Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/65

 

                              Г.О*******, Л.Г******* нарт холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

С****** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Т******* хөтөлж

Прокурор А.Э*******

Шүүгдэгч Г.О*******, Л.Г*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г******* нарыг оролцуулан, 

 

С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Б******* даргалж шийдвэрлэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Г.О*******, Л.Г******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, *********************** индекстэй, 3 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт Г******* О*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр  Улаанбаатар хот, Б******* дүүрэгт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-*, эхнэр, * хүүхдийн хамт, С****** аймгийн сумын * дугаар баг, тосгоны ө *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, (РД:************),

овогт Л Г*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, шат угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-*, эхнэр, * хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Б дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар гудамж *** тоотод  оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, (РД:**********),

Яллагдагч Г.О*******, Л.Г******* нар бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд С****** аймгийн сумын * дугаар баг, тосгоны нутаг дэвсгэр З ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ.

С****** аймгийн Прокурорын газраас: Г.О*******, Л.Г******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч ******* овогт Г******* О*******, овогт Л Г******* нарыг Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.О*******, Л.Г******* нарыг тус бүр есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О*******, Л.Г******* нарыг шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тус бүр 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдэн,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О*******, Л.Г******* нараас 198.119.695 /нэг зуун ерөн найман сая нэг зуун арван есөн мянга зургаан зуун ерөн тав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.О*******, Л.Г******* нарыг гэмт хэрэг үйлдлээ ашигласан “Хьюндай 2900 LC-3" маркийн ******* хөдөлгүүрийн дугаартай ********** серийн дугаартай, шар өнгийн экскаватор, Хьюндай 2900 LC-3" маркийн улсын дугааргүй, ************ серийн дугаартай, шар өнгийн экскаватор, 0.5156 гр алт, хэмжих зориулалт бүхий хар өнгийн "GHL" "POCKET SCALE" гэх бичигтэй жин /дэнс/ зэргийг битүүмжлэлээс чөлөөлж улсын орлогод оруулж, алт угаах төхөөрөмж гитаран буу 1 ширхэг, ус шахах насос 2 ширхгийг шүүгдэгч нараас гаргуулж устгахыг С****** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Х нь тухайн экскаваторын жинхэнэ эзэмшигч мөн эсэх талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тухайн техникийн үнийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч Г.О*******, Л.Г******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, ...шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Хуульч, өмгөөлөгч М.Г******* миний бие Г.О*******, Л.Г******* нарт хууль зүйн туслалцаа үзүүлж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба тэдэнд холбогдох хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд гаргасан 77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон давж заалдах гомдол гаргаж байна.

Г.О*******, Л.Г******* нар нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд С****** аймгийн сумын * дугаар баг, тосгоны нутаг дэвсгэр З ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогдсон.

Миний үйлчлүүлэгч нар өөрийн холбогдсон хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар огт маргаагүй ба болсон үйл баримтын талаар мөрдөн шалгах болон шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж ирсэн.

Харин анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар бодитой дүгнэлт хийж чадаагүй тул шийтгэх тогтоолд энэ талаар хийсэн дүгнэлтийг эс зөвшөөрч байгаа болно.

Учир нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2424 дугаартай дүгнэлт, С****** аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/29-01/068/01 дугаартай актаар амьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээг 67,800,240 төгрөгийг 2 дахин үржүүлэн 135,600,480 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлгүй байна.

Улсын яллагч мөн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шинжээчийн дүгнэлтээс амьтны аймагт учирсан хохирлын хэмжээ 67,800,240 төгрөг гэх үнэлгээ нь байгаль орчинд буюу амьтны аймагт шууд учирсан хохирол биш, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох нь тогтоогдохгүй байна. Мөн тухайн 0.18 га талбайд урьд өмнө нь эвдэгдсэн газар учир нарс модны төрлийн ойн санд 20,840,080 төгрөгийн хохирол учирсан гэх хэсгийн баримтлах үндэслэл тогтоогдох байна” гэсэн нь үндэслэлтэй байна.

Хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээдийн байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлэхдээ хээрийн судалгааны явцад хэмжиж тогтоосон үр дүнг ашиглан байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдээр экологи-эдийн засгийн үнэлгээг тооцно. Хэрэв тухайн газарт өмнө нь ашигт малтмал ашиглаж эвдрэл, хохирол үүсгээд нөхөн сэргээлт хийгээгүй нь баримтаар нотлогдсон бол шинээр бий болгосон эвдрэлээс үүдэлтэй хохирлыг үнэлнэ. Үүнд: эдэлбэр газар, хөрс, ургамал, ойн сангийн хохирлын үнэлгээ тооцогдохгүй бөгөөд өмнөх эвдрэлийг үүсгэсэн этгээдэд эдгээрийн хохирол хамаарах ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд, халдаан хэрэглэж болохгүй гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эвдрэлтэй байсан талбайн хэмжээ нь хэд болох, үүнийг нийт эвдрэлтэй талбайгаас хасч нэмж эвдэгдсэн талбайн хэмжээг тооцсон эсэх нь тодорхойгүй байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол түүгээр хийсэн хохирлын талаарх дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитойгоор тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжинэ гэв.

Шүүгдэгч Л.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид өвөл мөс хөлдсөн үед урьд нь ухагдсан газар луу орсон газар ус хөлдсөн байсан тул их ухаж чадаагүй.  Эвдэгдсэн газарт ургамал амьтан амьдрах боломжгүй байсан нөхцөлийг харгалзан үзнэ үү гэв.  

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч нарын амьдралын нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу нь эрүүгийн хариуцлагаас зайлсхийх гэх үндэслэл биш. Тийм учраас анхан шатны шүүх хэргийн үйл баримт хэрхэн нотлогдсон талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх, үнэлэхгүй эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа.

Хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд аль ч шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон талаар шалтгаант холбоогоор уялдуулан дүгнэлт хийх байсан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр хуучин эвдрэл үүссэн талбайг авсан гэх шүүгдэгчийн тайлбарлаж байгаа нь тогтоогдож байгаа.

Харин тухайн газарт мод, ургамал ургаж, амьтан амьдарч байсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн зургаар үгүйсгэгдэж байгаа. Шүүх шинжилгээний газрын шинжээчийн хийсэн дүгнэлтээр хохирол, хор уршгийг тооцохдоо тухайн газрын амьдарч байсан амьтны аймаг, ургаж байсан ургамлын аймгийг тухайн бүс нутаг хязгаараар тодорхойлж дүгнэлт гаргасан.  Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжээч нь тухайн газарт ямар амьтан, ургамалд хохирол, хор уршиг учирсан талаар тодорхой тайлбар гаргаж чадаагүй. Хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоор тогтооно гэсэн байдаг. Шүүгдэгч нарын тухайд газрын хөндийд халдсан, ус ашигласан болох нь тогтоогдсон. Хохирол учраагүй тохиолдолд хор уршиг учирсан гэж үзэж байна. Шүүх шинжилгээний газраас гаргасан шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай нийцээгүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх, өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Г.О*******, Л.Г******* нарт холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Шүүгдэгч Г.О*******, Л.Г******* нар бүлэглэн 2024 оны 01 дугээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд С****** аймгийн сумын * дугаар баг, тосгоны нутаг дэвсгэр З ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан  болох нь:

-Гэрч Б.Э “...О******* бид 2 багийн найзууд надад энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдөр С****** аймгийн сумын “35”-ын ам гэх газрын “З ам” гэх газраас миний болон өөр нэг экскаваторыг аваад тэр амандаа ажил хийе гэж хэлсэн. Тэгээд надад 1 өдрийн 80,000 төгрөгийн цалин егье гэж хэлсэн. “35”-ын амны Залаат гэх газарт ..., газрын хэвлийд халдсан. Би О*******ы экскаваторыг, харин Г*******ийн экскаваторыг Г барьж газрын хэвлийд халдсан. Г бид 2 хуучин ухсан нүхний хажуу талд ... газар ухсан.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 40-41-р хуудас/

-Гэрч Г.Ггийн “...Бид 6 2024 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө С****** аймгийн сумын тосгоны 35-ын ам гэх газарт очсон. Тухайн газарт анх очихдоо Г******* ах туслах ажилтны хэрэг байна яваад ирээ гэсэн. ... Бид 01 дүгээр сарын 26-ны өдөр очиж хоноод 27-ны өглөө алт олборлох зорилгоор ...газрын хэвлийд халдаж нүх ухсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 50-51-р хуудас/

-Гэрч Э.Г******* “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Д аймагт гэртээ байж байхад өглөө Г******* -д хүрээд ирээ би алт ухах гэсэн юм. Чи экскаваторын оператораар ажиллах уу? Ажиллах бол ирээ, чамд өдрийн 60,000 төгрөг өгье гэж хэлсэн. ...Би 01 дүгээр сарын 29-ний шөнө очоод шууд Г*******ийн зааж өгсөн экскаватороор тухайн газарт 1 нүх ухаж эхэлсэн. Миний ухсан нүх нь ойролцоогоор 6*6 метр орчим харьцаатай 2-3 метрийн гүнтэй л байсан байх...” гэсэн мэдүүлэг, / 1-р хх-ийн 63-64-р хуудас/,

-Гэрч Ц.Агийн 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Би Г.О*******аас 20 грамм алт 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өрөндөө авсан юм...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 66-р хуудас/,

-Гэрч Б.Аын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирлын үнэлгээг байгаль орчин аялал жуулчлалын сайдын аргачлал батлах тухай А59 журмын дагуу хохирлыг тооцсон экологи эдийн засгийн үнэлгээг засгийн газрын 302 тогтоолд заасны дагуу газрын сав газарт хамаарах гадаргын усны экологи эдийн засгийн үнэлгээг 1424 төгрөгөөр тооцдог болно. Өвлийн улиралд буюу жилийн 1, 2 дугаар сард байгалийн усыг ашиглан ашигт малтмал олборлох боломжгүй буюу гадаргын ус хөлдсөн байдаг” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 84-85-р хуудас/

Шинжээч А.Еийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн “... Тус хэргийн газар нь хөхтөний газар зүйн муж тойргоороо Хэнтийн тойрогт хамаарна. Хандгай, монгол тарвага, хярс, үнэг, зэрлэг гахай, зэрлэг амьтдын амьдрах орчин болдог газар юм. Амьтны аймагт учирсан хохирол нь амьтны аймгийг хөнөөж устгасан эсвэл амьтдын амьдрах орчныг сүйтгэснийг хохиролд тооцдог. Иймд дээрх газарт ямар нэгэн амьтныг устгаагүй боловч амьтдын амьдрах орчныг сүйтгэснээр дээрх амьтдад учирсан хохирлыг тооцоолсон болно.” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 107-108-р хуудас/,

С****** аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/29-01/068/06 дугаартай “... сумын , 3 дугаар багийн нутаг “З ам гэх газраас хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас учруулсан хохирлын БОАЖЯ-ны сайдын 2010.05.27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”, мөн сайдын 2020.02.06-ны өдрийн А/59 дүгээр тогтоолоор баталсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлалыг үндэслэн гаргасан “Эко инженеринг” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4. 49.4.5. 49.5.1 дахь заалтыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 2.012.520*2-4.025.040 төгрөг, газарт учруулсан хохирол 881*3=2043 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 12.827.508*3=38.482.524 төгрөг буюу нийт хохирол 42.507.564 төгрөг болж байна...” гэх улсын байцаагчийн акт / 1-р хх-ийн 150-р хуудас/,

Шинжээч Г.Лгийн “...0,6597 гр алтны зах зээлийн үнэлгээ 110,000 төгрөг байна... гэх шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 78-83-р хуудас/, зэрэг бичгийн баримтуудаар нотлон тогтоогдсон байна.

 

3.Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын  хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, байгаль орчинд учруулсан шууд хохирлоо төлсөн, шууд бус хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хариуцлага оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

4.Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...шүүхээс гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан  хохирлыг бодитойгоор тогтоож чадаагүйгээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын үйлдлийн улмаас байгаль экологид учирсан бодит хохирлыг тогтоолгохоор Байгаль орчны үнэлгээ зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээний газрын тус тус томилжээ.

Тус шинжээч нарын дүгнэлтээр гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлын хэмжээг ялгамжтай тогтоосон байх ба анхан шатны шүүхээс Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээний газрын  шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцсон байна.

Тус шинжээчийн дүгнэлтээр тухайн газарт амьтан ургамлын амьдрах орчин сүйтгэгдсэн гэж үнэлгээг 5 төрлийн амьтны үнэлгээгээр тооцон гаргасан талаар шинжээч тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаар дээрхи шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирохгүй шинжээчийн дүгнэлт нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал шүүгдэгч нар нь 2025 оны 01 сарын 16-17-ны өдрүүдэд урьд ухагдсан талбайд орсон, мод, амьтан сүйтгээгүй, газар ус хөлдсөн байсан тул ус бага хэмжээгээр ашигласан  гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан эвдэгдсэн газрын зураг, Байгаль орчны үнэлгээ зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК-ийн  шинжээч нь дүгнэлтийг гаргахдаа эвдэгдсэн газрын хэмжээг дрон ашиглан хэмжилт хийсэн байдал, гэрч  Б.Аын “... газрын сав газарт хамаарах гадаргын усны экологи эдийн засгийн үнэлгээг 1424 төгрөгөөр тооцдог болно. Өвлийн улиралд буюу жилийн 1, 2 дугаар сард байгалийн усыг ашиглан ашигт малтмал олборлох боломжгүй буюу гадаргын ус хөлдсөн байдаг” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 84-85-р хуудас/ хэргийн газрыг үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар шүүгдэгч нарын халдсан газар нь  урьд эвдэгдсэн байсан болох нь тогтоогдсон байна.

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч А.Е, Г.А нараас “...Тухайн 0.18 метр куб талбай нь ойн сан бүхий газарт хамаарч байна. Тухайн газарт нарс төрлийн мод зонхилон ургадаг, иймд ойн санд учруулсан хохирлыг журмын дагуу тооцсон. Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн бүс нутагт байх зонхилон амьдардаг амьтны ангиллаар хохирлыг тооцон гаргасан гэж дүгнэлтээ тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч нарын үйлдлийн улмаас амьтны амьдрах орчинд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул тус дүгнэлт нь хэргийн байдалтай тохироогүй гэж үзлээ.

Иймд Байгаль орчны үнэлгээ зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК-ийн  шинжээчийн шүүгдэгч нарын газрын хэвлийд зохих зөвшөөрөлгүй халдсаны улмаас  байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын хэмжээг 14,840,709 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардал 2,625,359 төгрөг гэсэн дүгнэлт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар С****** аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын  улсын ахлах байцаагчийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 01/29-01/068/06 дугаартай акт зэргээр шүүгдэгч нарыг  байгаль орчинд  нийт 42,507,564 төгрөг хохирол учруулсан гэж дүгнэн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь хэрэг шүүхээр хэргийг шийдвэрлэх шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 13,765,000 төгрөг төлснийг тэдгээрийн төлөх хохирлоос хасаж тооцов.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.О*******, Л.Г******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ тус бүр нь 9,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Г.О*******гийн өмчлөлийн гэх **-** УБ улсын дугаартай Хьюндай 2900 LC-3 маркийн **************** хөдөлгүүрийн дугаартай ******************* серийн дугаартай, шар өнгийн экскаватор 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Б.Хийн өмчлөлийн гэх Хьюндай 2900 LC-3 маркийн улсын дугааргүй, *********** серийн дугаартай, шар өнгийн экскаватор 1 ширхэг, ус татах насос помп 2 ширхэг, алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, Алт хэмжих зориулалт бүхий хар өнгийн “GHL” “POCKET SCALE” гэх бичигтэй жин /дэнс/ зэрэг техник тоног төхөөрөмж ашигласан талаар хийсэн үндэслэл бүхий дүгнэлт  хийжээ.

Харин Хьюндай 2900 LC-3 маркийн улсын дугааргүй, *********** серийн дугаартай экскаватор нь иргэний нэхэмжлэгч Б.Х нарын өмч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдон байхад хураан авахаар мөн  ус татах насос помп 2 ширхэгийг устгахаар шийдвэрлэснийг үндэслэл бүхий болоогүй гэж дүгнэн Хьюндай 2900 LC-3 маркийн улсын дугааргүй, ************** серийн дугаартай экскаваторыг иргэний нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж экскаваторын үнийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

6. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-т хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар заасан бөгөөд шүүгдэгч Г.О*******, Л.Г******* нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол тодорхой хэмжээнд төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч дүгнэлт хийсэн байдал, хувийн байдал болон прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын хэмжээг багасгах боломжтой гэж давж заалдах шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

  2 дахь заалтыг:

 “Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.О*******, Л.Г******* нарыг тус бүр долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”гэж, 

6 дахь заалтыг:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О*******, Л.Г******* нараас 28,742,564 хувь тэнцүүлэн буюу 14,371,282  гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.” гэж,

7дахь заалтыг:  

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.О*******, Л.Г******* нарыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай 2900 LC-3 маркийн улсын дугааргүй, Е **************** серийн дугаартай, шар өнгийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч Б.Хийн эзэмшилд шилжүүлж, Хьюндай 2900 LC-3 маркийн ******** хөдөлгүүрийн дугаартай ************* серийн дугаартай, шар өнгийн экскаватор, 0.5156 гр алт болон хэмжих зориулалт бүхий хар өнгийн “GHL” “POCKET SCALE” гэх бичигтэй жин /дэнс/, ус шахах насос 2 ширхэг зэргийг битүүмжлэлээс чөлөөлж улсын орлогод оруулж, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлж,  хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч  Л.Г*******ийн эзэмшлийн алт угаах төхөөрөмж гитаран буу 1 ширхэгийг битүүмжлэлээс гаргаж устгахыг С****** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хян журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

               

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН