| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2331000000276 |
| Дугаар | 2025/ДШМ/66 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/66
эрүүгийн хэргийн тухай
С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Т******* хөтөлж,
Прокурор Р.М*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А*******
Шүүгдэгч С.Г*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г******* нарыг оролцуулан,
С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б******* даргалж, шийдвэрлэн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/288 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр С.Г******* холбогдох эрүүгийн ************* дугаартай, ********** индекстэй, 3 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт С******* Г*******, Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Б******* аймгийн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “ ” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл *, ээж, эгчийн хамт, С******* аймаг, Ц сум, Т * дугаар баг, * дугаар гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, (РД: *********);
Шүүгдэгч С.Г******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө С******* аймгийн Ц сум * дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “ ” ХХК-ийн *-р кемпийн байранд Б.Д “Чимгээг өвөр дээрээ суулгалаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, хавсарч унаган толгой хэсэгт нь модоор цохиж тархины битүү гэмтэл учруулж хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
С******* аймгийн Прокурорын газраас: С.Г*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт С******* Г******* холбогдох эрүүгийн ************ дугаартай эрүүгийн хэргийг С******* аймгийн Прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Г******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,
Хэргийн хамт прокуророос ирүүлсэн сиди 1 ширхэг, банз мод 1 ширхгийг хэргийн хамт прокурорт буцаан хүргүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
С******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Номин-Эрдэнэ 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцэлдээ:
С******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/288 дугаартай шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
Шүүгдэгч С.Г******* холбогдох эрүүгийн хэрэгт анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд уг захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.
Анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэж байсан атлаа 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасныг ноцтой зөрчиж, шүүгдэгч гэх субъектыг яллагдагч болгон хууль бус шийдвэр гаргасан.
Анхан шатны шүүх нь захирамжийн үндэслэлээ “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн зорилтод нийцүүлэн, мөн шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдсөн” гэж тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн С******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/288 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өрнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Прокурор ажлаа хийж чадаагүй Ж.Б холбоотой хэрэг дээр “ ” ХХК-г иргэний хариуцагчаар татагдаж захирал Гэ шин нь тайлбар өгөөд хэргийг шүүх шийдэх тухайн үетэй давхцан энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Магадлалын дагуу прокурор хэргээ татан авч Гэ Шинийг татаж, хэрэгт шаардлагатай шинжээчийн томилж дүгнэлтийг гаргах боломж байсан. Гэтэл Го Шин одоо хилээр гараад явчихсан тэгээд л прокурор эсэргүүцнл бичсэн. Яагаад эсэргүүцэл бичсэн гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлд зааснаар тодорхой хугацаанд хорих талаар дурдах ёстой. Өөрөөр хэлбэл, 8 жилээс дээш хорих ангитай хэрэгт 18 сар хорино. Энэ хугацаа давхцаж байх үед хэргийг авах гэтэл шүүгдэгч С.Г*******ийн таслан сэргийлэх арга хэмжээ яригдах байсан учраас бичсэн гэж би хардаж байна.
Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй. Шүүхэд иргэний хариуцагчийг тогтоох боломжгүй. Гэ Шин Хятад улсын иргэн тул хил гараад явчихсан. Өмгөөлөгчийн зүгээс Гэ Шин улсад ороод ирлээ иргэний хариуцагчаар татаарай, шалгаарай гээд байхад прокурор шалгаагүй. Надад нэг хүсэлт байна. Хурлын тэмдэглэлд тусгаад өгөөч. Прокурорын байгууллага шүүгдэгч С.Г*******ийг гаргахаар алдаж магадгүй гээд айгаад байгаа юм. Би бас айж байна. Шүүгдэгч С.Г*******ийг хүнийг алж буруутгасан ч бай 19 сар хоригдлоо. Анхан шатны шүүхээс энэ талаар ямар ч шийдвэр гаргаагүй, орхигдуулсан. Шүүгдэгч С.Г******* ямар шийдвэрээр хоригдож байгаа юм бүү мэд. Энэ асуудлыг яах вэ? гэсэг асуултууд гарч ирнэ. Анхан шатны шүүх хэргийг шууд шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд тайлбар гаргахгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ хэрэг гараад жил гаран боллоо миний хувьд холоос ирдэг. Прокурор ажлаа муу хийснээс болж шүүх дахин дахин нэг асуудлыг шийдэж байна гэж харж байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг зөрчсөн шийдвэр гэж үзэж бичсэн эсэргүүцлээ дэмжиж байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр С.Г******* холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Шүүгдэгч С.Г******* холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 2024/ДШМ/37 тоот магадлалаар мөрдөн шалгах шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байх тул доорхи ажиллагаануудыг бүрэн хийсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн ба дээрх магадлалын агуулгаас зохих ажиллагаа хийгдээгүй байхад хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан бөгөөд прокуророос магадлалд заасан ажиллагааг хийлгэх зорилгоор шүүх урьдчилан хэлэлцүүлгээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Г******* нь улсад үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын “ ” ХХК-д туслах ажилтнаар, амь хохирогч Б.Д нь “Болор хөгжил“ ХХК-тай байгуулсан “Машин механизм түрээслэх, түрээслүүлэх” гэрээний дагуу туслан гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан бөгөөд тухайн компаний үйл ажиллагаа явуулж буй кэмпт гэмт хэрэг үйлдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхээс тодорхой дүгнэлтийг хийсэн бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 120 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж зохих ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгасан байхад магадлал болон шүүгчийн захирамжинд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй тул шүүхээс хэрийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч С.Г******* нь энэ хэрэгт 18 сар цагдан хоригдсон түүнийг хорьж мөрдөх хуулийн хугацаа дууссан талаар эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү” гэсэн гомдлын агуулгыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д “Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэж заасан.
Иймд шүүгдэгч С.Г******* нь нийт 18 сар 26 хоног цагдан хоригдсоноос шүүхийн шатанд 16 сар 22 хоног хоригдсоныг дээрх хуулийн хугацаанд оруулан тооцохгүй бөгөөд уг хугацаа нь мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын хугацаанд хамааралтай гэж тайлбарлана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/288 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч С.Г******* урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН