| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/02146/И |
| Дугаар | 307/ШШ2025/02094 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 307/ШШ2025/02094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ****** тоот хаягт оршин суух, Б******* овогт О*******ын А******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, Б******* овогт Бгийн М******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 600,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Б*******,
Хариуцагчийн өмгөөлөгч: С.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Д оролцож, тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.А******* нь хариуцагч Б.М*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 600,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
О.А******* би 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.М*******тай зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээгээр О.А******* би 400,000,000 төгрөгийг хүүгүй, барьцаагүйгээр 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар Б.М*******т зээлдүүлсэн.
Тус гэрээний дагуу Б.М*******т 400,000,000 төгрөгийг зээлээр өгөхдөө 200,000,000 төгрөгийг бэлнээр, 200,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Гэвч Б.М******* нь гэрээнд заасан хугацаанд зээлийг эргэн төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийг төлөх сүүлийн өдрөөс хойш 6 сар орчим хугацаа өнгөрсөн нөхцөл байдалтай байна.
Түүнчлэн зээлийг эргүүлэн төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай Зээлийн төлбөр шаардах албан бичиг"-ийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б.М*******т хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө. гэж, 5 дугаар зүйлийн 5.1-т Зээлдэгч нь Зээлийн эргэн төлөлтийн нөхцөл зөрчсөн, зээлдэгч худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож зээлдүүлэгч гэрээг цуцалж, алданги торгууль, төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж тус тус зохицуулсан.
Б.М******* нь зээлийн гэрээний төлбөр төлөх сүүлийн хугацааг хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн ба гэрээний үүргээ биелүүлэх сүүлийн өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 171 хоног байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 400,000,000 төгрөгийн 0.5 хувь нь хоног тутам 2,000,000 төгрөг бөгөөд үүнийг хугацаа хэтэрсэн 171 хоногт үржүүлэн тооцвол 342,000,000 төгрөг алдангид бодогдоно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж хуульчилсан тул хариуцагчаас алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 200,000,000 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт нэхэмжилж байна.
Иймд хариуцагч Б.М*******аас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 400,000,000 төгрөг, алдангид 200,000,000 төгрөг, нийт 600,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.М*******ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Б.М******* би О.А*******гаас 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 200,000,000 төгрөгийг ажил хийж гүйцэтгэхээр зээлж авсан. Тухайн үед бид 200,000,000 төгрөгийг хүү, алдангийн хамт төлөхөөр тохиролцсон. Гэтэл О.А******* нь зээлийн гэрээний үнийн дүнг 400,000,000 төгрөг болгож бичээд бэлнээр 200,000,000 төгрөг нэмж өгсөн болгож гэрээ байгуулаад нотариатаар баталгаажуулах санал гаргасан. Миний хувьд мөнгө зээлж байгаа учраас хэлсэн саналыг нь хүлээн авч 400,000,000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Бодит байдал дээр би О.А*******гаас 200,000,000 төгрөгийг л зээлж авсан. Уг гэрээг байгуулахад би ноцтой төөрөгдөлд орсон байна. Иймд уг гэрээ нь хүчин төгөлдөр байх шаардлага хангахгүй байгаа тул хүчин төгөлдөр буст тооцуулах хүсэлтэй байна.
Иймд О.А*******гийн нэхэмжилсэн 600,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. Харин бодитоор зээлсэн 200,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 3,157,950 төгрөг төлсөн баримт, Н.Э*******т олгосон итгэмжлэл, Зээлийн төлбөр шаардах албан бичиг, О.А*******, Б.М******* нарын байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20,000,000 төгрөг, 15,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 112,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 33,000,000 төгрөг шилжүүлсэн баримтууд, О.А*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Н.Э*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ ирүүлсэн.
Хариуцагч шүүхэд нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Х банк дахь Б.М*******ын эзэмшлийн тоот дансны хуулга ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: О.А******* би 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.М*******тай зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 400,000,000 төгрөгийг хүүгүй, барьцаагүйгээр 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар Б.М*******т зээлдүүлсэн. Тус гэрээний дагуу Б.М*******т 400,000,000 төгрөгийг зээлээр өгөхдөө 200,000,000 төгрөгийг бэлнээр, 200,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Гэвч Б.М******* нь гэрээнд заасан хугацаанд зээлийг эргэн төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийг төлөх сүүлийн өдрөөс хойш 6 сар орчим хугацаа өнгөрсөн нөхцөл байдалтай байна. Иймд хариуцагч Б.М*******аас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 400,000,000 төгрөг, алдангид 200,000,000 төгрөг, нийт 600,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 200,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд: Б.М******* би О.А*******гаас 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 200,000,000 төгрөг зээлсэн. Гэтэл О.А******* нь зээлийн гэрээний үнийн дүнг 400,000,000 төгрөг болгож бичээд бэлнээр 200,000,000 төгрөг нэмж өгсөн болгож гэрээ байгуулах санал гаргасан. Тухайн гэрээг байгуулах үед би ноцтой төөрөгдөж, 400,000,000 төгрөг зээлүүлсэн гэрээнд гарын үсэг зурсан. Бодит байдалд би О.А*******гаас 200,000,000 төгрөгийг л зээлж авсан. Иймд уг гэрээ нь хүчин төгөлдөр байх шаардлага хангахгүй байгаа тул хүчин төгөлдөр буст тооцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас бодитоор зээлсэн 200,000,000 төгрөгийг төлөх боломжтой. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч О.А*******, хариуцагч Б.М******* нар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр О.А******* нь зээлдэгч Б.М*******т 400,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, хүүгүй зээлүүлэх, хариуцагч нь хугацааны эцэст зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчид төлөхөөр, хэрэв гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцжээ.
4.2. Нэхэмжлэгч О.А******* нь хариуцагч Б.М*******ын эзэмшлийн Х банк дахь тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 15,000,000 төгрөгөөр 2 удаа, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 112,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгөөр 2 удаа, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 33,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Х банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
4.3. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Х банк дахь тоот дансны хуулгаар 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 200,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 184,331,385 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдож байна.
5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус заасан.
Хариуцагч Б.М******* нь уг гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрч, харин бэлнээр өгсөн гэх 200,000,000 төгрөгийг аваагүй гэж маргасан.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно. гэж заасан бөгөөд зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаарддаг.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.4-т 200,000,000 төгрөгийг бэлнээр олгосон. 200,000,000 төгрөгийг Х банкны тоот дансанд шилжүүлнэ. гэж бичиж, талууд гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч О.А******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар бэлнээр өгсөн гэх 200,000,000 төгрөгийг хариуцагч Б.М*******т хэзээ, хэрхэн өгсөн болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд нотлох үүргийн хуваарилалтын дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хэзээ, хэрхэн өгсөн болохоо зээлдүүлэгч нотлох үүрэгтэй.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд 200,000,000 төгрөгийг бэлнээр олгосон гэж бичсэнээс өөрөөр нэхэмжлэгчээс хариуцагчид 200,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх байдал хөдөлбөргүй тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг уг зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Хариуцагч Б.М*******ын зүгээс уг гэрээг байгуулахдаа ноцтой төөрөгдлийн улмаас хүссэн хэлцлээс өөр хэлцлийг зөвшөөрч хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай тайлбар гаргасан.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болох бөгөөд мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн тохиолдлыг ноцтой төөрөгдсөн гэж үзэхээр хуульчилжээ.
Гэвч, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд хариуцагч Б.М*******ыг уг гэрээг байгуулах үед ноцтой төөрөгдлийн улмаас хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
7. Хариуцагч Б.М******* нэхэмжлэгч О.А*******тай 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хариуцагчаас 200,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Түүнчлэн, хариуцагч Б.М******* нь зээлсэн 200,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги алданги төлөх үүрэгтэй.
Хариуцагчийн төлбөл зохих алдангийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход 200,000,000 төгрөг /200,000,0000.5%200 хоног/ байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 200,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож, алдангид 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иймд хариуцагч Б.М*******аас зээлийн гэрээний үүрэгт 200,000,000 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 300,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дуаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан хариуцагч Б.М*******аас 300,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,157,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,657,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ