| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 2517000000048 |
| Дугаар | 2025/ДШМ/07 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/07
С.Э холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
прокурор Б.Ануужин,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ануужингийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.Э холбогдох 2517000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19 оны - дугаар сарын -ны өдөр Д аймгийн Г суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ш-О ХК-д технологийн машинч эрхэлсэн ажилтай, ам бүл -, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Ш сумын - дугаар баг, С тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус 2 удаа ял шийтгүүлсэн гэх Н овогт С Э.
Яллагдагч С.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Ш сумын - дугаар багийн нутаг дэвсгэрт - улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2,08 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч С.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овогт С Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02/ хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 07 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э 07 /долоо/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тооцож, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Ануужин давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шийтгэх тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцахад, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н овогтой С Э нь урьд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн болох нь тогтоогддог. Шүүгдэгч С.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын - дугаар багийн нутаг дэвсгэрт - улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2,08 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Э оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч бүрэн төлж биелүүлсэн боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялаас 1 жил 8 сар 01 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн болох нь хэрэгт авагдсан ялын тооцооны хуудсаар нотлогддог. Улсын яллагчаас шүүгдэгч С.Э хүлээлгэх эрүүгийн хариуцлагын санал гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 1 хоногийн эрх хасах ялыг нэмж нэгтгэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын нийт хугацааг 3 жил 11 сар 1 хоногийн хугацаагаар хасах саналыг гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдсэн хүний...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл...хориглохыг эрх хасах ял гэнэ" гэж гэмт этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тусгайлан заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйл, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөлд эрх хасах ялыг дурдаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэхээр заасан нь хууль хэрэглээний хувьд нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх үндэслэлгүй гэж дүгнээд, шүүгдэгч С.Э урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 1 хоногийн эрх хасах ялыг нэмж нэгтгэлгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн эсэхээс үл хамааран оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө, эсвэл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох шударга ёсны зарчмыг хуульчилсан. Мөн эрүүгийн хариуцлага нь хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ял нь торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял, эрх хасах ял гэсэн 5 төрөлтэй байхаар тогтоож, эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд заавал оногдуулахаар, хэрэв заагаагүй бол нэмэгдэл ялаар хэрэглэх хуулийн зохицуулалттай ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно" гэж зааснаар тодорхойлсон ял гэдэг ойлголтод нэмэгдэл ялаар хэрэглэх эрх хасах ял мөн адил хамаарна. Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд анхан шатны шүүхээс нэг төрлийн нэмэгдэл ялуудыг нэгтгээгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялыг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, прокурор Б.Ануужингийн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгч С.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын - дугаар багийн нутаг дэвсгэрт - улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2,08 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч С.Э “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 03 сарын хугацаагаар хасаж, 07 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэсэн байна.
3. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокуророос “ ...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх байдлаар шийдвэрлээгүй” үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.
4. Хавтаст хэргийн 34-38 дугаар талд авагдсан Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолоос үзвэл шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Шүүгдэгч С.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг бүрэн төлж биелүүлсэн нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 25/23 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор /хх-ийн 41/ нотлогдон тогтоогдсон.
5. Дээрхээс дүгнэн үзвэл шүүгдэгч С.Э өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ялаа эдэлж дуусаагүй байх үедээ дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгүүлсэн байхад анхан шатны шүүх, хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэмж нэгтгэх үндэслэлгүй гэж үзсэн нь буруу байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “эрх хасах” ял нь ялын төрөлд орж тооцогдох бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг ялыг нэмэгдэл ялаар хэрэглэхээр хуульчлагдсан. Гэтэл анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэглэвэл зохих хуулийн зүйл хэсэг, заалтыг хэрэглэхгүй орхигдуулан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдэд хамаарч байгаа болно.
Иймд, анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдаа, зөрчлийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд мөрдөгч нь яллагдагчийн эхнэр Ч.С гэрчийн мэдүүлэг /хх-ийн 15/ авахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” талаар урьдчилан тайлбарлаж асуугаагүй, мөн уг мэдүүлэг болон гэрч О.С мэдүүлэг /хх-ийн 13/-т шүүгдэгч С.Э нэрийг Э.И гэж буруу тэмдэглэсэн алдааг прокурор хянаж залруулаагүй байх тул цаашид анхаарах шаардлагатайг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ