Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/21 

 

      

2025        05           16                                   2025/ДШМ/21                 

                                                                                                                        

                                                                                                                               

*******т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд:

прокурор Б.Батнасан,

                      шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

                    хохирогч ******* (цахимаар),

                        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяндорж нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2430002790322 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* (РД: *******) 

2.Шүүгдэгч ******* нь хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбат нь шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч *******ийг  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, хохирогч *******гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 247,546  төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дансанд төлүүлж, хохирогч *******, ******* нар нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Хохирогч *******ийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо: ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг таур” хотхоны 127 дугаар байрны В1 давхарт харуулын өрөөн дотор хохирогч *******той эхнэр, хүүхэд дээрэлхсэн байна хэмээн маргаж, түүний нүүр хэсэгт цохих үйлдлээр биед баруун чамархайн хуйх, зүүн дээд, доод зовхи, баруун хөхлөг сэртэн, баруун чихний дунд дэлбэн, баруун шанаа, хамрын нуруу, эрүү, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, сэтгэл санааны гэм хорын хохирол 2 дугаар зэргээр тогтоогдсон байхад тус шүүхээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна гэв.

 

6.Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг уншиж сонсголоо. Би бас давж заалдах гомдол гаргасан байгаа. Шүүх хуралдааны явцад Ганхуяг нь намайг заналхийлсэн. 

Би цаг хугацаандаа шүүхийн мэйл хаяг руу гомдол явуулсан учраас гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хянаж үзээд, үнэн, зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогчийн өмгөөлөгч нь сэтгэл санааны хохирол гаргуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Сэтгэл санааны хохирол гаргуулахгүй байх үндэслэлээ шүүх шийтгэх тогтоол дээрээ тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал дээр гэмт хэрэг гарсан байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хохирлын байдлыг харгалзан үзэхээр заасан. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Яагаад гэвэл өөрөөсөө хүч дорой шүүгдэгчийн эхнэр, хүүхдийг хүч хэрэглэн айлгаж сүрдүүлсэн, хэл амаар доромжилсон, хэрүүл маргаан үүсгэсэн асуудлаас болж гэмт хэрэг гарсан. Энэ үйлдлээрээ хохирогч нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн. Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Мөн хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаа мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн гэсэн. Хэрэгт хохирогчоос эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Тийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

8.Прокурор Д.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Хохирогч Д.Ганзориг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “нэг бүлэгт заасан хоёр гэмт хэргийг үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тусгаагүй гэдэг зүйлийг гомдолдоо дурдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заасан тул энэ зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-т заасан хоёр, түүнээс олон хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр хүндрүүлэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Мөн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл нь хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдсон талаар хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдол дээр байна. Улсын дээд шүүхийн тогтоолын хавсралтаар батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйл дээр шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо ямар ямар нөхцөл байдлыг харгалзан үзэх талаар заасан. Анхан шатны шүүхээс бүрэн эрхийнхээ хүрээнд хохирогч Д.Ганзоригийн сэтгэцэд учирсан хор уршиг нь бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж, хор уршгийн нөхөн төлбөр гаргуулаагүй гэх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Ийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          9.Хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

10.Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 12-ны шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг "Фандоги" зоогийн газрын гадаа хохирогч *******гийн толгойн үснээс зулгааж доош даран нүүрэн тус газар нь өвдөглөж, зодон эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславч мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг таур” хотхоны 127 дугаар байрны В1 давхар дахь харуулын өрөөнд хохирогч *******ийг цохиж, зодон баруун чамархайн хуйх, зүүн дээд, доод зовхи баруун хөхлөг сэртэн, баруун чихний дунд дэлбэн, баруун шанаа, хамрын нуруу, эрүү, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

11.Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэжээ.

          12.Хохирогчийн *******ийн өмгөөлөгч Т.Хүдэр: “Шүүгдэгч нь хохирогч *******ийн биед хөнгөн хохирол санаатай учруулж, сэтгэл санааны гэм хорын хохирол хоёрдугаар зэргээр тогтоогдсон байхад шүүхээс түүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргахгүйгээр шийдвэрлэж, нэг талыг барьсан” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.  

13.Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлт хийхэд хохирогч М.Аминхүслэн, ******* нар нь сэтгэцэд учирсан хохирлоо шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн, шүүгдэгч ******* нь “хохирогч нар өөрсдөө буруутай, тэдний сэтгэцэд гэм хор учруулаагүй” гэх үндэслэлээр төлөхөөс татгалзсан байна. Үүнд:

13.1.Хохирогч М.Аминхүслэн нь  “******* нь Нүрзэд ахын нүүр рүү цохихыг хараад би очоод салгахад ******* нь миний үснээс зулгааж, доошоо дарж байгаад нүүр рүү өвдөглөхөд хамраас цус гарсан. Эмнэлэгт үзүүлэхэд хамрын яс хугарсан байсан. Хамрын дэлбээ ясны чихээсийг гаргуулсан. Хамрын таславч мурийлттай, амьсгалын зам хаагдсан гэсэн. Цаашид амьсгалын зам чөлөөлөх, хамрын таславч тэгшлэх хагалгаанд ороход бараг 4 сая төгрөг хэрэгтэй гэсэн. ******* гэх хүнд уг асуудлыг хэлэхэд миний эмчилгээний зардлыг барагдуулахгүй гэж хэлсэн. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ.”  гэж (Хэргийн 1 дүгээр хавтасны 14-19 дугаар хуудас),

13.2.Хохирогч ******* нь: “Хяналтын камерын дэлгэц рүү хараад зогсож байтал тухайн эрэгтэй хүн миний араас түлхэж орж ирээд, толгой хэсэг рүү олон удаа цохисон. Миний нүүр, нүд хэсэг рүү цохисон. Би мөрдөн байцаагчид эмчилгээний зардалтай холбоотой 500,000 төгрөгийн баримтыг өгсөн. Хэргийн материалтай танилцахад уг баримт байхгүй байсан. Өөрт учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байна. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэж (Хэргийн 1 дүгээр хавтасны 148-150, 2 дугаар хавтасны  69-70 дугаар хуудас),

13.3.Яллагдагч ******* “*******, *******т нарт сэтгэл санааны хохирол төлөхгүй. ******* нь миний гэр бүлд сэтгэл санааны маш их дарамт учруулсан. Бид гэр бүлээрээ сэтгэл санааны хохиролтой байгаа. Одоо ч хүртэл миний хүүхдүүд унтаж чадахгүй байгаа.” гэж тус тус мэдүүлжээ. (Хэргийн 1 дүгээр хавтасны 99-102, 182-183, 2 дугаар хавтасны 65-67 дугаар хуудас),

          14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.2-д “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах эрхтэй.” гэж, мөн энэ зүйлийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй” гэж тус тус заасан. Хохирогч ******* нь эдгээр эрхийнхээ дагуу эмчилгээний зардалтай холбоотой 500,000 төгрөгийн баримтаа мөрдөгчид өгсөн байхад хэрэгт хавсаргаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

15.Түүнээс гадна хохирогч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.” гэж зааснаар түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох хүсэлт гаргасан байхад мөрдөгч түүний хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй орхигдуулж, хуулиар хамгаалагдсан эрхийг нь хангаагүй байна.

          16.Мөрдөн байцаалтын шатанд хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан. Гэтэл мөрдөгч нь хохирогч М.Аминхүслэн, ******* нарын сэтгэцийн эрүүл мэндэд гэм хор учирсан эсэх, сэтгэцийн эрүүл мэндэд учирсан зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгоогүй атлаа энэ хэрэгт хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг хавсаргаж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад хохирогч *******, ******* нараар гарын үсэг зуруулсан байна. (Хэргийн 1 дүгээр хавтасны 80-82, 177-178 дугаар хуудас) Энэ нь дараах хууль, журамд нийцэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно. Тодруулбал:

          16.1.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус хуульчилсан.

          16.2.Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг”, энэ зүйлийн 4.1.3-т заасан “хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ” гэдэгт сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг хамааруулан ойлгохоор хуульчилжээ.  

          16.3.Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэсэн байна.

          16.4.Шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоох зорилгоор шинжилгээ хийсний үр дүнд “сэтгэцийн хор уршиг учирсан” гэх дүгнэлт гаргасан тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн хор уршгийн зэрэглэлийг тогтооно.

          16.5.Ийнхүү мөрдөгч нь шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, уг хор уршиг нь аль зэрэглэлд хамаарахыг тогтоосон дүгнэлтийг хохирогчид танилцуулж, хүлээн зөвшөөрвөл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны  A/267  дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-д гарын үсэг зуруулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргах журамтай бөгөөд энэ журмыг мөрдөгч зөрчсөн байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэв.

          17.Хохирогч *******, ******* нарын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байхад анхан шатны шүүх тэдний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулах эсэхийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

          18.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно.”  гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд энэ зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн  1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                                    Д.ГАНЗОРИГ

       О.БААТАРСҮХ