| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/00142/э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2018-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 159
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Год холбогдох эрүүгийн 1830002050141 тоот хавтаст хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Мах маркетад туслах ажилтай, ам бүл 6, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Бага дөрвөлжийн 4-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сар 15 хоног баривчлах ял шийтгүүлж байсан М.Г.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.Г нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг ... тоот буюу өөрийн хашаанд гэрийнхээ гадаа 2018 оны 06 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчимд Э.Бийг алгадахаар нь зүүн гараараа нүүр рүү нь цохиж газар унагааснаас түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхинд, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ажлаасаа тараад ирэхэд манай гадаа байдаг орон дээр тэд нар архи уугаад, юм яриад сууж байсан. Тэгэхэд Э.Б ирээд нөхрийгөө алгадаад намайг алгадсан. Намайг дахиад алгадах гэхээр нь би Э.Бийг түлхсэн. Ийм л зүйл болсон. Би архи уугаагүй эрүүл байсан. Хохирогч эмчилгээний зардалд 315.000 төгрөг нэхэмжилж байгаа тэрийг би ажлаа хийгээд төлнө. Би Мах маркетад ажилладаг гэв.
- Хохирогч Э.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “..Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн. Тус орой М.Гын эхнэр М нь намайг хоёр тийшээ харчихаад хашаа харж байгаа нь мэдэгдэхгүй хялар долир, нөхрөө арчилж чадахгүй арчаагүй хүүхэн зайл гэх мэтээр намайг доромжлоод байсан. Мөн хажууд нь байсан Д нь намайг долир, сэжгийн хүүхэн минь зайл гэж доромжилсонд гомдолтой байна. Намайг М.Г нь нэг удаа миний хамар орчимд цохисон. Би Г руу очтол над руу хэн нэгэн ус цацах шиг болсон. Би тухайн үед архи цацчихлаа гэж бодоод “юу гэж хүн рүү архи цацаад байгаа юм бэ” гэтэл М нь “донгио юм, ус” гэж байсан. Тэгээд би Г руу дөхөөд очтол өөдөөс босож ирээд намайг шууд цохисон. Би Гыг намайг цохино гэж бодоогүй байсан юм. Намайг Г нь цохичхоод гэр рүүгээ яваад орохоор нь би араас нь орох гэтэл намайг гэр рүүгээ оруулахгүй сандлаар өөдөөс цохиж түлхээд байсан. Сандалд цохиулснаас болж надад гэмтэл учраагүй. Тэгээд миний хамраас их цус гарсан. Эмнэлэг дээр очоод үзүүлтэл намайг шууд хэвтүүлсэн. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 315.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5/,
- Гэрч М.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үдийн үед гэртээ ирэхэд манайд М, Д, Ч манай эхнэр М нар байсан юм. Тэд нар намайг очиход хоол унд идээд сууж байсан. Би үд амраад ажилдаа яваад орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ очиход тэр хэд 0.5 литрийн “Ерөөл” архи уугаад сууж байсан. Гэрийн гадаа архи тойруулаад юм яриад сууж байхад Мгийн эхнэр Б ирсэн юм. Өмнө нь Мд би “Эхнэр чинь ирээд загнаад байх юм биш биз” гэх хэлэхэд зүгээрээ гэж байсан. Б ирээд нөхрөө Дтэй хардаад асуудал үүссэн. Нөхөртэйгөө хэрэлдээд цаашаа явснаа буцаж ирээд “Та нар янхан гэртээ үүрлүүллээ” гээд намайг алгадсан юм. Тэгэхээр нь би гараараа цаашаа түлхэхэд цаашаа унасан юм. Тухайн үед хамраас нь цус гарч байсан. Нөхөр нь өмнөх өдөр нь гэртээ хоноогүй юм билээ. Тэгээд нөхрөө хардаад нилээд ууртай ирсэн. Өмнө нь 2018 оны 05 дугаар сарын орчим М согтуу ирээд манайд хоносон юм. Тэр үед эхнэр нь ирээд бас бид нарыг хүн орогнууллаа гэж загнаж байсан. Сая болсон асуудал бол Б намайг алгадахаар нь би зөрүүлээд зүүн гараараа түлхэж унагасан. Би Бийг гараа атгаж байгаад цохиогүй, би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бийн хохирлын одоогоор барагдуулаагүй байгаа ”гэх мэдүүлэг /хх-ийн 8 /,
- Гэрч Ө.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн орчим манай гэрт Д, М, А, Ч нар нь нэг шил архитай ирсэн. Тухайн үед манай нөхөр Г нь гэртээ байгаагүй юм. Тэгээд би хоол цай хийж өгөөд бүгдээрээ унтсан. Өдөр 13 цагийн орчим Г ажлаасаа ирж хоолоо идчихээд явсан. Орой манай нөхөр Г ажлаасаа буугаад ирэхээр нь найзууддаа 1 шил архи авч өгөөд хашаандаа гадаа сууж байтал Мын эхнэр Б нь ирсэн. Бийг ирэхэд нөхөр М нь Дг дэрлээд хэвтэж байсан. Гэтэл Б ирээд манай нөхөр болон Дг доромжилж байгаад манай нөхөр Гын араас шилэн хүзүү рүү нь цохиод байхаар нь Г нь нэг удаа цохих шиг болсон. Тэгээд манай нөхөр Гыг шоронд явсан гэх мэтээр доромжлоод байхаар нь аягатай усыг Б рүү цацсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
- Гэрч Ц.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Гын эхнэр М намайг утсаар дуудсан юм. Би ажлаа тараад 19 цагийн орчимд Гынд очиход М, М, Ч нар байсан. Намайг очиход тэд нар нилээд халчихсан “Ерөөл” архи уугаад сууж байсан. Удалгүй 20 цагийн орчим Г ажлаасаа тараад ирсэн. Бид Гын байшингийн гадаа модон орон дээр бөөндөө архи тойруулаад сууж байхад Б ирсэн юм. Ирээд нөхрөө надтай хардаад “Та нар энд байгаагаа хэлэхгүй яасан юм” гээд уурлаад байсан. Тухайн Б нөхөр М болон Г нарыг алгадсан юм. Бийг алгадахаар Г хүүхдээ бариад сууж байхдаа зүүн гараараа түлхэх шиг болсон. Түлхүүлж унаад босож ирэхдээ Бийн хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 /
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 366 дугаартай дүгнэлтэд: “1.Э.Бийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 12/,
- Хохирогч Э.Бийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-42/,
- М.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн засаг даргын 2018.07.03-ны өдрийн 5/525 дугаартай тодорхойлолт /хх-32/,
- Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас. /хх-16-22/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-35/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал / хх-43 / зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.Г нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод Э.Бийг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхинд, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Гын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Б, гэрч Ө.М, Ц.Д нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь М.Г нь хохирогч Э.Бийг нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... “Б ирээд нөхрөө Дтэй хардаад асуудал үүссэн. Нөхөртэйгөө хэрэлдээд цаашаа явснаа буцаж ирээд “Та нар янхан гэртээ үүрлүүллээ” гээд намайг алгадсан юм. Тэгэхээр нь би гараараа цаашаа түлхэхэд цаашаа унасан юм. Тухайн үед хамраас нь цус гарч байсан. Нөхөр нь өмнөх өдөр нь гэртээ хоноогүй юм билээ. Тэгээд нөхрөө хардаад нилээд ууртай ирсэн ” гэх, хохирогч Э.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн:..“Би Г руу очтол над руу хэн нэгэн ус цацах шиг болсон. Би тухайн үед архи цацчихлаа гэж бодоод “юу гэж хүн рүү архи цацаад байгаа юм бэ” гэтэл М нь “донгио минь ус” гэж байсан. Тэгээд би Г руу дөхөөд очтол өөдөөс босож ирээд намайг шууд цохисон ” гэх, гэрч Ө.Мгийн хэрэг бүртгэлтэд өгсөн:...“Бийг ирэхэд нөхөр М нь Дг дэрлээд хэвтэж байсан. Гэтэл Б ирээд манай нөхөр болон Дг доромжилж байгаад манай нөхөр Гын араас шилэн хүзүү рүү нь цохиод байхаар нь Г нь нэг удаа цохих шиг болсон. Тэгээд манай нөхөр Гыг шоронд явсан гэх мэтээр доромжлоод байхаар нь аягатай усыг Б рүү цацсан юм... ” гэх, гэрч Ц.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б нөхөр М болон Г нарыг алгадсан юм. Бийг алгадахаар Г хүүхдээ бариад сууж байхдаа зүүн гараараа түлхэх шиг болсон. Түлхүүлж унаад босож ирэхдээ Бийн хамраас цус гарсан байсан ” гэх мэдүүлгүүдээр тогтоогдоно.
М.Гыг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй мэдсээр атлаа, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсэж ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч Э.Бийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч М.Год холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч М.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Гын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр хохирогчийн эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болох 315.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, буюу төлөхийг зөвшөөрсөн зэргийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Гын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй хохирогчийн эмчилгээ хийлгэсний зардал болох 315.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн зэргийг дурдсугай.
5. Шүүхийн шатанд ялтан М.Год таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР