| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/00143/э |
| Дугаар | 160 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 160
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мт холбогдох эрүүгийн 1830002200142 тоот хавтаст хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамж мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Тэжээлийн аж ахуйн 13 дугаар байранд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй О.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч О.М нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг “Д” амралтын газрын орчимд 2018 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Д.Оийг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 07 сарын 12-ны өдөр найзуудаараа “Д” гэх амралтын газар очсон. Тэнд О бид хоёр маргалдсан. О намайг аймаг руу хүргээд өг гэсэн. Би архи уучихсан байсан болохоор хүргэж өгөхгүй гээд маргалдсан. Тэгээд би От машины түлхүүрээ өгөөд машинаа бариулаад хажууд нь суугаад явсан. Явах замдаа бид хоёр маргалдаж машины түлхүүр өгөхгүй болохоор нь би Оийг алгадсан. О миний машин руу чулуу шидэж шилийг нь хагалсан. Үүнээс болж би Оийг дахин нэг алгадсан. О өөрөө найзыгаа дуудаад аймаг руу явсан гэв.
- Хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 12-ны шөнө найзууд болох О.М, Ш, М, С нарын хамт аймгаас зүүн хойш байдаг Д гэх амралтын газар О.Мын эзэмшлийн машинтай очсон. Д амралтын газар руу явахаасаа өмнө нь би 2 лаазтай пиво уусан байсан. Амралтын газар очоод би О.Мыг намайг аймаг руу хүргээд өг гэтэл алхаад яв гэхээр нь би уурлаад О.Мтай маргалдаж байтал О.М нь намайг алгадчихаад яваад өгөхөөр нь машиных нь цонх руу чулуу шидэж хагалаад дотроос нь өөрийнхөө гар утсыг аваад аймаг алхаад аймаг руу ирсэн. Миний зүүн талын шанаа руу нэг удаа алгадсан. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Манай ах миний өмнөөс гомдол гаргасан. Тйим болохоор би гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4/,
- Яллагдагч О.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найзууд болох С, Ш, М, О нарын хамт аймгаас хойш 7 киллометр зайд байдаг Д гэх амралтын газарт 2018 оны 07 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед очсон. Тэнд бид нар бүгдээрээ 2 шил архи хувааж ууцгаасан юм. Тухайн үед О нь найз М гэх хүүхэнтэйгээ намайг хардаж надтай маргалдаж муудсан. Гэтэл О нь “би явлаа намайг хүргээд өг” гэхээр нь би өөрийнхөө машинтай хүргэж өгөхөөр аймаг руу явж байхдаа мөн адил маргалдаж муудаад байхаар нь би машинаасаа бууж үлдэж О нь миний машиныг аваад аймаг орсон. Би буусан газраа байж байтал удалгүй О нь буцаад миний машиныг бариад хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр буцаад 7 худагт байдаг амралтын газарт очсон. Тэнд бид хоёр найзуудтайгаа юм яриад сууж байтал О нь намайг “чи намайг орж ирэхээр дуугаа хураагаад, гараад явахаар инээж хөхрөөд байна” гэж надтай маргалдсан. Гэтэл О нь гарч миний 64-85 сүэ улсын дугаартай Аллион маркийн машин руу чулуу шидэхээр нь би уурлаж нэг удаа алгадаж дахиад чулуу шидвэл хохь чинь шүү гэтэл дахиад чулуу шидэж миний автомашины зүүн урд хаалганы шилийг нь хагалсан. Тэгээд би уурлаж мөн адил дахиад нэг удаа алгадсан юм. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Би Д.Оийн хацар орчим нь алгадсан нь үнэн. Бид хоорондоо тохирсон. Д.О надаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй. Би мөн Д.Оээс машины хохирол гэж мөнгө нэхэмжлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16 /
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаартай дүгнэлтэд: “Д.Оийн биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 9/,
- Шүүгдэгч О.Мын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт / хх-28/,
- О.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-19/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн засаг даргын 2018.08.14-ний өдрийн 1/497 дугаартай тодорхойлолт /хх-17/,
- О.Мын өөрөө өрийгөө өмгөөлөх тухай хүсэлт /хх-28/,
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал / хх-31 / зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч О.М нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг “Д” амралтын газрын орчимд Д.Оийг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Мын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Оийн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь О.М нь хохирогч Д.Оийг ялихгүй зүйлээр шалтаглаж зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь түүний “О нь гарч миний 64-85 сүэ улсын дугаартай Аллион маркийн машин руу чулуу шидэхээр нь би уурлаж нэг удаа алгадаж дахиад чулуу шидвэл хохь чинь шүү гэтэл дахиад чулуу шидэж миний автомашины зүүн урд хаалганы шилийг нь хагалсан. Тэгээд би уурлаж мөн адил дахиад нэг удаа алгадсан юм. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Би Д.Оийн хацар орчим нь алгадсан нь үнэн. Бид хоорондоо тохирсон. Д.О надаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй. Би мөн Д.Оээс машины хохирол гэж мөнгө нэхэмжлээгүй” гэх, хохирогч Д.Оийн “О.Мыг намайг аймаг руу хүргээд өг гэтэл алхаад яв гэхээр нь би уурлаад О.Мтай маргалдаж байтал О.М нь намайг алгадчихаад яваад өгөхөөр нь машиных нь цонх руу чулуу шидэж хагалаад дотроос нь өөрийнхөө гар утсыг аваад аймаг алхаад аймаг руу ирсэн. Миний зүүн талын шанаа руу нэг удаа алгадсан. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй ” гэх мэдүүлгүүдээр тогтоогдоно.
О.Мыг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй мэдсээр атлаа, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсэж ямар ч шалтгаангүйгээр хохирогч Д.Оийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч О.Мт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч О.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.Мын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Д.О хохирол нэхэмжлээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.Мын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан О.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Д.О нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шатанд ялтан О.Мт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР