Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 143

 

“Т ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сангийн яам, Нийслэлийн Засаг

даргын Тамгын газарт тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа

                                              П.Соёл-Эрдэнэ

        Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/8012 дугаар албан бичгийн “Т ч” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй байхад хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад заасныг үндэслэн үүгээр мэдэгдье” гэсэн хэсгийг хүчингүй болгож, тендерт шалгарсан “Т ч” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0027 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 139 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, Б.Т нарыг оролцуулж,

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, К.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0027 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг баримтлан “Т ч” ХХК-ийн Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/8012 дугаартай мэдэгдлийн “Тендер шалгаруулалтад шалгарсан “Т ч” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй байхад хамгийн сайн тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад заасныг үндэслэн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх” гэсэн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, тендерт шалгарсан “Т ч” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 139 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч К.Г, Б.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0015 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 139 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Магадлалын Хянавал хэсэгт “тендерт оролцогч “Т ч” ХХК-иас тендерийн жишиг баримт бичигт дурдсан буюу үнийн маягтын 4 дэх заалтыг захиалагчид хүргүүлсэн үнийн саналдаа дурдаагүй боловч ил болгохыг ухамсарлан, зөвшөөрсөн албан бичгийг хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн.

5. Тендерт оролцогч “Т ч” ХХК-иас ирүүлсэн ил болгохыг зөвшөөрсөн албан бичиг нь тухайн компани “үүргээ ухамсарласан”-даа биш, харин энэхүү Сангийн сайдын 81 дүгээр тушаалаар баталсан журамд өөрчлөлт оруулахаас өмнө захиалагчаас тендерийн баримт бичгээ боловсруулахдаа Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ)-д оролцогчдод тавьдаг байсан шаардлага юм. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтад “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж заасны дагуу захиалагчаас тендерийн баримт бичиг буюу ТШӨХ-ээр тендерт оролцогчид тавьсан шаардлага юм. Энэхүү шаардлагыг Сангийн сайдын 81 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулж тусдаа албан бичгээр бус харин ТШМ-1 маягтын дагуу ирүүлэхээр тусгасан. Гэтэл “Т ч” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийг 6.1 дэх хэсгийн “хариуцлагатай байх” зарчмыг зөрчиж захиалагчаас нийтэд ил байршуулсан шинэчилсэн маягтаар бус хүчингүй болсон хуучин маягтаар ирүүлсэн нь хууль зөрчсөн байтал шүүхээс “үүргээ ухамсарласан” гэж дүгнэсэн нь хуульд үндэслэх зарчмыг зөрчиж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6, 27, 28 дугаар зүйлүүдийг тус тус буруу хэрэглэсэн.

6. Магадлалд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан”, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэснийг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ” гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэдэгт “Т ч” ХХК-ийн ирүүлсэн тендер хамаарахгүй буюу урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна. Энэхүү урьдчилсан нөхцөл буюу “хамгийн сайн” гэж үнэлэх тендер нь хуулийн 28.7-д зааснаар “шаардлагад нийцсэн” тендер байх ёстой. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “бүх нөхцөлийг  нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тодорхой заасан. Гэтэл “Т ч” ХХК нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтын дагуу захиалагчаас тендерийн баримт бичгээр шаардсан нөхцөл шаардлага буюу ТШМ-1-ийн дагуу үнийн саналаа ирүүлээгүй байхад “шаардлагад нийцсэн” гэж үнэлсэн захиалагчийн шийдвэрийг “зөв” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр нь хууль зөрчсөн байна. 

7. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д “...Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна. Захиалагч бидний ирүүлсэн  тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө” гэж оруулсан нэмэлт заалттай утга агуулгын хувьд ижил “манай ирүүлсэн саналыг олон нийтэд мэдээлэхэд татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг ирүүлсэн байх тул түүнийг тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох зөвшөөрлийг ирүүлээгүй гэж үзэх боломжгүй байна” гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар захиалагч  тендерийн  баримт бичгийг  төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэх үүрэгтэй.  Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар баталж 2019 оны 122 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан  шинэ маягтаар “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичгийг нийтэд нээлттэйгээр цахим тендерт байрлуулж тендерийн урилгыг зарласан байна. Үнэлгээний хороо нь Тендер нээсний дараа оролцогчдоос ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хуулийн шаардлага хангасан эсэхийг буюу мөн хуулийн 27.1.3 дахь заалтад заасан тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэх ёстой.

8. Энэхүү тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлага буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас бэлтгэсэн ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1.(а). хэсэгт “Тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан Маягт ТШМ-1-ийн дагуу бэлтгэж, баталгаажуулан ирүүлнэ” гэж тодорхой заасан байна.  Сангийн яамнаас нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгийг хянаж үзэхэд ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1.(а). хэсгийг хангаагүй буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогчдод хүргүүлсэн маягтын дагуу ирүүлээгүй болох нь тогтоогдсон. Захиалагч нь нэхэмжлэгч буюу “Т ч” ХХК-ийн энэхүү маягтын дагуу үнийн санал ирүүлээгүй тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 буюу 27.1.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн татгалзах байтал хууль зөрчин шалгаруулсан байна. Түүнчлэн, дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн. Захиалагчаас зарласан энэхүү тендерт мөн адил тендер ирүүлсэн “Гд” ХХК-д түүнээс татгалзсан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02/2027 тоот Захиалагчийн мэдэгдэлд “Тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан Маягт ТШМ-1-ийн дагуу тендерийн үнийн саналыг бэлтгэж, баталгаажуулан ирүүлээгүй байна” гэсэн үндэслэлээр татгалзсан болохоо мэдэгдсэн байна.

9. Өөрөөр хэлбэл, “Т ч” ХХК болон “Гд” ХХК нь ижил зөрчил гаргасан буюу Маягт ТШМ-1-ийн дагуу тендерийн үнийн саналаа ирүүлээгүй байхад нэгийг нь шаардлага хангасан гэж үзэн шалгаруулж, нөгөө компанийг нь шаардлага хангаагүй гэж үзэн татгалзсан нь хууль бус бөгөөд захиалагч нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөлийг бий болгож байна. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д “Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар  батлагдсан  “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-т нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 81 дүгээр тушаал гаргасан хэдий ч уг нэмэлт өөрчлөлтүүдийг “Ажил гүйцэтгэх  тендерийн жишиг баримт бичигт”-т тусгаагүй байна.” гэжээ. “Ажил гүйцэтгэх  тендерийн жишиг баримт бичиг” баталсан Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалд Сангийн сайдын 2019 оны 122 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулж одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байна. Энэ талаарх нотлох баримтыг шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн. Энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулсан 122 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 3 дахь заалтаар “Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна, захиалагч бидний ирүүлсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө” гэсэн нэмэлт заалтыг №ТШМ-1-д оруулж түүнийг тусгасан жишиг баримтыг www.tender.gov.mn сайтад нээлттэй, ил тод байршуулсан.

10. Харин шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тушаал нь анхдагч баримтын хуулбар хувь буюу цаасан баримт учраас түүнд энэхүү бичилтийг оруулах нэгэнт боломжгүй юм. Гэсэн хэдий ч энэ нь тухайн жишигт нэмэлт ороогүй гэсэн үг биш бөгөөд нэмэлт оруулсан Сангийн сайдын 122 дугаар тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно. Иймд хүчин төгөлдөр Сангийн сайдын тушаалуудын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүхээс Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалд нэмэлт ороогүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д “Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр №ТШМ-1-ийн үнийн маягтаар үнийн санал болон тендер шалгаруулалтын материалыг ил болгохыг зөвшөөрсөн мэдэгдлээ хүргүүлсэн байхад түүний ирүүлсэн тендерийг №ТШМ-1-ийн үнийн маягтын дагуу ирүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэсэн хариуцагчийн шийдвэр буруу байна” гэжээ. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д “тендерт оролцогч тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу тендерийн маягтыг ирүүлэх үүрэгтэй байна” гэж дүгнэсэн нь Сангийн яамны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Сангийн яамны 2012 оны 81 дүгээр тушаалд 2019 оны 122 дугаар тушаалаар оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Маягт №ТШМ-1-д дараах агуулга бүхий 4 дэх заалт нэмэгдсэн.

11. “Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна. Захиалагч бидний ирүүлсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө”. Нэхэмжлэгчээс ирүүлсэн үнийн санал нь хуучин маягт буюу 3 заалт бүхий үнийн санал бөгөөд энэхүү 4 дэх заалт байхгүй болно. Шүүхээс “тендер шалгаруулалтын материалыг ил болгохыг зөвшөөрсөн мэдэгдлээ хүргүүлсэн байхад” гэж дүгнэсэн боловч “Т ч” ХХК-иас ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/06 дугаартай энэхүү мэдэгдэлд зөвхөн “Манай компанийн ирүүлсэн саналыг олон нийтэд мэдээлэхэд татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх 4 дэх заалтын 2 дахь өгүүлбэр буюу “Захиалагч бидний ирүүлсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө” гэсэн өгүүлбэр байхгүй юм. Түүнчлэн, энэхүү өгүүлбэр байсан эсэхээс үл хамааран Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт болон захиалагчаас тавьсан нөхцөл, шалгуурыг хангаагүй компанийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3, 27.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн.

12. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д “Сангийн яамны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/8012 дугаар албан бичигт “...дахин тендер шалгаруулалтын үнэлгээ хийхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн байна” гэжээ. Захиалагчид хүргүүлсэн Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/8012 дугаар албан бичгээр дахин тендер шалгаруулалт хийхийг даалгаагүй байхад шүүхээс “дахин тендер шалгаруулалтын үнэлгээ хийхийг” гэж дүгнэсэн нь хуульд байхгүй нэр томъёог бий болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Дахин үнэлгээ” хийх эсвэл дахин зарлах ойлголтууд байдаг. Хуулийн дагуу Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад зааснаар дахин үнэлгээ хийхийг захиалагчид даалгасан тохиолдолд үнэлгээний хороо нь ирүүлсэн тендерийн баримт бичгийг дахин үнэлэх бөгөөд дахин үнэлэхэд анхны үнэлгээгээр “хамгийн сайн тендер” гэж шалгаруулсан тендерийн материал “шаардлагад нийцээгүй” байх тохиолдолд үнэлгээний хороо нь “шаардлагад нийцсэн” бусад тендерээс хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулдаг.

13. Хэрэв шаардлагад нийцсэн нэг ч тендер байхгүй байх тохиолдолд дахин зарладаг. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт 12 компани оролцсоноос “Т ч” ХХК-ийг оролцуулан 3 компани “шаардлага хангасан” гэж захиалагчаас үзсэн байна. Хэрэв Сангийн яамнаас хүргүүлсэн албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийгдэх тохиолдолд “Т ч” ХХК-ийн тендер шаардлагад нийцээгүй бол бусад 2 оролцогчийн тендерийг үнэлэн аль нэгийг нь шалгаруулах боломжтой юм. Сангийн яамнаас захиалагчид хүргүүлсэн 6-1/8012 дугаар албан бичигт “тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад заасныг үүгээр мэдэгдье” гэж тодорхой заасан. Гэтэл шүүгч нь энэхүү ил, тодорхой нотлох баримтыг буруу дүгнэн “дахин тендер шалгаруулалтын” үнэлгээ хийхийг мэдэгдсэн байна гэж дүгнэсэн боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх” гэж өөр хоорондоо зөрчилтэй хоёрдмол утгатай дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль тогтоомжид нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д “Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл тендерт оролцогч тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу тендерийн маягтыг ирүүлэх үүрэгтэй хэдий ч яг энэ нөхцөлд Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалаар батлагдсан №ТШМ-1, үнийн маягт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

14. Сангийн сайдын 2019 оны 122 дугаар тушаалаар батлагдсан нэмэлт өөрчлөлтүүдийг дагаж мөрдөх талаар хариуцагч захиргааны байгууллагууд өөр өөр ойлголттой байхад нэхэмжлэгчийг нэмэлт өөрчлөлт орсон “үнийн санал маягт”-аар ирүүлээгүй гэж шууд буруутгах боломжгүй байна” гэжээ. Энэхүү дүгнэлтээс үзвэл шүүхээс тендерт оролцогч тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу тендерийн маягтыг ирүүлэх үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Гэтэл дараагийн өгүүлбэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сангийн сайдын 122 дугаар тушаалыг дагаж мөрдөх талаар захиргааны байгууллагууд өөр өөр ойлголттой гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Сангийн сайдын 2019 оны 122 дугаар тушаалыг хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа болохыг Сангийн яамнаас нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн байхад энэхүү нотлох баримтыг үгүйсгэсэн нь ойлгомжгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сангийн сайдын энэхүү тушаал хүчин төгөлдөр эсэхийг нотлох эрх бүхий субъект биш бөгөөд “Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаар тушаалыг бүх төсвийн захирагчдад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3690 дүгээр албан бичгээр хүргүүлсэн.

15. Захиргааны байгууллагууд өөр хоорондоо ойлголтын зөрүүтэй байгаа нь нэгэнт нотлогдсон. Үйл баримтыг үгүйсгэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь захиалагчаас нийтэд зарласан баримт бичгийн дагуу тендерийн материалаа ирүүлэх үүрэгтэй юм. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын орлогч дарга Б.Б-аас тайлбар авсан тэмдэглэлд гэрч буюу Б.Б нь “Сангийн яамнаас баталсан маягтын дагуу л материалаа бүрдүүлэх ёстой байдаг. Маягт шинэчлэгдсэн бол тэр маягтын дагуу л материал ирүүлэх ёстой” гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Т ч” ХХК нь Сангийн сайдын 2019 оны 122 дугаар тушаалаар шинэчилсэн маягтын дагуу материал ирүүлэх ёстойг гэрч баталсан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь үр ашигтай, хариуцлагатай байх зарчимд үндэслэгдэх ба хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.  

16. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

17. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

18. Нэхэмжлэгч “Т ч” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-19/135 дугаартай тендерт оролцож үнийн санал ирүүлэхдээ үнийн саналын маягтыг Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаар тушаалаар өөрчлөгдсөн “Гуравдугаар бүлгийн ТШМ-1 маягтын 4-т “Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна. Захиалагч бидний ирүүлсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө” гэсний дагуу бус, харин Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын гуравдугаар бүлэгт тусгасны дагуу ирүүлсэн ба ингэхдээ тусдаа албан бичгээр /2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №02/06/ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт “Манай компанийн ирүүлсэн саналыг олон нийтэд мэдээлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн мэдэгдлийг хамтад нь хүргүүлсэн байна.

19. Үүнийг шүүхүүд “...хэдийгээр “Т ч” ХХК нь тендерийн үнийн саналдаа ТШМ-1 маягтын 4 дэх заалтыг дурдаагүй боловч өөрийн саналыг олон нийтэд ил болгохыг хүлээн зөвшөөрсөн албан бичгийг ирүүлсэн нь утга агуулгын хувьд ижил тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь зөв юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс өөрийн саналыг олон нийтэд мэдээлэхийг буюу ил болгохыг хүлээн зөвшөөрснөөр захиалагч нь тухайн тендерийг бусад оролцогч нарт ил болгох эрхтэй буюу нууцлах үүрэг хүлээхгүй гэж ойлгогдохоор байна.

20. Хэдийгээр “... “Т ч” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Тендерийн хууль гэх/ 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “хариуцлагатай байх” зарчмыг зөрчиж, захиалагчаас нийтэд ил болсон хуучин маягтаар ирүүлсэн нь хууль зөрчсөн...” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдлыг бүрэн үгүйсгэхгүй ч, нэхэмжлэгчээс ТШМ-1 маягтад заасан агуулга бүхий албан бичиг ирүүлсэн тул тэрээр тендерийн баримт бичигт заасан шаардлагыг огт хангаагүй гэж үзэхгүйгээс гадна энэ нь Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан “тендер шаардлага хангасан эсэх”-ийг хянах шалгуур үзүүлэлтийг, тухайлбал “27.2.1. бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө; 27.2.2. захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх; 27.2.3. энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх” гэснийг зөрчөөгүй байна.

21. Иймд, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт нэхэмжлэгч “Т ч” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн” гэж үзэн, хамгийн бага харьцуулах үнийн саналаар нь “хамгийн сайн” тендер гэж дүгнэснийг Тендерийн хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан тендерийг хянан үзэх, үнэлэх журам, 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтад “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” болон “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн гэх үндэслэлгүй тул “...шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Тендерийн хуулийн 6, 27, 28, 29 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн утгатай /Тодорхойлох хэсгийн 4-8, 11-д/ хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

22. Дээр дурдсанаар нэхэмжлэгчийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт, түүнийг үндэслэсэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны шийдвэр /2019 оны №02/2025 “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг/ хууль зөрчөөгүй тул “...нэмэлт заалтыг ТШМ-1-д оруулсан жишиг баримтыг сайтад нээлттэй, ил тод тавьсан, Сангийн сайдын тушаалын хуулбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад тушаалд нэмэлт ороогүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүх энэхүү нотлох баримтыг үгүйсгэсэн...”, мөн “...Сангийн яамны албан бичгээр дахин шалгаруулалт хийхийг даалгаагүй байхад “шүүхээс дахин тендер шалгаруулалтын үнэлгээ хийхийг” гэж хуульд байхгүй нэр томъёог бий болгосон, захиргааны байгууллагууд өөр хоорондоо ойлголтын зөрүүтэй байгаа..” гэх зэрэг /Тодорхойлох хэсгийн 10, 12-15/ гомдол нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг үгүйсгэхүйц үндэслэл болохгүй.

23. Түүнчлэн, “...“Гд” ХХК нь ижил зөрчил гаргасан байхад нэгийг нь шаардлага хангасан гэж үзэн шалгаруулж, нөгөө компанийг нь шаардлага хангаагүй гэж үзэн татгалзсан нь хууль бус...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-д заасан гомдлын тухайд тус компаниас гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул энэхүү хэрэгт ач холбогдолгүй юм.

24. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0027 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 139 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ