Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 497

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Д.Л/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711013930548 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Д.Л, 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжны 361 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/............... /,

 

          Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Union” нэртэй цахим тоглоомын газарт насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнийн Самсунг галакси А3 загварын гар утсыг “фейсбүүк орж хүнтэй яръя” гэж худал хэлж, хуурч залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад тухайн үед 20.000 төгрөгийн хэрэг гарсан. Хүүхдийн утсыг фэйсбүүк орчихоод өгье гэж хэлж аваад найздаа 20.000 төгрөгийн барьцаанд үлдээчихээд 2 хоногийн дараа хохирогчид авч өгсөн. Аваад явъя гэж уг нь бодоогүй юм. Гэхдээ буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв. 

Иргэний нэхэмжлэгч Н.Байгалмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 11 сарын 22-ны шөнө ...02 цагийн үед миний том хүү Б.Бат-Эрдэнэ нь намайг сэрээгээд “ээж би гарч хүүхэдтэй уулзчихаад ирье” гэж хэлээд миний Самсунг Галакси А3 загварын гар утсыг аваад гарсан. Би эргээд унтаад өгсөн. Унтаж байхад шөнийн 5 цагийн үед манай нөхөр Батзаяагийн утас руу танихгүй дугаараас хүн залгахаар нь би аваад ярьтал манай хүү “ээж би цагдаагийн газарт байна, хүнд утсаа дээрэмдүүлчихлээ” гэж хэлэхээр нь би ...цагдаагийн хэлтэст ирж хүүхэдтэйгээ уулзсан. Манай хүү Б.Бат-Эрдэнэд ямар нэг утас байхгүй, миний утсаар фейсфүүк ордог юм ...690.000 төгрөгөөр Жи мобайлын төвөөс лизингээр авч байсан. Хөрөнгийн үнэлгээний тайлантай санал нийлж байна ...надад учруулсан хохирлыг манай хүүгээс гар утас булааж авсан гэх хүү буцаад надад утсыг маань өгчихсөн” гэсэн мэдүүлэг /хх-20х/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ аав, ээж, дүү, эмээ нарын хамт байж байсан. Орой 02 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байхад манай гудамд амьдардаг зүс таньдаг дүү Зоригоо миний гар утас руу залгаад та хүрээд ирээч, манай РС тоглоомын газарт хүүхдүүд зодоод байна гэж хэлсэн ...Гэрээсээ гараад Нарантуул-2 захын урд байдаг Union гэсэн нэртэй РС тоглоомын газарт очоод Зоригоотой уулзсан ...Би гар утсаараа оролдож байгаад ариун цэврийн өрөө рүү орсон чинь миний араас Чинбатын хамт явж байсан нарны нүдний шилтэй цэнхэр өнгийн канттай куртиктэй хүүхэд хүрч ирээд утсаа өгчих, сим картаа хийгээд өгье гэхээр нь би тэр хүүхдэд гар утсаа өгсөн. Тэр хүүхэд миний гар утсыг аваад тоглоомын газраас гараад явсан. Ариун цэврийн өрөөнөөс гараад Чинбатад танай найз чинь миний гар утсыг аваад явчихлаа гэж хэлсэн чинь тэр Чинбат юу яриад байгаа юм бэ гэж хэлээд тэр найзынхаа араас гараад явсан. Чинбат бид хоёр РС тоглоомын газраас гарсан чинь аль хэдийн яваад өгсөн байсан ...Миний гар утсыг авсан хүүхэд намайг зодож цохисон асуудал байхгүй. Миний гар утсанд сим картаа хийгээд өгье гэж хэлэхээр нь гар утсаа өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-21-22х/,

 Гэрч О.Чинбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Лхагвасүрэн бие засчихаад нөгөө Бат-Эрдэнэг гар утсаа өгч бай, нэг яриадхая гэж хэлээд авсан, Бат-Эрдэнэ ч гар утсаа өгсөн. Бат-Эрдэнэ нь тоглоно гээд гар утсаа авалгүй, комьпютер дээр суучихсан.Хэсэг тоглоод сууж байтал Бат-Эрдэнэ над дээр хүрч ирээд танай нөгөө найз чинь миний гар утсыг өгөлгүй явчихсан байна гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ гарч харья гэтэл гадаа байхгүй байсан, Бат-Эрдэнэг дагуулаад гэр лүү нь очсон боловч гэртээ байхгүй бололтой хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд би Бат-Эрдэнэд юу ч гэсэн өглөө болохоор нь би найзтайгаа уулзаад утсыг чинь авч өгье гэж хэлээд салцгаасан юм ...” гэсэн мэдүүлэг /хх-28-29х/,

Насанд хүрээгүй гэрч Н.Мөнхтулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Нарантуул-2 худалдааны төвийн урд талд байрлах Union нэртэй цахим тоглоомын газарт би найз Чинбатын хамт тоглож хоносон  юм. Тухайн үед Чинбат нэг найзыгаа дуудчихсан гэж баисан, би тэр найзыг нь танихгүй, машинтай найз байгаа юм гэж ярьж байсан. Тэгэхэд Бат-Эрдэнэ гэх хүүхэд мөн тоглох гээд явж байсан. Чинбат бид хоёрыг тоглож байхад Чинбатын найз нь гэх залуу ирээд бие засья, 00 нь аль юм бэ гээд тэр хоёр цуг явсан. Би тоглоод үлдсэн. Удалгүй Чинбат ирээд компьютер дээрээ суугаад тоглосон. Бат-Эрдэнэ ч нэг компьютер дээр суугаад бид нартай цуг тоглоом тоглосон. Нилээн тоглож байсны дараа Бат-Эрдэнэ Чинбат дээр ирээд танай нөгөө найз чинь хаачсан юм бэ миний гар утсаар яриад өгье гээд байхгүй болчихлоо гэж байсан. Чинбат юу яриад байгаа юм бэ гээд тэр хоёр хамт гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-30х/,

              Яллагдагч Д.Л мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Дэнжийн мянгийн Нарантуул захын хажууд байх компьютер тоглоомын газар тоглох гэж ортол уг тоглоомын газар манай найзын найз Баагий гэх хүүхэд тоглож байсан. Би тэр хүүхдийн гар утсыг фейсфүүк ороодохъя гэж хэлээд уг тоглоомын газраас аваад гарсан. Тэгээд гар утсыг нь өөрийн таньдаг Эбэ гэх ахад 80.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгийг нь үрчихсэн. 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр би Баагийгийн гар утсыг барьцаанаас авч өөрт нь өгсөн. Би Баагийгаас гар утсыг нь авахдаа айлгаж сүрдүүлж, зодоогүй. Би Баагийгийн Самсунг Галакси А3 загварын гар утсыг авсан ...Би хохирлыг нь нөхөн төлсөн” гэсэн мэдүүлэг  /хх-44-45х/,

          Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-37-38х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Union” нэртэй цахим тоглоомын газарт насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнийн Самсунг галакси А3 загварын гар утсыг “фейсбүүк орж хүнтэй яръя” гэж худал хэлж, хуурч залилан авсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Л-г нь хуурч бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Л учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Н.Байгалмаа нар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Л-д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН