Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 307/ШШ2025/02095

 

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух Б******* овогт Н*******ын Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух С******* овогт Д*******ийн Б******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М******* оролцож, тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Б******* нь хариуцагч Д.Б*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Н.Б******* нь хариуцагч Д.Б*******тай 2006 онд танилцаж дотносон 2007 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулж, албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр том хүү Б.М, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дунд хүү Б.Б, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бага хүү Б.Г нар маань төрсөн. Бид нэг гэрт орсноос хойш Д.Б******* нь архи согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг, тэр бүү хэл олон эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан атлаа намайг бусадтай хардаж байсан.

Дээрх таарамжгүй харилцаанаас шалтгаалан гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэхдээ би хүүхдүүдээ бодоод хуулийн хугацаанд эвлэрэх саналтай байна гэжээ.

 

2. Хариуцагч Д.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний хувьд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би энэ олон жил архи дарс ууж, эхнэр хүүхдээ зовоож явсандаа маш их харамсаж байна. Би архинаас гаргах эмчилгээнд хамрагдаж, бүхий л арга хэмжээг авч, гэр бүл, хань, үр хүүхэдтэйгээ хамт элэг бүтэн амьдрахыг хүсэж байна. Мөн өөрийн гаргасан алдаа дутагдлаа засаж, залруулж, сайн эцэг, хань байхыг эрмэлзэж амьдрах болно. Эхнэр Н.Б*******тэй ярилцаж, эвлэрэх саналтай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б******* нь хариуцагч Д.Б*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 3 сарын хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд уг хугацаанд зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж, хэн аль нь одоо хамт амьдарч байгаа талаар шүүхэд тайлбар гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасан ба гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т зааснаар Н.Б*******ийн нэхэмжлэлтэй, Д.Б*******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ