| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/00100/э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 114
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Хохирогч Н.С,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн С.Бд холбогдох 1830000000099 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, 1991 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Б
Холбогдсон хэргийн талаар/Прокурорын яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 05 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоот хашаанд хамтран амьдрагч Н.Сийг “архи уулаа, хүүхдээ айлд хонууллаа” гэж шалтаглан хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “зүүн 10-р хавирганы зөрөөтэй хохирол хугарал, зүүн нүдний дээд зовхинд баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун тохойд, баруун гуяны гадна дунд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт, зүүн шилбэний эргэн тойронд, зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт зүүн нүдний дээд зовхи, баруун бугалга баруун зүүн хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний урд дунд хэсэгт зүүн гарын алганы ар хэсэгт 4-р хурууны харалдаа зулгаралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 10 сарын 08-нд Баяндэлгэр сум руу явчихаад аймагт гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд эхнэр гэртээ ганцаараа байсан. Хүүгээ айлд хонуулсан байсан. Үүнээс болж хүүхдээ айлд хонуулчихаад, архи уулаа гэж маргалдаж эхнэртээ гэмтэл учруулсан нь үнэн. 10 гаруй минут зодсон. Найз намайг хорьж байсан. Би өмнө нь эхнэрээ 2 удаа зодож байсан. Гэхдээ гэмтэл учруулж байгаагүй. Би одоогоор ажилгүй байгаа. Хэрэг хийснээ зөвшөөрч байна... гэв.
- С.Бгийн яллагдагчаар өгсөн: Би Н.Стэй 2011 онд танилцаж 2012 оноос хойш бид хоёр нэг гэрт хамт амьдарч байгаа. Манайх Баяндэлгэр сумаас шилжиж ирээд би гэртээ хүүхдээ харж эхнэр аймгийн Мал эмнэлгийн албанд ажилладаг юм. Би 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баяндэлгэр сум руу явж 3 хоноод 2018 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 05 цагийн үед би найз Э.Аын хамт Баяндэлгэр сумаас гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай эхнэр Н.С гэртээ ганцаараа унтаж байсан ба хүүхдээ айлд орхисон байсан. Мөн Н.С нь өөрөө архи уусан байдалтай байхаар нь би уурлаж хүүхэд айлд орхилоо гэж загнаж Н.Сийг зодсон. Би эхнэрийнхээ хөл, шилбэ, хавирга руу өшиглөж гараараа цохисон. Манайд манай найз Амарбат бид гурваас өөр хүн байгаагүй. Би архи уугаагүй эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-17/,
- Хохирогч Н.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 05 сарын 08-ны өдөр манай нөхөр хөдөө явсан. Би 2 өдөр сургалттай байсан болохоор хурдан ирээрэй гэж хэлсэн. Би аймгийн Мал эмнэлэгт их эмч ажилтай. Манай сургалт дуусаад манай хамт олон караокед орсон. Тэр өдөр хүүхдээ айлд орхисон байсан. Орой тараад шөнө болсон байсан болохоор хүүхдээ тэр айлд нь хонуулчихъя гэж бодсон. Гэтэл иймхэн шалтгаанаас болж намайг зодсонд гомдолтой байна. Б намайг цагдаа дээр очоод эвлэрсэн, гомдолгүй гээд хэлчих гэсэн учраас би гомдолгүй гэж хэлсэн. Одоо миний бие эдгэрч байгаа Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Бид хоёр эвлэрээгүй, тусдаа амьдарч байгаа. Надаас уучлалт гуйсан. Миний хувьд энэ хүнтэй дахиж нийлэхгүй гэж бодож байгаа...гэв.
- Хохирогч Н.Сийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 05 цагийн орчимд манай нөхөр Б хөдөөнөөс гэртээ ирсэн. Би урд орой нь ажлынхантайгаа хамт караокед орж бага зэрэг архи уусан байсан. Тэгсэн Б намайг айлд хүүхэд орхиж архи уулаа гэж уурлаад намайг зодсон. Намайг орондоо хэвтэж байхад хөнжил хуулаад гараараа цохиж хөлөөрөө өшиглөж зодсон. Б архи уугаагүй эрүүл байсан. Миний зүүн нүд баруун гарын бугалга, зүүн гуя, хоёр хөлний шилбэ хөхөрч хавдсан. Мөн миний зүүн 10-р хавирга хугарсан гэмтэл учирсан. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг/хх-05/,
- Гэрч Э.Аын: Би найз Бгийн хамт 2018 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 05 цагийн орчимд Баяндэлгэр сумаас Баруун-Урт суманд ирсэн. Бид хоёр мотоцикльтой явсан ба аймгийн төвд шууд Бгийн гэрт очсон. Гэрт нь Бгийн эхнэр Н.С ганцаараа унтаж байсан. Б гэртээ ороод эхнэрээ хүүхэд айлд хонууллаа гэж уурлаад тэр хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Б эхнэрээ загнаж байгаад зодсон. Олон удаа өшиглөж гараараа цохисон. Б эрүүл байсан. Б эхнэрээ гараараа цохиж хөлөөрөө өшиглөж зодсон ... гэх мэдүүлэг /хх-07/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 277 дугаартай дүгнэлтэнд: 1.Н.Сийн биед зүүн 10-р хавирганы зөрөөтэй хохирол хугарал, зүүн нүдний дээд зовхинд баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун тохойд, баруун гуяны гадна дунд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт, зүүн шилбэний эргэн тойронд, зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт зүүн нүдний дээд зовхи, баруун бугалга баруун зүүн хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний урд дунд хэсэгт зүүн гарын алганы ар хэсэгт 4-р хурууны харалдаа зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3 Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ...гэжээ /хх-10/,
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5-р багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 196 дугаартай тодорхойлолт /хх- 18/,
- С.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-20/,
- С.Бгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-22/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 57 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-31/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өглөөний 05.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоотод хамтран амьдрагч Н.Сийг “ архи уулаа, хүүхэд айлд хонууллаа” гэдгээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, зодож эрүүл мэндэд нь ” зүүн 10 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн нүдний дээд зовхинд, баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун тохойд, баруун нуяны гадна дунд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт, зүүн шилбэний эргэн тойронд, зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун бугалга, баруун, зүүн хөлний шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний урд дунд хэсэгт, зүүн гарын алганы ар хэсэгт 4-р хурааны харалдаа зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч С.Б, хохирогч Н.С, гэрч Э.А нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.05.10-ны өдрийн 277 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.
С.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж тодорхойлсон хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул С.Бг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “ 2018 оны 10 сарын 08-нд Баяндэлгэр сум руу явчихаад аймагт гэртээ ирэхэд эхнэр гэртээ ганцаараа, хүүгээ айлд хонуулсан байсан. Үүнээс болж хүүхдээ айлд хонуулчихаад, архи уулаа гэж маргалдаж эхнэртээ гэмтэл учруулсан нь үнэн. 10 гаруй минут зодсон. Хэрэг хийснээ зөвшөөрч байна “ гэж мэдүүлж хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь гэр бүлийн харьцаанаас үүдэлтэй буюу шүүгдэгч С.Бгийн, хохирогч Н.Сийг “ архи уулаа, хүүхэд айлд хонууллаа” гэх ялимгүй зүйлээр шалтаглан зодсонтой холбоотой хийгээд С.Б гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тодруулбал, тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг гар, хөлөөрөө цохиж, зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Сийн биед хөнгөн хохирол учирсан боловч тэрээр хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.
Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв.
Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч С.Бгийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн, шүүгдэгч нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байна.
Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Бгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн, прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
С.Бгийн эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, түүний хөрөнгийн байдал, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах 600.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож зургаан сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтооно.
С.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Бд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож зургаан сарын хугацаанд хэсэгчилсэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б шүүхээс оногдуулсан дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан С.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Ялтан С.Бд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН