Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 307/ШШ2025/02128

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Ула******* хот, Сүхбаатар дүүрэг, ****** оршин байх, С П ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, Г овогт Г*******ын Э******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,057,575 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С П ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С П ББСБ" ХХК нь хэрэглэгчид худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг "С П" аппликейшнээр дамжуулан Үйлчилгээний нөхцөл заасан хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг санал болгодог. Хэрэглэгч Г.Э******* нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр "С П" аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоор үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн.

Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд 100,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх; 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн Хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги нэмэгдэж бодогддог. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Тухайлбал,

- 100,000 төгрөгөөс 500,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 5,000 төгрөг

- 500,001 төгрөгөөс 1,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 10,000 төгрөг;

- 1,000,001 төгрөгөөс 2,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдаг авалтад 30,000 төгрөг зэргээр бодогддог.

Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно.

Г.Э******* нь "С П" аппликейшнээр дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн. 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 940,000 төгрөгийн ******* дугаартай худалдан авалтыг (Zary.mn мерчинтын online)-с хийж төлбөрөө 45 хоногт 4 хуваах хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт 235,000 төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна.

Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар худалдан авалтын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

*******

Авсан/бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Худалдан авалт

940,000

235,000

705,000

Торгууль

60,000

 

60,000

Алданги

292,575

 

292,575

Нийт

1,292,575

235,000

1,057,575

Г.Э*******аас С П аппликейшнээр дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөрт 1,057,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

1,057,575 төгрөгөө 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С П ББСБ ХХК нь хариуцагч Г.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,057,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,057,575 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Г.Э*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Г.Э******* нь нэхэмжлэгч С П ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,057,575 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Г.Э*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,932 төгрөгөөс 14,966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14,966 төгрөгийг, хариуцагч Г.Э*******аас 14,966 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С П ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ