамгаалах сан /төрийн сангийн данс/-д төвлөрүүлж, Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, түүнийг гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулж шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. *******ыг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Катар, саудын араб улсын иргэдтэй 2024.07.22-ноос 2024.08.01-ны хооронд “Орон нутгаас тагтаа, ногтруу барих, бариулах” 001, 004, 005 дугаартай гэрээ байгуулсныг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзсэн. Засаг даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгохдоо хууль, журмын дараах заалтыг зөрчсөн гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцсон.

Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Ахуйн болон тусгай зориулалтаар дор дурдсан хугацаанд шувуу агнах, загас барихыг хориглоно” гэж, 9.2.1-д “шивэр хөтүү, дагуур ятуу, эрээн хавирга хахилаг, говийн ногтруу, хар хур, эгэл сойрыг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс ******* дугаар сарын 31-ний өдөр хүртэл” гэж заасан бол хэргийн 217-218 талд авагдсан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023.12.18-ны өдрийн А/625 дугаартай тушаалаар Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг баталсан байна. Уг тушаалын 1-р хавсралтад “ахуйн зориулалтаар агнах амьтдын тоо”-г баталсан бөгөөд агнуурын ногтруу шувууг Дундговь аймагт 50 ширхгээр дээд хэмжээг тогтоожээ.

Гэтэл ******* нь Катар, саудын араб улсын иргэдтэй 2024.07.22-ноос 2024.08.01-ны хооронд “Орон нутгаас тагтаа, ногтруу барих, бариулах” гэрээг байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023.12.18-ны өдрийн А/625 дугаартай тушаалаар шувуу /ногтруу/ агнахыг хориглосон, агнуурын шувууны дээд хэмжээг тогтоосон. Дээрх хуулийн зохицуулалт, сайдын тушаал нь шувууг зөвхөн агнах зохицуулалтын хүрээнд үйлчлэхээр харагдаж байна. ******* өөрийн эрх хэмжээний хүрээнд гэрээг байгуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байх хэдий ч ногтрууг агнах гэрээ байгуулаагүй, агнах эрхийг олгоогүй. Зөвхөн барих л эрхийг олгосон. Барих, агнах хоёр бол тусдаа өөр ойлголт бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтыг нэг түвшинд хэрэгжүүлэх боломжгүй.

2. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэж, тухайн хор уршигт зориуд хүсэж хүргэдэг шинжтэй гэмт хэрэг юм. Урвуулан ашиглах гэдгийг албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг үздэг.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ******* нь хувийн ашиг сонирхол байгаагүй нь харагддаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* нь өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад давуу байдал олгох, албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлон тогтоогоогүй.

Хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, Катар, саудын араб улсын иргэдтэй 2024.07.22-ноос 2024.08.01-ны хооронд байгуулсан 001, 004, 005 дугаартай гэрээ гэх зурган хэлбэрээр хэрэгт тусгагдсан баримтууд нь Катар, саудын араб улсын иргэдэд эрх олгосон болохыг нотлох баримтууд болохоос бус уг гадаад улсын иргэдэд давуу байдал олгох субьектив санаа зорилго агуулсан болохыг нотолсон баримт биш.

******* нь гэрээг байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго агуулсан үйл баримт тогтоогдоогүй, өөртөө давуу байдал бий болгосон зүйл байхгүй, хувьдаа ашиг хонжоо олсон гэх үйл баримт тогтоогдоогүй, уг үйлдэл нь албаны эсрэг чиглэсэн зүйл огт байхгүй, эдгээр нь нотлогдон тогтоогдоогүй.

******* нь “тус суманд Засаг дарга болохоос өмнө ч энэ гэрээ хийгдсэн байсан” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдгээс гадна гэрээний хүрээнд барьсан ногтрууны үнийг сумын төрийн сангийн дансанд шилжүүлсэн байдаг.

Дээрх нөхцөл байдлуудаар ******* нь үйлдэлдээ гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хандаж, тухайн хор уршигт зориуд хүсэж хүргэсэн үйл баримт тогтоогдоогүй.

3. Хэрэгт авагдсан баримтаар *******ы үйлдэл нь “эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэг бус “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэхээр байна.

******* нь 2024.07.22-ноос 2024.08.01-ны хооронд байгуулсан 001, 004, 005 дугаартай гэрээнд гарын үсэг зурахдаа Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023.12.18-ны өдрийн А/625 дугаартай тушаалыг хэрэгжүүлэх үүрэгтээ хайнга хандаж, хууль болон журмаар хориглосныг судлах, харах, хянах үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан Цагаандэлгэр сумын Засаг даргын тамгын газрын ирсэн, явсан бичигт үзлэг хийхэд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023.12.18-ны өдрийн А/625 дугаартай тушаалын хэрэгжилттэй холбоотой албан бичиг тус суманд очоогүй болох нь тогтоогдсон.

Төрийн алба гэдэг нь төрийн зорилт, чиг үүргийг Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт гэж тодорхойлсон.

Тагтаа, ногтруу агнах эрхийг олгох нь Зөвшөөрлийн тухай хуулиараа сумын Засаг даргын эрх хэмжээнд хамаарч байна. Энэхүү эрх олгох нь төрөөс үзүүлж буй нийтэд хүргэх үйлчилгээний нэг төрөлд хамаарна. *******ы хувьд төрөөс үзүүлсэн үйлчилгээг үзүүлэх явцдаа дээрх хориглосон хууль, журмыг хянах, судлах үүрэгтээ хайнга хандсан байна гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн объектив талын үндсэн шинжийг “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” гэж тодорхойлсон. “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинжийн обьектив талыг хангаж байх боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг тул *******ы албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг эрүүгийн гэмт хэрэг бус зөрчлийн шинжтэй гэж үзэхээр байна.

Иймээс *******ы үйлдэл нь “эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэг бус “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.          

4. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийнхөө хийсэн зүйлдээ гэмшиж байна. Өмнө нь хийгддэг байсан. Дээд шатны байгууллагаас мэргэжил арга зүйн чиг баримжаа ирээгүй. *******0 жилийн үйл ажиллагаатай байх хугацаанд шаварт суугаад ирсэн. Ер нь гадаад улсын иргэд өөрсдөө ирж гэрээ хийдэггүй. Бие төлөөлөгч буюу орчуулагч залуучууд ирдэг. Үүнийг Цагаандэлгэрийн нутгаас барина гэж байдаггүй. Учир нь нүүдлийн шувуу заавал харьяалагдаж гэрээ байгуулах ёстой гэдэг үндэслэл ярьж байгаа.  Тэгээд нийлүүлдэг хүн нь тусдаа байдаг юм байна. Ер нь бол ажилдаа хайнга хандсан, судлах нь миний үүрэг байсан. Миний биеийн байдал зорчих эрх хасах ял эдлэхэд тохиромжгүй байгаа учир өмгөөлөгчдөө хэлж байгаад гомдол гаргасан гэв.

5. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 07 сарын 22-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр гадаадын иргэдэд тухайн орон нутгаас тагтаа, ногтруу барих, бариулах гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээг байгуулсан үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль, Төрийн албаны хууль, Зөвшөөрлийн тухай хууль мөн Амьтны тухай хууль, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 625 дугаартай тушаалыг тус тус зөрчсөн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон байгаа. Тиймээс *******ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

           Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

           Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

           Шүүгдэгч ******* нь улсад 3,205,000 төгрөгийн хохирол учруулан хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь дор дурдсан, анхан шатны шүүхийн хуралдаанаар хэлэлцсэн шүүгдэгч, гэрч, хохирогчийн мэдүүлэг болон хэргийн бусад баримтуудаар нотлогджээ. Тухайлбал:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “ ..."Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/625 дугаар "ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих, агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай" тушаалаар Дундговь аймагт ахуйн зориулалтаар *******0 цагаан зээр, 50 ногтруу агнах тоо хэмжээг заасан байдаг... Дундговь аймгийн хэмжээнд 50 толгой ногтруу барих тоо хэмжээний хүрээнд тус аймгийн Дэрэн сумын засаг даргын тамгын газраас хүсэлт гаргасны дагуу дээрх 50 толгой ногтруу барих зөвшөөрлийг олгож эрхийн бичгийг өгсөн байгаа. Өөрөөр зөвшөөрөл авсан сум, зөвшөөрөл өгөх тоо хэмжээ байхгүй гэсэн үг ... Мөнхтогтох нь над руу холбогдоод "ногтрууны квот байгаа юу" гэж асуухаар нь би “аймгийн хэмжээнд 50 ногтрууны квот олгосон, Дэрэн сумаас эхэлж хүсэлт тавьсан учраас Дэрэн суманд олгосон, зөвшөөрөл байхгүй" гэж хэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар "амьтны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай" тогтоолоор нэг толгой ногтруу шувууны экологи эдийн засгийн үнэлгээ нь 9.500 төгрөг, нэг толгой хөх тагтааны экологи эдийн засгийн үнэлгээ нь 8.900 төгрөг гэж тогтоосон байдаг..." гэж, (1-р хх- ийн 32-33)

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд: “Гэрээг Монгол хүмүүс ирж байгуулдаг. Би 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Цагаандэлгэр сумын засаг даргын ажлыг авахад сумын засаг даргын тамгын газар нь байгаль орчны мэргэжилтэнтэй байсан. Тэгэхэд тагтаа, ногтрууны гэрээ тогтмол хийгддэг байсан. Миний хувьд хуулийг судалж мэдээгүйн үндсэн дээр гэрээ байгуулсан. Төв аймгийн цагдаагийн газарт мэдүүлэг өгсний дараагаар Байгаль орчны газрын дарга Гантулга руу холбогдоод "тагтаа, ногтрууны гэрээ байгуулсан чинь асуудал үүсээд байна" гэхэд Гантулга нь "тагтаа бол асуудалгүй, харин ногтруу хуульдаа тийм юм байна билээ" гэж хэлсэн. Тухайн үедээ би Байгаль орчны газрын дарга нь хүртэл өөрөө мэдэхгүй явж байна гэж бодож байсан. Мөн гэрээ байгуулахаас өмнө мэргэжилтэн Мөнхтогтохоор аймгийн Байгаль орчны газар руу холбогдуулахад гэрээ байгуулж болно гэж хэлсэн гэсэн. Тэгээд л гэрээг байгуулсан. Миний хувьд 2024 онд гурван отогтой гэрээ байгуулсан. Би тухайн гэрээнүүдийг 1,2,3,4,5,6 гэсэн дарааллаар дараалуулан дугаарласан. Тэгээд нөгөө талын хүмүүст өгөөд өөртөө 3-г нь авч үлдсэн. Би тухайн гэрээний эх хувийг хайгаад олохгүй байна. Өрөөнийхөө бүхий л бичиг баримтаа үзсэн боловч олдохгүй байна. Байгаль экологийн мөнгийг нь аваад Байгаль хамгаалах санд нь тушаалгасан байгаа. Гэм буруугийн асуудлаа хүлээн зөвшөөрч байна, ажлын хариуцлага алдсан байна, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэж, /хх-ийн 85-86/

Гэрч : “...Би Төв аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт биологийн төрөл зүйл, мэдээллийн санг хариуцсан мэргэжилтэн албан тушаалтай. Би 2022 оноос хойш тухайн чиглэлээр ажиллаж байна. Төв аймгийн нутагт идлэг шонхор шувуу барих ажиллагаа явуулж байгаа отгуудад хяналт шалгалт хийж ажиллах хугацаанд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №001 дугаартай гэрээгээр 50 толгой тагтаа, 50 толгой ногтруу, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №004 дугаартай гэрээгээр 50 толгой тагтаа, 50 толгой ногтруу, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №005 дугаартай гэрээгээр 50 толгой тагтаа, *******0 толгой ногтруу бариулахаар гэрээ байгуулсан байна. Энэ нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх хэсэгт зааснаар говийн ногтруу шувууг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс ******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд агнахыг хориглосон заалтыг зөрчиж байна. ...” гэж, (1-р хх-ийн 52)

Гэрч "... Байгаль хамгаалах сангийн *******0080455405 тоот дансанд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 221400065203 тоот данснаас 1.250.000 төгрөгийн орлого "тагтаа ногтруу" гэсэн утгаар ... 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 962565040002 тоот данснаас 1.250.000 төгрөгийн орлого "тагтаа ногтруу" гэсэн утгаар, дахин 1.000.000 төгрөгийг"тагтаа ногтруу" гэсэн утгаар орлого орж ирсэн байна. Би тухайн орлогыг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр орлогод авч хаасан байгаа. Одоо ямар нэгэн байдлаар зарлага гаргасан зүйл байхгүй байгаа. Нийт 3.500.000 төгрөгийн орлого орж ирсэн байна..." гэж, (1-р хх- ийн 40)

Гэрч "...2024 оны 08 сараас эхлэн зөвхөн газрын даамлаар ажиллаж байна. Тухайн үед Цагаандэлгэр сумын засаг дарга ******* намайг өрөөндөө дуудсан. Тэгээд өрөөнд нь ороход засаг даргатай гэрээ байгуулахаар ирсэн гадаадын иргэд орчуулагч нартайгаа сууж байсан. Тэгээд засаг дарга гэрээг өгөөд надаар гарын үсэг зуруулсан. Намайг ороход гэрээг бэлдсэн, гадаадын иргэдээр зуруулсан, засаг дарга өөрөө зурсан байсан бөгөөд миний гарын үсэг л дутуу байх шиг байсан. 2024 оны 07 дугаар сард Цагаандэлгэр сумын *******0 жилийн ой болох гээд би ажлын хэсэгт орсон гадуур ажилтай явж байхад дуудаад 2 гэрээнд гарын үсэг зуруулсан. Тэгээд дараа нь 08 дугаар сарын 01-нд мөн адил дуудаад гэрээнд гарын үсэг зуруулсан бөгөөд өмнөх хоёр гэрээ нь зурагдсан юм чинь гээд гарын үсэг зурсан. ..." гэж , (1-р хх-ийн 44- 45)

Гэрч : “Би 2012 оны 01 дүгээр сараас эхлэн Дундговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байна.” “... Тагтаа, ногтруу барих зөвшөөрлийг сумын Засаг дарга олгож байгаа. Харин олгохдоо аймгийн байгаль орчны газраас хичнээн тооны квот олгосныг тодруулж байгаад албан хүсэлт өгч хэдийг бариулах гэрээг байгуулах ёстой.” гэж тус тус мэдүүлсэн (1-р хх-ийн 47)

           Ийнхүү бусад гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 1)

           Орон нутгаас /тагтаа, ногтруу/ барих, бариулах тухай гэрээний хуулбар (1-р хх-ийн 3-5)

          Төв аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/499 дугаартай захирамж (1-р хх-ийн 14)

           Идлэг шонхор барих үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн ын илтгэх хуудас (1-р хх- ийн 15-16)

            Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын тамгын газрын явуулсан болон ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 24-26) зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

            Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч *******ы. үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

            Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сарын 22, 2024 оны 07 дугаар сарын 26, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын засаг даргаар ажиллаж байсан бөгөөд нийтийн албан тушаалтан байжээ.

            Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон бусад  этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилсан.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэрээр илэрнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...Хэрэгт авагдсан баримтаар *******ы үйлдэл нь “эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэг бус “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хангаж байна, 2024.07.22-ноос 2024.08.01-ны хооронд байгуулсан 001, 004, 005 дугаартай гэрээнд гарын үсэг зурахдаа Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023.12.18-ны өдрийн А/625 дугаартай тушаалыг хэрэгжүүлэх үүрэгтээ хайнга хандаж, хууль болон журмаар хориглосныг судлах, харах, хянах үүргээ биелүүлээгүй. ...Иймээс *******ы үйлдэл нь “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

           Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг болон төрийн албанд мөрдөгддөг хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах хор уршгийг учруулдаг онцлогтой.

           Төрийн нэрийн өмнөөс бусад этгээдтэй харилцах, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийнхээ эцсийн үр дүнг урьдчилан тооцоолох, холбогдох хууль журмыг судлах нь уг этгээдийн үүрэг бөгөөд дүрэм журмаа мэдээгүй гэж тайлбарлах нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

           Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ял нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

           Анхан шатны шүүхээс *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзэн цагаатгах, эсхүл өөрчлөх, буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

          Анхан шатны шүүхээс *******ы үйлдсэн гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч ******* нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг  нийтийн. албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэж, зорчих эрхийг хязгаарласан 1/нэг/ жилийн хугацаанд Нийслэлийн ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд өмгөөлөгчийн “эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэргийг “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргээр сольж зүйлчлэх агуулгаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.БАЯРДАВАА

 

    ШҮҮГЧИД                                    Г.МӨНХБАТ

 

                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ