Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/64

 

                               П.Э*******, О.У*******, М.Д*******

                                         нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж

Прокурор Б.Х******* /цахим/

Шүүгдэгч П.Э******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г******* нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Э******* даргалж, шийдвэрлэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч П.Э*******гийн давж заалдах гомдлоор П.Э*******, О.У*******, М.Д******* нарт холбогдох эрүүгийн ************* дугаартай, ****************** индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.О******* овогт П******* Э*******, Монгол улсын иргэн,Сэлэнгэ аймгийн суманд 19** онь ***дугаар сарын **ны өдөр төрсөн, ***настай, эрэгтэй, бүрэн дунд бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-*. эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын * дүгээр баг, ** тоотод оршин суух, урьд өмнө 1 удаа ял шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, (РД:***************) урьд

- Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн.

 

2. Б овогт О У*******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн суманд 19** оны ** дугаар сарын **-нд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч засварчин мэргэжилтэй, ам бүл-*, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын * дүгээр баг, ** тоотод оршин суух, УБТЗ-ын ачааны вагон депод засварчин ажилтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, (РД: **************) урьд

 

-Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссэн.

 

3.Б овогт М Д*******, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-*, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн  сумын ***** дүгээр баг, ******** **********  гэх газарт оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай (РД:****************)

 

Шүүгдэгч Яллагдагч П.Э******* нь бусадтай бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын * дугаар багийн нутаг дэвсгэр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 49 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 22407075 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч О.У******* нь бусадтай бүлэглэн 2024 оны 07 дугаар өдөр Сэлэнгэ аймгийн сумын * дугаар багийн нутаг дэвсгэр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 49 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 22407075 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч М.Д******* нь бусадтай бүлэглэн 2024 оны 07 дугаар өдөр Сэлэнгэ аймгийн сумын * дугаар багийн нутаг дэвсгэр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 49 ширхэг нойтон шинэс мод бэлтгэн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 22407075 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн Прокурорын газраас: П.Э*******, О.У*******, М.Д*******  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны  өдрийн 2025/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч    ******* овогт П******* Э*******, шүүгдэгч Б овогт О У*******, шүүгдэгч Б овогт М Д******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зөвшөөрөлгүйгээр бүлэглэн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч П.Э*******г 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.У*******ыг 01/нэг/ жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч М.Д*******ийг 01/нэг/ жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э*******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У*******, шүүгдэгч М.Д******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 01 хоногийг хорих ялын 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.У*******, М.Д******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч П.Э*******, шүүгдэгч О.У*******, шүүгдэгч М.Д******* нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э*******гаас 7568025/Долоон сая таван зуун жаран найман мянга хорин тав/ төгрөгийг,

-шүүгдэгч О.У*******аас 7568025/Долоон сая таван зуун жаран найман мянга хорин тав/ төгрөгийг,

-шүүгдэгч М.Д*******өөс 7568025/Долоон сая таван зуун жаран найман мянга хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э*******, шүүгдэгч О.У*******, шүүгдэгч М.Д******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын тамгын газрын журмын хашаанд битүүмжлэгдсэн 49/дөчин ес/ ширхэг, 15.5м3 нойтон шинэс модыг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч П.Э*******н өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн 100000/нэг зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн бензин хөрөөг тус тус хурааж улсын орлого болгож, олсон орлогыг төрийн сангийн 100130400955 тоот дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э*******, шүүгдэгч О.У*******, шүүгдэгч М.Д******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Б.Б өмчлөлийн улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №22 дугаартай захирамжийн 2 дахь заалтаар Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын тамгын газрын журмын хашаанд битүүмжилсэн заалтыг, иргэн С.Б эзэмшлийн улсын дугаар, арлын дугааргүй ногоон өнгийн/хулхи ногоон/ чиргүүлийг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №01 дугаартай тогтоолоор тус тус хүчингүй болгож, эд хөрөнгийн эзэмшигч нарт эд хөрөнгийг буцаан олгож,

-шүүгдэгч П.Э*******гаас хөрөнгийн үнэлгээний компаниас үнэлсэн Зил-131 загварын 70-13 СБА улсын улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 8000000/найман сая/ төгрөгийг, арлын дугаар, улсын дугааргүй ногоон өнгийн/хулхи ногоон/чиргүүлийн үнэ 2500000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж, ...шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Э******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Сэлэнгэ аймгийн сумын 1-р баг 39 тоотод оршин суух хаягтай, одоо ШШГГ-ийн 413-р Хорих ангийн Цагдан хорих байранд хоригдож байгаа О******* овогт Пүрэвдавгын Э******* би бусадтай бүлэглэн зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн хэрэгт тус сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/36 дугаартай тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн болно. Би мөрдөн шалгах үеэс гэм буруутайгаа маргаагүй, шүүх хурлын үед ч гэм буруутайгаа маргахгүй байгаа талаараа хэлсэн, хорих ял авсан шалтгаан нь хохирол төлбөрөө төлөөгүй учир шүүх хорих ял оногдуулсан.

Миний тухайд шүүхээс оногдуулсан хохирол, төлбөрийг заасан хугацаанд нь бүрэн барагдуулах болно. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, дахин ямар нэг байдлаар хууль бус үйлдэл хийхгүй гэдгээ илэрхийлж байна. Миний хувийн амьдрал, ахуй байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г*******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа ямар үндэслэлээр хорих ял оногдуулсан талаараа дүгнэлт хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгөхдөө л гэм буруугаа хүлээсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээсэн тохиолдолд хөнгөрүүлэх зохицуулалт байгааг харгалзан үзээгүйд гомдолтой байдаг юм. Мөн миний үйлчлүүлэгч олон хүүхэдтэй ар гэрээ тэжээн тэтгэдэг хүн нь бөгөөд  нийгмээс тусгаарлагдсанаар гэр бүлийн  амьжиргаа дордох нөхцөл үүссэн.

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оногдуулж ялыг өөрчилж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байдал, хэргийн оролцоо зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э*******гийн давж заалдах гомдлоор П.Э*******, О.У*******, М.Д******* нарт холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

2.Шүүгдэгч П.Э*******, О.У*******, М.Д******* нар нь 2024 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийН сумын * дугаар багийн нутаг дэвсгэр гэх газраас зохих зөвшөөрөлгүй 49 м.куб нойтон шинэс мод бэлтгэж СБА 70-31 улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэж байгаль экологид 22,407,075 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь  хэрэг авагдсан нотлох баримт болох

-Шүүгдэгч П.Э******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хойд бүсэд мод тээвэрлэж Сэлэнгэ суманд баригдсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Д*******, У******* нарыг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бичиг баримттай, бичиг баримтгүйгээ хэлээгүй модонд аваад явчихсан болохоор би өөрөө өөрийнхөө улсад учруулсан хохирлыг төлж барагдуулна. Дашрамд нь би У*******, Д******* нараас уучлалт хүсэж байна. ...гэх,

-Шүүгдэгч О.У******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 07 сарын 16-нд хууль бусаар мод тээвэрлэсэн гэдэг зүйл дээр л. Тухайн үед 07 сарын 16-ны өглөө Э******* гэдэг хүн манай гадаа ирээд ахтайгаа ганц модонд яваад өгчхөөч гээд гуйгаад та хэдээр авч явах юм бэ гээд үнэ хөлсөө бид 150,000 төгрөгөөр тохироод л л би гэр лүү орж эхнэрт хэлчхээд хувцсаа солиод гарч ирсэн. Эрхийн бичигтэй явж байсан явж байгаагүйг би ерөөсөө мэдээгүй...” гэх,

-шүүгдэгч М.Д******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би бол цагаалсан модыг тросоор оосорлоод ороож өгөх ажил хийсэн. Жолооч П.Э******* мод хөрөөдөж унагасан. У******* бол миний оосорлож өгсөн модыг машинаар чирч овоолсон. Тэгээд бид гурав овоолсон модоо машиндаа ачсан. ...Босоо мод хөрөөдөж унагасан. П.Э******* ах хөрөөдөж унагасан яг хэдэн ширхэг босоо мод хөрөөдөж унагасныг нь би сайн мэдэхгүй байна. ... Тийм зүйл би асуугаагүй мод бэлтгэх зөвшөөрөлтэй болоод уул руу модонд явж байгаа байх гэж ойлгосон юм. ...гэх,

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16 дугаар хуудас/

-Хараагийн бүсийн сум дундын Ойн ангийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №2024/05 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт

-Дээрх 49 ширхэг 15.5м3 модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 49 ширхэг нойтон шинэс мод 15.5м3*267707төгрөг*1.8=7469025 төгрөг, Нийт экологи эдийн засгийн үнэлгээ 7469025 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

-Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №18-04-328/12 дугаартай “ойн санд учруулсан хохирол нөхөн төлөх төлүүлэх тухай” акт  зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.У*******, М.Д******* нар нь шүүгдэгч П.Э*******г ойд мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэх талаар мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч П.Э*******г эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд нь үйлдлээрээ нэгдсэн байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

3.Шүүхээс шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг нь харгалзан шүүгдэгч П.Э*******д 1 жилийн хорих ялаар оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн шүүгдэгч нар нь ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэхдээ иргэний нэхэмжлэгч Б.Б өмчлөлийн маркийн улсын, 70-1З СБА, 381106 арлын дугаартай тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт ашигласан нь тогтоогдсон байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь олгож, техник хэрэгслийн үнэ болон гэмт хэргийн улмаас олсон орлого болох 49 ширхэг 15.5м3 нойтон шинэс модыг хураан авч улмаар улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шүүх эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Шүүгдэгч П.Э******* түүний өмгөөлөгч Ц.Г******* нар “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг  хөнгөрүүлэн  өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Шүүх гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахаар хуульчилсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар заасан байх тул  шүүгдэгч П.Э******* нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан нь давж заалдах журмаар гаргасан гомдол болон түүнд хавсаргасан бэлэн мөнгө тушаасан баримт зэргээр тогтоогдож байх тул эдгээр байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч П.Э*******г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтуудад өөрчлөлт оруулж, 3, 5 дахь заалтыг хүчингүй болгон бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтад:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч П.Э*******г 01 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар шүүгдэгч О.У*******ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар,  шүүгдэгч М.Д*******ийг 01 /нэг/ жилийн  хугацаагаар Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарын зорчих эрхийн хязгаарлах ялд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст үүрэг болгосугай.” гэж,

4 дэх заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э*******, О.У*******, шүүгдэгч М.Д******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 01 хоногийг хорих ялын 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

2.Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

3.Шүүгдэгч П.Э*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Шүүгдэгч П.Э******* нь давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэх шатанд хохирол 7,568,025 /долоон сая таван зуун жаран найман мянга хорих таван/ төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

5.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

               

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН