| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431000450245 |
| Дугаар | 2025/ДШМ/63 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/63
Т.М******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж
Прокурор С.Б*******
Шүүгдэгч Т.М*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, шийдвэрлэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Т.М******* холбогдох эрүүгийн *************** дугаартай, ***************** индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б******* овогт Т******* М*******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Б******* аймаг Б******* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчны менежмент мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын ойн ангийн дарга ажилтай, ам бүл *, нөхөр, * хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, ******* сум, * дүгээр баг, *-*** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД: ************)
Шүүгдэгч Т.М******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай захирамжаар ******* сумын Ойн ангийн ОНӨААТҮгазрын дарга /нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан/-аар ажиллаж байх хугацаандаа: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл Хориглох зүйлийн 7.1.7-д Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл Хориглох зүйлийн 7.1.3-т албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно,
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3-д хуульд нийцээгүй шийдвэр гаргах,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/133 тушаалын 1 дүгээр хавсралт “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 3.5-д Байгалийн гэнэтийн гамшиг /түймэр, ойн хөнөөлт шавж, өвчин, салхи шуурга, цас, үер г.м/-ийн улмаас мод нь нэлэнхийдээ хатсан, хугарч гэмтсэн, унасан талбайд цэвэрлэгээний огтлолт хийхэд Ойн ангийн дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга шийдвэр гаргана, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/451 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт “Ойгоос мод бэлтгэх журам”- 3 дугаар зүйлийн 3.5-д Ой зохион байгуулалтын судалгааны ажил хийгдсэний дараа байгалийн гэнэтийн гамшиг /түймэр, ойн хөнөөлт шавж, өвчин, салхи шуурга, цас үер г.м/-ийн улмаас мод нь нэлэнхийдээ хатсан, өмхөрсөн, хугарч гэмтсэн, үндсээрээ булгарч унасан талбайд цэвэрлэгээ огтлолт, цэвэрлэгээний ажил хийх арга хэмжээг хэрэгжүүлэхэд Ойн ангийн дүгнэлт гаргасан байна,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/684 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5-д Ой зохион байгуулалтын судалгааны ажил хийгдсэнээс хойш ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүчтэй салхи, их цасны нөлөөгөөр өөрчлөлт орсон ойн санд энэ журмын 2.2-т заасан арга хэмжээг төлөвлөх тохиолдолд сумын болон сум дундын Ойн анги дүгнэлт гаргана /2.2-т Ойд хийгдэх цэвэрлэгээг хэлбэр тус бүрээр төлөвлөнө. Үүнд: 2.2.1. Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүчтэй салхи, их цасны нөлөөгөөр унасан мод, гишүү, мод бэлтгэлийн үлдэгдлийг ойгоос гаргах цэвэрлэгээний ажил; 2.2.2.Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэж, эрүүлжүүлэхэд чиглэсэн цэвэрлэгээний огтлолт/ гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Сэлэнгэ аймгийн ******* сумын Дуганы хөндий гэх газарт Ойн сангийн 67 дугаар хэсэглэл 18, 19, 20 дугаар ялгаралд 23 га талбайд Ойн ангийн дүгнэлтийг гаргалгүй талбай тусгаарлалт хийж, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “******* ” ХХК-ийн захирал Ж.Батхүүтэй “Мод бэлтгэх” 57 дугаартай гэрээ байгуулан “******* ” ХХК-г мод бэлтгэх, худалдах, тээвэрлэх боломжоор хангаж давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Т.М*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б******* овогт Т******* М*******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М******* нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэж,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М******* зорчих эрхийг хязгаарласан 1 /нэг/ жилийн хугацаанд ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдэн,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М******* оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 20-50 голчтой, 4 метрийн урттай нит 33 ширхэг нойтон нарс мод, 4 нь талт 15-30 см хэмжээтэй 4 метрийн урттай нийт 33 ширхэг нойтон нарс мод, 4 нь талт 15-30 см хэмжээтэй 4 метрийн урттай 72 ширхэг дүнз, 20-48 см голчтой, 4 метрийн урттай нийт 72 ширхэг нарс мод зэргийг улсын орлогод оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,
Хэрэгт “******* сумын * дугаар баг * тоот “ ******* ” ХХК-ний хашаанд “20-50 голчтой, 4 метрийн урттай нит 33 ширхэг нойтон нарс мод, 4 нь талт 15-30 см хэмжээтэй 4 метрийн урттай нийт 33 ширхэг нойтон нарс мод, 4 нь талт 15-30 см хэмжээтэй 4 метрийн урттай 72 ширхэг дүнз, 20-48 см голчтой, 4 метрийн урттай нийт 72 ширхэг нарс мод зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч Н.М******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Гомдлын үндэслэл:
Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд
1.1.Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй тухайд
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 14 дэх нүүрний эхний цогцолборт хэргийн тогтоогдсон үйл баримтыг тоочиж бичсэн байх ба энэ дунд шүүгдэгч Т.М*******ын гэм бурууг тогтоож буй нотлох баримтаар Ойн ангийн техникч, шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтийг тусгажээ. Энэ хэргийг шийдвэрлэхэд 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд шүүгдэгчийн холбогдох журам зөрчсөн эсэх талаар дээр дурдсан эхний шинжээчээс асуусан бол хоёр дахь шинжээчээр зөвхөн “******* ” ХХК-ийн ойн цэвэрлэгээний ажлаар бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг гаргуулсан байдаг.
Ийнхүү эхний шинжээч нь шүүгдэгч Т.М*******ын холбогдох журмыг зөрчсөн эсэх талаарх дүгнэлтээ “Тухайн аж ахуйн нэгж сумын ИТХ-ын 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 116 тоот тогтоолоор ойн цэвэрлэгээний ажлаар нарс мод бэлтгэхээр 240 метр куб хэрэглээ, 200 метр куб түлээний модны хуваарь авч, батлагдсан хуваарийн дагуу модыг бэлтгэж байгаа тул Ойн анги дүгнэлт гаргах шаардлагагүй” гэж гаргасан. Анхан шатны шүүх уг шинжээчийн дүгнэлтийг дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг шууд цагаатгасан агуулгатай уг шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй атал анхан шатны шүүх уг баримтыг эшилж хийсэн хууль зүйн дүгнэлтдээ тус баримт нь шүүгдэгч Т.М*******ын гэм буруутай болохыг нотолж байна гэж бичсэн болно.
Мөн гэрч гийн мэдүүлгийг шүүгдэгчийн гэм бурууг нотолж буй хэмээн бичсэн байна. Гэрч нь энэ талаар “Иргэдийн хурлаас тухайн жилд мод бэлтгэх тогтоолыг гаргахад тухайн байгууллага нь цэвэрлэгээний ажил хийх хуваарьт орсон бол энэ асуудал дээр Засаг дарга захирамж гаргах шаардлага байхгүй. Хуваарьт орсон байгууллага шууд Засаг даргын шийдвэргүй цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэж болно” хэмээн мэдүүлжээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.М*******ыг дүгнэлт гаргаагүй, Засаг даргын захирамж гаргаагүй гэж ялласан байхад энэ талаар дүгнэлт гаргасан цор ганц шинжээч болон захирамж гаргах ёстой гэх сумын Засаг дарга нар нь ингэх шаардлагагүй хэмээн мэдүүлсэн. Үүнээс үзвэл анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хийсэн нотлох баримтаар нотлогдоогүй болох нь илэрхий байна.
1.2.Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан тухайд
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 14 дэх нүүрний эхний цогцолборт Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрч нарын мэдүүлгийг шүүгдэгчийн гэм бурууг тогтоох нотлох баримт гэж үзжээ.
Хэргийн газрын үзлэгийг ахлаж хийсэн мөрдөгч Б.Энхтүвшин нь гэрч гийн нөхөр бөгөөд гэрч , нараас эхлэн гэрчээр мэдүүлэг авахад шүүгдэгч Т.М*******ын гэм буруугүй болох нь тодорхой болсон тул энэ хэргийг мөрдөж байсан Б.Энхтүвшин нь өөрийн эхнэр гаар анх удаа Т.М*******ыг буруутгасан агуулгатай мэдүүлэг өгүүлсэн байж болзошгүй нь хэргийн нөхцөл байдал, цаг хугацааны дарааллын хувьд мэдүүлэг өгсөн байдлаас тодорхой харагдаж байгаа юм. Мөн дээрх гэрчүүдээс шүүгдэгчийн холбогдох журам зөрчсөн эсэхийг лавлан асуухдаа мод бэлтгэлийн материалыг зөвхөн гэрч болон шинжээч нарт л үзүүлж тэдгээр хүмүүсийн мэргэшсэн байдал, салбарын нарийн мэдлэгийн хүрээнд өөрсдийн байр суурийг илэрхийлэхийг хүссэн байдаг. Эдгээр гэрч нар нь цөм Т.М*******ыг холбогдох журмыг зөрчөөгүй. Хууль тогтоомжид заасны дагуу ажлаа хийсэн байна гэж мэдүүлсний дараа, өөр гэрч нараас мэдүүлэг авахдаа хэнд нь ч мод бэлтгэлийн материалыг үзүүлж асуухаа больсон байгааг дурдсаар байхад анхан шатны шүүх үүнийг анхаараагүй.
1.3.Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй болох нь Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын 14-16 дугаар талд хэргийн үйл баримтыг тогтоосон гэх нотлох баримтын жагсаалт болон хууль зүйн дүгнэлтээ бичсэн байх бөгөөд энэ дунд өмгөөлөгч миний шинжлэн судлуулсан гэрч гийн мэдүүлэг огт дурдагдаагүй. Мөн яагаад дурдагдахгүй байгаа болон хэрхэн үгүйсгэгдсэн болох талаар ямарч дүгнэлт хийгээгүй.
Үүнээс гадна дээр дурдсан Сумын засаг дарга , шинжээч нарын шүүгдэгч Т.М*******ыг гэм буруугүй болохыг нотолсон агуулгатай мэдүүлэг, дүгнэлтүүд нь түүнийг гэм буруутайд тооцох шийтгэх тогтоолын үндэслэл хэрхэн болж буй талаар мөн нэг ч мөр дүгнэлт бичигдээгүй болно. Өмгөөлөгч миний бие шүүгдэгчийн эсрэг агуулгатай өгсөн мэдүүлгүүдийг ч мөн яагаад ийм байдлаар өгч буй талаар тухай бүрд нь тайлбарлаж, мэтгэлцсэн байхад түүнийг үгүйсгэж, өөрийн үндэслэлээ тайлбарлах ямар ч тайлбар хийгээгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг загаагүй болох нь тодорхой харагдаж байгаа юм.
1.4.Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байгаа тухайд
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан хууль зүйн дүгнэлт хийгээд шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд нь агуулгын хувьд нөхөж, тайлбарлах ямарч боломжгүй эсрэг зүгийг зааж байхад илэрхий цагаатгасан агуулгатай шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүдийг шийтгэх тогтоолын үндэслэл болгочхоод энэ талаараа ямар нэгэн тайлбар бичихгүйгээр шүүгдэгч нь гэм буруутай байна гэж нэг өгүүлбэрээр дүгнэсэн нь дээрх дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд шууд нөлөөлсөн ноцтой зөрүүтэй, агуулгын илт алдаатай, ойлгомжгүй болсныг харуулж байна.
Мөн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж огт маргаагүй байхад энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг учраас өмгөөлөгчийн тайлбар, үндэслэлийг хүлээн авах боломжгүй хэмээн шийтгэх тогтоолын 14 дэх талын 6 дугаар цогцолборт бичсэн нь өмгөөлөгч миний илэрхийлсэн үндэслэлүүдээс нэгд нь ч хариулж, няцаагаагүй атлаа маргаагүй үндэслэлийг өөрөө зохиож бичээд түүндээ хариулсан байгаа нь гайхшрал төрүүлж байна.
Хоёр. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд
1.1.Шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны */*** дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Ойгоос мод бэлтгэх журам”-д 3.5 Байгалийн гэнэтийн гамшиг /түймэр, ойн хөнөөлт шавж, өвчин, салхи шуурга, цас, үер г.м/-ийн улмаас мод нь нэлэнхийдээ хатсан, хугарч гэмтсэн, унасан талбайд цэвэрлэгээний огтлолт хийхэд Ойн ангийн дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга шийдвэр гаргана гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийг анхан шатны шүүхээс тус журмын дээрх заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн.
Сэлэнгэ аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 сарын 13-ны өдрийн *** дугаартай тогтоолын хавсралтаар ******* ХХК нь хэрэглээний 240, түлээний 200 метр куб модыг цэвэрлэгээний ажлаар бэлтгэх хуваарь авсан байгааг харж болно. ******* ХХК нь дээрх модыг цэвэрлэгээний ажлаар бэлтгэсэн болохыг 2024 оны 01 сарын 25-ны өдрийн №6 дугаартай шинжээчийн дүгнэлт, Мод бэлтгэх талбай сонгосон тухай акт, мод бэлтгэлийн технологийн карт,10 ************ дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг тэргүүтэй мод бэлтгэлийн бүх материалаас харж болно.
Цэвэрлэгээний огтлол гэдэг нь байгалийн гамшиг, хөнөөлт шавжны нөлөөгөөр цаашид ургах боломжгүй болсон ургаа модыг тайрч, огтлох тохиолдолд хийгддэг бол цэвэрлэгээний ажил нь үндсээрээ булгарсан модыг зөөвөрлөж, стандартын дагуу мод бэлтгэх үйл ажиллагаа байдаг. Дээрх журмаар цэвэрлэгээний огтлолт хийгдэх тохиолдолд дүгнэлт гаргаж, Засаг дарга захирамж гаргахыг шаардсан шалтгаан нь ургаа модыг тайрах асуудал хөндөгддөг тул үнэхээр цэвэрлэгээний огтлол хийх шаардлагатай эсэхийг мэргэжлийн байгууллага эргэлзээгүй дүгнэх зайлшгүй шаардлага үүсдэгтэй холбоотой.
Харин үндсээрээ булгарсан модыг зөөж, цэвэрлэхэд ямар нэгэн мэргэжлийн экспертийн дүгнэлт шаардлагагүй тул мод бэлтгэх талбайг тусгаарлах үед унасан модноос гадна унаагүй, ургаа модыг тоолж, цэвэрлэгээний ажил дуусах үед дутсан эсэхийг нь тулгаж, шалгах байдлаар хяналт тавьдаг. Дээрх тохиолдолд ******* ХХК нь хуваарь авсан модны хэмжээнд багтааж, дээрх модыг цэвэрлэгээний ажлаар бэлтгэсэн тул Ойн анги дүгнэлт, Засаг дарга захирамж гаргах шаардлагагүй бөгөөд энэ талаар шинжээч болон Засаг дарга нар баталж, мэдүүлсэн байдаг.
1.2.Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 15 дахь талын 4 дэх цогцолборт 2024 оны 06 сарын 21-ний өдрийн */*** дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт“Ойгоос мод бэлтгэх журмын 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтыг зөрчсөн гэжээ. Энэ журам батлагдсан цаг хугацааг харвал ******* ХХК мод бэлтгэх үед үйлчилж эхлээгүй болох нь тодорхой харагдаж байна.
Мөн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн */*** дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журмыг” зөрчсөн гэжээ.
Сэлэнгэ аймгийн ******* сумын Ойн ангиас 2023 оны 07 сарын 28-ны өдрийн № ** дугаартай дүгнэлтийг хүргүүлж, сая болсон хүчтэй шуурганы улмаас унасан модыг хэрхэн бэлтгэх талаар чиглэл өгөхийг хүсэхэд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2023 оны 08 сарын 07-ны өдрийн № 500 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны */*** дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 3.5-д заасныг баримтлах12 талаар тов тодорхой чиглэл өгсөн байдаг.
Өөрөөр хэлбэл Сумын ИТХ-аас тогтоол гаргаж цэвэрлэгээний огтлол, үйлдвэрлэлийн огтлол, цэвэрлэгээний ажил зэрэг төрлүүдээр ямар аж ахуйн нэгж хэдий хэмжээний мод бэлтгэхийг жил бүр тогтоодог бөгөөд нэгэн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж буй журмууд нь хоорондоо зарим талаараа зөрчилддөг тул тодорхой тохиолдол гарах бүрд дээд шатны байгууллагаасаа чиглэл авч ажилладаг.
Энэ дагуу зөвхөн цэвэрлэгээний огтлол хийхэд дүгнэлт гаргаж, Засаг дарга захирамж гаргуулах журмыг баримтлах талаар чиглэл өгсөн тул үүнийг баримталсан. Шалтгаан нь бодит байдалд булгарч унасан мод бүр дээр дүгнэлт гаргах нь хүн хүч, цаг хугацаа үрсэн “Төрийн албаны хэмнэлттэй, шуурхай байх” зарчимд харш үйл ажиллагаа болох байсан юм. Иймд анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль буюу журмыг үндэслэн шүүгдэгчийг буруутгасныг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь тодорхой ашиг сонирхлыг гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээс хамгаалахад оршдог. Уг хамгаалах ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхол байгаа юм. Энэ хэргийн тухайд нийтийн ашиг сонирхол гэдгийн цаана нийт аж ахуй нэгжүүдэд тэгш шударгаар өрсөлдөх боломж байсан уу. Энэ боломжийг үүсгэсэн үү гэх асуудал яригдана. Түмний энгэр нөхөрлөлтэй ******* Дэлгэрэх ХХК хамтран ажиллах гэрээ байгуулсан. Түмний энгэр нөхөрлөлийн С.У гэх хүний мэдүүлэг байгаа. Өөр ямар нэгэн аж ахуй нэгж байгууллага хэсэглэлд мод бэлтгэлийн цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргаагүй. Цор ганц хүсэлт гаргасан аж ахуй нэгж байгууллага нь ******* Дэлгэрэх ХХК байсан. ******* Дэлгэрэх ХХК цэвэрлэгээний ажил хийснийг шинжээч нотолсон. ... Хэн хохирч, ямар ашиг сонирхол хөндөгдсөн бэ. Түмний энгэр нөхөрлөл хэсэглэлийн газартаа ******* ХХК-тай мод бэлтгэх төлбөр авч, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ядаж нэг байгууллага ч болтугай хүсэлт гаргасан бол шударга өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж үзэхсэн. Гэтэл нэг ч байгууллага хүсэлт гаргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив шинж үгүйсгэгдэж байна. Хөндөгдөж байгаа ашиг сонирхол, хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Цэвэрлэгээний ажил хийгдсэн байхад ойн ангийн дүгнэлт, Засаг даргын захирамж шаардана гэж буруутгасан. Тийм учраас гэмт хэргийн объектив болон субьектив шин харагдахгүй байна. Иймд миний үйлчлүүлэгч Т.М******* гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинж чанар байхгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэх саналтай байна гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ерөнхийдөө өмгөөлөгч маань гол гол асуудлыг ярьсан. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын салбарын хяналтын байцаагч Б намайг буруутгаж байгаа. Учир нь, 2016 оны 12 дугаар сарын 13-ны */*** дугаар Ойгоос мод бэлтгэх журам нь тухайн үйл ажиллагаа явагдахад хүчин төгөлдөр хэрэгжиж байсан. 2024 оны 06 дугаар сарын 21-ний */*** дугаар тушаал нь тухайн үйл ажиллагаа явагдсанаас хойш буюу шинэчлэгдсэн журмын заалтаар намайг буруутгаж байгаа. 2016 оны 12 дугаар сарын 13-ны */*** дугаар Ойгоос мод бэлтгэх журмын 3.5 дахь заалтад заасан хүчин төгөлдөр үйлчилж байсан журмыг мөрдөж ажилласан. Тухайн үед ойлгомжгүй зөрүүтэй байсан асуудлаа дээд шатны байгууллагаасаа тодруулж, албан бичгээр чиглэл авч ажилласан гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгч Т.М*******, түүний өмгөөлөгч Б.Б******* нар цэвэрлэгээний ажил гэж тайлбарлаж байгаа боловч цэвэрлэгээний огтлолт байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзвэл бүгд цэвэрлэгээний огтлолт байсан тогтоогддог. Цэвэрлэгээний огтлолт хийхийн тулд ойн анги дүгнэлт гаргасны дараа Засаг дарга захирамж гаргаж, захирамжийг үндэслэн ойн анги талбай тусгаарлалт хийж ойгоос мод бэлтгэх гэрээ байгуулдаг.
Ийм дүрэм журмыг баримтлахгүйгээр шууд ******* Дэлгэрэх ХХК-тай гэрээ байгуулж, 23 га газраас мод бэлтгэх давуу байдал олгосон учраас нийтийн албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч Т.М*******ын өмгөөлөгч Б.Б*******аас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй талаар дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, түүний үйлдлийн улмаас ******* Дэлгэрэх ХХК-д давуу байдал олгосон гэх болон нотлох баримтуудын харилцан зөрүүтэй байдлаас аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж шүүгдэгч Т.М*******ыг дүгнэсэн учир дутагдалтай болжээ.
Тухайлбал дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос хянавал зохих байдлыг хянаж шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм.
Өөрөөр хэлбэл ******* Дэлгэрэх ХХК хууль бусаар гэрээгээ зөрчиж мод бэлтгэсэн үү, эсхүл давуу байдал олгосны улмаас хууль бусаар мод бэлтгэсэн үү гэх асуудлыг шалгаж тогтоогоогүй хэрвээ давуу байдал олгосон бол хэрхэн ямар байдлаар олгосон эсэх талаар бүрэн шалгаж тогтоогоогүй байна.
Мөн давуу байдал олгогдсоны улмаас хууль бусаар ойгоос мод бэлтгэж учруулсан экологи эдийн засгийн хохирол болох 167,059,240 төгрөг, нөхөн төлбөрийн хэмжээ 501,177,720 төгрөгийг хэн хэрхэн төлөх ёстой болох буюу хохирлын асуудлаар дурдаагүй зөвхөн давуу байдал бий болгосны улмаас хохирол учирсан гэж прокуророос тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаараа эрх зүйн дүгнэлт хийж шүүхэд танилцуулаагүй учраас учирсан хохирлыг хэрхэх талаар анхан шатны шүүх шийдвэрлээгүй нь энэхүү хэргийг давж заалдах шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдлыг бий болгосон гэж дүгнэж байна.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилсан.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ бүхий байдал үүссэн гэж үзнэ.
5.Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн “...шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон” гэсэн гомдлыг хангаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах гомдлын бусад агуулга болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Мөн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн 2 дахь хэсэгт тус шүүхийн өөрчлөгдөн байгуулагдаж тус анхан шатны шүүхийн нэршил өөрчлөгдөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх гэсэн нэршилтэй болсон байхад шийтгэх тогтоолд хуучин нэршлээр буюу “Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж шүүхийн нэршлийг ташаа бичсэн алдаа гаргасан байх бөгөөд энэ талаар тус шүүхээс урьд өмнө шийдвэрлэж байсан хэргүүдэд дурьдан явуулж байсан боловч гарсаар байгаа тул цаашид энэ төрлийн алдааг дахин гаргахгүй ажиллахыг анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.3, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН