Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/22 

 

2025            05            *******                                   2025/ДШМ/22            

 

 

 

“*******” ХХК, ******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

яллагдагч  *******, “*******” ХХК-ийн өмгөөлөгч А.Энхгэрэл /цахимаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяндорж нарыг оролцуулан,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 177 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “*******” ХХК-д тус тус холбогдох эрүүгийн 2430001930267 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1973 онд БНХАУ-ын Фужянь мужид төрсөн, 52 настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, одоогоор Дорнод аймгийн Матад сум “*******” ХХК-ийн ажилчдын байранд түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /ГД: *******/,

1.2.Улсын бүртгэлийн ******* дугаартай, регистрийн 2734877  дугаартай, 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулагдсан, гадаад худалдаа, ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимп, Шүрэн төвийн 5 давхар, ******* тоотод байрлах хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, “*******” гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани

2.Яллагдагч “*******” ХХК болон ******* (*******)  нар  нь Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг жагсаалтад багтсан, химийн зэвсэг үйлдвэрлэх, бодисын онцлог, хоруу шинж чанарын хувьд үхэлд хүргэх аюултай, Триэтаноламин (Triethanolamine)-ийн агууламжтай, нийт 5 литрийн хэмжээтэй, 10 ширхэг шилэн савтай бодисыг хайлуур жоншны хүдрийн агууламжийг шалгахад ашиглах зорилгоор, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт дэх Гаалийн хяналтын бүсээр улсын дугаартай зорчигч тээврийн автобусны  ачаанд багтаан, зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

3.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнэ нь яллагдагч “*******” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, яллагдагч ******* (*******)-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Яллагдагч “*******” ХХК,  яллагдагч ******* (*******) нарт холбогдох эрүүгийн 2430001930267 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

5.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнэ эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй байна. Прокуророос шилжүүлж, шүүх хүлээн авсан эрүүгийн хэргийн яллагдагчийг шүүхэд ирүүлэх, мөн шүүхийн захиргааны ажилтны журам зөрчсөн зөрчлийг засах асуудал нь хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хийгдэх мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн прокуророос 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч яллах дүгнэлтийн хувийг гардуулж, хэргийг Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлэх талаар мэдэгдэж, тэмдэглэлд тусган хэрэгт хавсаргасан ба яллагдагч ******* (*******)-ийн өмгөөлөгч М.Чинзоригт хэргийг шүүхэд шилжүүлсний дараа буюу 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн. Үүнийг өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа үгүйсгээгүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх шийдвэрүүдийн аль нэгийг гаргахаар зохицуулсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагчийн хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа нөхцөлд шүүх өөрийн санаачилгаар яллагдагчийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэх, эсхүл хэргийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар шийдвэр гаргах нь хуульд нийцэхээр байна. Яллагдагч БНХАУ-ын иргэн ******* (*******) нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн прокурорын хяналтын шатанд дуудсан цагт ирж байсан, дахин гэмт хэрэг үйлдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй. Иймд дээрх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зөрчил үүсээгүй байхад прокурор хэргийг хянах явцдаа “гадаад улсын иргэн” гэсэн хувийн байдалд үндэслэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналыг шүүхэд гаргах хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуульд хуульчилсан бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан “гадаад улсын иргэн” гэсэн хувийн байдалд үндэслэн сэжиг, таамгаар яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх нь  хүнийг үндэс, угсаагаар нь ялгаварлан гадуурхаж байгаагийн нэг илрэл юм. Түүнчлэн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүхээс шийдвэр уншиж сонсгоход “...хэргийн материалыг оролцогч нарт танилцуулаагүй...” гэсэн үндэслэлийг хэлсэн. Харин шүүгчийн захирамжид “хэргийн материалыг оролцогч нарт танилцуулаагүй” гэх үндэслэлийн талаар дурдаагүй байх ба энэ нь шүүхийн шийдвэр шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй буюу шүүхийн энэхүү шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих нөхцөл байдалд хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн 177 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэжээ.

6.Шүүгдэгч ******* болон “*******” ХХК-ийн өмгөөлөгч А.Энхгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  *******д 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр яллах дүгнэлтийг орчуулагчийн хамт өмгөөлөгч М.Чинзоригийг байлцуулан гардуулсан. “*******” ХХК-ийн хувьд яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлттэй холбоотой гомдлыг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаад 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газраас хариу ирсэн. Үүнтэй холбоотой 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч яллах дүгнэлтийн хувийг гардуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ гэж заасныг биелүүлээгүй гэж үзэж байна. М.Чинзориг өмгөөлөгчид мэдэгдсэнээрээ яллагдагчид хэрэг шүүхэд шилжсэн гэдгийг албан ёсоор хүргэгдсэн гэж үзэхгүй. Миний бие 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн туслах шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдэхэд хэргийг шүүх рүү шилжсэн гэдгийг мэдсэн. Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заасан журам хэрэгжээгүй учраас шүүгчийн захирамж үндэслэлтэй. Яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол шүүхэд биечлэн хүргүүлэх ёстой байдаг. Монгол хэл, бичиг мэдэхгүй яллагдагчийг өмгөөлөгчийн хамт байлцуулаад шүүхэд шилжүүлэх ёстой гэдэг агуулгыг хэлэх ёстой. Прокурор хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлэхдээ яагаад оролцогчийн эрхийг хангахгүй, өмгөөлөгчид нь мэдэгдээгүй юм. Прокурор нь хэргийг удирдан явуулж байгаа хэргийн оролцогчийн хувьд хуульд заасан үүргээ биелүүлээгүй байж эсэргүүцэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн шүүхийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж хэргийг хүлээж авах, авахгүй нь нөлөөлөхгүй. Иймээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

7.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

8.Яллагдагч “*******” ХХК болон ******* (*******)  нар  нь Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг жагсаалтад багтсан, химийн зэвсэг үйлдвэрлэх, бодисын онцлог, хоруу шинж чанарын хувьд үхэлд хүргэх аюултай, Триэтаноламин (Triethanolamine)-ийн агууламжтай, нийт 5 литрийн хэмжээтэй, 10 ширхэг шилэн савтай бодисыг хайлуур жоншны хүдрийн агууламжийг шалгахад ашиглах зорилгоор, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэцагаан сумын Бичигт дэх Гаалийн хяналтын бүсээр улсын дугаартай зорчигч тээврийн автобусны  ачаанд багтаан, зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

9.Нийслэлийн прокурорын газраас яллагдагч “*******” ХХК болон *******  нарт холбогдох эрүүгийн 2430001930267 дугаартай хэргийг шуудангаар ирүүлсэн бөгөөд “тухайн хэргийн яллагдагч *******н нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч, БНХАУ дахь гэр лүүгээ яваад ирэхгүй байгаа нь хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна.

10.Прокуророос яллагдагч *******н нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч, БНХАУ дахь гэр лүүгээ яваад тухайн шүүхэд хүрэлцэн ирэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, холбогдох шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл гаргасан.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан бөгөөд эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх шатанд яллагдагчийг шүүхэд ирүүлээгүй, яллагдагч Монгол Улсын хилээр нэвтэрч, БНХАУ-руу яваад ирэхгүй байгаагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байна. Тодруулбал:

11.1.Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.1.2, 4.1.4-д “цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлээгүй бол эрүүгийн хэргийг хүлээн авахгүйгээр буцаана” гэж заасан журмыг тус шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтан нь зөрчиж, хэргийг хүлээн авч шүүгчид хуваарилсан нь буруу боловч энэ хэргийг нэгэнт шүүх хүлээн авсан тохиолдолд энэ журмын дагуу буцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

11.2.Цаашлаад анхан шатны шүүх яллагдагчийг биечлэн оролцуулахгүй, товыг мэдэгдэхгүйгээр урьдчилан хэлэлцүүлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно.”, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч шүүхийн хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргавал талуудын саналыг харгалзан шүүх шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцэхгүй, яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан үндэслэлд хамаарна.

11.3.Нөгөө талаас дээр дурдсан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй болно.

12.Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Прокурорын эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 177 дугаартай, “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

          Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНТУНГАЛАГ

                                ШҮҮГЧИД                          О.БААТАРСҮХ 

Д.ГАНЗОРИГ