Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 158

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох эрүүгийн 1830002160149 тоот хавтаст хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                     Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

            Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Одкон хотхоны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй  Д.О.

 

                      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

            Шүүгдэгч Д.О нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ...  тоот хашаанд  Ц.Быг нүүрэн тус газарт гараараа цохиж, толгой руу модоор цохиж зодсоноос эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэгт язарсан шарх зүүн шанаанд зулгаралттай, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед согтуу явж байгаад айлын нохойд дайруулаад газарт унасан. Тэгээд гараас цус гарсан тэгээд урьд нь таньдаг байсан Бын хашаа руу ороод танимхайраад хүүхдүүдийг нь ахынхаа гар дээр ус хийгээд өгчих гэтэл тэд нар намайг согтуу болохоор айгаад гэр рүүгээ орсон юм шиг байгаа юм. Тэгтэл Б согтуу гэрээсээ гарч өөрөө ус хийгээд хийгээд угаахгүй юу гэсэн. Би Быг түлхтэл Б нь газар ойчсон. Тэгээд би хашаанаас гарах гээд явж байтал Б хоёулаа болоод араас гүйгээд ирэхээр нь би надтай зодолдох гэж байна гэж бодоод хажууд тааралдсан модыг авч Б руу цохитол толгойг нь оносон. Тэр үед Б газар ойчиж байх шиг байсан. Тэгээд би гараад явчихсан юм. Миний араас Б нь дахиж гарч ирээгүй. Би Бт хохирлын мөнгө гэж 200.000 төгрөг бэлэн өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний байдлыг харгалзан торгуулийн ялыг маань багасгаж  өгнө үү гэв. 

 

 - Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би тэр өдрийн орой О.Ш гэдэг найзтайгаа хамт гэртээ архи уугаад сууж байтал манай 2 хүүхэд ааваа гадаа цус болсон согтуу хүн ирчихсэн байна” гээд уйлаад ороод ирсэн. Тэгээд би гараад очтол манай гэрийн хашаанд Д.О гэдэг зүс таних хүн байсан. Д.О нь манай хүүхдийг гар дээр ус хийгээд өг гээд загнаж байхаар нь би өөрөө хийгээд гараа угаахгүй юу гээд данхтай усыг нь холдуултал миний шанаа руу цохиж газар унагааж зугтаагаад гүйхээр нь би босоод яаж байгаа юм бэ гээд араас нь очтол манай жорлонгийн хажууд байсан хашааны банз авч миний толгой руу цохисон. Тэгээд О ах зугтаагаад яваад өгсөн. Намайг харахад бол согтуу харагдаж байсан. Дараа нь надтай уулзахдаа би санахгүй байна гэж байсан. Би Д.О ахтай зууралдаж зодолдоогүй. Харин Д.О ах намайг зодсон. Д.О нь миний хохирлыг барагдуулаагүй байгаа...”

...Оаас эмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг /хх-ийн 5, 23/,

 

- Яллагдагч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн. Би тухайн үед ахынхаа гар дээр ус хийгээд өгчих гэтэл өөрөө хийгээд угаахгүй юу гэсэн. Тухайн үед би согтуу байсан болохоор Быг түлхтэл Б нь газар ойчсон. Тэгээд би хашаанаас гарах гээд явж байтал Б нь араас гүйгээд ирэхээр нь би надтай зодолдох гэж байна гэж бодоод хажууд тааралдсан модыг авч Б руу цохитол толгойг нь оносон. Тэр үед Б газар ойчиж байх шиг байсан. Тэгээд би гараад явчихсан юм. Миний араас Б нь дахиж гарч ирээгүй. Би Бт хохирлын мөнгө гэж 200.000 төгрөг бэлэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 390 дугаартай дүгнэлтэд: “Ц.Бын биед зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэгт язарсан шарх, зүүн шанаанд зулгаралттай, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 10/,

 

- Хохирогч Ц.Бын Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлтүүд / хх-ийн 3/,

 

-  Д.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19/,

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багийн засаг даргын 2018.08.14-ний өдрийн 7/485 дугаартай тодорхойлолт /хх-ийн 20/,

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал / хх-ийн 27 / зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ...  тоот хашаанд  Ц.Быг нүүрэн тус газарт гараараа цохиж, толгой руу модоор цохиж зодсоноос эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэгт язарсан шарх зүүн шанаанд зулгаралттай, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Оын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.Бын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 390 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Тухайн хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь Д.О нь хохирогч Ц.Быг “данхтай ус гар дээр хийж өгсөнгүй ” гэж ялихгүй зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь түүний “Би Быг түлхтэл Б нь газар ойчсон. Тэгээд би хашаанаас гарах гээд явж байтал Б хоёулаа болоод араас гүйгээд ирэхээр нь би надтай зодолдох гэж байна гэж бодоод хажууд тааралдсан модыг авч Б руу цохитол толгойг нь оносон. Тэр үед Б газар ойчиж байх шиг байсан. Тэгээд би гараад явчихсан юм. Миний араас Б нь дахиж гарч ирээгүй. Би Бт хохирлын мөнгө гэж 200.000 төгрөг бэлэн өгсөн ” гэх, хохирогч Ц.Бын “Д.О гэдэг зүс таних хүн байсан. Д.О нь манай хүүхдийг гар дээр ус хийгээд өг гээд загнаж байхаар нь би өөрөө хийгээд гараа угаахгүй юу гээд данхтай усыг нь холдуултал миний шанаа руу цохиж газар унагааж зугтаагаад гүйхээр нь би босоод яаж байгаа юм бэ гээд араас нь очтол манай жорлонгийн хажууд байсан хашааны банз авч миний толгой руу цохисон ” гэх мэдүүлгүүдээр тогтоогдоно.

 

Д.Оыг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй мэдсээр атлаа, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсэж ялихгүй зүйлээр шалтаглан хохирогч Ц.Быг гараараа нүүрэн тус газарт цохиж, модоор толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Д.От холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

           Шүүхээс шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

 

           Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Харин эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

           Шүүгдэгч Д.Оын гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид эмчилгээний зардлыг нь төлж хохирол гомдолгүй болгосон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас  түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан  ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтоолоо.         

 

            Шүүгдэгч Д.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр  хохирогчийн эмчилгээний зардалд хохирогч Ц.Бт 200.000 төгрөг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Ялтан Д.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй тэрээр  хохирогч Ц.Бын  эмчилгээний зардалд  200.000 төгрөг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурдсугай.

 

            5. Шүүхийн шатанд ялтан Д.От таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР