Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 307/ШШ2025/02050

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** тоот хаягт оршин суух, Б******* Ж овогт П*******ийн Б******* /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, Б******* овогт Агийн Э******* /РД:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ц*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А оролцож, тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.Б******* нь хариуцагч А.Э*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.Э******* нь Байрны урьдчилгаа хийх гэсэн юм. Яаралтай мөнгө хэрэг болоод байна. Би өөрөө зээлтэй учир нэмж зээл гарахгүй байна. 30,000,000 төгрөг хүү тохиролцоод зээлээч. Удахгүй өгнө. гэж гуйхаар нь би зөвшөөрч, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгөөр хоёр удаа гүйлгээ хийж, түүний Г банк дахь тоот данс руу шилжүүлэн өгсөн. Би мөнгө шилжүүлэхдээ өөрийн эхнэр Ч.Тын Г банк дахь тоот данснаас Б******* зээл гэсэн утгатайгаар шилжүүлэн өгсөн. А.Э******* бид хоёр хоорондоо тохиролцоод сарын 3 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. Ингээд А.Э******* нь 2023 оны 12 дугаар сарын 15-нд хүү гэж 900,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-нд 900,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 15-нд 960,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 25-нд 870,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-нд 930,000 төгрөгөөр 2024 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд 12,100,000 төгрөг төлсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлсөнгүй. А.Э******* нь Өнөө маргаашгүй төлнө. Зээлийн графикаа өөрчлөөд өгөөч гэхээр нь одоог хүртэл бүтэн 6 сар хүлээж харлаа. Гэвч сүүлдээ утсаа авахаа байж, зугатааж үл тоох болсон. Иймд би А.Э*******аас үндсэн зээлд 30,000,000 төгрөг, 6 сарын хүүг 3%-иар тооцож, 5,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Э******* нь нэхэмжлэгч П.Б*******тай хамт Оюу Толгой компанид ажилладаг. П.Б*******аас 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг зээлж авсан. Тус зээлийн төлөлтийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-нд төлж байсан бөгөөд дээрх зээлийн төлөлтөд нийт 12,100,000 төгрөгийг П.Б*******ы эхнэр Ч.Тын тоот данс руу шилжүүлсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч П.Б*******аас дээрх 30,000,000 төгрөгийг зээлж авахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан байдаг.

Харин А.Э******* нь 2023 оны 11 дүгээр сарын 15-аас 2024 оны 12 дугаар сарын 16 хүртэл зээлийн эргэн төлөлтөд нийт 12,100,000 төгрөг төлсөн байна. Иргэний хуульд заасны дагуу хариуцагч А.Э******* зээлийн хүү төлөх үүрэг хүлээхгүйн дээр П.Б******* ч хүү авах эрхгүй байгаа юм. А.Э******* нь санхүүгийн боломж тааруу байгаа хэдий ч П.Б*******аас зээлсэн 30,000,000 төгрөгөөс өөрийн төлсөн 12,100,000 төгрөгийг хасаж, 17,900,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэсэн тайлбар гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөг төлсөн баримт, Л.Ц*******д төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 30,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, Г банк дахь тоот данс эзэмшигчийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцсан цахим шуудангийн хуулбар ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаа: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Н.Г*******од төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, депозит дансны хуулга ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч П.Б******* би хариуцагч А.Э*******ад 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. А.Э******* нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд 12,100,000 төгрөг төлсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул А.Э*******аас үндсэн зээлд 30,000,000 төгрөг, 6 сарын хүүг 3%-иар тооцож 5,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 17,900,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд: Нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг зээлж авсан үйл баримтад маргахгүй бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 15-аас 2024 оны 12 дугаар сарын 16 хүртэл зээлийн эргэн төлөлтөд нийт 12,100,000 төгрөг төлсөн. Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй, хариуцагчид ч мөн зээлийн хүү төлөх үүрэг үүсээгүй. Иймд нэхэмжлэгч П.Б*******аас зээлсэн 30,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 12,100,000 төгрөгийг хасаж, 17,900,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэсэн тайлбар гаргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч П.Б******* нь хариуцагч А.Э*******ад 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөг зээлүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан 30,000,000 төгрөг шилжүүлсэн банкны мемориалын баримтаар тогтоогдож байна.

 

4.2. Хариуцагч А.Э******* нь Х дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 210,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 960,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 870,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 930,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 930,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны 900,000 төгрөг, Г банк дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 930,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 930,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 930,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны 900,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч П.Б*******д шилжүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч А.Э*******ын депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус заажээ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан депозит дансны хуулгаар нэхэмжлэгч П.Б******* нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг хариуцагч А.Э*******ын дансанд хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

 

Талууд гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй, мөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар гэрээг байгуулсанд тооцох бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй.

 

Иймд нэхэмжлэгч П.Б******* нь хариуцагч А.Э*******аас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

6. Хэрэгт авагдсан хариуцагч А.Э*******ын депозит дансны хуулга, талуудын маргаагүй тайлбараар хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 15-аас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчид нийт 12,100,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 12,100,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасах үндэслэлтэй эсэхэд талууд маргаж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч П.Б******* нь хариуцагч А.Э*******тай харилцан тохиролцож, 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцсон гэж тайлбарласан боловч талууд хүү тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхгүй.

 

Харин хариуцагч А.Э*******ын нэхэмжлэгч П.Б*******д сар бүр шилжүүлсэн мөнгөн дүн, А.Э*******аас хүү төлөлт гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн гүйлгээнээс дүгнэхэд талууд уг 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. гэж заасан тул хариуцагч А.Э*******ын зээлийн хүүд төлсөн 12,100,000 төгрөгийг үндсэн зээлийн 30,000,000 төгрөгөөс хасах үндэслэлгүй.

 

7. Мөн талууд зээлийн гэрээгээр хугацаа тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж заасны дагуу хариуцагч А.Э*******аас зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-т заасныг баримтлан хариуцагч А.Э*******аас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ