Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 213/МА2018/00031

 

Д.*******ын хүсэлттэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШШ2018/00574 дүгээр шийдвэртэй

 Нэхэмжлэгч Дэмбэрэлийн *******ын хүсэлттэй

 Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэрэгт хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ нар оролцов.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

Д.******* нь 1959 оны 6 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр амаржих газарт төрсөн. Одоо 59 настай. 1975 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 3-р арван жилийн дунд сургуулийг төгсөж улмаар Улаанбаатар хотын Барилга засварын нэгдсэн трестэд ачигчаар 1975 оноос 1978 оны 6 сарын 29-ний өдрийг дуустал ажиллаж байсан. 1978-1981 оныг хүртэл Улаанбаатар хотын Барилгын цэргийн 022 дугаар ангид алба хааж ирсэн. Улаанбаатар хотын Барилгын Засварын Нэгдсэн Трестэд Баярмаагийн бригадад барилгын засал чимэглэлчнээр 1981 оноос 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажиллаж байсан тул 1975 оноос 1978 оны 6 сарын 29 өдрийг дуустал, 1981 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал НААҮ яамны харьяа Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч С.*******ын 1975 оны 07 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 23-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Барилга засварын нэгдсэн трестэд ачигч, 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Улаанбаатар хотын Барилгын Засварын Нэгдсэн Трестэд Баярмаагийн бригадад барилгын засал чимэглэлчин, 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Барилга үйлдвэрлэл худалдааны Заг ХХК-д засал чимэглэлчинээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Дэмбэрэлийн *******ын 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 23 өдрийг хүртэл хугацаанд НААҮ яамны харьяа Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн трестэд ачигч, 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотын Барилгын удирдах газрын харьяа Барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчинээр тус тусажиллаж байсан байдлыг тогтоож, Хүсэлтийн шаардлагаас 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Д.*******ын 1982 оны 1 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Д.******* нь 1975 оны 7 сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд НААҮ яамны харьяа Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн трестэд ачигч, 1981 оны 8 сарын 20-ны өдрөөс 1991 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотын Барилгын удирдах газрын харьяа Барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 1991 оны 12 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Улаанбаатар хотын Барилга үйлдвэрлэл худалдааны Заг ХХК-д засал чимэглэлгчээр тасралтгүй ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан холбогдох бичгэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх хэрхэн ямар үндэслэлээр Д.*******ын 1982 оны 1 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал 1991 оны 10 сарын 01- ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгон нь хууль зүйн үндэслэлгүй хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэгт авагдсан үйл баримтанд дурьдагдсан баримтат мэдээлэлд үндэслэлгүй үнэлгээ өгч хүсэлт гаргагчийн эрх ашиг сонирхолыг илтэд хохироосон байх тул тус шийдвэрийн нэг дэх заалтын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс Д.*******ын 1975 оноос 1978 оны 6 сарын 29-ний өдрийг дуустал, 1981 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал НААҮ яамны харьяа Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх Дэмбэрэлийн *******ын 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд НААҮ яамны харьяа Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн трестэд ачигч, 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарны 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотын Барилгын удирдах газрын харьяа Барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчинээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт шаардлагаас 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.******* нь 1991 оны 9 дүгээр сарын 30-нд шагнуулж байсан тухай тушаалын хуулбар /хх-ийн 15 дугаар тал/ байгаа бөгөөд шагнал аваад үргэлжлүүлэн ажиллаж байсан нь тодорхой бөгөөд харин ажлаас гарсан тухай баримт нь байхгүй байна. Д.******* нь нотлох баримтаа сайн бүрдүүлж өгөөгүй, ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байгаа хугацааныхаа талаар ажиллаж байсан тухайгаа дахин нотлох баримт бүрдүүлж шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй байтал анхан шатны шүүх Д.*******ын 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн хүсэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүсэлт гаргагч Д.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэстэй гэж үзнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШШ2018/00574 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

“…Хүсэлтийн шаардлагаас 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

“…Хүсэлтийн шаардлагаас 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан тухайгаа нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин хүсэлт гаргах эрхтэй болохыг дурьдсугай…” гэж, өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 Г.УЛАМБАЯР